| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2022/06580/И |
| Дугаар | 102/ШШ2023/00195 |
| Огноо | 2023-01-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2023/00195
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ................ тоотод оршин суух, М ургийн овогтой Э У /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг,................ тоотод оршин суух, Б ургийн овогтой Б О /РД:/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Ө ургийн овогтой Ц А /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,784,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.У ,
Хариуцагч Б.О , Ц.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Б.О , Ц.А нарт холбогдуулан 1,784,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга: 2019 оноос 2021 оны 09 дүгээр сарын 11-н хүртэл эхний 6 сарын түрээсийг нэг сарын барьцаатай авахаар тохиролцож хариуцагчтай гэрээ хийсэн. 5 сарын байрны түрээс, барьцаа хүлээж авсан. Тухайн үед байр сарын 800,000 төгрөгөөр тохиролцсон. Цаашид төлбөрөө 3 сараар төлж байхаар гэрээгээ хийсэн. Эхний 5 сарын төлбөр дээр 1 сарын барьцаа болгож 4,800,000 төгрөг авсан. 2022 оны 05 дугаар сарын 11-ны өдөр хүртэл дараа 3 сарын төлбөр 2,400,000 төгрөгийг хугацаандаа төлсөн. Харин 2022 оны 05 дугаар сарын 11-нд дараа 3 сарын төлбөр 2,400,000 төгрөг төлөх ёстой байсан боловч 05 сарын 18-нд 750,000 төгрөгийг дансаар төлсөн. Үүнд 17 хоногийн алданги 204,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 6-нд 1,650,000 төгрөг төлсөн. 9 хоног алданги 83,340 төгрөг тооцсон. Нийт алданги 287,430 төгрөг болсон байна. Байрны ашиглалт буюу гэрэл, СӨХ, контор 107,300 төгрөг төлөөгүй учир өөрөө төлж баримтыг өгсөн. 2022.08.11-2022.10.10 хүртэл хөлс 800,000 төгрөг, 60 хоног алданги 240,000 төгрөг энэ нь 1,040,000 төгрөг болно. Сандал 2ширхэг 200,000 төгрөг, оффис эргэдэг сандал 1 ширхэг 150,000 төгрөг дээрх бүгд 1,784,750 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
3.Хариуцагчийн Б.О ийн нэхэмжлэлд гаргасан тайлбар: Анх байр түрээслэхэд 3 сараар авч байсан. Манайх хүүхдийн хичээл сургууль эхэлсэн яралтай байранд орохоор болоод 6 сараар байрныхаа түрээс өгье, 800,000 төгрөгөөр тохиролцъё гэж тохиролцоод 4,800,00 төгрөг шилжүүлсэн. Барьцаа нэг сар нэмж авна гэхээр зургаан сарын мөнгөнөөс хасаад 5 сарын түрээс төлье, дараа барьцаандаа суутгая гээд орсон. Манайх орсон хугацаандаа хэрэглээний зардлаа тогтмол төлж төлсөн баримтаа чатаар явуулж байсан гэжээ.
4.Хариуцагч Ц.Аын нэхэмжлэлд гаргасан тайлбар: Орон сууцны төлбөрөө төлөөгүйгээс алданги нэхсэн. Манай ажлаас шалтгаалж мөнгө орж ирэхгүй удаасан үнэн. Гэхдээ би энэ хүнтэй яриад уучлалт гуйгаад, алданги тооцоод яах вэ гэж хэлсэн. Би алданги тооцохгүй гэж ойлгосон. Манайх 2022 оны 9 дүгээр сарын 11-н хүртэл байранд суух ёстой байсан ч 8 дугаар сарын 31-нд гарсан. Ашиглалтын зардал 107,300 төгрөгийг зөвшөөрч байна. Сүүлийн сар барьцаа 800,000 төгрөгт тооцсон. Тиймээс 1,040,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 09 дүгээр сарын 10-аас дахиж шинээр гэрээ хийж, гэрээг сунгая гэж хэлсэн. Гурван ширхэг сандал эвдэрсэн сууж болохгүй байсан. Нөхөр нь гаргаад хая гэхээр хаясан. Тухайн сандлын үнийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5.Хэрэгт Э.У ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3/, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хөлслүүлэгчийн гэрээ /хх-ийн 4/, Төрийн банкны төлбөрийн баримт /хх-ийн 96-98/, фото зургууд /хх-ийн 99,108-111,113,114/, төвийн баримт /хх-ийн 112/, шүүхээс үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 82-88/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Э.У нь хариуцагч Б.О , Ц.А нарт холбогдуулан 2,476,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 691,510 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,784,750 төгрөгийг гаргуулахаар шаардсанаас хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч нартай орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулж, орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу 2022 оны 05 дугаар сарын 11 хүртэл төлбөр хугацаандаа төлөгдсөн ч дараагийн 03 сарын төлбөр 2,400,000 төгрөгийг төлөхдөө хугацаа хэтрүүлж, 2022 оны 05 сарын 18-нд 750,000 төгрөг төлсөн. 17 хоногийн алданги 204,000 төгрөг болсон. 2022 оны 06 дугаар сарын 06-нд 1,650,000 төгрөг төлсөн. 9 хоног алданги 83,340 төгрөг болно. Нийт алданги 287,430 төгрөгийг нэхэмжилж байна. ...Байрны ашиглалт буюу гэрэл, СӨХ, конторын төлбөр 107,300 төгрөг төлөөгүй байна. ...2022.08.11-2022.10.10 хүртэл орон сууцны хөлс 800,000 төгрөг, 60 хоног алданги 240,000 төгрөг нийт 1,040,000 төгрөг болно. ...Орон сууцтай хамт 200,000 төгрөгийн үнэ бүхий модон сандал 2 ширхэг, 150,000 төгрөгийн үнэ бүхий оффис эргэдэг сандал 1 ширхэг хүлээлгэж өгсөн ч буцааж өгөөгүй тул үнийг гаргуулна. Иймд нийт 1,784,750 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.
4.Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Алданги тооцохгүй байхаар тохиролцсон гэж ойлгосон учир өмнөх төлбөрийн алдангийг зөвшөрөхгүй. 2022 оны 09 сарын 11 хүртэл байранд суух ёстой байсан ч 08 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Сүүлийн сарны төлбөрийг барьцаанд үлдээсэн 800,000 төгрөгийг тооцуулсан. Тиймээс алданги 240,000 төгрөгийн хамт 1,040,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гурван ширхэг сандал эвдэрсэн, сууж болохгүй байсан. Нөхөр нь гаргаад хаячих гэхээр нь гаргаад хаясан. Тухайн сандлын үнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ашиглалтын зардал 107,300 төгрөгийг зөвшөөрч байна. гэж тайлбарлажээ.
5.Нэхэмжлэгч Э.У болон хариуцагч Б.О , Ц.А нар 2021 оны 09 сарын 11-ний өдөр Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байр, 165 тоот, 28кв.м талбайтай орон сууцыг 2021 оны 09 сарын 11-ний өдрөөс 2022 оны 09 сарын 11-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын хөлс 800,000 төгрөг тооцож, төлбөрийг 3 сараар төлөх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. /хх-ийн 4/
6.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасан орон сууц хөлслөх гэрээний зохицуулалтад хамаарч байх бөгөөд гэрээг талууд хүсэл зоригийнхоо дагуу байгуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл болжээ.
7.Гэрээний 1.2-т ...төлбөрийг 3 сараар төлөх, 5.2-т ...төлбөрийг сарын 11-ний өдрөөс өмнө төлөх, хугацаандаа төлөөгүй бол 0.5 хувийн алданги төлөх нөхцөлийг тохиролцсон байна. Хариуцагч 2022.05.11-2022.08.11-ний өдөр хүртэл хугацааны хөлс 2,400,000 төгрөгөөс 750,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 28-ны өдөр төлж 17 хоногийн, үлдэх 1,650,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 06-нд төлж 9 хоногийн хугацаа хэтрүүлэн талаар маргаагүй.
8.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан. Гэрээнд заасан алдангийн тохиролцоо хууль зөрчөөгүй, хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир алданги 287,430 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
9.Нэхэмжлэгч нь хариуцагч нараас ...2022 оны 08 сарын 11-ний өдрөөс 09 сарын 11-ний өдөр хүртэл нэг сарын төлбөр 800,000 төгрөг төлөөгүй. Гэрээ байгуулахад 800,000 төгрөгийг дэнчин болгож тавьсан тул төлбөрт тооцохгүй гэж, хариуцагч нар ...2022 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл орон сууцыг хөлсөлсөн бөгөөд уг төлбөрийг барьцаа мөнгөөр төлсөн гэж маргасан.
10.Шүүхээс талуудын хооронд харилцсан фэйсбүүк чадад хийсэн үзлэгээр орон сууц хөлслөх гэрээний хугацааг талууд сунгахаас татгалзаж, гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон, хариуцагч 2022 оны 09 сарын 07-ны өдөр байрыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.
11.Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ гэж заасан. Хуульд зааснаар хариуцагчаас барьцаа болгон шилжүүлсэн 800,000 төгрөгийг дэнчинд болгон төлбөрт тооцож өгөөгүй тул дэнчин тавьсан гэж үзэхгүй. Нөгөө талаар талууд гэрээний хугацааг сунгалгүй дуусгавар болгосон учир хариуцагч барьцаалсан 800,000 төгрөгийг сүүлийн сарын төлбөрт тооцох эрхтэй. Тиймээс нэхэмжлэгч тус мөнгийг буцаан өгөхгүй байх, эсхүл төлбөрт тооцохоос татгалзсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нараас 800,000 төгрөг, түүнээс алданги 240,000 төгрөг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
12.Мөн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.5-д зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх, гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хөлслөгч үүргээ биелүүлээгүйгээс хөлслүүлэгчид хохирол учруулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
13.Хариуцагч нь нэхэмжлэгчээс орон сууц хөлслөхөөр хүлээн авахад модон сандал 2 ширхэг, эргэдэг сандал 1 ширхэг хүлээн авсан болох нь түүний тайлбараар нотлогдож байна. Харин нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр гаргаж хаясан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Гэвч хэрэгт авагдан нотлох баримтаар модон сандал, эргэдэг сандлын үнэлгээг тогтоосон баримтгүй тул нэхэмжлэгчид нийт 350,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.
14.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас ашиглалтын зардал 107,320 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч мараагүйг дурдав.
15.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ц.А, Б.О нараас 394,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.У д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 1,390,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
16.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 12,492 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.А, Б.О нараас 394,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.У т олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 1,390,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.У өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А, Б.О нараас 12,492 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР