| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2020/0377/Э |
| Дугаар | 0042 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 0042
И.Б, Б.Б, Э.О
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.М
Шүүгдэгч Б.Б /онлайн/
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.С, Р.Б, Р.Ц /онлайн/
Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолтой, И.Б, Б.Б, Э.О нарт холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Т овгийн И-н Б.
Монгол улсын иргэн, Д овгийн Б-н Б.
Монгол улсын иргэн, С овгийн Э-н О.
И.Б нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан ”Ховор амьтны жагсаалт”-д багтсан амьтан болох “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг аймгийн нутаг дэвсгэрээс үл таних хүнээс авч аймаг сум баг тоот гэртээ хадгалсан, мөн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг Б.Б-д худалдсан, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг Э.Од худалдсан,
Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан амьтан болох “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг И.Боос худалдан авсан,
Э.О нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр аймгийн сумын багийн тоотоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “ховор амьтны жагсаалт-“д багтсан амьтан болох “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг И.Боос худалдан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Т овгийн И-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхий эдийн эд зүйлийг хадгалсан, худалдсан, шүүгдэгч Д овгийн Б-н Б, С овгийн Э-н О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтны түүхийн эдийн эд зүйлийг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бийг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Бийг 1 жилийн хугацаагаар тус тус Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Э.О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, Б.Б нарт оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Б, Б.Б, Э.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баавгайн сарвуу 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч И.Боос 4.333.333 төгрөг, Б.Б-с 4.333.333 төгрөг, Э.Оэс 4.333.333 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчныг хамгаалах санд олгож,
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:
... Шүүгдэгч И.Б нь ховор амьтны жагсаалтад багтсан амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг буюу 1 эр бодгаль хүрэн баавгайн 4 ширхэг сарвууг 2020 оны 07 дугаар сард аймгийн нутаг дэвсгэрээс үл таних хүнээс авч, 2020 оны 08 дугаар сарын 11, 24-ний өдөр хүртэл буюу бусдад худалдах хүртэл хугацаандаа гэртээ хадгалсан, 2020 оны 08 дугаар сарын 11, 24-ний өдрүүдэд тус тус бусдад худалдсан болох нь хэрэгт авагдсан хууль ёсны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогддог.
Гэтэл шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг анхаарч үзэлгүй шүүгдэгч И.Б, Б.Б нарт 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг зөрчиж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан байдаг.
Шүүгдэгч И.Б нь ховор амьтны жагсаалтад багтсан амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг буюу 1 эр бодгаль хүрэн баавгайн 4 ширхэг сарвууны 2 ширхэг сарвууг Б.Б-д 350.000 төгрөгөөр, Э.Од 500.000 төгрөгөөр тус тус зарж борлуулан гэмт хэргийн улмаас нийт 850.000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогддог. Гэтэл шүүх шүүгдэгч И.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг албадан гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх ба шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Б нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан ”Ховор амьтны жагсаалт”-д багтсан амьтан болох “хүрэн баавгай”-н сарвууг аймгийн нутаг дэвсгэрээс үл таних хүнээс авч аймаг сум баг тоот гэртээ хадгалсан, мөн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг Б.Б-д худалдсан, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхэгийг Э.Од худалдсан,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Ховор амьтны жагсаалт”-д багтсан амьтан болох “хүрэн баавгай”-н 2 ширхэг сарвуу И.Боос худалдан авсан,
Шүүгдэгч Э.О нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр аймгийн сумын багийн тоотоос Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан “ховор амьтны жагсаалт-“д багтсан амьтан болох “хүрэн баавгай”-н сарвуу 2 ширхгийг И.Боос худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцээд нотлох баримтуудад үндэслэн тэдний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож гэм буруутай үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
2015 оны Эрүүгийн хуулиар Зорчих эрхийг хязгаарлах ялыг хуульчилсан ба уг ялыг хэрэглэх хугацааг хууль дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглэхээр болсон.
Хэдийгээр шүүгдэгч нар 2020 оны 7, 8 дугаар саруудад гэмт хэрэг үйлдсэн байгаа боловч зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэж болохоор хуульчилсан хугацаанаас хойш тухайн зүйл ангид нь байгаа уг ялыг анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл зорчих эрхийг хязгаарлах ялыг 2015 оны Эрүүгийн хуульд хуульчилсан боловч уг ялыг хэрэглэх хугацааг нь журмын тухай хуулиар хойшлуулсан ба зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэж эхэлснээс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт уг ялыг хэрэглэнэ гэсэн хориг тавьсан заалтгүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар энэ ялыг сонгон хэрэглэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхгүй.
Шүүгдэгч И.Б нь ховор амьтны жагсаалтад багтсан амьтны гаралтай түүхий эд болох эр бодгаль хүрэн баавгайн сарвуунуудыг Б.Б-д 350 000 төгрөгөөр, Э.Од 500 000 төгрөгөөр тус тус зарж борлуулж ашиг олсон байхад гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг анхан шатны шүүх албадан гаргуулаагүй байх тул прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Э.Од оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоохдоо заавал сар бүр төлөх хэмжээг тогтоох шаардлагагүй боловч торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар хэрхэн солихыг тодорхой заагаагүй байгаа нь уг ялыг биелүүлэхэд тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй тогтоох хэсэгт хуулийн зүйл хэсгийг буруу бичсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Од оногдуулсан 5 400 000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, Б.Б-т нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулсугай гэж тус тус өөрчлөн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Боос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 850 000 төгрөгийг гаргуулж учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.
3.Дээд шатны прокурорын эсэргүүцлийн ... Хууль бусаар олсон орлогыг гаргуулж улсын орлого болгоогүй ... гэсэн хэсгийг хүлээн авч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА