Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/00560

 

 

 

 

 

 

                                2023       01          24

                   101/ШШ2023/00560

           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 26 дугаар гудамж 674а тоот хаягт оршин суух, Б-ийн  нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 29 дүгээр гудамж, 297 тоот хаягт оршин суух, Хатиган овогт, Б-д холбогдох,

            Зээлийн гэрээний үүрэг, хүүгийн төлбөрт 12,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбарт:

   Миний бие хариуцагч Б.Бадамхатантай хамт цэргийн ангид ажилладаг. Хариуцагч машин авах гээд мөнгө зээлээч гэж зээлийн гэрээ байгуулж, 2018 оны 12 сарын 25-ны өдөр 500,000 төгрөг,  2019 оны 01 сарын 11-ний өдөр 700,000 төгрөг, 1 сарын 13-ны өдөр 300,000 төгрөг, 1 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 3 сарын 15-ны өдөр 100,000 төгрөг нийт 2,600,000 төгрөг зээлдүүлсэн. 2020 оны 02 сарын 06-ны өдөр хүүгийн төлбөрөө нэмж 3,000,000 төгрөг болгож зээлийн гэрээ байгуулсан юм. 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай байхаар тохиролцсон.

Хариуцагч нь 2,350,000 төгрөгийг буцаан авсан. Хариуцагч нэмж 300,000 төгрөг өгсөн гэж байгаа боловч 300,000 төгрөгийг аваагүй.

Өгсөн мөнгийг хүүнд авч байсан. Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөг, 32 сарын хүү 9,600,000 төгрөг нийт 12,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хамт ажилладаг найз нөхөдийн харилцаатай байсан. Хоорондоо  мөнгө өгч авалцах зүйл их байдаг. Би ч бусад байдлаар тусалдаг байсан. Нийт 2,600,000 төгрөг авсан нь үнэн. Хүүгийн төлбөрөө нэмээд 3,000,000 төгрөг болгож зээлийн гэрээ байгуулсан.

2,350,000 төгрөгийг дансаар 300,000 төгрөгийг бэлнээр нийт 2,650,000 төгрөгийг буцааж төлсөн.

Ийм их мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс 2020 оны 2 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, Хаан банкны дансны хуулга

Хариуцагчаас Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.Болормаа нь хариуцагч Б.Бадамхатанд холбогдуулан 12,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 11,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зээлийн гэрээний үүрэгт нийт 3,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 9,600,000 төгрөг, нийт 12,600,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаа үүссэн ч 2,600,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан талаар мараагүй. Иймд тэдгээрийн хооронд 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийн гэрээний үүрэгт хүүгийн төлбөрт хариуцагчаас 2,350,000 төгрөг авсан гэж тайлбарласан.

Харин хариуцагчаас 2,650,000 төгрөгт төлсөн гэж маргасан.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алиных нь дансны хуулгаар хариуцагч Б.Бадамхатан нь 2,350,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн үндсэн зээл 3,000,000 төгрөг, 32 сарын хүүгийн төлбөрт 9,600,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэх тайлбар нь хуульд нийцэхгүй байна.

Тодруулбал талууд зээлийн гэрээг 3 сарын хугацаатайгаар байгуулсан тул 32 сарын хүүгийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд гэрээний дагуу 3 сарын хүү нэхэмжлэх эрхтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

Хэрэв зээлийн гэрээний хугацааг сунгах бол хүүтэй зээлийн гэрээний хувьд бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдана.

 Иймд хариуцагч нь 3 сарын хүүгийн төлбөрт 900,000 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг гийт 3,900,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримт болох талуудын дансны хуулгаар хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний үүрэгт 2,350,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн тайлбарт дурдсан 300,000 төгрөгт холбогдох хэсэг тогтоогдохгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар, түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй.

 Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 1,550,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Б.Бадамхатанаас 1,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,050,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Б.Бадамхатанаас 39,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Болормаад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.БАЯРМАА