2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч М.Сэлэнгэ,

хохирогч Ц.,

иргэний нэхэмжлэгч Ж. /цахимаар/

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2507002380134 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                         

Монгол Улсын иргэн, ******* оны *******-ны өдөр *******, *******, *******, *******, , , , , , , оршин суух бүртгэлтэй боловч , , од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  

******* овогт *******ын ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүргийн , Их амын 5а гудамжны 20 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Ц.ийг айлгаж явуулах зорилгоор тоосго шидэж биед нь баруун чамархайн цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, дагзны хуйханд шарх, дагз, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүйгээр, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэртээ байж байгаад гэрээсээ гараад хэдэн найз нартайгаа уулзаж ажлын талаар ярих гээд очсон. Намайг очиход манай найзууд архи уугаад сууж байсан. Тэндээс нь би 1-2 удаа татчихаад буцаад гэр лүүгээ явсан. Гэртээ ороход “хоёулаа дэлгүүр ороод хүнс аваад ирье” гэж хэлсэн. Дэлгүүр явж байх замдаа гурван найзтайгаа таарсан. Тэгээд нэг шил архи хувааж уучхаад та нар манайд очоод байж бай би дэлгүүр ороод ирье гэж хэлээд явсан. Тэгээд дэлгүүр орж хүнс болон нэг шил архи аваад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд манай гурван найз ирчихсэн хашаан дотор байж байсан. Гэр лүү оръё гэж хэлэхэд жоохон хүүхдийн дэргэд архи уухгүй, гадаа ууцгаая гэж хэлсэн. Хашаан дотор ууж байсан чинь Ц. эгч хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй архинаасаа нэг татуулчих гэж хэлсэн. Нэг хундага архи хийж өгөөд одоо явчих гэж хэлсэн чинь явахгүй байгаад байсан. Тэгэхээр нь сууж байсан  газраасаа тоосгоо аваад шидсэн. Цохъё гэж бодоогүй. Айлгая гэж бодоод шидсэн. Тэгээд би гэртээ ороод унтаад өгсөн. Хэдэн цагийн дараа тамхи татах гээд сэрсэн боловч тамхи байхгүй байсан тул тэйгээ хамт дэлгүүр орж тамхи авсан. Дэлгүүр орчхоод гэр лүүгээ буцаад явж байхад Ц. эгчийг олж харсан. Газар хурхираад хэвтэж байхаар нь эхлээд цагдаа дуудаад дараа нь эмнэлэг дуудсан” гэв.

 

   Хохирогч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ийг нь таньдаг болохоор гэрт нь очсон. Очих үед нөхөр нь найзуудтайгаа уугаад сууж байсан. Эхнэртэй нь юм яриад байж байсан чинь намайг харь гэж хэлсэн. Гэрээс нь гараад явж байхдаа нөхөр дээр нь очоод эгчдээ ганц татуулчих гэж хэлсэн нь үнэн. Тэгээд намайг яв гээд байхаар нь би явахгүй байгаад байсан нь үнэн. Түүнд уурласан юм шиг байна лээ. Тэрнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Утсаар ярьж байснаа л санадаг. Намайг хэвтэж байхыг хараад өөрөө цагдаа, эмнэлэг дуудаж өгсөнд нь баярлаж байгаа. Өөр хүн байсан бол хэн цохисныг нь ч мэдэхгүй гэх байх. Одоо эрүүл мэндийн байдал хэвийн байгаа. Эмнэлгээс гарах үед мэдрэлийн эмчид үзүүл гэж хэлсэн. Үзүүлэхэд эмчилгээ бичиж өгсөн. Тэр эмийг шүүгдэгч надад авч өгсөн. Эмчилгээгээ хийлгэсний дараа 2 удаа мэдрэлийн эмчид үзүүлээд тэрнээс хойш үзүүлээгүй байгаа. Хот явж үзүүлээрэй гэсэн боловч үзүүлээгүй” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ж. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ц. нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр түргэн тусламжаар эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн. Их тархины баруун талын хальсан дээрх цусан хураа гэсэн оношоор хүргэгдсэн. Тэгээд яаралтай тусламжийн үйлчилгээ аваад тэр өдрөө эрчимт эмчилгээний тасагт орсон. Яагаад гэвэл өвчтөн нь тухайн үед ухаангүй байсан. Амьсгалын аппаратад орсон тул эрчимт эмчилгээний тасагт 3,744,468 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Эрчимт эмчилгээний тасагт орохоос өмнө шууд хагалгаанд орсон. Тархины цусан хураагуур шимэгдүүлэх, гавал ясыг нээх ажилбарууд тус тус орсон. Үүний дараа бие нь сайжирч 04 дүгээр сарын 21-ний өдөр мэс заслынхаа тасаг руу шилжиж эмчилгээ хийлгэсэн. Уг зардал нь 4,532,296 төгрөг. Энэ зардлыг гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээд төлөх ёстой учир манай талаас нэхэмжлэгчээр оролцсон. Нийт зардлын хэмжээ 8,392,432 төгрөг болсон” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Д.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Налайх дүүргийн , Их амын 5а гудамжны 20 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хохирогч Ц.ийг айлгаж явуулах зорилгоор тоосго шидэж биед нь баруун чамархайн цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, дагзны хуйханд шарх, дагз, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

  • 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-12 дахь тал),

 

  • Хохирогч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ц.гийн гэрт очихдоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи ууж байгаад бөөндөө маргалдсан зүйл байхгүй ээ. Бид нар гадаа сууж байгаад архи ууж байтал нэг нь намайг зайл гэж орилоод байсан. Би тэрний царайг харвал танина. Тэгээд би хашаанаас гарах гэтэл араас хүнд юм цохисон. Би гарч зугтаагаад ухаан алдсан. Тэрнээс цаашаа санахгүй байна. Тэгээд би сэрэхэд хагалгаанд орсон шүү гээд хүү маань хажууд сууж байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Д.******* болон түүний Ц. нар эргэж ирэхэд нь би мэдсэн. ...Надад учруулсан хохирлоос Д.******* 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн, одоо би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хохирлын баримт материал юу ч байхгүй ойролцоогоор 2,000,000 төгрөг болсон байх. Д.******* хохирлыг бүрэн барагдуулсан. Би Д.*******ийн гэрт нь архи уухаар очсон, тэгэхэд Д.******* хоёр найзтайгаа хашааныхаа тэнд согтуу байсан, намайг хөөсөн би явахгүй суугаад байсан, тэгсэн чинь тоосго шидээд миний толгойг оносон, тэгээд би юу болсныг санахгүй байгаа юм. Д.******* надад гэмтэл учруулсан би сайн санаж байна. Би толгой руугаа тоосгоор цохиулахаас өмнөх болсон асуудлыг бүгдийг нь санаж байна. Д.******* намайг хөөгөөд тоосго шидэж толгойд гэмтэл учруулсан, тэгээд би ухаан алдсан юу болсныг санахгүй байна. Миний санаж байгаагаар Д.******* тэйгээ, хоёр найзтайгаа байсан. ...Би тэр үед хэнтэй ч маргалдаагүй хэрүүл маргаан хийгээгүй харин Д.******* л намайг хөөгөөд байсан. Би архаг хууч өвчингүй, унаж татаж байгаагүй, эмч эмнэлгийн хяналтад байдаггүй. Одоо харин энэ хэргийн улмаас эмчилгээ хийлгэж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15, 197-198 дахь тал),

 

  • Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд хүүхэд байгаа юм чинь гэрт чинь архи уухгүй гадаа гарч хашаан дотор чинь суугаад ууя гэсэн. Тэгээд гараад хашааны үүдэнд тоосгон дээр суугаад , танихгүй хоёр залуу, манай нөхөр болох Д.******* нар архи уусан. Тэгээд гаднаас Ц. орж ирээд надаа ганц хийгээд өгөөч гээд орилоод байхаар нь манай нөхөр Д.******* “ эгч хүрээд ирлээ” гэхэд нь би мөрөөр нь явуулчихаа гэж хэлсэн. эгч явахгүй ахиад архи нэхээд байхаар нь манай нөхөр Д.******* айлгах гэж нь тоосго аваад шидсэн чинь толгой руу оносон гэж надад хэлсэн. Удалгүй Д.******* түргэн дуудсан чинь түргэний эмч цагдаатайгаа хамт ирсэн. Би 200 грамм архи ганцаараа уусан, өөр нэмж уугаагүй. Манай нөхрийн найзууд 750 граммын ногоон экс нэртэй архи уусан. эгч шал согтуу ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн НАЛ0725/193 дугаартай “...Ц.ийн биед баруун чамархайн цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, дагзны хуйханд шарх, дагз, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, гуя, хүзүүнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-34 дэх тал),

 

  • Хохирогч Ц.ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 35-39 дэх тал),

 

  • Хохирогч Ц.ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчиний түүх, бусад эмнэлгийн баримтууд (хавтаст хэргийн 62-164 дэх тал),

 

  • Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тэйгээ хамт дэлгүүр явах замдаа , , нартай таарсан. Тэгээд би манай гэр лүү явж байгаарай гэж хэлээд тэйгээ хамт дэлгүүр ороод нэг шил архи аваад гэртээ очсон. Бид нар Ц. эгчийг та явчхаач гэж хэлэхэд явахгүй архи гуйгаад байхаар нь би хашааны үүд хэсэгт байсан тоосгоноос тал тоосго аваад Ц. эгч рүү айлгах зорилгоор шидсэн чинь толгой хэсэгт нь оносон байсан. Тэгээд Ц. нь гараад гүйгээд явсан. Тэгээд архиа ууж дуусаад гэртээ ороод 3 цаг гаран унтаад сэрээд тэйгээ хамт дэлгүүр орж хоол хүнс авах гээд явсан. Дэлгүүрээс гараад гэртээ ирэхэд манай хашааны баруун талд Ц. эгч хэвтэж байхаар нь би эмнэлэг, цагдаа хоёр дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 169-170 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ц.ийн эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Мөн шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ архи нэхэж, хамт архи уух гэлээ гэх шалтгааны улмаас хохирогч Ц.ийг хөөж, айлгах зорилгоор түүн рүү тоосго авч шидсэний улмаас түүний толгой хэсгийг нь онож биед нь баруун чамархайн цөмөрсөн хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, дагзны хуйханд шарх, дагз, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ийн биед хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.*******ийн зүгээс хохирогчийн эмчилгээ хийлгэхтэй холбогдуулан гарсан зардлыг тухай бүр төлж байсан, мөн хохиролд 2,000,000 төгрөг өгсөн болох нь талуудын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.

 

            Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0825/1742 дугаартай дүгнэлтээр “Ц.ийн сэтгэцэд сульдлын хам шинж зонхилсон сэтгэц органик хам шинж илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар “Гуравдугаар зэрэглэл ...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг олгоно” гэж тогтоосны дагуу хохирогч Ц.ийн эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан, тархины хагалгаанд орсон, дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай, 50 настай, гэмт хэрэг гарахад хохирогчийн архи нэхэж уусан, архины хамааралтай байдал нөлөөлсөн, шүүгдэгчийн төлбөрийн чадвар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (792,000х13=12,296,000 төг) буюу 12,296,000 төгрөгөөр тогтоож нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.******* нь хохирогч Ц.т шаардлагатай эм тариа зэргийг авч өгсөн байхаас гадна хохиролд 2,000,000 төгрөг төлсөн байх тул 12,296,000 төгрөгөөс хохирогчид төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж, 8,296,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч Д.*******ээс гаруулж, хохирогч Ц.т олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Ц. нь энэ гэмт хэргийн улмаас буюу 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш эмнэлгийн яаралтай тусламж, мэс засал, эрчимт эмчилгээ, хэвтэн эмчлүүлэх, амбулаторийн үзлэг зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 8,392,432 төгрөгийг зарцуулсан байх тул гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Д.*******ээс 8,392,432 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах” хүсэлт гаргаагүй болохыг дурдав.

 

Түүнчлэн хохирогч Ц. нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.*******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март “шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өөрийгөө илчилсэн, цагдаа, эмнэлэг дуудаж хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, эмчилгээ хийлгэхтэй холбогдуулан гарсан зардлыг тухай бүр төлж байсан, хохиролд 2,000,000 төгрөг өгсөн, нэг нүд сохор өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 50% тогтоогдсон, 10 гаруй жил нэг байгууллагадаа тогтвортой ажиллаж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан хохирогч тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Д.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдэж байгаагүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

   Шүүх шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ахуйн хүрээнд архидан согтуурч байхдаа тоосго шидэн бусдын биед халдаж гэмтэл учруулсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хохирол төлбөрийг өөрийн зүгээс санаачлан төлсөн байдал), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой, ар гэрийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

 Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ээс 8,296,000 (найман сая хоёр зуун ерэн зургаан мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.т олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.*******аас 8,392,432 (найман сая гурван зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц. нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол буюу цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.*******ээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНХЖАРГАЛ