| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0203/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/209 |
| Огноо | 2025-08-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, хохирогчийн өмгөөлөгч С.Гангантөгс, шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ч-т холбогдох эрүүгийн 2539002700175 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.Ч нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн Х сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “89” автомашин угаалгын газрын хажууд “машинаа угаалгын газрын үүдэнд тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж Ц.Б-ийн нүүрэн тус газарт цохисны улмаас түүний эрүүл мэндэд 1.1, 1.2-р шүдний харалдаах түүшин сэртэн ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539002700175 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Хохирогчийн өмгөөлөгч: “Шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал, хүсэлт байхгүй. Хохирогч Ц.Б-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан гэмт хэргийн улмаас гарсан зардал, сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг гаргуулах байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүгдэгч Г.Ч : “...үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ.
1.Шүүгдэгч Г.Ч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Ч нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны орой Хэнтий аймгийн Х сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “89” автомашин угаалгын газрын хажууд “машинаа угаалгын газрын үүдэнд тавилаа” гэх шалтгаанаар маргалдаж Ц.Б-ийн нүүрэн тус газарт цохисны улмаас түүний эрүүл мэндэд 1.1, 1.2-р шүдний харалдаах түүшин сэртэн ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дугаар тал),
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 06-11 дүгээр тал),
-Хохирогч Ц.Б-ийн “...Х хорооллын хойд талд байрлах “89” авто угаалгыг ажиллуулдаг юм. 2025 оны 02 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед манай угаалгын хашаан дотор Портер машин тавьсан байсан. Би тэгэхээр нь эзэн рүү нь залгаад “машинаа авах уу” гэхэд “юун машин билээ” гэхээр нь би зөрүүлээд “бараг босгон дээр нь тавих нээ писда” гэх хараалын үг хэлсэн. Тэгэхэд “чи намайг хараалаа, яадаг писда вэ” гээд намайг хараагаад бид хоёр гар утсаар маргалдаж эхэлсэн. Тэгээд надад яг хаана байна гэхээр нь би “89” авто угаалга гэхэд одоо очлоо шээс минь гэсэн. Тэгээд удаагүй байж байхад над руу залгаад гараад ир гэхээр нь би ганцаараа гараад хашааны хаалган дээр очиход намайг нэг нь барьж аваад шууд үүдэн шүд рүү маань цохисон. Гадаа нэлээд хэдэн залуу байсан. Цохиулаад миний үүдэн шүд хугарсан байсан. Миний уруул язарч дээд талын үүдэн 2 шүд хугарсан. Намайг гараараа цохисон. Аль гар гэдгийг нь мэдэхгүй байна. Би сайн хараагүй нэг залуу ирээд гараас бариад авсан. Тэгээд Ч гэх хүн нь намайг цохисон... Би Г.Ч гэх хүнд цохиулж улмаар 2 шүдэндээ 2025 оны 3 дугаар сарын 08-нд Улаанбаатар хотод “Гози дент” шүдний эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Одоо эргээд ахиж хагалгаанд орно. Ерөнхийдөө бол хэдэн төгрөгийн хохирол учирсныг манай өмгөөлөгч эмчилгээний зардлыг бодож байгаад гаргаж өгнө... Гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгө төгрөгөө нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33, 37-38 дугаар тал),
-Гэрч О.Д-ын “...Би өөрийн ажил буюу Х хорооллын хойд талд байрлах “89” авто угаалгын газар өглөөний 09 цагаас тасралтгүй шөнийн 01 цаг хүртэл машин угаасан. Б ах нэг хүнтэй гар утсаар яриад маргалдаад байх шиг байсан. Тэр хүн нь Ч гэж хүн байсан. Тэр хоёр манай грашийн гадна тавьсан байсан цагаан өнгийн Вонго машинаас болж маргаж байсан. Б ах угаалга руу машин оруулна гэж гараад удаад байхаар нь би араас нь гарахад ажлын үүд буюу орох хашааны гадаа 3 машин ирээд зогссон байсан. Тэгэхэд Б ах мэндлэх шиг л болсон. Тэгтэл хоёр залуу гарыг нь бариад нэг шар цамцтай залуу шууд цохиж байх шиг байсан. Тэр гар барьсан хоёрын нэг нь өндөр туранхай, нөгөөх нь намхан махлагдуу гэж би харсан... Би угаалгын дотор хаалганы хажуу талын цонхноос харсан. ...Би одоо тэр хүмүүсийг хараад танихгүй. Цаашаа хараад байж байсан... Бас хол байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар тал),
-Гэрч Б.А-ын “...Би 99-69 ХЭҮ улсын дугаартай Портер маркийн автомашиныг Х хорооллын хойд талд байх “89” авто угаалга байрлах хашаанд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн үед оруулаад тавьсан. Тэгээд гэртээ байхад Ч над руу залгаад чи машинаа хаана тавьсан бэ гэхээр нь Ядамсүрэнгийн хашаанд оруулаад тавьсан байгаа гэхэд Ч над руу нэг залуу залгаад гичий, нохойгоор дуудаад ирж холдуул ална гээд залгаад байна чи хүрээд ир машинаа авах уу гэж байсан. Тэгээд очтол их олон залуучууд цугласан байсан. Миний танихаас Б, Г , Ч нар байсан. Би дөхөж очтол Б гэж угаалгын газрын залуутай Ч маргалдаад байж байсан. Б гэх залуу ална халз үзнэ гээд орилоод байсан. Би очих гэхэд тэр залуу над руу дайраад ална гээд орилоод байсан. Би ч зодолдохгүй гээд холдоод явсан ийм л юм болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр тал),
-Гэрч Н.Ж-ын “...Гарч ирсэн залуу шүд унасан одоо ална гээд орилоод “89” авто угаалга руу ороод нэлээд хэдэн залуу дагуулаад гараад ирсэн. Тэгээд маргалдаад зогсоод байсан. Удаагүй цагдаа дуудахаар болж цагдаа дуудаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр тал),
-Гэрч Л.Б-ын “...Тэгээд бид 3 хөдлөхөд Ч ах Х хорооллын “89” угаалга руу оч гэсэн. Тэнд очоод Ч ах нэг хүн рүү залгаад гараад ир гэж байсан. Тэгэхэд нэг залуу гараад ирсэн. Нөгөө залуу Ч ах хоёр маргалдаад байсан. Тэр залуу Ч ах руу цохих гээд далайгаад байсан. Тэгэхэд Ч ах түрүүлээд нөгөө залууг цохиод авахаар нь би салгаад холдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч С.Х-гийн “...Хохирогч Ц.Б нь 35,396 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122-123 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 181 дугаартай “1.2.Ц.Б-ийн биед 1.1, 1.2-р шүдний харалдаах түүшин сэртэн ясны хугарал, баруун дээд 1,2-р шүдний булгарал, буйланд шарх, цус хуралт, уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлээс 1.1, 1.2-р шүдний харалдаах түүшин сэртэн ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтлүүдээс 1.1, 1.2-р шүдний харалдаах түүшин сэртэн яснуудын хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6.7.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 6.41.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 82-84 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1164 дугаартай “1.Ц.Б нь /РД:СЮ00321035/-ийн сэтгэцэд 2025 оны 02 дугаар сарын 26-ны орой үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3.Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 90-92 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Г.Ч нь хохирогч Ц.Б-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед 1.1, 1.2-р шүдний харалдаах түүшин сэртэн ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Г.Ч нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Г.Ч ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Ч тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийг нүүрэн тус газарт цохисон идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд 1.1, 1.2-р шүдний харалдаах түүшин сэртэн ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Ч ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Хохирогч Ц.Б гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хохиролд нийт 13,083,530 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг хэрэгт тусгуулжээ. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байна.
Хохирогчийн зүгээс бүрдүүлсэн дээрх 13,083,530 төгрөгийн баримтаас 11,083,530 төгрөгийн баримтыг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролтой холбоотой баримтууд гэж үзэж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Харин 2,000,000 төгрөгийн баримтын тухайд өмгөөлөгчийн зардал гэж нэхэмжилсэн байх бөгөөд уг зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзээгүй болохыг дурдаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” 25 дугаартай тогтоолд заасны дагуу хохирогч Ц.Б-ийн сэтгэцэд Хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан байх тул шүүхээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо тус жишиг аргачлалын 4-т нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтэд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (=792,000*8) тооцож 6,336,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэдийгээр хохирогчийн өмгөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож өгнө үү гэх санал гаргасан боловч гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгчээс нийт 17,419,530 төгрөгийг гаргуулж хохирогчид, 35,396 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгохоор шийдвэрлэсэн ба шүүх хуралдааны явцад дээрх хохирлыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан болох нь гүйлгээний /мөнгийг шилжүүлсэн/ баримтаар тогтоогдож байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Ч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Г.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1; 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4; 36.6; 36.7; 36.8; 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч ыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Г.Ч хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас цаашид учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН