Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Д.Нямдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Шинжээч эмч Ж.Жаргалтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваагийн Нямдоржид холбогдох 201716010055 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймаг, Сайншанд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Гэрэлт дөл транс” ХХК-д гагнуурчин ажил эрхэлж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Манлай сум, 1 дүгээр баг, Үйзэн хорооллын 5-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Долоод овогт Даваагийн Нямдорж /РД:ЕЮ75081034/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Нямдорж нь 2017 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Пүүшинмон” ХХК-ийн ажилчдын байр /кемп/-д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Алтан-Одтой хувийн таарамжгүй харьцаа буюу өр авлагаас маргалдаж, улмаар Finlandia нэртэй 1 литрийн архины шилээр Б.Алтан-Одын толгойн тус газар цохиж, бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нямдорж мэдүүлэхдээ:” 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэртээ харих унааны зардал байхгүй байсан тул хамт ажилладаг Алтан-Одоос 20,000 төгрөг зээлсэн. Алтан-Од надад 20,000 төгрөг зээлээд, “та гэртээ гар хоосон очоод яахав, чихэр ч гэсэн ав” гээд 10,000 төгрөг нэмж өгөхдөө надаас буцааж авахгүй гэж хэлж өгсөн. Би гэр рүүгээ явж ирээд зээлсэн мөнгөө өгнө гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 16-ны үед Алтан-Од намайг “зээлсэн 30000 төгрөгөө өгөөрэй” гэхэд нь би “за өгнөө” гэсэн чинь Алтан-Од “та тэр мөнгөө Мягаа эгчид өгчихөөрэй” гэсэн. Би өгөх гээд очиход Мягаа гэдэг хүн нь эзгүй байсан болохоор би зээлсэн мөнгөө өгч амжаагүй байсан. 2017 оны 3 дугаар сарын 18-ны орой Алтан-Од, Чинзориг бид гурав нэг шил архи хувааж уугаад сууж байхад Алтан-Од намайг “дорд ядуу, зээлсэн мөнгө, төгрөг өгсөнгүй” гэж доромжлоод байхаар нь би “чи өөрөө мөнгөө авахгүй гэхээр нь ах нь санаанд орсонгүй ” гэж хэлсэн. Намайг Алтан-Од “тэглээ ч гэсэн та арчаагүй, ядарсан” энэ тэрээр нь дуудаад доромжилсон. Тэгээд Алтан-Одод уур хүрээд урдаа байсан архины шилийг аваад Алтан-Одын зүүн чихний дээх нь хавьцаа нэг удаа л цохисон. 3 дугаар сарын 19-ний өглөө нь босоод би Алтан-Одтой уулзахаар очтол Чинзоригийн өрөөнд унтаж байсан. Би түүнийг сэрээгээд “өчигдөр орой муухай юм болж ахыгаа уучлаарай” гэж уучлалт гуйсан. “ бие чинь яаж байна” гэхэд “толгой жоохон өвдөж байна” гэж Алтан-Од хэлж байсан. Намайг Манлай явах ажилтай байгааг хэлэхэд Алтан-Од “өвчин намдаах эм, тарианы мөнгө үлдээчхээд явж байхгүй юу” гэхээр нь би 100 юаныг түүнд өгчихөөд менежер Бямбачулуун намайг автобусанд хүргэж өгөөд, би Манлай сумруу явсан. Тэгээд суманд очоод байж байтал Бямбачулуун миний утас руу “яаралтай залгана уу?” гэсэн мессэж ирүүлсэн байсан. Би Бямбачулуунтай утсаар ярихад ”Алтан-Одыг түргэнээр эмнэлэг рүү хүргэлээ цагдаагийнхантай холбогд” гэж хэлээд Цагаан хадны хошууч Отгонбаяр гэж цагдаагийн утсыг надад хэлж өгсөн. Би хошууч Отгонбаяртай утсаар ярихад “хэсгийн төлөөлөгч дээр одоо яваад очиж чадах уу?” гэхэд нь би “чадна” гээд хэсгийн төлөөлөгч дээр явж очсон. Түүнээс хойш би цагдаагийн байгууллагад шалгагдаж байна. Ялихгүй зүйлээс болж маргалдан Алтан-Одод гэмтэл учруулсандаа их гэмшиж байна.... Манай эхнэр хүнд өвчтэй, ар гэр, эхнэрээ би л халамжилж авч явдаг юм.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд Б.Алтан-Одын хохирогчоор өгсөн:”...2017 оны 3 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед ажил зогсоод амралтын байдалтай байцгааж байтал “Пүүшинмон” ХХК-ийн кемп дээр байсан танил Нямдорж миний гар утас руу залгаж “өрөөнд ороод ирээч би Чинзоригийн өрөөнд байна” гэхээр нь би ганцаараа Чинзоригийн өрөө рүү явж ортол тэнд Чинзориг, Нямдорж хоёр 1 шил Finland нэртэй архи уугаад сууцгааж байсан ба Нямдорж ах нилээд согтчихсон байсан. Би ч тэр хоёртой хамт сууж 3-лаа цэргийн баяр гээд нөгөө архинаас нь уугаад ойр зуурын юм ярьцгааж байтал Нямдорж ах над руу “чи яах гээд авахгүй гэж хэлчихээд зээлсэн мөнгөө нэхээд байгаа юм бэ” гэсэн “би зээлсэн мөнгөө авахгүй гэж хэлээгүй та надаас мөнгө зээлж аваад 2 хоногийн дараа өгнө гэж хэлсэн биз дээ” гэж хэлтэл Нямдорж ах уурлаад “пизда минь яах гээд байгаа юм бэ” гэж байснаа ширээн дээр байсан Finland нэртэй архины шилийг авч миний зүүн чамархайн тус газарт зүүн чихийг хамруулан нэг удаа цохисон. Би цохигдоод газар уначихаад босож байтал Чинзориг Нямдоржийг хориод цааш холдуулсан. Ингээд бид 3 дахин архи уугаагүй. Нямдорж ах унтана гээд өөрийн өрөө лүү явсан. Би Чинзоригийн өрөөний нэг орон дээр нь гарч унтсан. Чинзориг өөрийнхөө орон дээр унтсан. Тэгээд маргааш өглөө сэртэл толгой маш их өвдөөд зүүн чихнээс цус гарч шилээр цохиулсан хэсэгт нил хавдартай хөндүүр болчихсон байсан. Намайг өглөө орондоо босож чадахгүй хэвтэж байтал Нямдорж ах орж ирээд “уучлаарай, эм аваарай” гээд 100 юань өгчихөөд сум руу явлаа гээд яваад өгсөн. Түүнээс хойш бие өвдөөд дээрдэхгүй байхаар нь менежерт хэлж сумаас түргэн дуудуулан 3 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед Ханбогд сумын эмнэлэгт ирж хэвтэн эмчлүүлсэн. Тэнд 3 хоног эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хотод ГССҮТ-д үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

     Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Чинзоригийн өгсөн:”...Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд байрлах “Пүүшинмон” ХХК-ийн сэндвичэн кемпийн миний байрладаг өрөөнд болсон юм. Тэр өдөр 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр буюу цэргийн баярын өдөр байсан бөгөөд өдрийн цагаар бид ажилтай байж байгаад орой нь би ганцаараа өрөөндөө амарч байтал гаднаас Нямдорж, Алтан-Од хоёр “цэргийн баяр тэмдэглэе” гээд манай өрөөнд задалчихсан боловч бараг бүтэн шил шахуу архийг бариад орж ирсэн. Тэгээд тэр архийг миний өрөөнд уугаад сууж байтал Нямдорж Алтан-Од 2 хоорондоо мөнгө өгч авах талаар ярилцаад маргалдаад байсан. Би тэр яриаг нь сайн ойлгоогүй нэг тамхи асаагаад хажууд нь байсан утсаа аваад оролдоод сууж байтал түг хийх чимээ /чанга дуу/ гарахаар нь хартал нүдний буланд Алтан-Од орны хөлний тэр лүү 4 хөллөж унаад толгойгоо бариад хэвтэж байгаа харагдсан, Нямдорж өндийгөөд буцаад орон дээрээ сууж байгаа харагдсан. Би юу болсныг сайн ойлгоогүй, “яав ийв” гэхэд Нямка “энэ муусайнууд ийм маягаар мөнгө нэхдэг байхгүй юу, авч чаддаггүй л байхгүй юу” гэж хэлэхээр нь “та юу яриад байгаа юм” гэж би Нямкад хэлчихээд өрөөнөөс гарч хүн дуудъя гээд гарах гэхэд Нямдорж босоод Алтан-Одыг унасан газраас нь босгоод орон дээр буцааж суулгаж харагдсан. Би гарахаа болиод эсрэг талын орон дээр очиж суугаад харахад Алтан-Одын зүүн чихнээс нь цус гарчихсан байсан. Алтан-Од гарныхаа цусыг харчихаад Чинзо гэж над руу харж уйлснаа “та яагаад намайг ийм болгож байгаа юм бэ, яасан гэж ингэж байгаа юм бэ” гэж Нямдорж руу хандаж хэлсэн. Би тэр үед гадагшаа гараад кемп менежер Бямбачулууныг дуудаж ирүүлсэн. Бямбачулуун орж ирээд “та 2 яав, ийв” гэхэд Алтан-Од уйлаад намайг Нямка цохичихлоо яасан гэж цохиж байгаа юм бэ” гээд байсан. Тэгээд Бямбачулуун биднийг амраасан. Алтан-Одын толгой өвдөөд байна гэхээр нь би хүйтэн жин тавьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

     Мөрдөн байцаалтын шатанд Б.Бямбачулууны гэрчээр өгсөн:”...Тухайн үйл явдал болсон буюу 2017 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө намайг кемп дээр өрөөндөө амарч байхад ковшийн оператор “Нямка ах /Нямдоржийг хэлж байна/ Алтан-Одыг архины шилээр цохичихлоо” гэж анх мэдэгдсэн. Тэгээд би Чинзоригтой хамт яваад түүний өрөөнд ороход дотор нь Алтан-Од Нямдорж 2 орон дээр зэрэгцээд сууж байсан, “яасан ийсэн” гэж асуухад Алтан-Од нь “Нямка ах толгой руу шилээр цохичихлоо” гэж хэлээд толгойгоо бариад сууж байсан. Түүний толгойг харахад гаднаа ил мэдэгдэх гэмтэл шарх байгаагүй, харин зүүн талын чихний нүхнээс жаахан цус гарсан харагдсан. “яасан гэж хүн цохиж байгаа юм бэ” гэж Нямдоржоос асуухад “эр хүн байж хэлсэн амандаа хүрсэнгүй, зээлсэн мөнгө төгрөгөө буцааж авахгүй гэчхээд нэхлээ” гэж Нямдорж хэлж байсан. Чи мөнгө зээлсэн чинь үнэн юмуу гэхэд Алтан-Од “гэр лүүгээ амраад явахдаа надаас хэдэн төгрөг зээлсэн юм. Түүнийгээ нэхсэн чинь уурлаад цохичихлоо” гэж хэлж байсан. Тэгээд Чинзориг, Алтан-Од, Нямдорж 3 тэр өрөөндөө баяр тэмдэглэж амралтын цагаараа нэг шил архи уусан юм билээ. Тэгээд ууж байхдаа Нямдорж, Алтан-Од хоёр муудалцаад нэгнийгээ цохичихсон юм билээ. Тэгээд би тэднийг дахин хэрүүл маргаан хийгээд хэрэггүй гэж хэлсэн. Эмч дуудаж үзүүлэх үү гэхэд Алтан-Од эмч дуудах хэрэггүй, гайгүй болчих байх, одоо унтлаа гэсэн. Тэгээд кемпэд дахин ямар нэгэн асуудал болоогүй. Маргааш өглөө нь Алтан-Одын толгой өвдөөд байна гэхээр нь би Цагаан хадны төв орж аптекаас эм авч өгсөн. Түүний дараа Алтан-Одын толгой нь өвдөөд байна гэхээр нь Цагаан хадны гэрээт цагдаагийнханд болсон явдлын талаар мэдэгдсэн. Нямдорж тэр өглөө Манлайд байдаг гэр лүүгээ оччихоод ирье гээд чөлөө аваад явсан. Түүний эхнэр нь хүнд өвчтэй, Улаанбаатар хот руу явах гэж байгаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 4174 дугаар дүгнэлт:

     1.Б.Алтан-Одын биед тархи доргилт, зүүн чамархайн хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн хөндийн цус хуралдалт, зүүн чамархай, зүүн чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

     2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

     3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

     4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 34 дүгээр хуудас/

     Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 267 дугаартай:

     1.Б.Алтан-Одын биед зүүн чамархайн хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, тархины доргилт, зүүн хөхлөг сэртэнгийн хөндийн цус хуралдалт, зүүн чамархай, зүүн чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

     2.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

     3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

     4.Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан 4174 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 122 дугаар хуудас/

     Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/

     Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 07 дугаар хуудас/

     Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Нямдоржийн яллагдагчаар өгсөн:”...тэгээд 3 дугаар сарын 18-ны орой архи уугаад сууж байхад Алтан-Од “мөнгө төгрөг өгсөнгүй” гэж хэлэхээр нь би “өгнө” гэдгийг хэлсэн. Намайг Алтан-Од ядарсан энэ тэрээр нь дуудаад доромжилсон. Түүний маргааш нь би эхнэрийн бие тааруу гэсэн хэл ирсэн байсан тул Манлай сум руу явахаар төлөвлөсөн байсан. Тэгээд Алтан-Одод уур хүрээд баруун гараараа архины үлдэгдэлтэй шил аваад Алтан-Одын зүүн чихний дээх нь хавьцаа нэг удаа л цохисон. Алтан-Од надад цохиулаад нэг налс хийгээд доошоо 4 хөллөөд суусан. Тэгээд толгойгоо бариад “та арайчдээ намайг цохиж байхдаа яахав дээ” гэж хэлсэн. Тэгээд удалгүй гаднаас кемп менежер Бямбачулуун орж ирээд бид 3-г загнаад намайг “явж унт” гэж хэлсэн. Би ч өөрийнхөө өрөөнд очоод унтсан. Маргааш өглөө нь босоод би Манлай руу явах байсан болохоор Бямбачулуунтай уулзаад “автобус руу хүргээд өгөөч” гэсэн. Түүнийг хувцаслаж байх хооронд би Алтан-Одтой уулзахаар очтол Чинзоригийн өрөөнд унтаж байсан. Би түүнийг сэрээгээд “өчигдөр орой муухай юм болж ахыгаа уучлаарай” гэж уучлалт гуйсан. “Яаж байна” гэхэд “толгой жоохон өвдөж байна” гэж Алтан-Од хэлж байсан. Дараа нь Бямбачулуун бид 3 хамт уулзсан. Намайг Манлай явах ажилтай байгааг хэлэхэд Алтан-Од “эм тарианы мөнгө үлдээчихээд явж байхгүй юу” гэхээр нь би 100 юанийг түүнд өгчихөөд Манлай руу явсан. Тэгээд суманд очоод байж байтал Бямбачулуун над руу утсаар яриад “Алтан-Одыг түргэнээр эмнэлэг рүү хүргэлээ цагдаагийнхантай холбогд” гэж хэлээд цагдаагийн хүний утсыг надад хэлж өгсөн. Түүнээс хойш би цагдаагийн байгууллагад шалгагдаж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/

     Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт: “Б.Алтан-Одын биед учирсан гэмтлээс зүүн чамархайн хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зүүн хөхлөг сэртэнгийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь дээрх гэмтэлтэй холбогдон үүссэн хүндрэл юм. Харин тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тооцогдоно.” гэх мэдүүлэг,

     Шүүгдэгч Д.Нямдоржийн хувийн байдлыг нотлох урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 73/, Өмнөговь аймгийн Манлай сумын 1-р багт оршин суудаг болохыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 69/, хувийн зан байдлыг тодорхойлсон багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 70/, ажил хөдөлмөр эрхэлж байгааг нотлох баримтууд /хх-н 86-99/, эхнэр Ю.Болормаагийн өвчний тодорхойлолт /хх-н 76/, хохирол, төлбөр төлсөн баримт /хх-н 113/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Д.Нямдорж нь 2017 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт байрлах “Пүүшинмон” ХХК-ийн ажилчдын байр /кемп/-д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Алтан-Одтой хувийн таарамжгүй харьцаа буюу өр авлагаас маргалдаж, улмаар Finlandia нэртэй 1 литрийн архины шилээр Б.Алтан-Одын толгойн тус газар цохиж, бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт болох мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Алтан-Одын мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/ болон гэрч нарын мэдүүлэг / хх-ийн 19, 23 дугаар хуудас/, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 267 дугаартай шинжээчийн “...Б.Алтан-Одын биед зүүн чамархайн хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, тархины доргилт, зүүн хөхлөг сэртэнгийн хөндийн цус хуралдалт, зүүн чамархай, зүүн чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Нямдоржийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэх үндэслэлтэй байх тул Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Д.Нямдоржид 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, мөн Д.Нямдорж нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Гэрэлт дөл транс” ХХК-д гагнуурчинаар тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, өөрийн цалин орлоготой, хохирогчид төлсөн хохирол төлбөрийг өөрийн орлогоор төлж барагдуулсан, эхнэр Ю.Болормаа нь хүнд өвчний учир байнгын бусдын асаргаанд байдаг зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж, торгох болон хорих ялын төрлөөс торгох ялыг сонгон ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жилээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар Д.Нямдоржид тус хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын дээд хэмжээ 40,000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн хоёрны нэг хэмжээ болох 20,000,000 /хорин сая/ төгрөгөөс ихгүй, доод хэмжээ болох 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн хоёрны нэг хэмжээ болох 5,000,000 /таван сая/ төгрөгнөөс багагүй хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирогч Б.Алтан-Одод эмчилгээний зардалд 2,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Нямдоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Д.Нямдоржид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулав.

Шүүгдэгч Д.Нямдоржид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйл үгүй, Д.Нямдорж нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.Нямдоржийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Finlandia” нэртэй 1 литрийн 1 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогч Б.Алтан-Одын толгойны КТГ-ын зураг 2 ширхэг, толгойны рентген зураг 2 ширхэг, цээжний /цаасан дээр хэвлэсэн/ рентген зураг 1 ширхэг, нийт 5 ширхэг зургийг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас шүүгдэгч Д.Нямдоржид 2002 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Долоод овогт Даваагийн Нямдоржийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Даваагийн Нямдоржийг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нямдоржид оногдуулсан 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг арван зургаан сарын хугацаанд тус бүр 375,000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Нямдорж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Д.Нямдорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Алтан-Одод 2,000,000 /хоёр сая/ төгрөг төлсөн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

7. Хохирогч Б.Алтан-Од нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Finlandia” нэртэй 1 литрийн 1 ширхэг архины шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогч Б.Алтан-Одын толгойны КТГ-ын зураг 2 ширхэг, толгойны рентген зураг 2 ширхэг, цээжний /цаасан дээр хэвлэсэн/ рентген зураг 1 ширхэг, нийт 5 ширхэг зургийг хохирогчид буцаан олгосугай.

 9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.Нямдоржийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Нямдоржид урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Нямдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН