МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Г.Ганбагана,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч И.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507004220220 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, , , хамт дүүрэг, хороо, од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
******* овогт *******ын ******* /PД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.******* нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 0 сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан “” хөгжмийн арга хэмжээний машины зогсоол дээр А.г машин хааж тавилаа гэж түүний эзэмшлийн улсын дугаартай Лексус HS-250 загварын автомашины урд салхины шил, урд, хойд улсын дугаар тогтоогч зэргийг хууль бусаар гэмтээж, 730,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч А.гийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 5 дахь тал),
- Хохирогч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 0 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө “”-д оролцож байтал гэсэн дугаараас шөнө 01 цаг 24 минутад дуудлага ирсэн, машинаа гаргах гэсэн юм гээд залгасан. Би тухайн үед машиныг нь өөрийн машинаараа хааж тавьсан байсан ба би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор эгчийгээ яваад машин холдуулчих гэсэн. Гэтэл манай эгчийг очиход миний машины урт талын улсын дугаарыг хуулж хаяад урд салхины шил рүү ши*******, хойд талын улсын дугаарыг хуулж аваад хойд шил рүү шидсэн байсан. Мөн машины дээгүүр цохиод толь далийлгасан байсан болохоор нь манай эгч над руу залгаад дуудсан. Тэгээд би очиход нөгөө машинаа хаалгуулсан байсан хүн гээд 2 согтуу ******* байсан ба намайг утсаа авсангүй гээд маргалдаад манай эгчийг түлхсэн. Тэгээд үсдүүлээд тэнд зодоон болсон. Тэгээд цагдаад хандаж байна. Миний хамрын дунд хэсгийн баруун талд маажсан, зүүн гуя талд хөхөрсөн, дагзны үс их хөндүүртэй байгаа, маш их үс зулгаагдаж унасан бөгөөд надад зураг нь байгаа, Лексус HS250 загварын тээврийн хэрэгслийн урд салхины шил, урд, хойд улсын дугаар тогтоогч эвдэрсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
- Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нэлээн уурлаж бухимдаад хааж тавьсан байсан машины улсын дугаарыг нь тайлж аваад ши******* дахин залгаад “хурдан ирээч дээ явмаар байна” гээд орилоод байх шиг байсан, би машин дотор хүнтэй утсаар ярьж байсан тул би сайн харж чадаагүй. Тухайн үед *******ын аав нь залгаад “эм нь дуусчихсан хурдан эм авчирч өг” гээд дахин дахин залгаад ******* нэлээн яараад байсан. Тэгж байтал нөгөө хааж тавьсан машины эзний эгч нь гэх ******* ирээд *******тай маргалдаад явуулахгүй муудалцаж байхад хэсэг хугацааны дараа машины эзэн гэх согтуу ******* ирээд “яагаад хүний машиныг гэмтээдэг юм бэ” гэхэд нь ******* “чи яахаараа хүний машин хааж тавьчхаад утсаа авахгүй салгаад алга болчихдог юм бэ” гээд тэр 2 нэлээн муудалцсан. Тэгж байтал машины эзэн гэх ******* нь над руу хүрч ирээд машины хаалга онгойлгоод “яахлаараа машин эвдчихдэг юм бэ” гээд орилохоор нь би “уучлаарай тэр хүн чинь би биш шүү” гэж хэлсэн. Тэгээд эргэж *******тай муудалцаад байхаар нь би машинаас буугаад “одоо болиоч ээ машинаа холдуулаач ээ, бид нар явъя” гэтэл тэр машины эзэн гэх ******* над руу хүрч ирээд үг хэлэхийн завдалгүй миний толгойноос үс******* дараад авахаар нь би “чи яаж байгаа юм бэ, би чамд гар хүрээгүй байгаа шүү” гэтэл хажуугаас ******* орж ирээд тэр хүнийг үсдэж аваад “чи яахаараа манай найзыг үсэддэг юм бэ” гэхэд нөгөө ******* “тавиач” гэтэл ******* “чи манай найзын үсийг тавьчих тэгвэл би тавина” гэхэд эхлээд ******* тэр хүүхний үсийг тавиад, тэр хүн гараа тавьсан. Тэгээд би тэр *******д гар хүрээгүй байхад чи миний биед хүрсэн гэдгийг нь хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
- Гэрч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 0 сарын 04-ний орой 23 цаг 40 минутын орчим байх гийн утас руу хүн залгаад “машин гарья” гэж залгасан ба тухайн үед бид 2 талбай дотор бүжиглэж байсан. бага зэрэг пиво уусан, би эрүүл байсан тул машиныг нь холдуулах гээд түлхүүрийг нь аваад явсан. Гадаа харанхуй маш их машинтай байсан тул машинаа олохгүй 15 орчим минут болж байж нөгөө машинаа гаргая гэсэн хүмүүсийн дуудсан байсан дуудлагын жолоочтой ярьж байж машинаа олж очсон. Намайг очиход нэлээн согтуу, залуу ******* “гичий минь чи хэзээ ирж байгаа юм ямар уддаг юм бэ” гээд дайрахаар нь би “машинаа хайгаад олохгүй удчихлаа уучлаарай” гэтэл тэр ******* халаасандаа гараа хийчхээд “зодолдох юм уу яахын” гээд цээжээрээ түрээд байсан. Тэгэхээр нь би түүнийг гараараа түлхээд “уучлаарай би зодоон хийдэг хүн биш ээ” гэж хэлсэн. Тэгээд би машин руу суух гэтэл машины урд, хойд 2 улсын дугаарыг тайлаад машин дээр тавьчихсан байхаар нь би “энэ юу болж байгаа юм бэ та нар хүний эд хөрөнгөд халдсан байна, энэ миний машин биш, би эзнийг нь дуудаад иртэл нь байж бай” гэтэл тэр ******* “чадахгүй бид нар явлаа наадхыг чинь төлчихнө” гээд машинаараа намайг мөргөх гээд дуудлагын жолооч нь над руу тулж зогсоод байсан бөгөөд би г иртэл явуулахгүй гээд зогсож байсан. Тухайн үед тэд нар ямар ч байсан машинаа холдуулчих гээд байхаар нь би холдуулсан чинь тэд нар машинаасаа гаргахад нь би явчих байх гэж бодоод хаагаад зогсож байсан бөгөөд тэгж байхдаа руу болон цагдаа руу дуудлага өгсөн. Тэгж байтал ирээд нөгөө хүүхэнтэй муудалцаад машиных нь шил хагарсан байна гэдгийг хэлээд муудалцсан, намайг машиныг нь холдуулах үед жолоочийн талын урд салхины шил цуурсан байсан бөгөөд бусад газрыг нь хараагүй. Сүүлд нь тэнд байсан гэх нэрийг нь мэдэхгүй нэг залуу надад “машины чинь дугаарыг хуулахаас эхлүүлээд бүгдийг нь би харсан, цонх чинь хагараагүй байна уу” гээд миний анх уулзсан *******г хэлээд “эхлээд 2 улсын дугаар тайлж аваад урд хойд салхины шил рүү шидсэн, дараа нь 2 толийг нугалаад машины дээрээс гараараа цохиод байсан хонхойгоогүй байна уу” гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
- Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн 2025 оны 0 сарын 24-ний өдрийн 1512 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний “...шинжилгээний объектын зах зээлийн үнэлгээ нийт 730,000 төгрөг...” гэх тайлан (хавтаст хэргийн 25-28 дахь тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 0 сарын 30-ны өдрийн 9712 дугаартай “А.н биед хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч И.*******ын бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, 730,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч И.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч А.гийн эд хөрөнгөд буюу түүний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 730,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч И.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 1,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь “миний хохирлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч И.*******ыг чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг батлах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч И.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас шүүгдэгч И.*******ыг чөлөөлсүгэй.
- Шүүгдэгч И.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ