Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/97

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Б.Ануужин,

иргэний нэхэмжлэгч Б.Н,

шүүгдэгч Ч.Д түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Чын Дд холбогдох эрүүгийн 2517000070073 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 38 дугаар гудамжны 941 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ........ дугаар хороо, ..... хэсэг, ...... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т. овогт Чын Д /РД:....................../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Чын Д нь согтуурсан үедээ, 2024 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 230/433 дугаартай тэмдэгтийн орчим 98-97 УЕТ улсын дугаартай Тоёота Приүс-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 3.7.а.тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч Ө.Ц, Д.И нарын буюу 2 хүний амь нас хохирсон,

Мөн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 230/433 дугаартай тэмдэгтийн орчим 98- 97 УЕТ улсын дугаартай Тоёота Приүс-30 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: урд өдөр нь миний төрсөн өдөр болоод архи уусан байсан. Маргааш нь Бтой ярих хүртэл нь унтсан. Яриад хөдөө яваад ирье гэсэн. Би нилээн унтсан учраас архи гарсан байх гэж бодсон. Би ер нь архи даахдаа их муу, цэрэгт байхдаа шаралж байсан учраас уг нь пиво ууж болохгүй гэдэг. Жоохон уусан ч хурдан согтчихдог. Урьд өдөр нь уусан архи маргааш өдөр нь үлээлгэхэд гараад эрхээ хасуулж байсан. Тэгээд Бын гадаа очоод сэрсэн. Тэгэхэд чи унтсан юм чинь машин барьчих гэхээр нь би барьсан гэв.

           2.Иргэний нэхэмжлэгч Б.Н шүүхийн хэлэлүүлэгт мэдүүлэхдээ: Одоогоор би гэр бүлээсээ  ганцаараа ажил эрхэлж байгаа. Манай ээж нялх биетэй, би 3 дүүгээ давхар асрамжилдаг. Энэ зээлийг төлөх гээд арай ядан явж байгаа. Би одоо дөнгөж 20 настай ийм байдалд орчихсон. Би цаашид сурч боловсорч байж дүү нараа цаашид авч явна. Би 31 500 000 төгрөгөөр уг машиныг авч байсан. Энэ машин бол огт засагдахааргүй болсон. Үнэлгээгээр тогтоогдсон 19 645 000 төгрөгөөр яагаад ч засагдахгүй. Төмрийн хог л болсон байгаа. Анх худалдан авсан 31 500 000 төгрөгийг авмаар байна гэв.

           3. Хохирогчийн       хууль ёсны төлөөлөгч Л.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байтал 18 цаг 59 минутад хүү Ц өөрийнхөө 88034427 дугаарын гар утаснаас миний 88878089 утас руу залгахаар нь би утасаа автал Ц “аав маргааш буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймаг руу даага авч ирэхээр 20-21 цагийн орчим явъя” гэж ярьсан...Би түүнийг Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл авсан эсэхийг нь мэдээгүй байж байгаад өчигдөр л түүнээс анх удаа сонсож байгаа юм. Тэгтэл Ц "Аав тантай нэг хүн яръя" гэж байна гээд нэг хүнд утсаа өгсөн чинь тухайн хүн нь Ж /Д/ гэж хочилж дууддаг манай нутгийн залуу буюу манай хүүгийн найз нь байсан. Тэгээд Ж надтай мэнд мэдээд ярьж байхдаа "Уучлаарай, Ц машин барьж явж байгаа болохоор Т бид хоёр 2 ширхэг шар айраг уусан, Ц шар айраг уугаагүй" гэж ярьж байсан. Тэгэхээр нь би түүнд "2 ширхэг гэж байгаад 20 ширхэг шар айраг уучихваа та нар" гэж хэлтэл Ж утсаа салгачихсан. Түүнээс хойш хүүтэйгээ дахиж яриагүй, гэртээ байж байгаад унтаж байтал шөнийн 04 цагийн орчим манай хүү Ц эхнэр О нь миний гар утас руу залгаад болсон зүйлийн талаар хэлсэн. Манай хүү талийгаач Ц жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь хамтран амьдарч байгаа эхнэрийнх нь том охин Н нэр дээр зээл авч худалдаж авсан юм байна лээ...Дын зүгээс 3,000,000 төгрөг төлсөн. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, /1-р ХХ-н 21, 2-р ХХ-н 113 дугаар хуудас/

            4.Хохирогч    хууль ёсны төлөөлөгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би талийгаач Д.Иын төрсөн ээж Д-ийн төрсөн ах Б-ын хүүхэд байгаа юм. Нэг үгээр хэлбэл талийгаач И бид хоёр төрсөн ах, дүү нарын хүүхдүүд буюу бүлүүд гэсэн үг юм. Талийгаач Иын төрсөн аав, ээж ах, дүү нар нь Увс аймгийн Завхан суманд амьдардаг бөгөөд Говьсүмбэр аймагт ирж, хэрэгт оролцоход дэндүү хол байсан учраас ах дүү нараараа ярилцаж байгаад, намайг талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар тогтсон болохоор би хэрэгт талийгаач болон түүний эцэг, эхийг төлөөлж оролцоно. Миний тухайд ослын талаар сайн мэдэхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 14-ний өглөө манай хамаатан Мягаа миний гар утас руу залгаад Д- ахын хүү И Говьсүмбэр аймгаас урагш ойрхон газар машинтай явж байгаад онхолдож нас барсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирэхэд талийгаачийг цогцос хадгалах газарт байрлуулсан байсан...Талийгаачийн оршуулгын зардалд гарсан 15,000,000 төгрөгийг нэхэмжилнэ...Дын зүгээс 3,000,000 төгрөг төлсөн. Одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /1-р ХХ-н 28, 2-р ХХ-н 111 дүгээр хуудас/

                5. Иргэний нэхэмжпэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 4,604,575 төгрөгийн зардал гаргасан байх бөгөөд дээрх мөнгийг буруутай этээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /1-р ХХ-н 31 дүгээр хуудас/

                 6. Иргэний нэхэмжлэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би 98-97 УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай талийгаач хойд аав Ц нь миний нэр дээр “Нет капитал финанс корпораци” ХХК-с 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр авч байсан. ...Үнэлгээгээр тогтоогдсон 19,645,000 төгрөгийг нэхэмжилж байна. Д гэж хүн барьж яваад осол гаргасан байсан...” гэх мэдүүлэг, /2-р ХХ-н 116 дугаар хуудас/

                  7. Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “...Би Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмчээр ажиллах байхад 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20:30 цагаас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд шөнийн 01 цаг 40 минутын орчим 88644004 дугаараас Говьсүмбэр аймгаас урагш засмал замаас шороон зам руу салдаг хэсэг дээр тээврийн хэрэгслийн осол гарсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу жолооч О.О-йн хамт 00-42 ГСА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр уг дуудлага дээр очсон. Биднийг очиход засмал замаас зүүн тийш салдаг шороон замын ертөнцийн зүгээр баруун талд улаан хүрэн өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл осолд орсон байдалтай, бүх шил, толь нь хагарсан байдалтай байсан бөгөөд машины ертөнцийн зүгээр зүүн урд болон хойд талд 2 эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн хүмүүсийн биед үзлэг хийхэд орчиндоо харьцаагүй, гүрээний артерийн лугшилт мэдрэгдэхгүй, арьс эрээнтэж хөхөлвий болсон, толгойноос маш  их  цус гарсан байдалтай, нас барсан байдалтай байсан. Харин тухайн Приүс-30 тээврийн хэрэгслийн баруун талын урд суудал дээр буюу жолооны хүрдний ард 35 орчим насны эрэгтэй хүн сууж байсан. Тухайн хүний биед үзлэг хийхэд ухаан санаа бүдгэрсэн, үг яриа ойлгомжгүй, зүрхний лугшилт сул мэдрэгдсэн, толгойноос их хэмжээний цус гарсан байдалтай сууж байсан... тухайн хүн эхний үед өөрийнхөө нэрийг хэлж чадахгүй байсан. Эмнэлэгт ирээд эмчилгээ хийсний дараа өөрийнхөө нэрийг Д гэж хэлсэн ...Тухайн хүний амнаас архины эхүүн үнэр үнэртэж байсан....” гэх мэдүүлэг, /1-р ХХ-н 37-38 дугаар хуудас/

               8.Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Ц бид хоёр машин худалдаж авахаар ярилцаад өөрийнхөө хэрэглэж байсан Приус 41 маркийн машинаа зараад дахин орж ирсэн шинэ машин авах гэтэл манай нөхөр болон миний нэр дээр зээл гарахгүй байсан юм. Тэгээд миний хамгийн том охин Н нэр дээр машин авахаар болсон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр Ц миний охин Н нар гадуур явж байгаад улаан хүрэн өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан юм. Гэхдээ урьдчилгаа 10,000,000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл 20,500,000 төгрөгийг Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан юм. Гэхдээ урьдчилгаа 10,000,000 төгрөгийг нь өгөөд үлдэгдэл 20,500,000 төгрөгийг Нэт капитал финанс корпораци  ХХК-ны банк бус санхүүгийн байгууллагаас лизингээр худалдаж авсан байсан юм...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ц намайг ажил дээр буулгасан ба буулгахаас өмнө найз Б-тай утсаар ярьж байсан. Тухайн найз нь манай нөхрийг машинтайгаа хамт яваад машин авалцаад өгөөч гэсэн ба манай нөхөр зөвшөөрөөд найзтайгаа уулзахаар явсан...Би 22 цаг өнгөрч байхад ажлаа тарчихаад гэртээ хариад байж байгаад 23 цагийн орчим түүний фейсбүүк чатанд “Чи ирэх болж байна уу? гэсэн зурвас бичихэд манай нөхөр ямар нэгэн хариу бичихгүй болохоор нь унтчихсан. Тэгээд унтаж байхад шөнө 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн цагдаагаас залгасан байхаар нь эргээд залгахад манай нөхөр Ц нас барсан талаар хэлсэн... тухайн 98-97 УЕТ дугаартай тээврийн хэрэгсэл Монгол Улсад явж байгаагүй, орж ирсэн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд ямар нэгэн эвдрэл, гэмтэл байгаагүй, бид тухайн тээврийн хэрэгслийг худалдаж аваад 1 хонож байгаа юм” гэх мэдүүлэг, /1-р ХХ-н 40-41 дүгээр хуудас/

               9.Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн босоо тэнхлэгийн А0102 дугаартай авто замыг 1 километр орчим хааж, тухайн замын зүүн талд 2 урсгалтай түр зам байгуулсан бөгөөд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын Цагдаагийн тасгаас тавьсан зохих шаардлагын дагуу тэмдэг тэмдэглэгээнүүдийг хаасан  хэсгийн 2 талд байрлуулсан. Тус тэмдэг нь түр замаас 550 м зайтай анхааруулах, авто замын ажил хийгдэж байна. түр замаас 450м зайтай гүйцэт түрүүлэхийг хориглосон , түр замаас 200м зайтай авто замын ажил хийгдэж байна, түр замаас 100м зайтай  хурдны хязгаарын тэмдэг, түр зам руу чиглэл заасан тэмдэг, түр замын чулуу үсрэх аюулгүй, түр замын анхааруулга тэмдэг, түр зам, хурдны хязгаарын тэмдэг зэргийг байршуулсан. Мөн тухайн замын барилгын ажлын эхлэхдээ Говьсүмбэр аймгийн зарын группт “Замын барилгын ажил явагдаж зам хаасан” гэх  утгатай анхааруулга, сэрэмжлүүлэг оруулж байсан...” гэв /1-р хх 47 дугаар хуудас/

               10. Ч.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би ТИ ТИ СИ ЭНД ТИ ХХК-д жолоочоор ажилладаг бөгөөд тухайн байгууллага нь нүүр тээвэрлэх ажил явуулдаг юм. Тухайн байгууллага нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан Хад гэх газар үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгээд би ажлаа хийж байтал 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай хүргэн Н. гэдэг хүн утсаар залгаад Д осолд орсон. Бие нь муу байна. Та ирэх шаардлагатай гэж хэлэхээр нь би Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу ирсэн. Намайг Улаанбаатарт ирэхэд манай дүү Д гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд бие нь нэлээн тааруухаан байсан. Мөн Д тархиндаа гэмтэл авсан, хүзүү сээр орчим гэмтэлтэй байна гээд тухайн эмнэлэгт тархины хагалгаанд орсон. Одоогоор Дын бие нь тааруухан байгаа бөгөөд ярьж чадахгүй, өөрөө явж чадахгүй байгаа... Д нь 2007-2008 оны хооронд Увс аймагт цэргийн алба хаасан, түүнээс хойш хувиараа барилгын ажил хийгээд л яваад байгаа хүн байгаа юм. Ямар нэгэн байгууллагад харъяалагдаж ажиллаж байгаагүй байх гэж бодож байна...” гэв.

               11. Ч.Э. мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Манай дүү Ч.Д нь Увс аймагт амьдардаг юм. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай ээжийг эмнэлэгт үзүүлэхээр Улаанбаатар хотод ирээд, манай ээжийг энд нь үлдээчихээд буцаж явах байсан юм. Тэгээд Улаанбаатар хотод барилгын гадна фасат хийх ажил авсан бөгөөд, тухайн ажлаа хийх явцдаа манайхаар ирж, очин байсан бөгөөд заримдаа тухайн газраа байрладаг байсан. Тэгээд хамгийн сүүлд 2024.12.10-ны өдөр ирээд явсан. Тухайн үед машин эвдэрсэн гээд машины янзалж байгаад явсан. Тэгтэл 2024.12.13-ны өглөө манай дүү Дыг осолд орсны талаар мэдсэн. Тэгтэл ГССҮТ-д авчирсан байсан бөгөөд, толгойноос нь цус гарсан, оёдол тавиулсан, баруун гар нь нэлээд хавдсан байсан, тэгээд тухайн эмнэлэгтээ 2024.12.15-ны өдөр тархины хагалгаанд орсон. Түүнээс хойш тэндээ эмчлэгдэж байгаа. Одоогийн байдлаар Д баруун гар, баруун хөл мэдээ алдалттай, тархиндаа хагалгаа хийсэн. Оёдол хэсгийн арьс үхжилттэй, толгой маш их өвддөг, зовиуртай өөрөө босоод алхдаг ч гэсэн удаан явж чаддаггүй, юм ярихдаа гацаж, маш аяархан ярьдаг, удаан ярьж чадахгүй, байдалтай, манай гэрт асаргаанд байна.  Д өөрөө болсон хэргийн талаар ямар нэгэн зүйл яриагүй, тэр талаараа санахгүй байгаа юм шиг байсан...” гэв. /1-р хх-н 52-53 дугаар хуудас/

               12. Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай хүү Ц дөлгөөхөн зантай, хүний үгнээс гардаггүй, найз нөхдийн хүрээлэл     сайтай, гэнэн цайлган сэтгэлтэй, ямар ч хүнтэй ярьж хөөрөөд учраа олчихдог. Хүнд үгүй гэж хэлж сураагүй хүүхэд байгаа юм. Мөн манай хүү аав, ээждээ их хайртай, гэр орондоо ажилсаг, хичээнгүй, үр хүүхэд, эхнэртээ халамжтай, тамхи татдаг, харин согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг нь харж байгаагүй ч гэсэн хааяа архи уусан талаар нь сонсож байсан ч гэсэн ямар нэгэн ааш зан гаргасан талаар сонсож байгаагүй...” гэв. /1-р хх-н 55 дугаар хуудас/.

               13. М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би найз Ц хамт 22-н товчоо “1000 машины зах” гарч машин авахаар болсон юм... талийгаач Ц улаан өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Тухайн машиныг ББСБ-аас охин Н-ийхээ нэр дээр зээл гаргаад авсан. Тус машиныг 31,000,000 төгрөгөөр худалдаж аваад урьдчилгаа 10,000,000 төгрөгийг Ц өгсөн. тэгээд машиныхаа бичиг баримтыг хөөцөлдөж байгаад тухайн өдрийнхөө орой 20-21 цагийн орчим талийгаач намайг гэрт хүргэж өгчихөөд явсан. Тэгээд маргааш нь буюу 2024.12.12 өглөө Ц 10 цаг өнгөрч байхад өөрийнхөө худалдаж авсан улаан өнгийн приус машинтайгаа манай гэрт ирсэн бөгөөд “эхнэрээ ажил дээр нь хүргэж өгчихөөд ирлээ” гэж ярьж байсан... орой нь 20 цагийн орчим миний гар утас руу сүүлийн орон нь 1818-р төгссөн дугаар залгаад байхаар нь утсаа авахад талийгаач Ц байсан бөгөөд “Би Д, И нартай уулзаад ганц юм ууж байна, хоёулаа бараг нэг өдөр машин авсан юм чинь машинаа угаая, хүрээд ир” гэхээр нь би “Дараа болъё, эхнэр хүүхэдтэйгээ явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1-р ХХ-н 57 дугаар хуудас/

               14. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би гадуур ажилтай явж байтал өдрийн 15 цагийн орчим манай хадам ах И миний гар утас руу залгаад, чи эрт харихаар байвал хоол хийгээд өгчих би хоёр найзтайгаа уулзаад уучихлаа, оройтох юм шиг байна гэж ярьсан. Тухайн үед түүний эхнэр Б нь амаржаад 20 орчим хоног болж байсан. Тэгэхээр нь Иын түрээсээр амьдарч байсан Нийслэлийн БГД-ын Дөлгөөн нуур гэх газар байрлах нев рестэнт хотхоны 724 дүгээр байрны 1 орцны 59 тоотод орой 18 цагын орчим очсон юм. Тухайн үед Иын эхнэр Бурмаа нь гэртээ хүүхэдтэйгээ 2-уулахнаа байж байхаар нь хоол хийгээд байж байхаар нь 18 цаг өнгөрч байхад гаднаас И нь Ц, Д нарын хамт орж ирсэн ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Тэгээд би гарч яваад 00 цаг өнгөрч байхад Иын гэрт ирэхэд түүний эхнэр Бурмаа хүүхэдтэйгээ байсан. ...Бурмаагаас тухайн хүмүүсийг хаачсан талаар асуухад “Итай хамт явж байсан хоёр найз нь архи ууж байгаад хоорондоо муудалцаад байсан чинь И тэднийг гаргаж өгчихөөд ирье” гээд гарсан. 23 цаг 30 минутын үед И нэг найзынхаа утаснаас залгаад орцны гадаа сууж байна, удахгүй орлоо гээд түүнээс хойш тэр утас нь холбогдохгүй гэж ярьсан...” гэх мэдүүлэг, /1-р ХХ-н 59-60 дугаар хуудас/

                  15. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “...Би 2022 онд Усв аймагт Д.И гэх залуутай танилцаж, үерхэж байгаад 2023.09 сараас хойш Улаанбаатар хотод хамт амьдарч, хичээл сургуульдаа явдаг байсан. Би Ө.Ц гэх миний найз залуугийн найз залууг танихгүй. 2024.12.12-д манай гэрт хамт ирэх үед харсан. Ч.Д 2024.12.12 манай манай гэрт ирэх үед харсан... орой 18 цагийн үед найз залуу И найз Д, Ц бага зэрэг архи уусан байдалтай манайд ирээд нэг шил архи, 2,5 литрийн 2 сав пиво хувааж уугаад 20 цаг өнгөрч байхад 2 найз нь явахаар болж И гаргаж өгөх гээд хамт гэрээс гарсан. 22 цагийн үед хаана байгааг нь асуухад гадаа машин дотор сууж байна удахгүй орлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1-р ХХ-н 65-68 дугаар хуудас/

                  16. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  2024 оны 12 дугаар сарын 12-13-д шилжих шөнө 03 цагийн орчимд манай хүү Гэрэлбат руу Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэсгээс холбогдож байна. танай хүү И осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд манай хүү И талийгаач болсон гэж хэлсэн. Мөн Ц гэх хүн нас барсан. Д нь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна гэж хэлсэн. Миний хүү талийгаач Д.И 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр надтай 06 цагийн орчим надтай утсаар холбогдоод ажлаасаа гэр лүүгээ харьж явна гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Би талийгаач Д.Итай хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 цагийн орчим утаас ярьсан. Манай хүү өөрөө над руу утсаар ярьсан. Би Увс аймгийн Завхан суманд байсан. Харин талийгаач хүү маань Улаанбаатар хотод байсан. Хэрэгт талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Бын оролцуулна... Миний хүү талийгаач Д.И нь ямар нэгэн архаг хууч өвчинтэй байгаагүй. Бие эрүүл мэндийн хувьд эрүүл байсан юм... Миний хүү Д.И нь даруу төлөв зантай, бусдад тусархуу эелдэг зөөлөн харилцаатай хүн байсан бөгөөд нягтлан бодогч мэргэжилтэй, удирдлагын акдеми төгссөн бөгөөд 2016-2020 онд Увс аймгийн Завхан сумын Засаг даргын орлогчийн ажлыг хийж байсан мөн төрийн банкинд теллер хийж байсан юм... Би тухайн осол орсон тээврийн жолоодож явсан жолоочоос хүүгийнхээ буяны ажилд зарцуулсан 15,000,000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэв. /2-р хх-н 48 дугаар хуудас/

                  17. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “...Би тухайн үед яг юу болсон талаар мэдэхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 12-13 шилжих шөнө 03 цагийн орчим манай хүү Г руу Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэсгээс холбогдож байна. танай хүү И осол орсон байна гэж миний хүү Г манай гэрт орж ирж надад хэлсэн юм... Би талийгаач Д.Итай хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай хүү өөрөө над руу утсаар ярьсан би Увс аймгийн Завхан суманд хөдөө явж байсан, харин талийгаач хүү маань Улаанбаатар хотод байсан юм... миний хүү талийгаач Д.И нь ямар нэг архаг хууч өвчинтэй байгаагүй, эрүүл мэндийн хувьд эрүүл байсан юм... Миний хүү Д.И нь даруу төлөв зантай, бусдад тусархуу эелдэг зөөлөн харилцаатай хүн байсан бөгөөд нягтлан бодогч мэргэжилтэй, удирдлагын акдеми төгссөн бөгөөд 2016-2020 онд Увс аймгийн Завхан сумын Засаг даргын орлогчийн ажлыг хийж байсан мөн төрийн банкинд теллер хийж байсан юм. Мөн хувиараа бизнес эрхэлж байсан юм... Би тухайн осол орсон тээврийн жолоодож явсан жолоочоос хүүгийнхээ буяны ажилд зарцуулсан 15,000,000 төгрөгийг гаргуулж авмаар байна...” гэв. /2-р хх-н 50 дугаар хуудас/

                  18. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р ХХ-н 78-89, 100-112 дугаар хуудас/

                 19. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Жаргалтогтохын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд:

                    1.Ө.Ц цогцост хийсэн задлан шинжилгээгээр толгой, цээжний хавсарсан гэмтэл, гавлын суурь ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, тархины баруун дух, зүүн дух таслал, баруун чамархай, зүүн чамархай, бага тархины баруун дэлбэнгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагзны баруун тал, оройн хэсгийн гавлын ёсны хальсны цус хугаралт, хуйхны цус хуралт, өвчүү ясны хугарал, цус хуралт, зүүн талын 1 дүгээр хавирга, баруун талын 1,2,3 дугаар хавирганы хугарал, дотор эрхтэний доргилт: гол судас дагасан цус хуралт, нойр булчирхайн толгойн орчмын цус хуралт, чацархайн цус хуралт, духанд зүүн талдаа, зүүн хөмсөгний дээд хэсгээр, зүүн хацарт, баруун хацарт, нурууны дээд хэсгээс доод хэсгийг хүртэл тархамал, цээжний дунду хэсгээс хэвлийн доод хэсэг хүртэл, зүүн бугалганы дунд хэсгээс тохой хүртэл, зүүн өвдөгт, баруун мөрөнд, баруун бугалганы дээд хэсгээс баруун тохой, шууны ар талаар зулгаралт, баруун сарвууны ард урагдсан шарх, баруун гарын эрхийн хуруунд урагдсан шарх, зүүн гарын 2 дугаар хуруу 2 дугаар үений доод хэсгээрх бороолоогүй хуучин хугарал, хурууны эргэн тойронд хуучин шарх гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Толгой, цээжний хавсарсан гэмтэл нь учрах үедээ амь насанд шууд аюул учруулна.

          4.Зүүн гарын 2 дугаар хуруу, 2 дугаар үений доод хэсгээр бороолоогүй хуучин хугарал, хурууны эргэн тойронд хуучин шарх, гэмтэл нь 3-5 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, зүүн гарын 2 дугаар хуруу 2 дугаар үений доод хэсгээрх бороолоогүй, хуучин хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, хурууны эргэн тойронд хуучин шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

            5.Ө.Цд шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

             6.Ө.Ц нь B /III/ бүлгийн харъяалалтай цустай байна..

            7.талийгаачийн цусанд 2.1 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

             8.Ө.Ц нь толгой, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ /1-р ХХ-н 93-96,

           20. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Жаргалтогтохын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд:

           1.Д.Иын цогцост хийсэн задлан шинжилгээгээр толгой, цээж, багана нурууны хавсарсан гэмтэл: гавлын орой болон суурь ясны цөмөрч бутарсан ил хугарал, гавлын хэсгийн хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины зүүн тал, бөмбөлөгийн дагз, чамархай, зулай, дух, баруун талд бөмбөлөгийн суурь хэсгээрх тархины эдийн няцрал, бага тархины эдийн няцрал, зүүн чамархайн орой, баруун чамархай хэсгийг хамарсан гавлын ясны хальсны цус хуралт, баруун чамархай болон толгой орой хэсгийг хуйхны цус хуралт, духны зүүн тал, толгойн оройд ил шарх, зүрхний баруун тосгуурын үзүүр хэсгийн хагарал, үхэлцэгийн хөндий дэх цус хуралдалд, цээжинд зүүн талын 2,3 дугаар хавирга эгмийн дунд шугамаарх, 4,5 дугаар хавирга өвчүүний хажуугийн шугамаарах хугарал, цээжний зүүн хөндий дэх 540 мл цус хуралдалт, цээжний 3-р нугаламын их биеийн зөрүүтэй хугарал, дотор эрхтэний доргилт: элгэний баруун дэлбэнд язрал, багана нуруу дагасан цус хуралт, гол судас дагасан цус хуралт, зүүн уушгины уг орчмын цус хуралт, уушигны эдийн няцрал, дух яс, хоёр талын хацар, дээд, доод эрүү дунд хэсгээр зөрөөтэй, хамрын ясны цөмөрсөн хугарал, баруун дээд 1,2,3 зүүн дээд 1,2 доод үүдэн шүдний уналт, зүүн гарын 2-р хурууны 1 дүгээр үений хугарал, зүүн гарын 1-р хуруунд, 2-р хуруунд, 3-р хуруунд, 4-р хуруунд, 5-р хуруунд, зүүн гарын алганд, зүүн хөлийн тавхайд урагдсан шарх, баруун эгэмний орчимд цус хуралт, духанд, дагсанд, зүүн хацарт, доод эрүүнд, оочинд, дээд уруулд, баруун далны дээд хэсгээр, цээжний доод хэсэг, хэвлийгээр нилэнхүйдээ баруун бөөрний байрлалд, зүүн өгзөгний дээд хэсгээр, хэвлийн зүүн хажуу талаар, баруун гарын 3-р хурууны угт, баруун өвдөгний дотор хэсгээр, зүүн өвдөгөнд, баруун гуяанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3.Толгой, цээж, багана нурууны хавсарсан гэмтэл нь учрах үедээ амь насанд шууд аюул учруулна.

          4.Д.Ит шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

          5.Д.И нь О /I/ бүлгийн харъяалалтай цустай байна.

          6.Талийгаачийн цусанд 1.5 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

           7.Д.И нь толгой, цээж, багана нурууны хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ /1-р хх-н 116-119 дүгээр хуудас/

           21. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ч.Д 35 н/эр гэж хаяглан ирүүлсэн “А64471543” хуруу шилний дагууртай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 1,9 промилли спиртийн агууламж илэрсэн. ...согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэв.  Дүгнэлт гаргасан: химийн шинжээч Ж.Доржбат гэжээ /1-р ХХ-н 134-135 дугаар хуудас/

            22. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Шинэжилгээнд ирүүлсэн хар өнгийн судалтай цагаан өнгийн цамцанд үүссэн 330 мм хэмжээтэй гэмтэл нь татаж, чангаах  хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт. Цагаан өнгийн футболканд үүссэн 690 мм хэмжээтэй гэмтэл, бор өнгийн тэлээнд үүссэн 35 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Уг зүсэлт нь хайчаар үүсгэгдсэн байх боломжтой. Хар өнгийн өмдөнд үүссэн 10 мм хэмжээтэй гэмтэл нь хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр үүссэн хуучин сэмрэлт байна. материалын нимгэн зузаан, эдэлгээ үйлчилсэн хүчний хэмжээ зэргээс хамаарч ханзралт, зүсэгдэлт, сэмрэлт нь хэдэн  удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна...” гэв. Дүгнэлт гаргасан: криминалистикийн шинжээч Э.Мягмарнаран гэжээ /1-р ХХ-н 145-152 дугаар хуудас/

            23. Хөрөнгийн үнэлгээний “Онцгой Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №241226001 дугаартай “....автомашин төхникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь нийт 19,645,000 төгрөг...” гэх тайлан, /1-р ХХ-н 169-172 дугаар хуудас/

             24. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй байх тул гарын хээний нэгдсэн санд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр MN003110011093 дугаараар бүртгэгдсэн Ч.Д, амь хохирогч Ө.Ц, Д.И нарын цогцосны гарын хээний дардаснуудтай хооронд нь харьцуулах боломжгүй байна... гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн гарын мөр, дардаснуудтай харьцуулах боломжгүй байна. шинжилгээний явцад шинээр ямар нэгэн нөхцөл байдал илрээгүй... гэв. Дүгнэлт гаргасан: Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Одбаяр гэжээ /1-р хх-н 175-177 хуудас/.

25. Иргэн      Ч.Дд хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягт, шинжилгээний хариу, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн “эмчийн үзлэгийн хуудас”, Ч.Дын өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, гэмтлийн эмчийн үзлэг  /1-р ХХ-н 190-200 дугаар хуудас, 2-р хх-н 4, 5, 8-11, 12-42 дүгээр хуудас/

            26.  Ч.Дын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5688 дугаартай шийтгэвэр /1-р ХХ-н 201, 203, 204, 205, 206, 207, 210-211 дүгээр хуудас/

             27.  Авто тээврийн үндэсний төвийн “тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/ /1-р хх-н 213 хуудас/

             28. Ө.Ц иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 216-218 дугаар хуудас/

             29. Д.Иын иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 219-221 дүгээр хуудас/

             30.  Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК болон Б.Н нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10143755177 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12592 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шижлүүлэх фидуцийн гэрээ /автотээврийн хэрэгсэл/, Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК болон Б.Н нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10143755177 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хуулбар, /1-р хх-н 224-231, 2-р хх-н 83-103 дугаар хуудас/

              31. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р ХХ-н 7-17 дугаар хуудас/

              32. Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р ХХ-н 232-235 дугаар хуудас/

               33. Шүүхийн        шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1186 дугаартай “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Өийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. ...Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэх сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт.

               Дүгнэлт гаргасан шинжээч, сэтгэцийн эмч Х.Хулан, шинээч, сэтгэл зүйч Х.Балжинням /2-р ХХ-н 56-58 дугаар хуудас/

                  34. Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 012/2025 дугаартай “...Ч.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгожявна, 3.7.а.тухайн тээврийн хэрэгслийгжолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх магадлагаа /2-р ХХ-н 61-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.          

            35. Хууль ёсны төлөөлөгч Б.Баас талийгаач Д.Иын хохиролтой холбоотой баримтууд гэх санхүүгийн баримтууд /2-р хх-н 43-46 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ч.Д нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын  230433 дугаартай тэмдэгтийн орчим 98-97 УЕТ улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалт мөн дүрмийн 3.7.а.тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан зорчигч Ө.Ц, Д.И нарын буюу 2 хүний амь нас хохирсон. Мөн Ч.Д нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 230433 дугаартай тэмдэгтийн орчим 98-97 УЕТ улсын дугаартай Тоёота Приүс-30 загварын тээврийн хэрэгслийг 1.9 парамиль согтолттой жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь заалт мөн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч мэдүүлж байгаа. Шүүгдэгч Ч.Дын үйлдсэн гэмт хэргийн улмаас Ц, И нарын амь нас хохирсон. Иргэний нэхэмжлэгч Н өмчлөх эрхэд 19 645 000 төгрөгийн хохирол үнэлгээгээр тогтоогдсон боловч шүүгдэгч болон иргэний нэхэмжлэгч нар шүүхийн шатанд эвлэрч 25 000 000 төгрөгөөр эвлэрлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг өнөөдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлж, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт  шүүгдэгч нь тус бүрт нь 6, 6 сая төгрөг нөхөн төлсөн. Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө-ийн сэтгэцэд шинжээчийн дүгнэлтээр 3 дугаар зэрэглэлийн сэтгэцийн хор уршиг тогтоогдсон. Үүнийг нэхэмжлэхгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн боловч иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргаж байна. Хэрэгт иргэний нэхэмжлэл болох Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан 4 604 575 төгрөгийг шүүгдэгч нь шүүхийн шатанд төлсөн тул иргэний нэхэмжлэлийн бусдад төлөх төлбөргүй байна гэсэн саналыг,

өмгөөлөгч Б.Мягмарсүрэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Юун түрүүнд Д энэ хэрэгт холбогдсон үеэс эхлэн өөрийгөө маш их буруутгаж ирсэн. Түрүүн танилцуулсан сэтгэцийн дүгнэлттэй холбоотойгоор мөн өөрийгөө илэрхийлэх чадвар, биеийн байдалтай холбоотойгоор энэ нөхцөл байдлаа илэрхийлж ар гэрээс нь уучлалт гуйх, уулзах ажиллагааг хийгээгүй ч өөртөө бол маш их гэмшиж харамсаж байгаа. Хэрэгт холбогдсон цагаасаа эхэлж би бол яах вэ хариуцлагаа хүлээнэ. Миний эрүүл мэнд, миний 2 бага насны хүүхэдтэй байх бол энд хамаагүй. Миний 2 найзын адилхан бага насны хүүхдүүд үлдэж байгаа учраас энд гоншигномооргүй байна гээд бичиг баримтаа гаргаж өгдөггүй. Дээр нь чи нуруу нугасны хагалгаанд орох юм байна энэ талаараа хөөцөлдөөч гээд удаа дараалан өмгөөлөгчийн зүгээс хэлэхэд би зүгээр, энэ зэргийн хариуцлагыг хүлээх ёстой хүн гэдгээрээ хандсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр Дын энэ нөхцөл байдлыг Н өөр хүн суугаагүй ч гэсэн бусад хүмүүс шүүхийн шийдвэрийг гардаж авах байх тэгэхээр энэ нөхцөл байдлыг хэлж ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйж, харамсаж байгааг нь бас илэрхийлж юун түрүүнд хэлмээр байна. Д арван жилийн хар багийн найзуудын амь насыг хохироосон үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан өөрийнх нь яллагдагчаар өгсөн мэдүүлэг, өнөөдрийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг дээр харагдаж байгаа гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Д нь согтуурсан үедээ, 2024 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 230/433 дугаартай тэмдэгтийн орчим 98-97 УЕТ улсын дугаартай Тоёота Приүс-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.1. Жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, 3.7.а.тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч Ө.Ц, Д.И нарын буюу 2 хүний амь нас хохирсон,

Мөн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах авто замын 230/433 дугаартай тэмдэгтийн орчим 98-97 УЕТ улсын дугаартай Тоёота Приүс-30 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Ч.Дын гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон”,  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсонгэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүхээс гэм буруутай гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Д нь дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, иргэний нэхэмжлэгч Б.Н, иргэний нэхэмжлэгч Г.Ц, гэрч Ч.Э, гэрч Ц.О, гэрч Э.М, гэрч Ч.Д, гэрч Ч.Ээ, гэрч Б.А, гэрч М.Б, гэрч Б.М, гэрч С.Б, гэрч Д.Д, Д.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Жаргалтогтохын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Жаргалтогтохын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1-р ХХ-н 134-135 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1-р ХХ-н 145-152 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “Онцгой Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №241226001 дугаартай “....автомашин төхникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нь нийт 19,645,000 төгрөг...” гэх тайлан, /1-р ХХ-н 169-172 дугаар хуудас/, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /1-р хх-н 175-177 хуудас/, Иргэн       Ч.Дд хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, Дүрс оношилгооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягт, шинжилгээний хариу, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн “эмчийн үзлэгийн хуудас”, Ч.Дын өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, гэмтлийн эмчийн үзлэг  /1-р ХХ-н 190-200 дугаар хуудас, 2-р хх-н 4, 5, 8-11, 12-42 дүгээр хуудас/, Ч.Дын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, авто тээврийн хэрэгсэл, эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5688 дугаартай шийтгэвэр /1-р ХХ-н 201, 203, 204, 205, 206, 207, 210-211 дүгээр хуудас/, Авто тээврийн үндэсний төвийн “тээврийн хэрэгслийн лавлагаа /машинаар/ /1-р хх-н 213 хуудас/, Ө.Ц иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 216-218 дугаар хуудас/, Д.Иын иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 219-221 дүгээр хуудас/, Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК болон Б.Н нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10143755177 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12592 дугаартай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шижлүүлэх фидуцийн гэрээ /автотээврийн хэрэгсэл/, Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК болон Б.Н нарын хооронд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10143755177 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хуулбар, /1-р хх-н 224-231, 2-р хх-н 83-103 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р ХХ-н 7-17 дугаар хуудас/, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р ХХ-н 232-235 дугаар хуудас/, Шүүхийн      шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1186 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шинжээчийн дүгнэлт /2-р ХХ-н 56-58 дугаар хуудас/, Мөрдөгчийн          2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 012/2025 дугаартай магадлагаа /2-р ХХ-н 61-62 дугаар хуудас/, Хууль ёсны төлөөлөгч Б.Баас талийгаач Д.Иын хохиролтой холбоотой баримтууд гэх санхүүгийн баримтууд /2-р хх-н 43-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ч.Д нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд улсын яллагчтай санал нэг болохоо илэрхийлсэн болон гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Ч.Д нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлээс үүдэлтэй байна.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ч.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй. Шүүгдэгч Ч.Дын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, гэмт хэргийг хор уршиг зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жил 5 сарын хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу нийт эдлэх ялыг нэмт нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Ч.Дд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Дээрх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Шүүгдэгч энэ хэрэгт холбогдуулан баривчлах болон цагдан хоригдсон арга хэмжээ авагдаагүй. Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна гэсэн саналыг,

өмгөөлөгч Б.Мягмарсүрэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал дээр Дын зүгээс багасгаад өгөөч, бууруулаад өгөөч гэдэг саналыг тавихгүй байгаа. Би гэхдээ өмгөөлөгчийн хувьд ямар саналыг тавих гэж байна вэ гэхээр хэргийн зүйлчлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, журамтай холбоотой ямар нэгэн эсэргүүцсэн санал байхгүй учраас зөвхөн хариуцлагатай холбоотойгоор шүүгдэгчийн хувийн байдлыг ярья гэж бодож байна. Тэгэхээр 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал Дын хувьд байна. Ял шалгах хуудсаар өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй гэдэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа энэ нөхцөл байдлыг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Дээр нь шүүгдэгчийн хувийн байдал гэдэг зүйл нь эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдал болдог. Дын хувьд 2 бага насны хүүхэдтэй, өөрөө группт орсон. Сэтгэц мэдрэлийн хам шинж гэсэн оношоор 70 хувийн группт орсон. Энэ 70 хувийн группт орсныг нь авч үзэхэд хорих ял биечлэн эдлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Шүүгдэгчээр мэдүүлэг өгсөн цагаас эхлээд өөрийнхөө ярьж хэлж байгааг заримдаа ах, эгч нарынхаа хүүхдийн нэрийг ч санахгүй болчихдог. Гал дээр хоол хийж байгаад мартдаг. Өөртөө аюул учруулахаар эрсдэлтэй нөхцөл байдлуудыг үүсгээд байдаг. Эмнэлэгт үзүүлэх гээд ганцаараа явахаар төөрчихдөг. Цаашлаад гэмтлийн улмаас учирсан хохирол нь насан туршдаа тэргэнцэр дээр суух уу үгүй гэдэг асуудал дээр байгаа. Нурууны хагалгаанд орох мэс заслынх нь тов зарлагдсан байгаа. Эдгээр нөхцөл байдалтай байгаа хэдий шүүгдэгчээс хагалгаанд орсны дараа шүүх хуралдаанд орох уу, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт тавих уу гэхэд үгүй би хариуцлагаа хүлээнэ гэдэг байдлаар хандаж байгаа учраас хорих байгууллагад очсоны дараа хагалгааны хуваарь хэрхэн яаж тавигдах, хагалгаанд орох боломжоо алдах эсэх нь дараагийн асуудал болж байгаа. Одоогийн байдлаар 10 дугаар сарын 14-ний өдөр Нэгдүгээр эмнэлэгт хэвтээд 10 дугаар сарын 15-ны өдөр хагалгаанд орох хуваарьтай байгаа. Энэ бол төлөвлөгдсөн хагалгааны хамгийн боломжит ойрын хугацааны хагалгаа байгаа. Хэрвээ 9 сард өөр хэн нэгэн хагалгаанд орохгүй гэвэл чамайг дуудаж яаралтай хагалгаанд оруулна гэдэг заалттай байгаа. Хэрвээ хагалгаанд орохгүй бол насан туршдаа тэргэнцэр дээр сууж магадгүй гэсэн эмчийн зөвлөгөөтэй шүүх хуралдаанд оролцож байгаа. Тэргэнцэр дээр суугаад хааяа босоод байгаа шалтгаан нь 3, 4 хоногийн өмнө өөрөө босоод явж байсан боловч явж байгаад нь гэнэт сөхрөөд уначихдаг. Явж байгаад гэнэт хөл нь мэдээгүй болчихдог. Одоогоор шагайнаас доош мэдээгүй байгаа. Хөлийн эрхийн хуруунаасаа эхлээд дээшээ мэдээгээ хурдацтай алдаж байгаа гэсэн оноштойгоор мэдээ алдалт явагдаж байгаа. Тэгэхээр тэргэнцэр дээр сууна гэдэг нь хөдөлгөөнийг нь хорьсон эмчийн заалт байгаа. Хоёрдугаарт босоод явахаар мэдээ алдах энэ байдал нь хурдацтай нөлөөлж байгаа учраас тэргэнцэр дээр сууж байгаа нөхцөд байдал байгаа. Мөн эхнэр нь 1 нас 6 сартай, 5 настай хоёр бага насны хүүхдээ хараад ажилгүй байгаа. Гэр бүлээрээ айлд байдаг. Салж сарниад явсан ч гэсэн эргэж нийлээд буцаад хамтдаа амьдарч байгаа. Хамтдаа байж байгаа боловч өөрийн гэсэн гэр оронгүй айлд амьдарч байгаа нөхцөл байдлууд байна. Тэгэхээр шүүх энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзаад мөн эрүүл мэндэд учирсан бодит нөхцөл байдлыг нь харгалзаад 2-8 жилийн хорих ялыг 1-4 жилийн хорих ял  хүртэл хугацаагаар бууруулах боломжтой нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөөч. Хорих байгууллагад хүний асрамж тусламжгүйгээр байх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа. Дээр нь түрүүн эмнэлгийн 2 картыг шинжлэн судлуулахад нэгэн дээр нь дүүргээс асрамж тогтоолгох хурал нь 2 дахь өдөр болох талаар дурдсан. Дүүргийн эмнэлгийн хурлаар орж Дд асрамж тогтоолгох шаардлага үүссэн. Тэгэхээр өвчний улмаас ялаас чөлөөлөх жагсаалтад мэдрэлийн гаралтай мэдээгүйжүүлэлтийн байдал нь ороод байгаа юм. Тэгэхээр хорих байгууллагад очоод хэн нэгний тусламж дэмжлэггүйгээр хорих ял эдлэх боломж, нөхцөлгүй байгаа учраас хорих ялын хэмжээг аль болох боломжит хугацаагаар багаар тогтоож өгнө үү гэж хүсэж байгаа юм. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хариуцлагад сонгон хэрэглэх хэд хэдэн санкц байгаа. Тэгэхээр 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэхгүйгээр тусад нь торгох ялаар шийтгэж өгнө үү. Дын хувьд хэдийгээр эдийн засгийн хувьд гэр бүл нь боломжгүй нөхцөл байдалд байгаа боловч Дын зүгээс хохирогчид хохирол төлбөр төлөхөө илэрхийлэхдээ хэлсэн зүйл нь болохоор хэдэн тооны мал бөөгнүүлсэн байгаа. Идэшний цагаар зохицуулаад хохирол төлбөрөө төлнө гэдэг зүйлийг хэлж байсан. Тэгэхээр Дд торгох ял оногдуулахад төлөх боломж байгаа учраас энэ нөхцөл байдлыг нь харгалзаад бага ч гэсэн хугацаагаар хоригдохгүй байх боломжийг олгож шийдвэрлэж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс шүүхээс хүсэж байна. Хохирол төлбөрийн тухайд бусдад төлөх төлбөрийг төлсөн, төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг мөн харгалзан үзнэ үү. Сэтгэл санаанд учирсан хохирлыг хууль ёсны төлөөлөгч Өлзийдэлгэр нэхэмжилсэн боловч цаашид нэхэмжлэл, хохирол, гомдолгүй гэсэн учраас үүнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Яагаад гэхээр магадгүй Ц эхнэр, хүүхдэд энэ эрх, боломж олгогдохыг үгүйсгэхгүй учраас энэ нөхцлийг харгалзан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Ч.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагч, өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 08 жил 05 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, Эрүүгийн уулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 01 жил 05 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 08 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 09 жил 10 сарын хугацаагаар хасаж шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Ч.Дд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жил 08 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 09 жил 10 сарын хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

                 ГУРАВ. Хохирол төлбөрийн талаар:

            Энэхүү гэмт хэргийн улмаас Ө.Ц, Д.И нарын амь нас хохирсон, иргэний нэхэмжлэгч Б.Н эзэмшлийн Нэт капитал финанс ХХК-ийн нэр байгаа 98-97 УЕТ улсын дугаартай Т.Приус-30 маркийн автомашинд учирсан эвдрэл гэмтэл 19.645.000 төгрөгний хохирол учирсан болох нь Онцгой үнэлгээ ХХК-ний үнэлгээ, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Даас хохирол төлбөрийг барагдуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Шүүгдэгч нь Ч.Д нь иргэний шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгчид учирсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд 19.645.000 төгрөгийг 25.000.000 төгрөг болгоно нэмэгдүүлж, 10.000.000 төгрөгийг шүүх хуралдааны завсарлагын үед шилжүүлж өгсөн ба үлдэгдэл 15.000.000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 4.604.575 /дөрвөн сая зургаан зуун дөрвөн мянга таван зуун далан тав/ төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө, Б.Б нь шүүгдэгчид холбогдуулж гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдлаа.

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                            

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овогт Чын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-д “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсонгэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 08 /найм/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хасаж, 02  /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар,

 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар хасаж, 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т зааснаар оногдуулсан 08 /найм/ жил 05 /тав/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж 02 /хоёр/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 05 /тав/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 09 /ес/ жил 10 /арав/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд оногдуулсан 02 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 09 /ес/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Даас 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж  Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо ............. тоотод оршин суух Б овогт Б--ийн Н /РД:............/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө, Б.Б нар нь сэтгэцэд учирсан гэм хорын хохиролоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

            8. Шүүгдэгч Ч.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ө, Б.Б нарт тус бүр 6,000,000 /зургаан сая/ төгрөг, иргэний нэхэмжэлэгч Б.Нд 10 000 000 арван сая/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 4 604 575 /дөрвөн сая зургаан зуун дөрвөн мянга таван зуун далан тав/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хуувь ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ