| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2022/05454/И |
| Дугаар | 184/ШШ2022/03987 |
| Огноо | 2022-12-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2022/03987
2022 12 06 184/ШШ2022/03987
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол-2, өөрийн байранд оршин байх “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв/РД:2646161/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 25-р хороо, Хайрханы 2 дугаар гудамж 40 тоот хаягт оршин суух Боржигон овогт Алтансүхийн Мөнхбаатар/РД:НД84111977/-т холбогдох
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 624,180 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Даваа-Эрдэнэ, хариуцагч А.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ”Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Даваа-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2100402 бүртгэлийн дугаартай хэрэглэгч А.Мөнхбаатар нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2019 онд 372,106 төгрөг, 2020 онд 117,138 төгрөг, 2022 онд 132,936 төгрөг, нийт 624,180 төгрөгийг төлөөгүй Монгол улсын "Эрчим хүчний тухай хууль"-ийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.9-т заасныг биелүүлэлгүй байгууллагыг хохироож байна. Тус хэрэглэгчид үйлчлэх төвөөс эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээж Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дүгээр заалтыг үндэслэн шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.1.3-т заасан эрхийн дагуу шүүхэд шилжүүлж байна. Иймд Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2100402 бүртгэлийн дугаартай хэрэглэгч А.Мөнхбаатараас цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрт 624.180 төгрөгийг гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Мөнхбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Мөнхбаатар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамжны 40 тоот хаягт эхнэр хүүхдийн хамт ам бүл 5 амьдардаг. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөх боломжгүй байгаа. Үүнд зөвхөн 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн үүссэн маргаанаас болж дээрх 624.180 төгрөг хуримтлагдаж бий болж байгаа болно. Учир юу гэхээр тухайн хаяг дээр манай гэр бүл 2019 оны 07, 08 дугаар сард 8х8=64 м.кв хэмжээтэй өвлийн зориулалттай сууц барьж түүнийгээ яндан зуух хэрэглэхгүй 100 хувь цахилгаанаар халаахаар шийдэж 3,6 м.кв цахилгаан орос брэндийн зуух тавьсан. 09 дүгээр сард дулаан байсан учир халаалт өгөлгүй 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд өвлийн бэлтгэл хангах зорилгоор Сангай 3,6 м.кв орос зуухыг усны 60-70 градуст бариулж ажиллуулахад тухайн сард тогны тасралт байхгүй хэвийн, тогны хүчдэлийн түвшин хэвийн 220-210в байж тогны мөнгө 10 дугаар сард хөнгөлөлтгүй 295.000 төгрөг гарсныг бүрэн төлсөн. 11 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл тогны тасралт маш их, тогны хүчдэл маш муу өглөөд 220в байхаас 194-196в, оройд 169в-176в зааж цахилгаан паар халахгүй маш хүнд болсон. 7004-7004 утас руу залгах бүрд миний хэлсэн ярьсан бүх зүйл архивлагдаж үлддэг юм билээ. 10 дугаар сард хөнгөлөлтгүй 295.000 төгрөг гарсан, бүрэн төлсөн. 11 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл тогны тасралт маш их, тогны хүчдэл маш муу цахилгааны төлбөр хөнгөлөлт хийгдээд 391.418 төгрөг гарсан. 7004-7004 утас руу мэдээлсээр байсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд өөрийн биеэр очиж өргөдөл бичиж өгч байсан. Тогны хүчдэл маш муу болоход цахилгаан зуух халахгүй гэрийн температур +10-15+ градус байдаг болсон. Тэсгэм өвлийн хүйтэнд +10-15+ градус гэдэг хүйтэнд орно. Өрхийн гишүүдэд маш хүнд байсан. Өрхийн гишүүн болох нялх үрээ 14 хоног Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд ханиад хүндэрсэн гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үеийн бүх зүйлсийг 7004-7004 утас руу залгаж гомдол саналаа танилцуулж байсан. Арга буюу 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрүүдэд цахилгаан зуухыг зогсоож галладаг зуух тавьсан. Зарим үед газ халаагуур давхар хэрэглэдэг байсан. Анхнаасаа яндан зуух тавиагүй учир хана тааз эвдэж яндан зуух худалдаж авах, нэмэлтээр халаагуур худалдаж авах зэргээр эдийн засгийн хувьд хүндхэн болсон. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ болон хэрэглэгчдэд үйлчлэх төв гэх газраас 2 инженер 88097480, 88099569 гэх дугаартай хүмүүс ирж тухайн үеийн нөхцөл байдлыг гэрт орж нүдээр харж үзсэн атлаа тууштай арга хэмжээ авч чадаагүй. Тэр бүү хэл танайх цахилгааны утсаа ачаалал даах улам сайн утас аваад солиулж нэг үзэх хэрэгтэй гэж хэлсэн. 100 айлаас 50 метр утас хүртэл авсан. Утсаа солиулах гэтэл утас мөн сольж тавиагүй утсандаа биш байна, цаанаасаа өгөгдөл муу учраас солих шаардлагагүй юм байна гээд солиогүй. Би тухайн саруудад маш бухимдалтай байсан. Тайван ч ажил төрлөө хийж чадахгүй, байнга ар гэр рүүгээ санаа зовж ажлаа хүртэл орхиод хэл ам дагуулдаг байсан. Ингэж явсаар 12 сарын цахилгааны төлбөр гарлаа. 12 сарын тогны төлбөр 464.090 төгрөг буюу өдөр шөнө хэрэглээ 3.691кв цаг гарав. Паар бүрэн салгасан байсан. Үүн дээр 11 дүгээр сарын 391.418 төгрөгийн 50 хувийг нэмж үлдэгдэл 159.092 төгрөгийг нэмж 2 дугаар сард нийт төлбөр зохих 572.911 төгрөг болов. Ингээд 7004-7004 утас руу залган манайх эрчим хүчрээ бүрэн өгөгдлөөр авч чадахгүй тог муугаас үүдэн бид галладаг зуух, газын халаагуур тавьж эдийн засаг, эд материалаараа хохирч байгаа бөгөөд тогны мөнгө хэт их гарсанд бухимдаж байна. Тогны хүчдэл үнэхээр хэвийн байсан бол бид төлбөрөө сэтгэл хангалуун төлөх байсан гээд 12 сарын төлбөрийн 50 хувь буюу 232.000 төгрөгийг төлсөн. Ингээд өргөдлөө 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ид өргөдөл бичиж өгсөн. Өргөдөлдөө тогны хүчдэл, тасралт, тоолуур шалгуулах зэргийг бичиж өгсөн. Өргөдөл өгснөөс хойш өргөдлийн хариуг хүлээсээр байсан. Шийдтэй хариу өгөлгүй удсаар байсан. Тогны тасралт л сард байхгүй, тогны хүчдэл муу хэвээр байсан. 11 дүгээр сарын үлдэгдэл 12 сарын үлдэгдлийг Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн өр барагдуулах мэргэжилтэн гэх 88081836 гэх дугаартай хүн нэхсээр байсан. Би учрыг нь тайлбарлаж хэлж, өргөдлийн хариугаа шаардсан. Намайг төлбөрөө төлөхгүй удах тусам алданги тооцно гэж хэлсэн. Миний зүгээс өргөдлийн хариугаа нэхэж, тоолуур шалгуулах хүсэлт удаа дараа тавьсан. Ингээд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тоолуур салгаж авч явсан. Авч явахдаа 7-14 хоног болоод эргэж тавьсан. Лабораториор өгч шалгуулдаг та тоолуурын заалт болон номер дугаарыг бичиж авч болно, тоолуурын лацны тагийг та аваа үлд гээд 2066508 гэсэн бичээстэй гар бичмэлтэй саарал тагийг авч өгөөд тоолуурыг авч явсан. Тухайн тоолуурын номер дугаар 1411002709 гэсэн байсан. Ингээд 14 хоноод тоолуураа нэхэхэд болоогүй байна гэсэн хариу өгсөөр байсан. Ингээд тоолуур сураггүй алга болсон. Өргөдөл гомдлын хариу тоолуур зэргийг өгөөгүй байж өр барагдуулах албаны хүн байна гээд 88081836 дугаарын утаснаас залгаад 11, 12 дугаар сарын алданги тооцно, цаашлаад тог хязгаарлана өрөө төл гэж мэдэгдсэн. Би тоолуур болон өргөдлийнхөө хариуг нэхсээр л байсан. Миний бие 11, 12 дугаар сарын төлбөрөө өгөөгүй бусад төлбөрөө төлөөд явж байсан. Ингэж явсаар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тоолуур авч ирж тавихаар болж Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн монтёр н.Баттулга гэх 94363902 дугаартай хүн тоолуурын №1109360053 гэсэн тоолуур авч ирж тавьсан. Урьд авч явсан №1411002709 дугаартай тоолуурыг сольж авч ирж тавьсан учрыг асуухад тодорхой хариу өгөөгүй. Би мэдэхгүй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас асуу гэхээр нь асуухад манайд хамаагүй танайх Хэрэглэгчдэд үйлчлэх төвд харьяалагдана гээд толгой эргэсэн зүйл болгож орхисон. Тоолуур яагаад солигдсон талаар өнөөдрийг хүртэл хэн ч хариу өгөөгүй. Мөн 2019 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд өгч байсан өргөдөл, 2019 оны 12 дугаар сард Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ид өгч байсан өргөдлийн хариуг одоог хүртэл өгөөгүй байна. Иймд цахилгааны төлбөр гэх 624.180 төгрөгийг миний бие төлж чадахгүй гэдгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК болон Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд зураг болон бичгээр мэдэгдэж байсан гэв.
Зохигч талуудаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл/хавтаст хэргийн 3 дугаар тал/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хавтаст хэргийн 4 дүгээр тал/, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар/хавтаст хэргийн 5-8 дугаар тал/, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан/хавтаст хэргийн 9-14 дүгээр тал/, “УБЦТС” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 6/45 дугаартай тушаалын хуулбар/хавтаст хэргийн 53 дугаар тал/ зэргийг,
Хариуцагчаас: Хариу тайлбар/хавтаст хэргийн 26-31 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт/хавтаст хэргийн 33-35 дугаар тал/, УБЦТС-д гаргасан өргөдлийн хуулбар/36-41 дүгээр тал/ зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ”Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч А.Мөнхбаатарт холбогдуулан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 624.180 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч А.Мөнхбаатар ... цахилгааны тоолуур солигдсон, 2019 оны 11 дүгээр сард “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв өгч байсан өргөдөл болон 2019 оны 12 дугаар сард “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд өгч байсан өргөдлийн хариуг одоог хүртэл өгөөгүй байгаа, цахилгааны хүчдэл бага талаар гаргасан гомдлыг шийдвэрлэж өгч байгаагүй тул цахилгааны төлбөр гэх 624.180 төгрөгийг төлөх үндэслэлгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаар маргадаг.
Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Зохигчдын тайлбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэргээс А.Мөнхбаатар нь нэхэмжлэлд дурдсан Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Хайрханы 2 дугаар гудамж 40 тоот хаягт оршин суудаг, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч, мөн нэхэмжлэгчтэй 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээг өөрийн нэр дээр байгуулсан, хэрэглэгчийн дансанд түүний нэрээр бүртгэгдсэн нь нотлогдож байна байна.
Талуудын хооронд байгуулсан хэрэглэгчийн 2066508 кодтой, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр болох 624.179.59 төгрөгийг төлөөгүй тул цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага уг төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсаны эцэст шүүхэд ханджээ.
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дах хэсэгт зааснаар хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч А.Мөнхбаатар нь хууль буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан гэх баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна./хавтаст хэргийн 9-14 дүгээр тал/.
Иймд хариуцагчаас 624.180 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д төлөх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, ковидын үеийн нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн эрчим хүчний хангамж хэрэглээний төлбөрийг нэхэмжилж, хугацаа хэтрүүлсэнтэй холбогдуулан хуулиар тогтоосон алданги төлөх үүргээс чөлөөлөн шаардсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, талуудын хооронд байгуулагдсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.9 дэх хэсэгт зааснаар цахилгаан эрчим хүч нийлүүлсний үнийг гаргуулах үндэслэлтэй тул хариуцагч А.Мөнхбаатараас цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 624.180 төгрөг гаргуулан ”Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож шийдвэрлэв.
Хариуцагч А.Мөнхбаатараас цахилгааны тоолуур солигдсон, 2019 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвд өгч байсан өргөдөл болон 2019 оны 12 дугаар сард УБЦТС-д өгч байсан өргөдлийн хариуг одоог хүртэл өгөөгүй байгаа тул цахилгааны төлбөр буюу хэрэглэсэн, ашигласан хугацааны 624.180 төгрөгийг төлөх боломжгүй гэх тайлбар татгалзал үндэслэлгүй бөгөөд энэхүү бараа үйлчилгээг хүлээн авсан байна.
Иймээс нэхэмжлэгч байгууллагад гаргаж байсан өргөдлийн хариуг аваагүй нь цахилгаан эрчим хүч ашигласан хугацааны төлбөр төлөхгүй байх үндэслэл, төлбөр төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул түүний татгалзлыг хангах үндэслэлгүй байна.
Харин тог, эрчим хүчний байгууллагад бараа үйлчилгээний чанар, хэмжих багажтай холбоотой болон хүчин чадлыг дээшлүүлэх тараар тус байгууллагад өргөдөл гомдол гарган шийдвэрлүүлэхэд уг шүүхийн шийдвэр саад болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Мөнхбаатараас19,765 төгрөг гаргуулан ”Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Мөнхбаатараас цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүргийн гүйцэтгэлд 624.180 төгрөг гаргуулан ”Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч А.Мөнхбаатараас 19.765 төгрөг гаргуулан ”Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА