Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

2025           09          01                                                          2025/ШЦТ/76

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, * овгийн *д холбогдох эрүүгийн  * дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19* оны * дугаар сарын *-ны өдөр * аймгийн *суманд төрсөн, эрэгтэй, * настай, дээд боловсролтой, театр, телевизийн мэргэжилтэн мэргэжилтэй, * дарга ажилтай, ам бүл * хамт * тоотод оршин суух хаягтай, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй, 2023 оны 03 сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын шүүхийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн * овгийн * /РД: */.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч * нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч * нь 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 06 цагийн үед Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *г бусадтай хардсаны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж зодон улмаар биед нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

 

1. 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хохирогч *гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 13-ны өдөр * баяр наадам болоод манай нөхөр орой 21 цагийн орчимд гэртээ ирээд байж байсан чинь араас нь уяачдын холбооны хүмүүс дуудаад байхаар нь би цуг явъя гээд нөхөртөйгөө цуг тус сумын 2 дугаар багийн нутаг * гэх газар луу явсан. Тэгээд тэнд очсон чинь тус сумын уяачдын холбооныхон тойроод суучихсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд тэнд манай нөхөр ч цуг сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд манай нөхөр шөнийн 03 цаг өнгөрч байхад машиндаа орж ирж унтаад өгсөн. Тэгээд би хэсэг хүлээж байгаад нөхрийгөө сэрэхгүй болохоор нь хамаатныхаа хүргэн ах болох * луу утсаар залгаад ахаа та намайг * ирээд авчих замаараа гэрээс ороод *гийн мотоциклийг аваад хүрээд ирээч гэсэн чинь удалгүй намайг ирж аваад гэрийн гадаа буулгаад *гийн мотоциклийг гэрийн ард байршуулж үлдээгээд өөрөө гэр лүү гээ алхаад явсан. Тэгээд би гэртээ ороод хэсэг унтаж байсан чинь манай нөхөр * нь над руу залгаад намайг хаана байгаа юм гэхээр нь би гэртээ ирчихсэн байна гэсэн чинь намайг нохой шиг хаяаад явлаа гэснээ удалгүй гэртээ орж ирээд намайг манай хүргэн ах *тай хардаад та хоёр ийм байхгүй би мэднэ гэх зэргээр намайг хэл амаар доромжилж байгаад миний үснээс зулгааж аваад 2-3 удаа толгой хэсгээр минь хана руу мөргүүлээд баруун хөлний гуя хэсэг рүү 5-6 удаа өмсөж байсан хромон гутлаараа өшиглөж байгаад хоолойноос боогоод мөгөөрсөн хоолойноос маань гараараа базаж дээшээ өргөж миний бие эрх чөлөөнд халдсан. Мөн үснээс зулгаагаад хана мөргүүлэхэд би нүүрээрээ хана мөргөж миний нүүр хэсэг бас хавдаж хөхөрсөн..., Миний баруун хөлний гуя хэсэгт буюу 3-4 газар том хэмжээний хөхрөлтөй маш их хөндүүртэй алхахад хэцүү, мөн зүүн хөлний шилбэ хэсэг зулгарч хөхөрч хавдсан, хоолойноос багалзуурдаж боох үед хоолой улааж хавдаж хөхөрсөн, мөн үснээс зулгааж хана руу мөргүүлэх үед нүүрээрээ хана мөргөсний улмаас нүүр хэсэг хавдаж хөхөрсөн, мөн толгойтой үснээс маань маш их хэмжээний үс унасан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8-р хуудас)

 

2. 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гэрч * мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх *гийн ээж болох *гийнхтай гэр ойрхон байдаг. Тэгээд өглөө босоод байж байтал цагдаагийн машин эгчийн хашааны гадаа байж байсан. Тэгээд би яваад ортол * нөхөртөө зодуулсан гээд байж байсан. Тэгээд *2 цагдаа мэдүүлэг аваад байж байсан. Дуусангуутаа та *г аваад Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтэлд үзүүлээд ир гээд би аваад явсан. Анх харахад дүү * нь хоолой хэсэг нь хөндүүртэй юм залгиж болохгүй байна. Гаднаас нь харахад түнх нь улайлттай байсан. Нүүр, нүд хөхөрсөн, зарим хэсгээр товойж хавдсан байсан. Баруун хөлийнх нь зузаан гуя хавьцаа хөхөрсөн байдалтай байсан.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-р хуудас)

 

3. 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрч * мөрдөн байцаалтад өгсөн: “...Үүрээр би 7 цагт ажилтай байсан. 5 цагт сэрчхээд байж байтал * манай эхнэрийн дугаар луу * залгасан тэгээд намайг ахаа ирээд авчих аа би * дээр байна гэсэн. Тэгээд ах нь унах унаагүй ээ би яаж очих юм бэ гэсэн. Тэгсэн манай гэрийн цоожийг татахаар онгойдог. Аажуухан ороорой 2 хүүхэд унтаж байгаа. Тэгээд ягаан оосортой мотоциклийн түлхүүр байгаа тэрийг аваад мотоцикл асаагаад хүрээд ирээ намайг авчих гэсэн. Тэгээд би очиж явтал өөдөөс алхаад ирж байсан. *r яасан бэ? Гэтэл * тасраад унасан. Машиндаа унтаж байна. Араас сэрээд ирнэ биз гэсэн. Тэгээд би гэрийнх нь гадаа буулгаад мотоциклийн түлхүүрийг нь өгөөд тэгээд би харьсан..... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-р хуудас)

 

4. 2025 оны 07 дугаар сарын 14-ний гэмт хэргийн хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2-р хуудас),

5. 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн түргэн тусламжийн хуудас (хавтаст хэргийн 9-р хуудас),

6. 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хохирогч *гийн үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 10-р хуудас),

7. 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хохирогч *гийн үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 11-р хуудас),

8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 12-14-р хуудас),

9. 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Согтуурал хэмжсэн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-16-р хуудас),

10. Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 675 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

-*-н биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун гуя, дух, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-58-р хуудас)

11. 2025 оны 08 дугаар сарын 07-ний Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 65-68-р хуудас)

12. 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр яллагдагч *аас мэдүүлэг авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 70-р хуудас)

13. 2025 оны 08 дугаар сарын 11-ны өдөр Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 17-19-р хуудас)

14. Хохирогч *гийн прокурорын газарт гаргасан “...* би нөхөр * бид 2 эвлэрч, миний нөхөр өөрийн биеэр надаас уучлалт гуйж, өөрийн гэртээ амьдарч байгаа. Миний бие өвдөж хавдсан зүйлгүй эмнэлэгт үзүүлэх зардлыг бүрэн даасан, надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол болно. Манай нөхөр тухайн хэрэг болсон өдрөөс хойш архи дарс амсахгүй байгаа тийм учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 71-р хуудас)

15. Шүүгдэгчийн прокурорын газарт гаргасан “...* овогтой * би өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Би хийсэн гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, өөрийн эхнэр *гаас уучлалт гуйж учир зүйгээ олж бид хоорондоо эвлэрсэн байгаа. Миний бие нь цаашид эхнэр болон гэр бүлийнхээ амгалан тайван байдал алдагдуулахгүй, гэр бүлийн хүчирхийлэл үзүүлэхгүй гэдгийг амлаж, дахин ийм зүйл гаргахгүй байж чадна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 77-р хуудас),

16. 2025 оны 08 дугаар сарын 25-ны Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний санал (хавтаст хэргийн 78-81-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамааралтай гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Прокурорын газраас шүүгдэгч * нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие чөлөөнд нь халдаж, улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж уг гэмт хэргийн үйлдлийн шинжүүдийг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун гуя, дух, хүзүүнд цус хуралт гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хохирогчийн хоолойг боох, нүүр хэсэгрүү нь цохих, хөлрүү нь цохих, толгойгоор нь хана мөргүүлэх, үснээс нь зулгаах зэрэг үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчид учирсан хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч * нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч * нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч *д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 79-81-р хуудас),

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.

 

 Энэ хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг барагдуулсан  хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт гаргасан нь шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй үзэх үндэслэлтэй. /хавтаст хэргийн 71-р хуудас/,

Прокуророос *д оногдуулсан 1,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлүүлэхээр санал гаргаж ирүүлсэн байх ба Шүүхий шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хуулийн хугацаанд хамаарч байх тул шүүхээс шүүгдэгч *д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *ыг прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч * овгийн *ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч *д оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногийн хорих ялаар тооцож солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН