Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 104/ШШ2023/00050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******, ******* ******* байрны ******* байрлах, ******* /РД:*******/-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хариуцагч: ******* дүүрэг, *******, тоотод оршин суух, овогтой /РД:/-т холбогдох

Орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөр 828,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2018 оны 8 дугаар сараас эхлэн *******-ийн захирлаар томилогдон ажиллаж байна. Захирлаар томилогдсоноосоо хойш орцны гадна талын хаалгыг шинээр сольж, цэцэг, мод тарих, гадна тохижилтын ажил, вакум цонх шинээр суулгах, хайс хашлагыг буулгах гэх зэрэг СӨХ-ны хийх ёстой ажил үүргийг тухай бүр шаардлагатай зүйлийг хийж гүйцэтгэсэн. Хариуцагчийн амьдардаг орцны хаалгыг сольсон. Харин вакум цонхыг нь солих гэсэн боловч, тухайн орцны иргэд СӨХ-ны төлбөрөө төлөөгүй учир тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэж чадалгүй, түр зогсоосон байгаа. Бусад айл өрх СӨХ-ны төлбөр хураамжаа төлөөгүйн улмаас СӨХ-ны хийж зүгээс хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Энэ айл нь намайг нярав, нягтлангийн ажлыг хийж гүйцэтгэдэг байхад ч тэр СӨХ-н төлбөрөө төлдөггүй байсан. Намайг ажил хүлээж авахад СӨХ-нд өртэй айл өрх нэлээдгүй байсан бөгөөд цаашдын үйл ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлэхийн тулд төлбөр мөнгөө авах шаардлага гарч шүүхэд хандсан. Ковид-19 буюу хөл хорио тогтоосон халдвар хамгааллын дэглэм сахих шаардлагатай үед СӨХ-ны тайланг цахим хэлбэрээр айл өрх бүрд тарааж, ээлжит хурлыг зохион байгуулсан. Хариуцагчийг үүргээ биелүүлж байж эрхээ эдлэх ёстой гэж үзэж байна. СӨХ-ний зүгээс энэ зун гэхэд хайс засварлах, гадна тохижилт, орцны цэвэрлэгээ, дээврийг засварлах, агааржуулалтын хоолой гэх зэрэг шаардлагатай ажил үүргийг хийж хэрэгжүүлсэн. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 24,000,000 төгрөгийн дээврийн засвар хийгдсэн. Шинээр кодтой шинэ хаалга хийж өгсөн. 2021 онд соронзон код нь эвдрээд засварласан, камер шинээр тавьсан. Эдний орцонд засвар хийе гэж ярьсан боловч, төлбөр мөнгөө өгөхгүй байх тул бусад засварыг хийж чадаагүй. Хариуцагчаас 828,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 онд байрны засвар хийсэн гэдэг нь худлаа. Өмнөх СӨХ-ны захирал нь энэ хүнийг бодвол ажил хийдэг байсан. Би СӨХ-ны төлбөрийг төлөөгүй ч орцны хаалга солиход айл бүрээс хураасан 100,000 төгрөгийг төлсөн. Тэр хаалга нь сүүлд эвдэрчихсэн байхад нь манай аав гарч ирж алх хадаас зэргээр хаалгыг янзалж, асуудалгүй болгож байсан. Манай орцонд лед гэрлийг 2-3 хоногийн өмнө тавьсан. Мөн манай дээврийг биш н.Должин эмээгийн байрны дээврийг зассан. Манайх дээврээс гоожоод байхаар нь дээврээ өөрсдөө янзалсан төдийгүй манай орц үнэхээр муухай байдаг. Намайг дунд сургуульд суралцдаг байх үеийн ханан дээрх хар бичиг одоог хүртэл арилаагүй байгаа. СӨХ-ны зүгээс ажлаа сайн хийдэггүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгч тал ******* тоот өрхийн өрийн үлдэгдэл тооцоолсон баримт, Уурхайчийн СӨХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, *******-ны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол, *******-ны хурлын ирцийн бүртгэлийн хуулбар, *******-ны мэдэгдэл, гэрэл зургийн үзүүлэлт бүхий 11 ширхэг зураг, *******-ны фейж хуудасны хуулбар, мэдэгдэл зэргийг ирүүлсэн.

 

Хариуцагч 18 ширхэг гэрэл зургийн үзүүлэлт бүхий зургийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч ******* хариуцагч Н. холбогдуулан орон сууцны нийтийн эзэмшлийн талбайн хэвийн байдлыг хангахад зарцуулах ашиглалтын төлбөр 828,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.

 

3.Хариуцагч тал ******* холбогдох ажлаа хийж гүйцэтгээгүй, дээврийн засварыг хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан хариу тайлбар ирүүлсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

-*******-н 2016 оны 09 сарын 30 өдрийн Бүх гишүүдийн хурлаар оршин суугчдын СӨХ-н хураамжийг 8,000 төгрөг болгох шийдвэрийг гаргажээ.

 

-*******-н 2022 оны 05 сарын 22 өдрийн бүх гишүүдийн хурлаас СӨХ-ны хураамжийг 15,000 төгрөг болгохоор шийдвэрлэсэн боловч уг шийдвэрээ удирдах зөвлөлийн тогтоолоор албажуулаагүй байна.

 

-******* дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах 35, 36, 37, 38, 39 дугаар байрны оршин суугчдын *******-г сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж гэрчилгээг шинэчлэн олгожээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1.-д зааснаар Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заажээ.

 

Хариуцагч Н. нь ******* дүүрэг, *******, тоотод орон сууцны өмчлөгч мөн болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

*******-г 2019 онд бүртгэж гэрчилгээ шинэчлэн олгосон баримт хэрэгт авагдсан хэдий ч 2016 онд СӨХ-н хураамжийг бүх гишүүдийн хурлын шийдвэрээр тогтоосон баримтыг хэрэгт ирүүлсэн, ******* байгуулагдаад 10 жил орчим үйл ажиллагаа явуулж байгаа тухай хариуцагч тал тайлбарласан тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн 2016 оны 10 сараас 2022 оны 7 саруудад хамаарах дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 568,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 260,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,426.80 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч талаас 17,690 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч Н.  568,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,426.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н. 17,690 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА