| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2020/0383/Э |
| Дугаар | 0040 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 0040
С.Од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.М
Шүүгдэгч С.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н /онлайн/
Нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолтой, С.Од холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н-н давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцэл зэргийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б овогт С-ын О.
С.О нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ч.Б-н “Сайн” авто ломбардны машины лизингийн төлбөрөө төлөхөөр итгэмжлэн хариуцуулсан 6.478.000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй, хувьдаа ашиглаж, хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт С-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-г 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оэс 6.478.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Б-д олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н давж заалдах гомдолдоо:
“ ... С.О нь хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын үеэс эхлэн хэрэг хянан хэлэлцэх бүх шатанд өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж ирсэн байхад шүүхээс С.Од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдийг баримтлалгүй шууд хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Үүнээс гадна С.О нь одоо хохирол төлбөрөө нөхөн төлсөн бөгөөд ар гэртээ нялх биетэй эхнэрээ бага насны 3 хүүхэдтэй нь орхисон нь ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдлууд бий болсон байна гэж ойлгож байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж С.Од оногдуулсан хорих ялыг өөрчилж тэнсэх арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.
Дээд шатны прокурор Л.Б эсэргүүцэлдээ:
“ ... Хохирогч Ч.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх эрхийнхээ дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6.478.000 төгрөг, хор уршиг 3.368.060 төгрөг нийт 9.846.060 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан байтал шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно", мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шүүх шүүгдэгч С.О зээлийг хугацаанд нь төлөөгүйн улмаас үүссэн хүү, алданги болох 3368060 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцон бодит хохирлыг нөхөн төлүүлэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хор уршгийг зөв тодорхойлж чадаагүй байна.
Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогч нь “С” ломбардад төлөх хүү, алдангийн асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлбэл зохино гэж дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаараа тусгалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна", мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл"-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэх заалтыг тус тус зөрчсөн байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н-н давж заалдах гомдол болон дээд шатны прокурор Л.Б-н эсэргүүцэл зэргийг үндэслэн С.Од холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч С.О нь иргэн Ч.Б-н “С” авто ломбардны машины лизингийн төлбөрөө төлөх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ХААН банкин дахь түүний дансанд шилжүүлсэн 6.478.000 төгрөгийг завшсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “ ... оногдуулсан хорих ялыг өөрчилж тэнсэж арга хэмжээ авч өгнө үү ...” гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх ба анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан шүүгдэгч С.Од 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал шүүгдэгчийн гэм бурууг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, түүнд оногдуулсан хорих ял, түүний хэмжээ шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч С.О нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Ч.Б-д 6.700.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг бүрэн арилгаагүй, мөн цаашид төлж барагдуулна гэх боловч шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүйгээс гадна цаашид орлого олох боломжтой эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх хохирогч нь “С” ломбардад төлөх хүү, алдангийн асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлбэл зохино гэж дүгнэлт хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаараа тусгалгүй орхигдуулсан байх тул энэ талаар гаргасан дээд шатны прокурор Л.Б-н эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч С.О нь хохирогч Ч.Б-д 6.700.000 төгрөгийг хохиролд төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ