| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2022/03862/И |
| Дугаар | 184/ШШ2022/03956 |
| Огноо | 2022-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2022/03956
2022 12 05 184/ШШ2022/03956
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 22 дугаар байрны 56 тоот хаягт оршин суух хаягтай Боржигин овогт Намсрайн Даваасүрэн/РД:УС58041339/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Голден Парк хотхон, 303 байрны 161 тоот хаягт оршин суух Тангад овогт Магваны Хосбаяр/РД-АВ99031311/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Голден Парк хотхон, 303 байрны 161 тоот Шуудай овогт Дамбий Энхтуяа/РД-АВ72070309/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Даваасүрэн, хариуцагч Д.Энхтуяа, хариуцагч нарын өмгөөлөгч С.Цацралтуяа/ШТЭҮД:0490/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов. Хариуцагч М.Хосбаяр өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхтуяа, М.Хосбаяр нар нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөнгөний хэрэгтэй байна гээд 10.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ хийж авсан. Хүүгээ гэрээний дагуу өгч байсан боловч сүүлийн 2 сар өгөхгүй нэхэхээр өгч өдөхгүй шүүхдээ өг гэсэн. Д.Энхтуяа нь 2022 оны 06 дугаар сар өгөх хүүний 1.000.000 төгрөгөөсөө 06 дугаар сарын 16-ны өдөр миний таньдаг н.Эрдэнэчимэгт 500.000 төгрөгийг өгсөн нь үнэн. Түүнээс хойш 6 сарын хүү 500.000 төгрөг, 6 дугаар сарын алданги 750.000 төгрөг, нийт 1.250.000 төгрөг, 7 дугаар сарын хүү 1.500.000 төгрөг, 7 дугаар сарын алданги 2.250.000 төгрөг, нийт 3.750.000 төгрөг гээд нийт хүү, алдангид 5.000.000 төгрөг, үндсэн төлбөрт 10.000.000 төгрөг гээд 15.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. 2021 оны 07 дугаар сарын 02ны өдөр мөнгө байна уу гэх байдлаар Д.Энхтуяа гуйсан. Бие биенээ мэдэх юм чинь гээд зөвшөөрөөд 10. 000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн. Тухайн үед 10 хувийн хүүтэй шүү гэдгийг хэлсэн. 1.500.000 төгрөгийн хүү болон алдангийг нэхэмжилж байна. 7 сарын хүү 1.000.000 төгрөг, 5.000.000 төгрөгийн алданги 750.000 төгрөг, 1.000.000 төгрөгийн алданги 1.500.000 төгрөг болсон. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Хариуцагч талын зүгээс 2022 оны 06 дугаар сарын хүүний 1.000.000 төгрөгөөс н.Эрдэнэчимэгт 500.000 төгрөгийг өгсөн нь үнэн болно. Иймд 06 дугаар сарын хүү 500.000 төгрөг, 07 дугаар сарын хүү 1.000.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг, 06 дугаар сарын алданги 750.000 төгрөг, 07 дугаар сарын алданги 1.500.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөгийн тооцоо гарч байна. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 10.000.000 төгрөг, хүү алдангид 3.750.000 төгрөг, нийт 13.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч М.Хосбаяр, Д.Энхтуяа нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхтуяа, М.Хосбаяр нар нь Н.Даваасүрэн гэх хүнээс 10.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Уг хүний данс руу зээлийн төлбөрт нийт 10.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Анх мөнгө авахдаа сарын хүү 10 хувь гэдгийг нь нийт хүү 10 хувь гэж ойлгосон. Одоо мөнгө нэмж төлөх санхүүгийн чадваргүй болсон. 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000, 2022 он 02 сарын 15-ны өдөр 1.000.000, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 500,000, 2022 оны 04 сарын 10-ны өдөр 400.000, 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 100.000 төгрөгийг Д.Энхтуяагаас Н.Даваасүрэнгийн данс руу шилжүүлсэн байдаг. 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр М.Хосбаярын данснаас 1.000.000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг Д.Энхтуяагийн данснаас шилжүүлсэн байдаг. Өөр бусад руу шилжүүлсэн 1.000.000 төгрөг байдаг. Нийт хүү 10.500.000 төгрөг төлсөн байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн хүү үндсэн зээлийн хэмжээгээс илт давуу байгаа тул хариуцагчид хохиролтой гэж үзэж байна. Зээл авсанд маргаан байхгүй гэдэг ч зээлийн хүү 5 хувь байсан бол нийт 7.187.500 төгрөгийг төлөөд явах боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагаас 7.187.500 төгрөгийг хангаж үлдэгдэл мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл болон 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 0483 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ/хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/, "Хаан банк" ХХК-йн депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хавтаст хэргийн 6-26 дугаар тал, 46-48 дугаар тал/ зэргийг,
Хариуцагч талаас итгэмжлэл/хавтаст хэргийн 33 дугаар тал/, ажлын байр түрээслэх гэрээ/хавтаст хэргийн 60-63 дугаар тал/ зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Н.Даваасүрэн нь хариуцагч Д.Энхтуяа, М.Хосбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 10.000.000 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2021 оны 06 дугаар сарын 500.000 төгрөгийн үлдэгдэл болон 2021 оны 7 дугаар сарын хүүгийн үлдэгдэлд 1.000.000 төгрөг нийт хүүнд 1.500.000 төгрөг, алдангид 2021 оны 06 дугаар сарын 30 хоногийн алданги 0,5 хувиар тооцон 1.500.000/50.000*30/ төгрөгийн, 2021 оны 07 дугаар сарын 30 хоногийн алданги 0,5 хувиар тооцон 750.000/25.000*30/ төгрөг, нийт алдангийн 2.250.000 төгрөгийн хамт 13.750.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж,
Хариуцагч Д.Энхтуяа, М.Хосбаяр нарын зүгээс нэхэмжлэгчид зээлийн гэрээний үүрэгт 10.500.000 төгрөгийг төлсөн, зээлийн хүү хэт өндөр тогтоосон, сарын дундаж хүүг 6 хувиар тооцоход 7.187.500 төгрөгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж маргадаг.
Хариуцагч Д.Энхтуяа, М.Хосбаяр нар нь нэхэмжлэгч Н.Даваасүрэнгээс түүний “Хас банк” ХХК-ийн 5002343455 тоот дансаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5041462440 тоот данс руу 2.000.000 төгрөг, мөн өдөр Н.Даваасүрэнгийн “Хаан банк” ХХК-ийн 5017005404 тоот дансаар мөн 5041462440 тоот данс руу 3.000.000 төгрөг, Б.Бат-Отгоны “Хаан банк” ХХК-ийн 5007226221 тоот дансаар 5109046719 тоот данс руу 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг дамжуулан хүлээн авсан талаар маргаагүй.
Хариуцагч Д.Энхтуяа, М.Хосбаяр нар нь Д.Энхтуяагийн 5109046719 дансаар нэхэмжлэгчийн 5017005404 тоот данс руу 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1.000.000, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000, 2022 он 02 сарын 15-ны өдөр 1.000.000, 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 850.000, мөн сарын 17-ны өдөр 150.000, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 500,000, мөн сарын 10-ны өдөр 400.000, 25-ны өдөр 100.000, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, М.Хосбаярын 5041462440 тоот данснаас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, нийлээд 10.500.000 төгрөгийг төлсөн гэх ба нэхэмжлэгч тал 10.500.000 төгрөг төлөгдсөн талаар маргаагүй.
Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Н.Даваасүрэн болон хариуцагч Д.Энхтуяа, М.Хосбаяр нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 483 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр 10.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, зээлдүүлэгч Н.Даваасүрэн зээлдэгч М.Хосбаярын хаан банкны 5041462440 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцон, зээлдэгч Д.Энхтуяа, М.Хосбаяр нар зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч Н.Даваасүрэнгийн хаан банкны 5017005404 тоот дансанд буцаан төлөхөөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулжээ./ХХ 3 дугаар тал/
Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэхээр байна. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсантай ижил хэмжээний мөнгийг хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан.
Зохигч талууд зээлийн дүн болон хүү шаардах эрхийн талаар марган, хэн аль нь бичгийн нотлох баримт дансны хуулга шүүхэд гаргаж өгсөн байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон хэлцлийг бичгээр хийх, уг шаардлагыг хангаагүй тохиолдолд хүү авах эрхээ алдахаар заажээ. Талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр хийсэн учир нэхэмжлэгч тал хариуцагч нараас зээлийн хүү шаардах эрхтэй.
Хариуцагч нар зээлийг хүүтэй авснаа хүлээн зөвшөөрч, зээлийн хүүнд 10.500.000 төгрөгийг хүлээн авсан гэж нэхэмжлэгч тал зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг зөрчихгүй юм.
Хариуцагч нар нь татгалзлаа үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй хэдий ч зээлийн гэрээний хүүгийн хэмжээг өндөр тогтоосон, Монгол банкнаас нийтэд зарласан хүүгээс өндрөөр тогтоосон нь тэдний эдийн засгийн байдалд хүндрэлтэй хохиролтойгоос гадна зээлсэн мөнгийг 2 бүтэн нугалж төлүүлэх нь зүйд нийцэхгүй тул бууруулж тооцуулахаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар марган татгалзжээ.
Шүүх уг татгалзлыг үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар нэхэмжлэгчид үндсэн зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, 12 сарын хугацааны хүүгийн төлбөрт 12.000.000 төгрөгийн хамт нийт 22.000.000 төгрөгийг төлөх үүрэг хариуцагч талын өмнө үүсэх хэдий ч мөн зүйлийн 282.2 зааснаар хүүгийн хэмжээг зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болохоор заасан тул Монгол банкны нийтэд зарласан бодлогын хүүгээр тооцон үүрэг үүсэх үеийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 6 хувиар дүйцүүлэн бууруулан тооцох үндэслэлтэй гэж үзэв.
Хэдийгээр талууд сарын хүү 10 хувь байхыг хүлээн зөвшөөрсөн боловч зээлдүүлсэн мөнгийг дариу 2,2 дахин ихэсгэн шаардах нь нэхэмжлэгч талд илт хохиролтой гэж үзэхийн сацуу шүүх зээлийн хүүг хариуцагч нар сар сард багтаан төлж байсан байдал, түүнчлэн Ковидын үеийн гоц халдварт цар тахал өвчинтэй холбогдуулан нийтэд илэрхий нийгэм эдийн засгийн хямралаас үүдэн оёдлын ажил ашиг олоход хүндрэлтэй, түрээсийн төлбөрөө ч төлөх чадваргүй байгаа гэх байдал, тайлбар зэргийг нь харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс шүүх үндсэн зээлийн 10.000.000 төгрөгийн 60 хувиар хүүг багасган тооцоолж, 6.000.000 төгрөгийн хүүг шаардах эрхтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, хүүгийн үлдэгдэлд 6.000.000 төгрөгийг шаардах эрхтэйгээс, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн гэх 10.500.000 төгрөгийг хасан тооцоод 5.500.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Н.Даваасүрэн зээлийн үндсэн төлбөрөөс гадна зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д заасан үндэслэлээр зээлийн гэрээний үндсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөхөөр тохиролцоонд үндэслэн алдангид 2.250.000 төгрөг нэхэмжилснийг талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар алданги төлөхөөр бичгээр тохиролцсон байх тул шаардах эрхтэй.
Шүүх алдангийг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5.500.000 төгрөгөөс хоног тутамд 0,5 хувиар тооцоход 1 хоногийн алданги 27.500 төгрөгийн тооцооллыг нэхэмжилсэн 30 хоногийн хугацаагаар тооцон 825.000/27.500*30/ төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Энхтуяа, М.Хосбаяр нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.325.000/5.500.000+825.000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.425.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч Н.Даваасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхтуяа, М.Хосбаяр нараас 116.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Даваасүрэнд олгов.
Хариуцагч М.Хосбаяр өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тус иргэний хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Энхтуяа, М.Хосбаяр нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.325.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Даваасүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.425.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Даваасүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхтуяа, М.Хосбаяр нараас 116.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Даваасүрэнд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРМАА