Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/00787

 

 

 

 

 

 

 

2023 02 07

101/ШШ2023/00787

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их тойруу 83, Содномын гудамж-56, Ардын эрхийн байр 502 тоот хаягт байрлах Болд кредит ББСБ ХХК /РД:5939399/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Санни таун 830 дугаар байр 36 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Д.У-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22,128,280 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд, хариуцагч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Иргэн Д.У нь Болд кредит ББСБ-тай харилцан тохиролцож 2020 оны 8 сарын 20-ны өдөр 2020/08/05 дугаартай зээлийн гэрээ, ФГ2020/08/05 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, 12,800,000 төгрөгийг 2022 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл 24 сарын хугацаатай автомашин худалдаж авах зориулалттай, 30 хоногт 3 хувийн хүүтэй, зээлийн хүүгийн төлбөрийг тогтооосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр гэрээ байгуулсан.

Ингээд банкны зүгээс зохих шимтгэлийг хасаж 12,672,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Уранбаяр нь гэрээ байгууласнаас хойш зээл эргэн төлөхгүй, үндсэн зээлээс нэг удаа үндсэн зээлд 365,887 төгрөгийн төлөлт хийж, дахин төлбөр төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж, гэрээний хугацаа дууссан байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 12,434,112 төгрөг, хүүгийн төлбөрт 9,094,704 төгрөг нийт 21,528,816 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 599,464 төгрөгөөс татгалзаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Миний бие банк бус санхүүгийн байгууллагаас машин авах зорилгоор 12,800,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь үнэн.

Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилгүй болж зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа мөнгийг мэргэжлийн хүнээр бодуулмаар байна. Нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна.

Энэ зээлээр авсан машинаа унаж байгаа гэв.

 

Нэхэмжлэгчээс: Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 8 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээл, хүүгийн тооцооллын хүснэгт, депозит дансны хуулга,

Хариуцагчаас: Эрүүл мэндийн шинжилгээний хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Болд кредит ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 22,128,280 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Уранбаярт холбогдуулан гаргаж, хариуцагч нь зээл төлөх боломжгүй, хүүгийн тооцоолол ойлгомжгүй байна гэж маргаж байна.

Зохигчдын хооронд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ2020/08/05 тоот Зээлийн гэрээ байгуулагдан 12,800,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар сарын 3.0 хувийн хүүтэйгээр зээлдсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 5-6 дугаар тал/

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна.

Нэхэмжлэгч тус гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 12,434,112 төгрөг, зээлийн хүүнд 9,094,704 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 599,464 төгрөг, нийт 22,128,280 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 599,464 төгрөгийн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгүүдэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

1.Зээлийн гэрээний үндсэн төлбөрт шаардсан 12,434,112 төгрөгийн шаардлагын хувьд,

Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 12,434,212 төгрөг шаардсантай хариуцагч тал маргаагүй бөгөөд шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбараар үндсэн зээлийг төлөх үүргийн хувьд маргахгүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас төлж чадахгүй байна гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулжээ. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гарсан мөн зээлийн гэрээний хугацаа дууссан талаар зохигчид маргаагүй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт, Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан болон зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлүүдээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүссэн байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй бол зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч буюу Банк бус санхүүгийн байгууллагад үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу төлөгдөх хүүгийн төлбөрт 9,094,704 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Зээлийн гэрээний 2.3-т зааснаар, 30 хоногт буюу 1 сард 3 хувийн хүү тооцохоор талууд тохиролцсон байна. Гэрээний тус үүргийн дагуу болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан, ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зохицуулалт, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн төлбөрт хүү тооцон шаардах эрхтэй байна.

Хариуцагч тал нэхэмжлэгчээс шаардаж буй хүүгийн төлбөрийн тооцооллын талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотлон няцаагаагүй байна.

Мөн хүүгийн тооцооллыг ойлгохгүй байна гэх тайлбар нь хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, холбогдох баримтыг гаргасан бол хариуцагч тал хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй байна.

Иймд хэрэгт авагдсан хүүгийн тооцоолол болон талуудын хооронд байгуулсан гэрээний тохиролцооны дагуу хариуцагчаас хүүгийн төлбөрт 9,094,704 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Дурдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл 12,434,112 төгрөг, зээлийн хүү 9,094,704 төгрөг, нийт 21,528,816 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 599,464 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсан тул энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн дүнгээр төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

Зохигчид хооронд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр №ФГ2020/08/05 дугаар бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 80-34 УБА улсын дугаартай Mitsubishi Delica маркын автомашины өмчлөх эрхийг нэмжлэгчид шилжүүлсэн байна. /х.х-ийн 7-8 дугаар тал/

Тус гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэрээний үүргийн дагуу барьцаалуулагчаас барьцааны зүйлээр үүргийг хангуулах шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт заасан зохицуулалт, шаардах эрхэд хамаарч байна.

Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Уранбаяраас 21,528,816 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Болд кредит ББСБ ХХК-д олгож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс биелүүлбэл, 80-34 УБА улсын дугаартай, гэрчилгээний 02913827 дугаар бүхий Mitsubishi Delica маркын автомашин буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,591.4 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Д.Уранбаяраас 265,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Болд кредит ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА