Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 111/ШШ2023/0002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Чимэдцэрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох

  “Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Чимэдцэрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаар захирамж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Чимэдцэрэнг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох, намайг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Чимэдцэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Амаржаргал, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Д.Чимэдцэрэн нь “Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Чимэдцэрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаартай захирамж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Чимэдцэрэнг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгох, Д.Чимэдцэрэн намайг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатагалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-аар маргаж байна.

2. Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний Д.Чимэдцэрэнг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг гаргажээ. Д.Чимэдцэрэн уг захирамжийг хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан байна. Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 02/1766 дугаар албан бичгээр гомдолд дурдсан асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2022 оны 09 сарын 19-ний нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 111/ШЗ2022/0193 дугаар Шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, 2022 оны 10 сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14-д “Хуульд өөрөөр заагаагүй захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж хуульчилсан бөгөөд миний хувьд захирамжуудыг гардаж авсан өдрөөс хойш хуулийн хугацаанд холбогдох гомдолоо гаргасан болно. Үүнд:

Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Чимэдцэрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаартай захирамжийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 41 минутад мэдэгдэж танилцуулан надад гардуулсан. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Чимэдцэрэнг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаартай захирамжийг 2022 оны 07 дугаар сарын 1 ний өдөр гардуулсан.

Миний бие Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Чимэдцэрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаартай захирамж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Чимэдцэрэнг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаартай захирамжуудыг эс зөвшөөрөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол бичин гомдлыг 2022 оны 07 дугаар сарын 21-нд сумын шууданд хийсэн бөгөөд уг гомдлыг аймгийн шуудан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 4 цаг 43 минутад Улаанбаатар хот руу явуулаад Төрийн албаны зөвлөл миний гомдлыг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг 28 минутад хүлээж авсан байна.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай“ албан бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сумын шуудангийн салбар надад гардуулаад би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд нэхэмжлэгчийн хувьд хуулийн хугацаанд холбогдох гомдолоо гаргасан болно.

Нэхэмжлэлийн үндэслэл

Миний бие 2006 онд Их Засаг Их сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгсөөд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-ын Төрийн Захиргаа, хууль эрх зүй, иргэний бүртгэлийн ажилтнаар 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр томилогдон ажиллаж байсан бөгөөд энэ ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн.

Улмаар 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн ЗДТГ-т зохион байгуулсан Төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцож, тус сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар захирамжаар томилогдон ажилласан.

Тус албан тушаалд ажиллах хугацаандаа Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, Аймгийн ИТХ-ын “Соёрхол” одон, Нутгийн удирдлагын Тэргүүний ажилтнаар тус тус шагнагдсан, 2009 оноос хойш төрийн албанд ажиллахдаа ёс зүйн болон сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актуудыг чанд мөрдөн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажилласан болно.

1. Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Чимэдцэрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр хүчингүйд тооцуулах

Үүнд : 2022 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Өлзиймаа дарга дуудаад Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Чимэдцэрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаартай миний цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулсан захирамжийг гардуулсан бөгөөд намайг 2022 оны 05 дугаар сарын 27-ноос 2022 оны 06 дугаар сарын 20-ныг хүртэл ажлаа тасалсан гэх үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байсан.

Гэтэл миний бие 2022 оны 03 дугаар сарын 28-наас өнөөдрийг хүртэл ажил хийгээгүй байгаа бөгөөд шалтгаан нь Д.Өлзиймаа дарга 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай захирамжаар намайг ажлаас халсан.

Иймд хууль бус захирамжийг эс зөвшөөрч Аймгийн төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан гэтэл энэ гомдлыг бид хэлэлцэхгүй Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд шилжүүлж өгнө гэсэн боловч 2022 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн байдлаар явуулаагүй байсан тул би өөрийн биеэр Улаанбаатар явж Төрийн албаны зөвлөлд гомдлоо хүлээлгэн өгсөн.

Хуулийн хугацаанд гомдлын хариуг өгөхгүй байхаар нь утсаар лавлаж асуутал таны гомдлын дагуу ажиллагаа явуулж байна ажиллагаа ихтэй тул нэг сарын хугацаагаар сунгалаа гэж хэлсэн.

 Ингээд миний гомдлын хариуг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр сумын шууданч хүлээлгэн өгсөн. Уг гомдлын хариуд тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Өлзиймаа 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай захирамжаар Д.Чимэдцэрэн намайг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн № 07 дугаар захирамжийг хүчингүй болгосон байсан.

Гэтэл Д.Өлзиймаа дарга хүчингүй болгосон захирамжаа надад хэлээгүй, мэдэгдээгүй ажилд буцаан томилсон шийдвэр гаргаагүй, намайг ажил хийлгээгүй энэ хугацаанд би Төрийн албаны зөвлөлийн хариуг аваад захиргааны хэргийн шүүхэд хандахаар төлөвлөж, мөн энэ их дарамт шахалтаас болж нойргүйдэж, өөрийн эрүүл мэнд муудаж эмчилгээ хийлгэх хүүхэд эмнэлгээр явах зэрэг ажилтай байсан.

Д.Өлзиймаа дарга 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай захирамжийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр танилцуулсан болно.

2. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Чимэдцэрэнг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр хүчингүйд тооцуулах.

Үүнд: Мөн энэ өдөр намайг ажлаас халах сонсох ажиллагаа явуулаад ажлаас халлаа гээд явуулсан ямар нэгэн шийдвэр өгөөгүй байж байгаад 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрээ авмаар байна гэтэл уг өдөр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай “Д. Чимэдцэрэнг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг гардуулсан. Сонсох ажиллагаа явуулахад би бүх зүйлийг нарийн тодорхой хэлсэн байгаа.

Захирамжийн захирамжлах хэсэгт “Доржпүрэвийн Чимэдцэрэн нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан тул 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэж шийдвэрлэсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.

Хамгийн гол нь урьд өмнө нь надад сахилгын шийтгэл ногдуулсан Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг ажил, албан тушаалд маань эгүүлэн томилсон талаар Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас огт мэдэгдэж байгаагүй байж ямар үндэслэлээр ажлаа тасалж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, түүнчлэн удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй, хууль бус 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай захирамж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай захирамж гаргасан нь өөрөө Монгол улсын хууль, тогтоомжуудыг зөрчсөн, Үндсэн хуулиар олгосон миний суурь эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна", Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албан зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36,32 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна" гэж заасан байна.

Гэтэл миний бие Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан зөрчил гаргаагүй Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах шат дараалсан зөрчил гаргаж байгаагүй болно.

3.Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Д.Чимэдцэрэнг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 07 дугаартай захирамжийн тухай:

Энэхүү захирамжаар намайг төрийн албанаас халсан тул Төрийн албаны зөвлөлд гомдол гарган улмаар ажиллагаа ихтэй тул хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1317 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байх боловч миний бие 2022 оны 07 дугаар сарын 26-нд хүлээн авсан бөгөөд албан бичгийн дугтуйг харахад Төрийн албаны зөвлөлөөс гомдлын хариуг шууданд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хийсэн байна.

Төрийн албаны зөвлөлөөс захирамжид гаргасан гомдлын дагуу ажиллагаа явуулахад Д.Өлзиймаа дарга өөрийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай захирамжийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өрийн 10 дугаартай захирамжаар хүчингүй болгосон боловч энэ талаар надад мэдэгдээгүй болно

4.Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Д.Чимэдцэрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 02 дугаартай захирамжийн тухай

Энэхүү захирамжийг хүлээн аваад хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулсан тухай гомдлын маргаан үүсгэж Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэж Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” 226 дугаар тогтоолыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б. Өлзиймаад хүргүүлсэн.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 226 дугаартай Д.Өлзиймаа дарга 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар биелүүлээгүй байсан тул Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг биелүүлсэн тул Д.Өлзиймааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/2308 дугаартай албан бичгээр Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Норовт хүргүүлсэн байдаг.

Энэ бүхнээс харахад удаа дараа намайг үндэслэлгүйгээр арга хэмжээ авах, ажлаас халах шийдвэрүүдийг гаргаж миний сэтгэл зүй, цаг хугацаа, эдийн засгаар 2 жилийн хугацаанд тоглож байгаа Б. Өлзиймаад маш их гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх„ хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ", 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно" гэж заасан.

 Гэтэл эдгээр заалтыг зөрчсөн холбогдох захирамжийг гаргахаас өмнө нь надад урьдчилан танилцуулаагүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй дээрх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Тухайлбал Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Чимэдцэрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаартай захирамж гаргасны дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хуудас” сонсох ажиллагаа явуулан үүнийгээ надад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр танилцуулсан байна.

Төрийн албаны Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгыг умартаж өөрийн хувийн ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьж, төрийн албыг тасалдуулан хууль бус шийдвэр гаргаж байгаа Д. Өлзиймаагаас цаашид шүүхийн шийдвэрийг үндэслэн Төр миний ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж түүнээс гаргуулан төрийг хохиролгүй болгох ёстой гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа:  

“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд зааснаар харилцаа холбоо, цахим, албан бичгээр Д.Чимэдцэрэнд мэдэгдэл хүргэж өөрт нь гардуулж өгөх ажиллагааг хийсэн.

Сахилгын шийтгэл ногдуулсан 13-р захирамж, Төрийн албанаас халсан тухай 15-р захирамжийн төсөл Сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг гардуулж өгсөн.  Д.Чимэдцэрэн нь төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл зөрчсөн, Төрийн албанд өргөсөн тангаргаасаа няцан ажилдаа ирэхгүй ажил таслан төрийн ажлыг цалгардуулан ёс зүйгүй авирлан, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхгүй байсан болохоор арга хэмжээг хуулийн дагуу удаа дараалан авсан тайлбарыг хүргүүлж байна.

Д.Чимэдцэрэнг 2022 оны 03 сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж эргээд 2022 оны 5-р сард сахилгын шийтгэл ногдуулсан захирамжаа хүчингүй болгоод ажилдаа ир, ирж ажлаа гэж /гар утсаар, цахим мессежээр, албан бичгээр/ зөндөө мэдэгдсэн боловч өөрөө ажилдаа ирээгүйгээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13-дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан, 14 хоног дахин хүлээгээд бас л ажилдаа ирээгүй төрийн албаны ажлын тасралтгүй хүргэхийн тулд 2022 оны 07 дугаар сарын 01 өдрийн 15 дугаар захирамжаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Утасны дуудлага, мессеж, албан бичиг олон төрлөөр мэдэгдсэн хэлбэрээ нотлох баримт болгон хавсаргав. Хүлээж авснаа илэрхийлж эмож хүртэл дарсан байгаа. Монгол Улсын төрийн албаны зөвлөлд дээрх тайлбарыг нотлох баримттай хүргүүлээд зөв шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр Д.Чимэдцэрэнгийн нэхэмжлэлийг хүлээж аваагүй болно. Тэгээд Захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

1.Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахи сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. 7 дугаар зүйлийн 7.1.8. захирах, захирагдах ёсыг баримтлах, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, сум багийн Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнг сумын иргэдийн Хурлын дарга, Төлөөлөгчдийн өмнө хариуцна гэсний дагуу нутгийн өөрөө удирдах ёс, төр засгаас гарч байгаа бодлого шийдвэрийн дагуу төрийн ажлыг хийлгэх гэж байгаа. Тэрнээс биш хуулиас давсан зүйлээр, улс төрийн хавчлага гаргаагүй. Энэ хүн ажил авсан өдрөөс л өөрөө янз бүрийн үйлдлийг гаргаж эхэлсэн. Төлөөлөгч нарыг талцуулж, шүүхэд очиж мэдүүлэг өгч, нотлох баримт гээд, тэргүүлэгчдийн хуралд сууна уу гэсэн мсж- ийг өгсөн байсан. 2021 оны 12 сар хүртэл энэ хүний эвийг олох гэж хичээсэн. Энэ хөгийн ажлыг хиймээргүй байна, хариуцлагаа тооцоод ажлаас халаач гэдэг үг амных уншлага болсон. Энэ хүнд хандаж ганц үг хэлбэл хариулт нь дарамталлаа, халаач, хариуцлагаа тооцоод ажлаас гарга. Хурлын хуралдаан дээр төлөөлөгч нартай хэрэлдэж хурлыг үймүүлээд дундаас нь хаяж явдаг. хариуцлага тооцохыг чинь хүлээж байна гэдэг.

2.Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйл, албан тушаалын тодорхойлолтын 5-р зорилтын 2 дахь заалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж тайлагнах гэсэн заалтын дагуу тайлагнаагүй. Ажлаа дүгнүүлээгүй. 55.1-д Төрийн албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ. 55.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх гэсэн заалтын дагуу Д.Чимэдцэрэнд 2021 оны 12 сарын 31-ний өдрийн хурлын тэргүүлэгчдийн хурлаас төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хийж хянуулж, тайлагнаж ажиллах үүрэг өгсөн. 1 удаа ч гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө тайлагнаагүй.

3. Төрийн ажлыг цалгардуулан ажилдаа ирдэггүй. Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах талаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний тэргүүлэгчдийн хурлын тогтоол, тэмдэглэлээр үүрэг өгсөн. Чам шиг юм миний цагийг бүртгэх ёсгүй гэдэг.

4. Хуралдаанаас гарсан тогтоол ажлын 3 хоногт, тэмдэглэл ажлын 3-5 хоногт албажих ёстой. Хугацаандаа хэзээ ч гардаггүй. 2020 оны 12 дугаар сарын 18-ны хуралдаанаас төсвийн тогтоолыг тухайн үеийн Санхүү албаны дарга Г.Гаваа хэвлэмэл хуудас авч гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаас гарсан төсвийн тогтоолыг Санхүү албаны дарга Э.Пүрэвжаргал гаргасан. 2020 оны 12 дугаар сарын 31-ны тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлийг 2021 оны 02 сарын 24-нд танилцуулахаар оруулж ирсэн. Хурлын дарга миний бие тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан   тэмдэглэлийг хуулийн хугацаанд өөрийн биеэр шивж тэргүүлэгчдэд танилцуулж албажуулдаг болсон. Төлөөлөгчдийн хуралдааны тэмдэглэлийг өөрийнхөө дураар, төлөөлөгч нарын хэлсэн үгийг хасдаг, хуралдааны нарийн бичгийн даргын хөтөлсөн гараар бичсэн заваан юмыг би шивж чадахгүй гэдэг.

5. Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйл, албан тушаалын тодорхойлолтын 5-р хавсралтын 2 дахь заалтын дагуу байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулж тайлагнах гэсэн заалтын дагуу боловсруулаагүй тайлагнаагүй. Хурлын байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг хийж тайлагнах чиглэл өгөхөд тайлагнаагүй би хийхгүй гэж бичиг ирүүлсэн.

6. Албан тушаалын тодорхойлолтын 5-р зорилтын 1 дэх заалтын дагуу Стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулж тайлагнах гэсэн заалтын дагуу боловсруулаагүй, тайлагнаагүй. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулах ажлын хэсгийг Б/02 захирамжаар байгуулж ажил даалгасан. Ажлын хэсгийн ахлагч Д.Чимэдцэрэн нь гишүүн Г.Ариунсан төлөөлөгчийг загнан гаргасан байсан. АН-ын бүлгээс гарсан саналыг хүлээлгэн өгч чадалгүй гарч ирснээ тайлбарласан. Гишүүн Ч.Ганбат төлөөлөгч, 2022 оны 01 сарын 18-ны өдөр ИНХурлын материалаа өгөх гэж ороод Д.Чимэдцэрэнгийн хэлсэн ярьсанг ойлгоогүй ээ, Хурлын дарга танаас дэлгэрэнгүй сайхан ойлгож авлаа, одоо намын бүлгээс саналаа аваад өгье гэсэн. 2022 оны 01 сарын 21-ний өдөр Баянговь сумын ИТХ-ын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө боловсруулагдан ирээгүй. 01 сарын 26-ны өдөр стратеги төлөвлөгөөг асуухад хариуцлага тооцохыг чинь хүлээж байна гэсэн тул албан үүргээ хангалтгүй биелүүлсэн.

7. Харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах; Зөвхөн албан бичиг төлөвлөөд өгөхөд удаа дараалан үг, өгүүлбэр хасч, өөрөө өгүүлбэрийг өөрчилдөг хэвлэмэл хуудас дээр гаргадаг. Зөвлөгөө өгөхгүй. Хариуцлагагүй ажилладаг. Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулахад үнэхээр төвөгтэй байдаг. Төлөвлөөд өгсөн захирамжийн төслийн, үг, өгүүлбэрийг орхиж, утга авцалдаагүй үг нэмж гаргадаг, 01 захирамжийг санаатайгаар буруу дугаарлаж хэвлэмэл хуудсыг хүчингүй болгож байна. Төрийн албанд ажиллах чадвар байхгүй 1 захирамж 3-4 хэвлэмэл хуудас хүчингүй болж гардаг.

 8. 2021 оны 05 сард Хурлын байгууллагын 8 хүн цалин, урамшууллаа тухайн сардаа авч чадалгүй хохирсон. Баянхонгор аймгийн санхүүгийн албанаас манай аймаг улсын хэмжээнд цоллогдох нь цалингаа тавиач гэж ярьснаар 2021 оны 06 сарын 22-нд 05 сарын цалин орсон. 11 дүгээр сард аймагт ажилтай гээд ирж цалингаа батлаагүй ямар ч гарын үсэггүйгээр , цалин, урамшууллыг нягтлан бодогч сарын хамгийн сүүлийн өдөр оруулсан. Төрийн албаны тасралтгүй явагдах үйл ажиллагааг зогсоож албаны эрх мэдлээ хэтрүүлсэн. Чөлөө зөвшөөрөл авахгүй хүссэн үедээ орхиод явдаг.

9. Хуульд нийцээгүй шийдвэр гаргах; Д.Чимэдцэрэн төрийн ажлыг өөрийн хүслээр хийлгэх гэж шахдаг. Тэргүүлэгчдийн хурлыг хийхгүйгээр тогтоол гаргахыг шаардсан. Цахимаар хийж, шийдвэр гаргаагүй Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлтэй танилцахгүй, өөрөө эргэлтийн хөрөнгө бүртгэх тогтоол гаргасан тухай хурлын нарийн бичгийн дарга тогтоол гаргах хуулийн заалт байхгүй. Тогтоол дээр тэмдэг дарсан.

10 Д.Чимэдцэрэн ИТХ-ын ээлжит 2 дугаар хуралдаан дээр ард түмний илч хурлын төлөөлөгчид, урилгаар оролцогч байгууллагын дарга нарыг үл тоон хуралдааны танхимд ширээ сандал өшигчин уйваагүй үйлдэл гаргасан.

11. 3ахирах, захирагдах ёсыг сахин биелүүлнэ, Д.Чимэдцэрэнгээс хэвлэмэл хуудас авахдаа бичгээр гуйж авдаг. Хэвлэмэл хуудас өгөхдөө байнга дугаарыг нь бичиж, зургийг нь авчаад өгдөг. 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрийн албаны зөвлөлд захирамж хүчингүй болгосон баримтыг явуулах гэж А5-ын хэвлэмэл хуудас гуйж авахад дугаарыг авч үлдээгүйн улмаас манай өрөөнд дугаарыг нь хэлээд өг гэж цаас бал барьж ирэхэд наана чинь байна өөрөө хараа гэтэл шазуураа зуун ядаргаатай юм гээд хэвлэмэл хуудас шүүрч аван нүүрэн дунд ороолгоод авсан. Удирдлагаа зоддог.

12. Багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолын баримтыг хууль бусаар ашигласан.

13. Д.Чимэдцэрэн нь өргөсөн тангаргаа умартан төрийн ажлыг хугацаанд нь хийж хэрэгжүүлж ажилладаггүй. Баянхонгор аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас 2020 оны 11 сард Баянговь сумын ИТХ-ын 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн танилцуулгыг ирүүлсэн. Мөн ЗДТГ-ын хурлын танхимд дүнгийн хуралд суухад ч тодорхой хэлсэн. ИТХ-ын байгууллага нь ажлын цаг ашиглалт байхгүй, цаашид ажлын цагийг бүртгэж хэвших, албан хаагчдын ажлын цаг ашиглалтад байнгын хяналт тавих, цалин хөлсний хэмжээг зөв тодорхойлж, хөдөлмөрийн сахилга батыг сахих, байгууллагын хөрөнгийг нэг бүрчлэн тооллого хийхэд нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг сандал дутсан хөрөнгийг дахин тоолохоор нээлтэй үлдээсэн тухай ярьсан. Албан танилцуулгад хөрөнгийн тооллогыг нэр төдий хийдэг, хийдэггүй байдлыг таслан зогсоох, эд хөрөнгийн тооллогыг хийж 2021 оны 1 дүгээр сарын 15-ны дотор хариуг ирүүлэх тухай хэлсэн байхад, хийж гүйцэтгээгүй. Сумын ИТХ-ын тэргүүлэгчид 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурал дээр байгууллагын хөрөнгийг тоолох ажлын хэсгийг байгуулсан. Д.Чимэдцэрэн тухайн өдөр хөрөнгийг тоол гэсэн байтал хурлыг дундаас нь хаяад гарсан. Байгууллагын хөрөнгө тоолох гээд байна гээд уурлан бэлтгэл ажлыг хангаж өгөөгүй 2021 он дууссан. 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн тэргүүлэгчийн хурлаар дахин үүрэг өгч тогтоол гарсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 2-д Хөрөнгө, төлбөр тооцооны тооллогыг дараах тохиолдолд заавал хийнэ, 12.2.1-д жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө энэ хүн төрийн ажлыг хийдгүй нь нэг жишээ. Тайлант хугацаанд байгууллагын хөрөнгө тоолоогүй. 2022 оны 01 дүгээр сарын 11-нд нягтлан бодогч Э.Мөрөндалайгаас үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг гаргуулж хөрөнгийн тооллогыг хийсэн. Тавиур 2014 оны 12 дугаар сарын 31-нд ашиглалтад орсон 285.000 төгрөг, Угтвар ширээ 2020 оны 02 дугаар сарын 06-нд ашиглалтад орсон 700.000 төгрөг, хөрөнгө дутахад цаг уурын барилгын нээлт, цэргийн ангийн ойд бэлэглэсэн, 100.000 мянган төгрөгний үнэтэй соёмбо дутахад соёмбо 300-450 төгрөгний үнэтэй болсон байна лээ 100.000 төгрөгийг авчирч егнө гээд хэнэг ч үгүй сууж байдаг, төлөөлөгчдийн самбар, ус буцалгагч, жижиг ширээ, soni камер, тумбог хөрөнгөд бүртгээгүй байсанг хөрөнгөнд бүртгэх үүргийг өгөхөд 2022 оны 03 сар болоход зөрчлийг арилгаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн З.-Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно гэж заажээ. Мөн хуулийн ”3 дугаар зүйл. Эд хөрөнгийн тооллого явуулах журам 4/ Санаатайгаар ашигласан буюу дутагдуулсан нь илэрвэл хуулийн этгээдийн эрх баригч уг хэргийг 7 хоногийн дотор хуулийн байгууллагад шилжүүлнэ. Д.Чимэдцэрэн сумын ИТХ-ын батлагдсан төсвийн хөрөнгийг удирдах, зориулалтын дагуу үр ашигтай захиран зарцуулдаггүй. Хариуцлага ч хүлээдэггүй.

14.Малын тоо, толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай хуралдааны тогтоол 2021 оны 12 дугаар сарын 15-ны хуралдаанаас гарч тогтоол холбогдох баримтын хамт ажлын 5 хоногт Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж хянуулах байсан. Тус тогтоолыг хуулийн хугацаанд гаргалгүй 12 сарын 27 гаргаж  албан тоотыг 2021 оны 12 сарын 20-ны байдлаар хуурамч он сараар хүргэсэн ч тогтоолыг буруу гаргасан үндэслэлээр буцаж ирсэн. Дахин ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэгдэж тус газарт хүргэгдэх байсан. Д.Чимэдцэрэн 2022 оны 02 сарын 07-ны өдөр 12 цаг 35 минутад гүйж орж ирэн сайхан шинэлсэн үү, би аймаг явлаа хүүхэд хамар луугаа цаас чихсэн, Батжаргал дарга тогтоол гарга гэсэн, төлөөлөгч нартаа хэлнэ гэнээ гээд амьсгаадаад гүйгээд гарсан. Би 12 цаг 40 минутад өрөөнөөс гарах гэтэл байж бай би тогтоолоо гаргаад дууслаа гарын үсэг зураад яв гэлээ. Д.Чимэдцэрэн хууль бус зүйлд гаршсан, хуралдаан хийхгүйгээр тогтоолыг 20 минутад хурдтайгаар гаргаад ирлээ. Батжаргал түрүүчийн хурлын дарга байсан.

15. Д Чимэдцэрэн 2 дугаар хуралдаан, 4 дүгээр хуралдаан байгууллагын хурал, тэргүүлэгчдийн хурлыг дуусгалгүй удаа дараалан хаяж явсан. Энэ нь төрийн захиргааны албан хаагчид баймгүй бүдүүлэг зан гаргадаг.

16. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах; Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 55 дугаар зүйл. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргын бүрэн эрх 52.1.7-д Хурлын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах; Тэргүүлэгчдийн хурлын тогтоол үзэх гэж 3 хоног дараалан Д.Чимэдцэрэнгээс гуйсан.

17. Аймгийн ИТХурлын ажлын албанаас сумдын ИТХурлын ажлыг дүгнэхэд Д.Чимэдцэрэнгийн ажил хамгийн сүүлд буюу 20-р байранд хангалтгүй дүгнүүлсэн.

18. Д.Чимэдцэрэн нь төрийн албаны удирдах, удирдуулах дэг журмыг мэддэггүй ажил даалгаж өгөхөөр хийж чадахгүй гэсэн хариу өгөөд ажилдаа ирэхгүй цалин аваад л байж байхыг хүсдэг хуралдааны материал тараах ажлыг би өөрөө хийдэг.

19. Д.Чимэдцэрэн нь урьд ажиллаж байсан Сэлэнгэ Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хушаат сум хариуцсан улсын бүртгэгчээр ажиллаж байхдаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэнд Монголын Улсын иргэний үнэмлэх гаргаж өгч үндэсний аюулгүй байдлыг  ноцтой зөрчил гаргаж байсан. Энэ үйлдэл нь төрийн албанд ажиллах эрхгүй гэж үзэж байна.

Д.Чимэдцэрэн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтална гэсэн заалтыг зөрчин, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Ёс зүй нь төрийн албан хаагчид байж болохгүй үйлдэл гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.Өлзиймаа би өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Дараагийн даргад үүнийг бичиж үлдээлээ. Шүүх үнэн зөв шийдэж өгнө гэж найдаж байна.” гэжээ.

Хариуцагч Г.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би энэ албан тушаалд 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр сонгогдон ажиллаж эхэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээ хүргүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.Чимэдцэрэнгийн гар утас уруу залгасан. Мөн цахимаар фейсбүүк чаат руу илгээсэн. Д.Чимэдцэрэн нь Баянговь сумын зарын нэгдсэн группэд ажлаас халах захирамжийг олон нийтийн сүлжээнд  тавьсан байснаас харахад тэдгээрийг мэдсэн байгаа. Үүнийг Д.Чимэдцэрэнд мэдэгдсэн гэж бодож байна. Ажлаас халсан захирамжийг хүчингүй болгоход өмнөх захирамж хүчин төгөлдөр хэрэгжинэ. Д.Чимэдцэрэн өөрийн фейсбүүк хаягаа одоог хүртэл ашиглаж байна. Үүнийг Д.Чимэдцэрэнгийн фейсбүүк хаяг биш гэх зүйл байхгүй, утсаа авахгүй, ажилдаа ирэхгүй болохоор нь цахим хаягаар нь мэдэгдэх хуудас, захирамж, сонсох ажиллагааг явуулсан, хүлээн авч эмож дарж, хариу бичсэн байдаг. Сумын хурал нь Хурлын дарга, нарийн бичиг гэх 2 орон тоотой эв зүйгээ олох боломжтой. 2020 оноос хойш хурлын төлөөлөгч нараас Д.Чимэдцэрэнг ажлын тайлангаа тавих талаар хэлдэг боловч тайлангаа тавьдаггүй. Утсаар залгахаар утсаа авдаггүй, утсаар яриад ажилдаа ир гэхээр ирдэггүй тул цахим хаягаар нь мэдэгдэх арга хэмжээ авсан. Сумын Засаг даргын тамгын газрын бичиг хүргэгч байхгүй, манай сум дотор шуудангийн үйлчилгээ байдаггүй, гэрт нь очихоор хашааны хаалгаа тайлж өгдөггүй. Тийм болохоор сонсох ажиллагаа, шийдвэр танилцуулах зэргийг цахим хаягаар нь мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргасан. Энэ шалтгааныг ажлаа хийх хүсэл эрмэлзэлгүй байна гэж ойлгосон” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар захирамжаар Д.Чимэдцэрэнг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилж[1], 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 07 дугаар захирамжаар[2] Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг үндэслэн төрийн албанаас халж, 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 10 дугаар захирамжаар[3] 2022 оны 07 дугаар захирамжаа хүчингүй болгожээ.

Улмаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай захирамжаар Д.Чимэдцэрэнд сахилгын шийтгэл ногдуулж[4], 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар захирамжаар[5] түүнийг төрийн албанаас халсан байна.

Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 8/1 дугаар тогтоолоор[6] сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлж, 8/2 дугаар тогтоолоор[7] Г.Амаржаргал сонгогджээ.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            1.Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 07 дугаар захирамжаар[8] Д.Чимэдцэрэнг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халж, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 10 дугаар захирамжаар[9] дээрх захирамжаа хүчингүй болгожээ.

            Ингэснээр, Д.Чимэдцэрэнг Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар анх томилсон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаар захирамж хүчин төгөлдөр үргэлжлэн үйлчилж эхэлсэн байна.

Нэхэмжлэгч нь ...Д.Өлзиймаа дарга хүчингүй болгосон захирамжаа надад хэлээгүй, мэдэгдээгүй ажилд буцаан томилсон шийдвэр гаргаагүй, намайг ажил хийлгээгүй, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаартай захирамжийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр танилцуулсан. Хамгийн гол нь урьд өмнө нь надад сахилгын шийтгэл ногдуулсан Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг ажил, албан тушаалд эгүүлэн томилсон талаар Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас огт мэдэгдэж байгаагүй байж ямар үндэслэлээр ажлаа тасалж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, түүнчлэн удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй, хууль бус 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай захирамж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай захирамжууд хууль бус... гэж маргаж байгаа.

Харин хариуцагч тал ...Д.Чимэдцэрэнг 2022 оны 03 сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халаад, эргээд 2022 оны 5-р сард сахилгын шийтгэл ногдуулсан захирамжаа хүчингүй болгоод “ажилдаа ир, ирж ажлаа хий” гэж гар утсаар, цахим мессежээр, албан бичгээр олон удаа мэдэгдсэн боловч өөрөө ажилдаа ирээгүйгээс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар захирамжаар цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан, 14 хоног дахин хүлээгээд бас л ажилдаа ирээгүй төрийн албаны ажлыг тасралтгүй хүргэхийн тулд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар захирамжаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Утасны дуудлага, мессеж, албан бичиг олон төрлөөр мэдэгдсэн хэлбэрээ нотлох баримт болгон хавсаргасан. Хүлээж авснаа илэрхийлж эмож хүртэл дарсан байгаа... гэж тайлбарладаг.

Үүнээс харахад Д.Чимэдцэрэнг ажлаас халсан захирамжаа хүчингүй болгож 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 10 дугаар захирамж гарсаныг мэдэгдсэн болох нь 2022 оны 05 сарын 27-ны өдөр Д.Чимэдцэрэнгийн гар утас уруу нь ярьсан гэх хариуцагчийн тайлбар[10], түүний гар утас уруу залгасан тухай баримт[11], түүний цахим хаягаар илгээсэн баримт[12], нэхэмжлэгч Д.Чимэдцэрэнгийн “...халсан шийдвэрээ хүчингүй болгосон гэж 2022 оны 05 сарын 30-ны 18 цагийн үед утсаар хэлсэн...” гэх сонсох ажиллагааны тэмдэглэл[13], сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн 1а/22 дугаар мэдэгдэлээр[14] “2022 оны 03 сарын 28-ны өдрийн захирамж алдаатай гарсан тул тухайн захирамжийг хүчингүй болгосон. Захирамж хүчингүй болсон тухай мэдэгдсэн ажилдаа ирэхгүй байгаа нь төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулж байна. 2022 оны 06 сарын 03-ны өдрийн 09 цагт ажилдаа бэлэн ирнэ үү. Ажилдаа ирэхгүй байгаа нь хариуцлага тооцох үндэслэл болно гэдгийг сануулж байна” гэсэн, уг мэдэгдэлийг хүргүүлсэн баримт[15] зэргээр нотлогдож байна.

Тэгэхээр нэхэмжлэгч Д.Чимэдцэрэн нь ажлаас халсан захирамж хүчингүй болсныг 2022 оны 05 сарын 30-ны өдөр буюу нэг дэх өдөр мэдсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн төрийн албаны зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01/1317 дугаар албан бичгээр гомдлыг хянан шалгах явцад Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаар захирамжийг 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 10 дугаар захирамжаар хүчингүй болгосныг Д.Чимэдцэрэнд мэдэгдсэн[16] байна.

2.Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.4 дэх заалтуудыг үндэслэн “...Д.Чимэдцэрэн нь 2022 оны 05 сарын 27-ноос 2022 оны 06 сарын 20-ныг хүртэл ажлаа тасалж Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй тул албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах...” сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд Д.Чимэдцэрэн тус захирамжийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардаж авч, эс зөвшөөрөн гомдол бичиж, Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд Төрийн албаны зөвлөл хянаад 2022 оны 08 сарын 26-ны өдрийн 02/1766 дугаар албан бичгээр[17] хариу өгчээ.

Тус албан бичгийг Д.Чимэдцэрэн 2022 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч[18], тус шүүхэд 2022 оны 9 сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

3. Маргаан бүхий сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай захирамжид[19] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлаар Хурлын дарга захирамж гаргана.”, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;”, мөн хуулийн 48.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй.” гэж тус тус заасныг үндэслэжээ.

Хурлын дарга нь маргаан бүхий захирамжийг гаргахаар 2022 оны 06 сарын 20-ны өдөр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийж[20], тус ажиллагааны тэмдэглэлд[21] “... 2022 оны 05 сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй... ...утсаар залгахаар утсаа авахгүй, ажилдаа ир гэхээр ирэхгүй, ажил таслаж байгаа тул сахилгын шийтгэл ногдуулах сонсох ажиллагааг цахим хэлбэрээр /чат/ санал авах, хариуцлага тооцох бичиг, үндэслэл, тайлбар, захирамжийн төслийг явуулж, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжоор хангасан...” гэж тусгасан, Д.Чимэдцэрэнгээс тайлбар, санал авах талаарх баримтыг холбогдох арга, хэрэгслээр хүргүүлж[22], мэдэгджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” гэж хуульчилсан бөгөөд хариуцагчийн гаргаж өгсөн баримт болон тайлбараас харахад нэхэмжлэгч Д.Чимэдцэрэн нь утсаа авахгүй, ажилдаа ир гэхээр ирэхгүй байгаа, мөн хариуцагчийн шүүх хуралд гаргасан тайлбараар ...гэрт нь очиход хашааны хаалгаа тайлж өгөөгүй... гэх эдгээр үйлдэл нь захиргааны байгууллага гаргасан актаа гардуулах, сонсох ажиллагаанд биечлэн оролцуулах боломжгүй нөхцөл байдлын улмаас түүнтэй ажлын талаар болон сонсох ажиллагаа, захиргааны актыг мэдэгдэх зэрэг ажиллагааг цахим байдлаар мэдэгдсэнийг буруутгах үндэсгүй байна.

Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай захирамжийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр /5 дахь өдөр/ Д.Чимэдцэрэн гэсэн цахим хаяг уруу явуулсан[23], хариу илгээсэн зэргээс харахад захиргааны актыг мэджээ гэж үзэхээр байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч Д.Чимэдцэрэн нь 2022 оны 05 сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл ажлаа тасалсан болох нь цагийн бүртгэл[24], хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар[25], нэхэмжлэгч Д.Чимэдцэрэнгийн ...ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгосон захирамжийг утсаар ярьж хэлсэн боловч гардаж аваагүй, намайг ажилд буцаан томилсон шийдвэр гараагүй 2022 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа очоогүй... гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар[26] зэргээс харагдана.

Түүнчлэн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод журмын[27] 5.4-т Ажилтан ажлын хагас өдөр ба түүнээс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цаг тасалсан тохиолдолд эхний удаа сануулах, дараагийн удаа тасалсан бол цалинг 20 хүртэл хувиар хасах, 3 дахь удаад ажлаас чөлөөлөх үндэслэл болно гэж тусгасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 13 дугаар захирамж үндэслэлтэй байна.

   Хоёр. Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай захирамжаар Монгол улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4, 48.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь заалтуудыг үндэслэн Д.Чимэдцэрэн нь Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан тул 2022 оны 07 сарын 01-ний өдрөөс төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 05 сарын 28-ны өдрийн 10 дугаар захирамж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай захирамжуудыг мэдээгүй, гардаж аваагүй байхад удаа дараа ажил тасалсан үндэслэлээр ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа ч Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 07 дугаар захирамжийг 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 10 дугаар захирамжаар хүчингүй болгосныг мэдэгдсэн[28], 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай захирамжийн сонсох ажиллагааг[29] хийсэн, тайлбар, санал авах талаарх баримтыг холбогдох арга, хэрэгслээр хүргүүлж[30], мэдэгдсэн зэрэг баримтууд хэрэгт авагдсан,  2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн сонсох ажиллагаанд биечлэн оролцож[31], санал, тайлбараа гаргасан байгаа зэргийг дурдах нь зүйтэй.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд мөн зүйлийн 48.1.4 дэх заалтад “төрийн албанаас халах” гэж, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно. гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нь 2022 оны 06 сарын 20-ны өдрөөс 2022 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл ажлаа тасалсан болох нь цагийн бүртгэл[32], хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар[33], нэхэмжлэгч Д.Чимэдцэрэнгийн ...ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгосон захирамжийг утсаар ярьж хэлсэн боловч гардаж аваагүй, намайг ажилд буцаан томилсон шийдвэр гараагүй 2022 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл ажилдаа очоогүй... гэх шүүх хуралдаанд гаргасан тайлбар[34] зэргээр нотлогдож байх тул Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан,  мөн зүйлийн 48.1.4-д зааснаар төрийн албанаас халсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 15 дугаар захирамж нь дээрх хуулиудад нийцсэн байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.6, 43 дугаар зүйлийн 43.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Чимэдцэрэнгээс Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Д.Чимэдцэрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” 13 дугаар захирамж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д.Чимэдцэрэнг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” 15 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох, намайг урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.СУВДМАА