| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/0119/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/140 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Урангоо |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/140
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч Б.Урангоо
Нарийн бичгийн дарга А.Энэрэл
Хохирогч У.У*******
Шүүгдэгч О.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн О.А*******ад холбогдох эрүүгийн 2531000000135 дугаартай, 316/2025/0119/Э индекстэй эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Б******* аймгийн Т******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролтой, хүнд механизмын засварчин мэргэжилтэй, Хилийн цэргийн 0243 дугаар ангид засварчин ажилтай, ам бүл 2, ахын хамт Сэлэнгэ аймгийн С******* сумын 3 дугаар багийн 2 дугаар хэсгийн нийтийн байрны 07 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г******* овогт О******* А*******, регистрийн дугаар Г*******
Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч О.А******* нь согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн С******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажуугийн зам дээр 2025 оны 04 дүгээр сарын 28-наас 2025 оны 04 дүгээр сарын 29-нд шилжих шөнө 03 цагийн үед У.У*******ыг хэл үгээр доромжиллоо гэх шалтгаанаар хавсарч унагаан, мөр хэсэгт нь 1 удаа өшиглөж түүний биед зүүн хацар, шанаа, дух, эрүү, хамарт зулгаралт, хамрын таславч хугарал гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-08-р хуудас/
Хохирогч У.У*******ын "... Би 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Цагааннуур сумаас аймгийн төвд эмнэлэгт гараа үзүүлэх гээд өдрийн 12:00 цагийн орчим ирсэн. Тэгээд нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр очтол намайг "цаг аваагүй байна, маргааш өглөө эрт 09 цагт хүрээд ир" гэсэн учраас энд хонохоор болсон. Тэгээд өчигдөр орой 20 цагийн үед Мишээл караокед ганцаараа ороод дуулж байтал нөгөө талын ширээний зүс таних залуу "чи гоё дуулдаг юм байна цуг суугаад дуулах уу?" гэхэд нь би "яах юм бэ" гэсэн. Би үргэлжлүүлээд дуулаад суугаад байсан. Гэтэл тэр залуу дахин намайг ганцаараа сууж байхаар цугтаа суугаач ээ гээд байхаар нь хамт суугаад дуулсан. Удалгүй оройны 22 цагийн орчимд Мишээл караокеноос гараад Коллектив бааранд орсон. Гэтэл нөгөө залуу бас ороод ирчихсэн өөрөөсөө гадна 3-4 хүнтэй хамт сууж байсан. Баар хаах цаг болоод шөнийн 03 цагийн үед би баарнаас гарсан. Би пиво уусан болохоор гараад салхинд цохиулаад нэлээн муудсан. Тэгээд төвд хонох газаргүй учраас эмнэлэг дээр очоод хоночихъё гэж бодоод эмнэлэг рүү алхаад явж байснаа санаж байна. Тэр үед надтай танилцсан Баяраа гэх залуу бас нэг эрэгтэй найз болон өөр з хүүхэнтэй надтай хамт яваад байсан. Тэд нар яагаад надтай хамт явж байсныг би бас санахгүй байна. Тэгээд эмнэлгийн хажуугийн засмал зам дээр тэр залуу намайг зодсон. Намайг толгойны зулай болон нүүр, цээж, өвдөг хэсэг үү өшиглөсөн. Тэгээд би босоод эмнэлэг рүү орж шархандаа боолт тавиулаад цагдаа дээр очиж хоносон. Тэгээд би согтуу байсан учраас би өргөдлөө маргааш бичиж, эрүүл болоод мэдүүлгээ өгье гэж хэлсэн. Тэр Баяраа гэх залуу саарал өнгийн биеийн тамирын хувцастай, гадуураа хар өнгийн куртиктэй байсан. Харин тэрэнтэй хамт явж байсан эрэгтэй найз нь хар өнгийн хувцастай байсан. Би яг ямар шалтгаанаар муудалцаад, яагаад намайг зодсоныг би санахгүй байгаа юм. Ямартай ч надтай танилцсан гэх тэр саарал биеийн тамирын хувцастай Баяраа гэдэг залуу намайг зодсон. Би өөдөөс нь зодолдоогүй, Миний толгой их өвдөж байна. Нүүр хавдсан. Зүүн духны дээд хэсэг урагдсан, зүүн хөмсөгний дээд хэсэгт урагдсан, хамрын нурууны дунд хэсэгт урагдаж зулгарсан, Хамар шархалсан, бас хамар хугарсан юм шиг байна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12 хуудас/
Гэрч А.Б "... Тухайн өдөр буюу 2025 оны 04-р сарын 28-ны өдөр манай дүү А******* нь надад хандаж "ахаа 2-лаа хамт гэрээс гарч хэдэн цаг караокед дуу дуулчхаад ирье" гэж хэлээд ятгаад байсан тул би аргагүйн эрхэнд дүүгийнхээ үгэнд ороод бид 2 хамт талбайн наана байдаг Мишээл нэртэй караокед орж 3 цаг орчим дуулж суугаад шөнийн 02:00 цаг өнгөрч байх үед тэндээсээ гараад үргэлжлүүлэн коллектив нэртэй бар руу орсон, ингээд тухайн баарандаа хэсэг сууж байтал баар хаах цаг нь болоод бид 2 баарнаас гараад алхаад явж байтал Мишээл бааранд танилцсан залуу бид 2-ын араас дагаад яваад байсан. Ингэж алхах үед тухайн залуу манай дүү болох А*******тай хэл үгээрээ маргалдаад байсан тул А******* нь сүүлдээ тэсэлгүй нөгөө залууг баруун хөлөөрөө хавирч унагаатал нөгөө залуу нүүрнийхээ зүүн хэсгээр газар унаад нүүрээ нэлээн аймар шалбалчихсан байдалтай босож ирээд над руу хандаж "сая чамтай явсан залуу чинь хаана байна, пизда минь би чамайг ална" гэж хэлээд над руу дайраад байхаар нь би А*******ад хандаж "энэ залуу чинь намайг хөөгөөд байна, энийгээ аваач ээ" гэж хэлээд урд явж байсан дүү болох А******* руу гүйгээд очтол миний араас ирж байсан нөгөө залууг А******* цээжин хэсэг рүү нь баруун хөлөөрөө өшиглөж унагаатал нөгөө залуу дахиад л нүүрээрээ газар уначихсан, үүний дараа бид 2 вокзалын хажуу талаас таксинд суугаад гэр рүү харьцгаасан. Тэр өдөр миний хувьд бол огт архи дарс уугаагүй. Зүгээр жижиг хүслийн кола уугаад суусан, харин манай дүү болох А******* нь караокед 6 ширхэг, бааран дотор 1 ширхэг нийт 7 ширхэг Сэнгүр нэртэй лаазтай пиво уусан. Манай дүүтэй муудалцаад хэрүүл хийгээд байсан залуу бол Мишээл караоке дотор 4 лаазтай пиво уусныг нь санаж байна, гэхдээ тэр залуу Мишээл караокед орж ирэх үедээ бага зэрэг халаалттай уучихсан харагдаж байсан. Ер нь бол тэр залуу нэлээн согтолттой байсан тул хавируулж болон өшиглүүлж унах үедээ нүүрэн хэсгээрээ газар унасан гэдгээс өөрөөр А******* тухайн залууг цохиж зодсон асуудал үүсгээгүй..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-26 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д "... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч У.У*******ын биед гэмтэл учирсантай холбоотойгоор 1 удаагийн үйлчилгээгээр нийт 86,852 төгрөгийн эмчилгээний төлбөр гарсныг нэхэмжилмээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 223 дугаартай "...1. У. У*******ын биед зүүн хацар, шанаа, дух, эрүү, хамарт зулгаралт, хамрын таславч хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1.-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 хуудас/
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 хуудас/
Шүүгдэгчийн нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолт /хх-ийн 52 хуудас/
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 хуудас/
Шүүгдэгчийн урьд захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуудас/
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуудас/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.А******* нь согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн С******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэгдсэн эмнэлгийн хажуугийн зам дээр 2025 оны 04 дүгээр сарын 28-наас 2025 оны 04 дүгээр сарын 29-нд шилжих шөнө 03 цагийн үед У.У*******ыг хэл үгээр доромжиллоо гэх шалтгаанаар хавсарч унагаан, мөр хэсэгт нь 1 удаа өшиглөж түүний биед зүүн хацар, шанаа, дух, эрүү, хамарт зулгаралт, хамрын таславч хугарал гэмтэл учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-08-р хуудас/
Хохирогч У.У*******ын мэдүүлэг, /хх-ийн 11-12 хуудас/
Гэрч А.Б мэдүүлэг, /хх-ийн 25-26 хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Д мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 223 дугаартай "...1. У. У*******ын биед зүүн хацар, шанаа, дух, эрүү, хамарт зулгаралт, хамрын таславч хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1.-т зааснаар хохирлын ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч О.А*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч О.А*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч О.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч О.А******* нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч О.А******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал 86,252 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байна.
Хохирогч У.У******* эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч 321,580 төгрөгийн хохирлыг баримтыг шүүхэд ирүүлсэн шүүгдэгч О.А******* нь эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн байна.
Иймд шүүгдэгч О.А******* баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Хохирогч нь энэ гэмтлийн улмаас нэхэмжилж байгаа хохирлыг баримтыг гаргаж цаашид эмчлэгдвэл зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч О.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.А******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.А*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А*******ад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.А*******ад оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч О.А*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г******* овогт О******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О******* А*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.А*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.А******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч О.А******* нь Эрүүл мэндийн даатгалын санд болон хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Хохирогч Г.У******* нь энэ гэмт хэргийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ