Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/00881

 

 

 

 

 

 

 

                               2023        02          13

                   101/ШШ2023/00881

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “М ББСБ” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б.Т /рд:/,

 

Хариуцагч:  Ч.Э /рд: нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 21,032,451.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Э, хариуцагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч У.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлдэгч Баттулга овогтой Т, хамтран зээлдэгч Чулуунхүү овогтой Э нар нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “М ББСБ” ХХК-тай Дугаар:2202-1347 дугаартай зээлийн гэрээ, Дугаар-72202-1347 дугаартай /фидуцийн/ барьцааны гэрээ байгуулж 18,800,000 төгрөг /Арван найман сая найман зуун мянган төгрөг/-ийг жилийн 32.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч нар нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаа, хуваарийн дагуу төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлэн, зээл хүүгийн төлбөрөө төлөх хангалттай нөхцөл боломж олгосон боловч төдийлөн үр дүнд хүрээгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Зээлдэгч “зээл, хүүгийн эргэн төлөх хуваарь”-ийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.3-т заасан хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүгийн 20 хувтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл төлөхөөр талууд харилцан тохиролцов. Зээлдэгч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Зээлийн үндсэн төлбөр 18,198,065.56 төгрөг,

Зээлийн хүү 2,792,497.64 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 41,888.15 төгрөг

Нийт 21,032,451.35 төгрөг

Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Б овогтой Т, хариуцагч Ч овогтой Э нараас дугаар:2202-1347 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн үлдэгдэл өр төлбөр нийт 21,032,451.35 төгрөгийг гаргуулах.

Хариуцагч нар нь 2022.2.27-нд зээл болон барьцааны гэрээ байгуулж 18 800 000 төгрөгийн зээл авсан. Үүнээс хойш зээлээ төлж байгаад 2022 оны 8 сараас төлөөгүй тул 5 сая гаран төгрөгийн өр үүссэн. Бид удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийт 21 032 451.35 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хамтран хариуцагч нь барьцаа хөрөнгө болох машиныг өгсөн тул хариуцагч Эаас татгалзаж байгаа юм. Машиныг 18 саяд тооцож авсан тул үлдэх 4 501 780 төгрөгийг Тэс гаргуулна гэв.

 

Хариуцагч Ч.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022.2.27-ны өдөр Б.Т нь өчнөөн гуйж гувшиж найдвартай төлнө та санаа зоволтгүй гэж гуйсаар байгаа би чадахгүй гэж би батлан дааж чадахгүй гэж гарч явсан боловч гуйсаар байгаа намайг оруулж батлан даагчаа болгосон. Т нь миний нөхрийн дүүтэй суусан бид хоёр нэг айлын бэрүүд учраас би дүү нараа тус болох гэж л хүлээн зөвшөөрсөн. Тэгээд Т цаг тухай бүрдээ зээлээ төлнө та санаа зоволтгүй болохгүй бол малаа зараад ч хамаагүй төлнө гэсэн. Т өнөөг хүртэл зээлээ төлөөгүйгээр ч үл барам зээлж авсан банк бустай машиныг надад мэдэгдэхгүйгээр хүнд зарж тэр ч бүү хэл өөрсдөө портер машин болох энэ цагаан өнгийн портер машиныг авч унасан байна. Ч.О нь энэ машиныг зарж үрэгдүүлэхэд оролцоогүй тэр ч бүү хэл зуун төгрөг ч авсан юм байхгүй тул утсаа болон дансаа шалгуулах хүсэлтэй байна. Иймд Т болон түүний нөхөр болох Мөнх-Эрдэнэ утас болон дансыг шалгаж өгнө үү. Иймд энэ хууль бусаар авсан энэ машиныг авсан хүнийг дуудаж ирүүлнэ үү. Би банк бустайгаа байнгын холбоотой байсан цаг тухай бүрд нь өгсөн шаардлага бүрийнх нь талаар мэдэгдэж зээлээ төлөхийг шаардсан боловч төлөөгүй байна. Банк бус оны өмнө машин хотод яваад байна торгуулсан байна олж авмаар байна гээд 2022.11.17 өдөр над дээр ирээд өргөдөл бичүүлж аваад явсан. Тэгээд оны өмнөхөн банк бусаас өөрөө залгаад машинаа олоод авчихлаа гэсэн. Иймд шүүх хурал дээр тэр машиныг авсан хүнийг ирүүлж өгнө үү. Би Т болон түүний нөхөрт маш их гомдолтой байна. Иймд тэр машиныг авсан хүнийг шүүх хуралдаанд дуудан оролцуулж өгнө үү. Иймд миний бие энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй болно. Бас миний энэ өргөдөл тайлбарыг маш сайн нягталж байж шийдвэр гаргана уу.

Машиныг 18 саяд тооцоод 7 орчим хоногийн өмнө аваачиж өгсөн. Машиныг Т бид дундаа хэрэглэдэг байсан юм. Т нь зугтаагаад хөдөө явчихсан юм. Машиныг Т өөр хүнд зарчихсан байсныг би авч нэхэмжлэгчид өгсөн юм гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Б.Т-нийн байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хх8/, түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хх9/, Ч.Эы иргэний үнэмлэхийн хуулбар /хх10/, 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх11-13/, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх14-15/, зээл төлөлтийн тооцоо /хх16/, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн, 11 дүгээр сарын 17-ны өдрийн мэдэгдэл /хх17, 18/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч Ч.Э нь шүүхэд: 1 ширхэг гэрэл зураг /хх28/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Ч.Эд холбогдох хэргийг, хариуцагч Б.Тд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 21,032,451.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Ч.Э, Б.Т нарт холбогдуулан гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг 18,000,000 төгрөгт тооцон хүлээн авсан үндэслэлээр хариуцагч Ч.Эаас татгалзаж, үлдэх төлбөрийг хариуцагч Б.Тэс гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Ч.Э нь энэхүү гэрээд хариуцагч Б.Т-ийн гуйлтаар оролцсон бөгөөд зээлээс авч хэрэглээгүй, автомашиныг хариуцагч Б.Т бусдад худалдсан байсныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хариуцагч Б.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд шүүх хариуцагчид хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

Улмаар ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс буюу аль нэг хариуцагчаас татгалзах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Э нь фидуцийн гэрээний зүйлийг хүлээлгэж өгсөн гэх үндэслэлээр хариуцагч Ч.Эаас татгалзсан.

Нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдөр олгосон итгэмжлэлээр төлөөлөгч У.Э-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан, тодруулбал нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах эрхийг олгосон байна.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Эаас татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэхүү татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй.

 

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь фидуцийн гэрээний зүйл болох Toyota Prius маркийн  УБС улсын дугаартай автомашиныг 18,000,000 төгрөгт тооцож авсан тул зээлийн гэрээний үлдэх төлбөр 3,032,451.35 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, машины торгууль 105,000 төгрөг, машины татвар 107,120 төгрөг, машин хураахтай холбогдох зардал 72,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 274,100 төгрөг, нийт 4,501,780 төгрөгийг хариуцагч Б.Тэс гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

Гэвч нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18,198,065.56 төгрөг, хүү 2,792,497.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,888.15 төгрөг, нийт 21,032,451.35 төгрөг шаардсан.

Улмаар машины торгууль 105,000 төгрөг, машины татвар 107,120 төгрөг, машин хураахтай холбогдох зардал 72,000 төгрөгт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүрдүүлбэр хангаж, нэмэгдүүлээгүй байх тул эдгээр асуудлын талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн гэж үзэхгүй.

Харин улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шийдвэрлэдэг тул нэхэмжлэлийн шаардлага гэж үздэггүй.

 

Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч нь автомашиныг 18,000,000 төгрөгт тооцон хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаснаар нэхэмжлэлээс үлдэх 3,032,451.35 төгрөгийг хариуцагч Б.Тэс шаардсан гэж үзнэ.

 

Зохигчид 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2202-1347 дугаар, 18,800,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө олгогдсон талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч нар нь энэ талаар маргаагүй тул зээл олгогдож, гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.

 

Улмаар дээрх 2202-1347 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр ФГ/2202-1347 дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ байгуулжээ.

Энэхүү гэрээний зүйл нь Toyota Prius маркийн УБС улсын дугаартай автомашин байна.

Улмаар уг фидуцийн гэрээ хэрэгжсэн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд автомашиныг нэхэмжлэгч өөрийн эзэмшилд авсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч Ч.Э нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдээгүйн улмаас нэхэмжлэгч автомашиныг өөрийн эзэмшилд хүлээн авснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ дуусгавар болсон байна.

 

Фидуцийн гэрээгээр үндсэн үүргээ төлөөгүй тохиолдолд тухайн эд хөрөнгө нь бодит байдлаар үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд очсон бол өмнөх зээлийн гэрээний үүрэг шаардах эрх дуусгавар болно.

Харин ямар хэмжээний үүрэгт ямар хэмжээний эд хөрөнгө фидуциар хангуулж байгаа нь зээлдүүлэгчийн сонгох, өөрийнх нь хүсэл зоригоос хамаарсан эрх тул үнэ нь хүрэхгүй тохиолдолд зээлдүүлэгчийн эрсдэл болох ёстой юм.

 

Иймд хариуцагч Б.Тд холбогдох 3,032,451.35 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

1.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Эд холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар хариуцагч Б.Тд холбогдох 3,032,451.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263,112.26 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Д.ГАНБОЛД