Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/00880

 

 

 

 

 

 

 

                               2023        02          13

                   101/ШШ2023/00880

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “Г” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Г.Т /рд:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,781,171.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч Ч.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч О овогт Г. Т нь тус банктай 2019 оны 11-р сарын 21- ний өдөр Дугаар ,,, тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 7,290,000 /Долоон сая хоёр зуун ерэн мянган / төгрөгийг жилийн 19,2 %-н хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээл олгож зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул зээлдэгч Г овогтой Т /РД:/-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Зээлдэгчийн зээлийн гэрээний дугаар ,,, тоот цалингийн зээлийн гэрээний 2022 оны 11-р сарын 29-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт:

Үндсэн зээл:                                                                          6.240.485.10   төгрөг

Үндсэн хүү:                                                                            2,395,554.17   төгрөг

Нэмэгдүүлсэн хүү                                                                 145,132.50      төгрөг

Талуудын хооронд байгуулсан дугаар ,,, тоот зээл болон барьцааны гэрээний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 8,781,171.77 /Найм сая долоон зуун наян нэгэн мянга нэг зуун далан нэгэн төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж Ганд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан. 7 290 000 төгрөг зээлсэн. Одоо үндсэн зээл 6 240 485.10 төгрөг, хүү 2 395 554.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145 132.50 төгрөг, нийт 8 781 171.77 төгрөг нэхнэ. Хариуцагчийн нийт төлсөн төлбөрийн баримт өгсөн. Хариуцагчид салбараас төлбөр төлөх мэдэгдэл л өгсөн байх, харин нэхэмжлэл биш байх гэв.

 

Хариуцагч Г.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь 2019 оны 11 сарын 21-ны өдөр Гтай зээлийн гэрээ хийж 7,290,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Ажилтай байгаа үедээ зээлээ төлөөд хэвийн явж байсан. Цар тахлын улмаас ажлаасаа халагдаад зээлээ төлөх боломжгүй болсон. Зээлийн төлөлтийг хойшлуулж банканд хүсэлт гаргасан, ажилгүйн улмаас зээлээ төлж чадахгүй удсан. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл гэх 6,240,485 төгрөгийг зээлийн графикийн дагуу сар сараар төлж барагдуулах боломж олгоно уу. Зээлийн хүү гэх 2,395,554 төгрөгийг төлөх боломжгүй. /ямар хугацааны яаж тооцсон хүү гэдгийг мэдэхгүй байна/

Гэрээ байгуулсан. 7 290 000 төгрөг авсан. Буцааж өгөх ёстой. Хүүг зөвшөөрөхгүй байгаа юм. Зээл хойшлуулах талаар эдийн засагчтай уулзсан. Ингээд банкнаас хүн ирж уулзаад шинэ хуваарь гаргана зээлээ төлөхгүй хүлээж бай гэсэн юм. Буцааж өгсөн мөнгөн дүнг мэдэхгүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: хүү тооцооллын хүснэгт /хх5-6/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18ё2-3/5164 дугаар албан тоот /хх7/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 02355 дугаар шийдвэр /хх8-10/, 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн зээл болон барьцааны гэрээний хуулбар /хх11/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх12/, зээл авах хүсэлтийн хуулбар /хх13-14/, Г.Тгийн дансны хуулга /хх29-33/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 8,708,271.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72,899.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 8,781,171.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэх төлбөр 6,240,485.10 төгрөгийг хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэж маргаж байна.

Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр ,,, дугаар, 7,290,000 төгрөгийн үнэ бүхий зээл болон барьцааны гэрээ байгуулсан байна.

Зээлийн гэрээгээр жилд 19.2 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 30 сарын хугацаатайгаар байгуулжээ.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлдэгч нь үндсэн зээл болон гэрээнд заасан бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. /хх16/

 

Хариуцагчийн дансны хуулганаас үзэхэд гэрээ байгуулсан өдөр 7,290,000 төгрөгийн зээл олгогдсон байх боловч мөн өдөр шимтгэл нэрээр 72,900 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. /хх29/

Зээл гэдэг нь мөнгөн хөрөнгийг хариу төлбөртэй, эсхүл төлбөргүйгээр ашиглуулж, хариу төлбөртэй бол хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож авах иргэний эрх зүйн харилцаа юм.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шимтгэлийг банкны дүрэм, стандартын дагуу авсан гэх тайлбараа нотлоогүй. Улмаар зээл олгоход шимтгэлд тооцсон хэмжээний зардал гарсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд зээлийн гэрээний дагуу 7,217,100 /7,290,000-72,900/ төгрөгийн зээл олгогдсон гэж үзнэ.

 

Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 21-ны өдөр дууссан боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дуусах нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул зээлийн гэрээ 3 жил, 1 сар, 12 хоног хэрэгжсэн байна.

Энэ хугацаанд гэрээний дагуу хариуцагчид үүссэн үүргийг тооцвол 1 жилд 1,385,683.20 /7,217,100*19.2%/ төгрөг, 1 сард 115,473.60 /1,385,683.20/12/ төгрөг, 1 хоногт 3,796.39 /1,385,683.20/365/ төгрөг, 12 хоногт 45,556.68 төгрөг, нийт 4,318,079.88 төгрөгийн хүү тооцогдох боловч нэхэмжлэгч нь хүүд 2,395,554.17 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнгээр хүүг тооцох нь зүйтэй.

Цаашлаад гэрээний 3.1.1-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар заасан байх тул үндсэн хүүгийн 20 хувийг тооцвол 479,110.84 төгрөг боловч нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүд 145,132.50 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнгээр тооцно.

 

Дээрхийг нэгтгэн тооцвол хариуцагчид зээлийн гэрээний дагуу нийт 11,032,083.40 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 2,323,811.62 төгрөг төлсөн гэж тайлбарлаж, хариуцагч нь энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 8,708,271.78 төгрөг юм.

 

Хариуцагч нь цар тахал болон ажлаас халагдсан гэх үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзсан боловч энэхүү тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг “шинээр эргэн төлөх хуваарь батлах тул зээлээ төлөхгүй хүлээж бай” гэсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Иймд хариуцагчаас 8,708,271.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72,899.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

            Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч Г.Тгээс зээлийн гэрээний үүрэгт нийт 8,708,271.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72,899.99 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 154,282 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД