| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0091/э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,
Улсын яллагч Б.Ануужин,
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Н-ийн Нд холбогдох эрүүгийн 2517000800093 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, Шивээ овоо өртөөнд тооцооны оператор ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ............ дугаар баг, ...... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Бовогтой Н-ийн Н, регистрийн дугаар /................/.
Холбогдсон хэргийн талаар:
/прокурорын яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Б овогт Н-ийн Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 27-ноос 28- нд шилжих шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөг, 671-2 тоотод хохирогч Ц.Мтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун зовхины дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөр, баруун мөр, нуруунд зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2025 оны 06 дугаар сарын 17-нд 21-р зөрлөгийн гадаа машинд найзууд болох О, Р, М нарын хамт пиво ууж байгаад нөхөр Нтой утсаар ярьсан чинь манай нөхөр чи намайг хүн дуудаж зодуулах гэлээ гэж ярьсан тэгэхээр нь би гайхаад юун хүн гэж асуусан чинь чи намайг зодуулах гэж хүн явуулсан байна гэсэн утгатай юм ярьсан. Тэгсэн тэр үед Маагийн нөхөр ирсэн байсан юм байна лээ би тэр үед нь мэдээгүй. Тэгээд би ганцаараа Маагийн гэр рүү уг асуудлыг тодруулах гэж явсан би тухайн үед нэлээн уучихсан байсан болохоор ямар үйл явдал болсныг нарийн сайн санахгүй байгаа нэг мэдэхэд Н намайг барьчихсан Маагийн гэрийн үүдэнд зогсож байсан тэгээд бас юу болсныг санахгүй байж байгаад эмнэлэгт сэрснээ санаж байна. Өөр зүйлийн талаар сайн санахгүй байна. Энэ үйл явдал болохоос хэд хоногийн өмнө буюу 2025.06.14-нд би нөхөртэйгөө бага зэрэг маргалдаад дээд давхар руу ээжийнхээ гэрт орсон тухайн шөнө нь бараг үүр цайж байх үед 04-05 цагийн үед манай нөхрийн машин гэрийнхээ гадаа ирчихсэн байхаар нь гэртээ орох гээд хаалгаа тогштол тайлахгүй байсан би нэлээн удаан хаалгаа нүдэж байгаад өөдөөс харсан айлын ах хаалгаа нээхээр нь тэдний гэрээс сандал гуйж аваад гараад цонхоороо ортол манай жижиг өрөөнд Н нөхөр Нын найз эрэгтэйтэй /нэрийг мэдэхгүй байна/ байсан. Тэгээд том өрөө рүүгээ орох гэхэд Н өөдөөс гарч ирээд намайг том өрөө рүү оруулахгүй байсан тэр үед нь том өрөөнөөс М гарч ирээд надтай зөрөөд Нтэй цуг гараад явчихсан. Тэгээд би уурлаад найз руугаа утсаар залгаж ирээд авчих гээд Чойр явж пиво уугаад эргэж ирээд Мын гэрт очиж Мтай маргалдсан тухайн үед цохиж зодсоноо санахгүй байгаа. Тэгээд хэд хоногийн дараа Маас уучлалт гуйсан, учир нь би тухайн үед нь юу болсон талаар хараагүй болохоор Маас уучлалт гуйсан. Тэгээд 06 дугаар сарын 25-нд гэрийнхээ гадаа нөхрийгөө сагсны шийдэн дээр тоглож байх хооронд утсыг нь оролдож байгаад Мтай чаталсан чатыг нь харсан тухайн үед яагаад Мтай чаталсан талаар мэдсэн гэхээр манай ажлынхан нэг бичиг баримт хайж байсан тэр талаар хоорондоо бичсэн байсан “Хаана нь юм хайраа юу ч л байхгүй байна шдээ” гэсэн чат бичсэн байсан. Н М 2-уулаа өөр фэйсбүүк нээчихсэн өөр хаягаар харилцаж байсан. Тэгээд энэ явдлыг нь харчихсан байсан болохоор пиво уугаад согтсондоо Мын гэрт очсон байсан. Манай нөхөртэй чат бичсэн байсан. Мөн манай гэрт шөнө манай нөхөртэй нэг өрөөнд байсан болохоор энэ асуудлыг нь бодсон байх. Би анхнаасаа Мыг зодох санаатай гэрт нь очоогүй манай нөхөр л намайг зодуулах гэж хүн явуулсан байна гэсэн утгатай зүйл ярихаар нь Мынд очсон. Би сайн санахгүй байгаа тэгэхдээ гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад татгалзах зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 9-10 дүгээр хуудас/
2. Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 06 дугаар сарын 27-ны орой 20 цагт ажлаасаа буугаад Шивээговь сумын 2 дугаар баг 21-р зөрлөгт байх гэртээ хамт ажилладаг дүү Н-ийн хамт амарч байсан. Орой нь манай ажлын Р Н уух гэж байна шүү чамайг дахиад зодчих вий гэж байсан. Тэгээд би тэр орой нь Р эгчээр гэрээ гаднаас нь түгжүүлсэн юм. Өмнө нь буюу 06 дугаар сарын 15-ны өдөр Н манай гэрт орж ирж намайг үсдэж, цохиж зодож байсан тухайн үед нь би согтуу байна гэж бодсон дараа нь Н өөрийгөө эрүүл байсан гэж хэлсэн ийм асуудал болсон байсан учраас би өөрийгөө гаднаас нь түгжүүлсэн байсан. Тэгээд шинө 01 цагийн үед гадаа хүн орилоод байхаар нь сонсоход манай нөхөр Э-йн хоолой байсан. Тэгээд би О гэж ажлынхаа эмэгтэй рүү утасдаад хаалга тайлаад өг гээд ирэхээр нь хаалганыхаа завсраар түлхүүрээ өгөөд хаалгаа онгойлготол Н ороод ирсэн, орж ирээд үгийн зөрүүгүй намайг үсдэж аваад нүүр рүү гараа атгаж байгаад хэд хэдэн удаа цохиж мөн нүүр лүү өвдөглөж, хөлөөрөө бас өшиглөсөн, бас нуруун дээр 2 удаа хазсан. Тэгээд намайг зодуулж байхад манай нөхөр Э орж ирж салгасан. Тухайн үед миний хамраас цус их гарсан...Одоо надад гомдол байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, эмчилгээний зардал болон 2 сарын дараа хамрын хагалгаанд ор гэсэн тул хагалгааны зардлаа нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12-13, 22-24 дугаар хуудас/
3. Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 06 дугаар сарын 27-ний орой 20 цагт ажилдаа гарсан ажил дээрээ байж байхад шөнө цагийг нь сайн санахгүй байна хамт ажилладаг Н гэх дүү залгаад Н, М 2 зодолдоод байна гэж хэлсэн тэгээд би тухайн үед нь яг ажилтай байсан болохоор 15 орчим минутын дараа Мын гэрт очсон намайг очих үед Н, М 2 зодолдоогүй хоорондоо хэрэлдээд байж байсан. Тухайн үед М орон дээрээ сууж байсан шиг санагдаж байна хамарнаас нь жоохон цус гарсан байсан тэгээд би Н-ийг аваад гарсан. Тэгээд Н гэр рүү оруулчихаад ажилдаа буцаад явсан ажилдаа явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
3. Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 06 дугаар сарын 27-ний орой хамт амьдардаг эгч Ц.Мын хамт Шивээговь сум 2 дугаар баг 21-р зөрлөг 671-2 тоот гэртээ амарч байсан. Тухайн үед Н эгчийг согтуу байна гээд Маа эгч хаалгаа гаднаасаа түгжүүлсэн байсан тэр үед нь би унтаж байсан. Тэгээд Маа эгч гадаа Э орилоод байна хаалгаа нээлгүүлье гэж намайг сэрээсэн тэгээд хамт ажилладаг О рүү залгаад хаалгаа гаднаасаа нээлгүүлтэл гаднаас Отэй хамт Н эгч орж ирээд шууд л Маа эгчийг зодсон. Тэгээд би салгах гээд гарыг нь дийлэхгүй байсан болохоор Н ах руу залгаад дараа нь Э ах руу залгасан тэгээд удалгүй Э ах орж ирээд тэр 2-ыг салгасан. Дараа нь Н ах ирээд Н эгчийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/
4. Шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ГОС0725/156 дугаар дүгнэлтэнд:
Ц.Мын биед хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун зовхины дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөр, баруун мөр, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзүүлэхээс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 33-34 дүгээр хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 38 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 27-ноос 28- нд шилжих шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөг, 671-2 тоотод хохирогч Ц.Мтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь “...хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун зовхины дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөр, баруун мөр, нуруунд зулгаралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.М, гэрч Н.Н, А.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ГОС0725/156 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Иймд шүүгдэгч Н.Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Н.Н нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд ахуйн хүрээн архидан согтуурч, гэр бүлийн хардалтаас үүдэлтэй байна.
Шүүгдэгч Н.Н нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Н.Н “эмчилгээний зардалд 500.000 /таван зуун мянга/ төгрөг авсан одоо гомдол санал, нэхэмжлэхгүй зүйл байхгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөр хохирогч Ц.Мын үйлчлүүлсний төлбөр 148680 /нэг зуун дөчин найман мянга зургаан зуун наян/ төгрөгийг шүүгдэгч Н.Н Эрүүл мэдний даатгалын санд төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
ХОЁР. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Н.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг 21 дүгээр зөрлөгийн 671-2 тоотод хохирогч Ц.Мтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, халдаж, зодож түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн дээд доод зовхи, хамрын нуруу, баруун зовхины дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацрын төвгөр,баруун мөр, нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Нйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь гомдол саналгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн. Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд 500 000 төгрөг төлсөн. Иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын санд учирсан зардал болох 148 680 төгрөгийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн цаашид гарах зардлаа нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч Н.Н нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч Н.Н үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний хувийн байдалд тохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авч 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2517000800093 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ц.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ