| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2019/02882/И |
| Дугаар | 101/ШШ2023/00745 |
| Огноо | 2023-02-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2023/00745
| 2023 02 02 | 101/ШШ2023/00745
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүгч Н.Сарангүн, Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, Сансарын 8 салаа зам, 22-128 тоот хаягт байрлах Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, 15-н буудал, Хужирбулан 11-473 тоот хаягт оршин суух Сэвжидбалбар овогт З-д холбогдох,
Гэм хорын хохиролд 20,738,182 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, өмгөөлөгч Г.Эрдэнэбилэг, иргэдийн төлөөлөгч Ц.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Өнөр бүрэн ХХК-ийн гэрээтэй ажилладаг Бармон трейд ХХК-ийн барилгын худалдааны төвд 2015 оны 11 сарын 5-аас 6-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг гарч 40 гаруй сая төгрөг касснаас алга болсон гэх асуудлаар Цагдаа, шүүхийн байгууллагаар 4 жил явж Улсын дээд шүүх Өнөр бүрэн ХХК нь 20,738,182 төгрөгийг Бармон трейд ХХК-нд төлөх ёстой гэх шийдвэр гарсан.
Хулгай гарсан өдөр манай компанийн харуул хамгаалалтын алба хаагч Ц.Загдаа ажил үүрэг гүйцэтгэж байсан юм. Гэхдээ Ц.Загдаа ажил үүргээ хариуцлагагүй, сонор сэрэмжгүй гүйцэтгэж байснаас хулгай гарсан болохыг БЗД-ийн шүү 2 удаа газар дээр нь үзлэг хийж тогтоосон ба Бармон трейд ХХК-ийн удирдлага ч удаа дараа гомдол гаргсан.
Тухайлбал шүүх хурал дээр Бармон трейд ХХК-ийн удирдлага, өмгөөлөгч нар 2 давхарын хойшоо харсан цонхоор шөнийн цагаар гэрэл гаргаж, мөнгөний сейф газдаж, олон цагаар нүдэж байхад харуул хамгаалалтын албан хаагч Ц.Загдаа харж, сонсоогүй хариуцлагагүй ажилласнаас хулгай гарсан гэж гомдоллосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.
Өнөр бүрэн ХХК-нд Бармон трейд ХХК-иас 2015 оны 11 сарын 07-ны өдөр ирүүлсэн 161/15 тоот албан бичигт гэмт халдлага 21 цаг 30 минутаас 01 цаг 15 минутын хооронд болсон, бэлэн мөнгөний сейфийг 2-3 цаг чанга цохиж нүдэж байхад сонсоогүй, гэрэлтүүлэг ашигласан зэрэг үйлдэл гаргаж байхад мэдэлгүйгээр гэмт этгээдийг объектод 4-5 цаг байлгасан. Сонор сэрэмжтэй ажиллаагүйд их гомдолтой байна.
Ц.Загдаа шөнө нь объектоо эргэж шалгаагүй, цагаа тэмдэглээгүй нь өөрийн яриа рапортанд бичсэнээс нь /шөнийн цагаар харуу хамгаалалтын ажлын байрнаас харахад л 2 давхарын цонхонд гэрэл гарч, орчмоор нь явахад дуу чимээ сонсогдох байсныг огт мэдээгүй хариуцлагагүй ажилласан нь илт байдаг.
Энэ хугацаанд БЗД-ийн анхан шатны шүүх хуралдаанд Ц.Загдаа оролцсон ба дараахан нь ээжийн бие муу хөдөө явна гэж чөлөө аваад ажилдаа эргэж ороогүй, хөдөө өөр ажилд орж машин барьж яваа нь дуулддаг байсан.
Ц.Загдааг ямар нэгэн байдлаар дарамталсан зүйл байхгүй Улсын дээд шүүх дээр төлбөрийн асуудлыг манайхыг хариуц гэсэн шийдвэр гарлаа гэхэд очиж уулзая гээд утсаа авахаа больсон.
Энэ 4 жилийн хугацаанд харуул хамгаалалтын алба хаагчдын цалин, хууль зүйн зөвлөгөө өмгөөлөгчийн хөлс гээд нийт 25,000,000 гаруй төгрөгийн хохирол гаргаад байна.
Ц.Загдаа нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэснээс манай байгууллага Шүүхийн шийдвэрээр 20,738,182 төгрөгийн төлбөрт ороод байгаа тул холбогдох хууль тогтоомжийн дагуу 20,738,182 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ц.Загдаа нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Төлбөр барагдуулах боломжтой гэж үзэж байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан бөгөөд хариуцагч нь манай байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа буюу хариуцсан ажил үүрэгтээ хайнга хандаж, хамгаалж байсан объектод хулгайн гэмт хэрэг гаргаж бусдад их хэмжээний хохирол учруулсан бөгөөд манай байгууллага нь ажил олгогчийн хувиар бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгасан бөгөөд тухайн гэм хорыг бий болгосон буюу гэм хорыг учруулсан тухайн үед манай байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ажилтан болох хариуцагчаас мөн хуулийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмнөөс барагдуулсан хохирол болох 20,7388182 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ц.Загдаа нь Өнөр бүрэн ХХК-нд ажиллаж байхдаа албан үүрэгтээ хайнга хандсан, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хохирол учруулсан зүйл байхгүй. Ц.Загдаа нь 2012 оны 8 сард анх гэрээт харуулын ажилд орсон. Ингээд 3 жилийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 2015 оноос Бармон ХХК-ийн объектийг хамгаалж эхэлсэн.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь ажил үүрэгтээ хайнга хандсан, алдаа зөрчил гаргасан үйл баримт тогтоогддоггүй. Түүний ээлжинд зөрчил гарч байсан удаа байхгүй. Ц.Загдаагийн гэм бурууг тогтоосон баримт хэрэгт байхгүй. Бармон трейд ХХК нь Өнөр бүрэн ХХК-иас төлбөр авахаар болсон нь Ц.Загдааг буруутгах гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ хэргийн эзэн буюу хулгайн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд түдгэлзүүлж шийдсэн байдаг. Хулгайч нь олдохоор мөнгийг дахиад хулгайчаас авах юм уу. Шүүхийн шийдвэрээр 20,368,390 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч ямар тооцооллоор 20,738,182 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс: Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2012 оны 8 сарын 01-ний өдрийн Ц.Загдааг ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, Бармон трейд ХХК-ийн 2015 оны 11 сарын 07-ны өдрийн мэдэгдэл, хариуцагч Ц.Загдаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01826 дугаартай Хяналтын шатны шүүхийн тогтоолыг гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын багийн Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн албан тоот зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Өнөр бүрэн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Загдаад холбогдох Гэм хорын хохиролд 20,738,182 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Өнөр бүрэн ХХК нь хариуцагч Ц.Загдаад холбогдуулан гэм хорын хохиролд 20,738,182 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчид хооронд 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд 2012 оны 8 сарын 01-ний өдөр Өнөр бүрэн ХХК-ийн захирлын 2012 оны 8 сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаалаар Ц.Загдааг ажилд томилсон үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоож байна. /хх-ийн 5-7 дугаар тал/
Тус гэрээ нь агуулга, зорилгын хувьд тодорхой ажлын байранд, тогтмол хугацаагаар цалин хөлс олгох шинжийг агуулж байх тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Дээрх гэрээний дагуу талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн буюу гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад эрх, үүрэг үүссэн талаар хэн аль нь маргаагүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлэх явцдаа ажлын байран дээр ажилдаа хайнга хандсаны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учуулсан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтнаас байгууллагад учруулсан хохирол болох 20,738,182 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй гэж тодорхойлсон.
Хэрэгт авагдсан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2018 оны 12 сарын 13-ны өдрийн 001/ХТ2018/01826 дугаартай тогтоолоор Өнөр бүрэн ХХК нь Бармон трейд ХХК-нд хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 20,368,390 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн байна.
Талууд дээрх хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргахгүй гэснийг болон тухайн үйл баримтын талаар талууд маргаагүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т, учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхийг эрх нь зөрчигдсөн этгээдэд хуулиар олгожээ.
Нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар байгууллагад учруулсан гэм хорын хохирол гэж үзэн хохирлоо арилгуулахаар шаардах үндэслэлээ тодорхойлсон байна.
Байгууллага буюу хуулийн этгээдэд ажиллаж, албан тушаалын үүргээ гүйцэтгэх явцдаа буруутай үйлдэл /эс үйлдэхүйгээр/ хийсэн үндэслэлээр бусдад учруулсан гэм хорыг байгууллага хариуцан арилгаж, гэм буруутай этгээдээр буцаан төлүүлэх харилцааг Иргэний хуулийн 498 дугаар зүйл болон 498.5-д, Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэсэн тусгай зохицуулалтаар зохицуулж байна.
Нэгэнт тодорхой харилцааг тусгайлан зохицуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүйгээр/ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэсэн зохицуулалтыг ерөнхий зохицуулалт гэж үзсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийн зохицуулалтад дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Дурдсан зохицуулалтаар байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхийг хангахад хууль хэрэглээний хувьд дараах урьдчилсан нөхцлүүд бүрдсэн байх шаардлагатай байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд-д холбогдуулан шаардлага гаргах эрхийг зохицуулжээ.
Энэ тохиолдолд энэ хуулийн гэдэг агуулга нь Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт зааснаар, ажиллагсад хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад гэм хор учруулсан бол ажил олгогч хариуцан арилгах харилцааг зохицуулжээ. Дурдсан гэм хор арилгах харилцааны хувьд ажиллагсад Иргэний хуулийн 8.1.5-д заасан иргэний эрх зүйн харилцаагаар бусдад гэм хор учруулах ойлголтыг зохицуулсан байна. Харин нэхэмжлэлийн үндэслэлд, хариуцагч Ц.Загдааг албан үүргээ гүйцэтгэх явцад хулгайн гэмт хэрэг гарсан нь хөдөлмөрийн гэрээний дагуу үүссэн хөдөлмөрийн харилцааны үр дагавар байх тул үүнийг Иргэний хуулийн 8.1.5-д зааснаар гэм хор учруулсан харилцаа гэж үзэх боломжгүй юм.
Тодруулбал, Хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний үр дагаврыг гэрээний бус үүргийн буюу зөрчлийн улмаас үүсэх үр дагавараас ялгах нь зүйтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.4 дэх хэсэгт заасан үндэслэлүүд мөн адил тухайн хуулийн этгээд, төр бусдад гэм хор учруулсан гэж үзэж, гэм хор арилгаж байгаа ижил агуулгатай зохицуулалтууд юм.
Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-ийн шаардлага хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, ...этгээд өөрийн шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэсэн зохицуулалтын хувьд, Өнөр бүрэн ХХК-иас Бармон трейд ХХК-нд 20,368,390 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримтаар хариуцагч Ц.Загдааг өөрийн шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн ...гэм хор арилгасан байгууллага шаардах эрхтэй гэсэн урьдчилсан шаардлагыг мөн зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн гэм хорыг арилгасан гэх тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Иймд дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэдийн төлөөлөгчийн Нэхэмжлэл гаргасан талын зөв. Өнөр бүрэн ХХК-ийн гол шалтгаан нь миний хувьд ажлын хариуцлага хэрэгтэй тул үүнээс шалтгаалан харуул хамгаалалтын буруу гэж үзэж байна гэх дүгнэлт үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Өнөр бүрэн ХХК-ийн хариуцагч Ц.Загдаад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 20,738,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.САРАНГҮН
Б.УНДРАА