Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Х.Уртнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хундагын Уртнасанд холбогдох 201716010119 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв 2-р баг, Цагаан-Овоогийн 5-22 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Хундагын Уртнасан /РД: КМ83120416/

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/:

Шүүгдэгч Х.Уртнасан нь нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Тогоохүүтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар Ч.Тогоохүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Уртнасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4 дүгээр хуудас/

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ч.Тогоохүүгийн өгсөн:”...Би Баян-Овоо сумын нутгаар зуншиж байгаа юм. Энэ оны буюу 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хөдөөгүүр адуугаа эрж яваад шөнө 01 цагийн үед Цогтцэций сумын төв рүү орж ирээд эхнэрийн хамаатан Х.Уртнасангийнд очсон юм. Тэнд манай эхнэр Нандин-Эрдэнэ байсан бөгөөд намайг шөнө очиход эхнэр гэрийн гадна ор засаад унтаж байсан. Гэрт Уртнасангийн эхнэр нь хүүхдүүдтэйгээ хамт байсан. Би шууд эхнэрийн хажуугаар орж гэрийн гадна унтаад өглөө 06 цагт сэрэхэд тэдний гэрт хүмүүс ирчихсэн архи ууж байгаа бололтой согтуу хүмүүс чанга ярилцаж байгаа чимээ гарч байснаа удалгүй Уртнасан гарч ирээд “чи босоод ир гээд олон юм” яриад байсан би ч согтуу хүнтэй юу ярих вэ гэж бодоод цааш хараад хэвтсэн. Тэд нартай хамт байсан Бүлтээхэй гэж дуудаж байсан Баттөр гэдэг залуу бас гэрээс гарч ирээд “чи юундаа гөлөг шиг хэвтээд байгаа юм бэ” гэсэн тэгээд би хувцсаа өмсөөд босоод очтол гэрээс Уртнасан чи яах гээд байгаа юм бэ гэснээ миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би Уртнасанг заамдаж аваад зууралдаж байтал нөгөө Хадаа гэдэг залуу болон Баттөр хоёр нь бас надруу дайрсан. Ингээд зогсож байтал Уртнасан миний салтаа руу өшиглөсөн. Миний бэлэг эрхтнээс нойтон зүйл гарах шиг болохоор нь хартал цус гарч байсан. Би гараараа дараад доошоо суусан энэ үед манай эхнэр Нандин-Эрдэнэ Уртнасангийн эхнэртэй хамт Уртнасан, Хадаа, Баттөр нарыг салгаж надаас холдуулсан би ч гутал, дээлээ өмсөөд эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр очиход миний эрхтэнээс цус гойжсоор л байсан. Эмчид үзүүлж цус тогтоолгон өвчин намдаах тариа хийлгэсэн, бас дусал хийлгэсэн. Түүнээс хойш 6 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд гарсан. Одоо бол авсан шарх эдгэрсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/

Гэрч С.Эрдэнэтунгалагийн өгсөн:”...Манай нөхөр 2017 оны 7 дугаар сарын 05-ны өглөө үүрээр 06 цаг болж байхад найз болох Баттөр, Хаддэлгэр гэх хүмүүстэй ирсэн. Тэр гурав хамт жаахан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бас нэг шил архитай ирсэн ямар нэртэй архи байсныг би мэдээгүй. Тэгээд гэрт орж ирээд архи уугаад дуусаж байх үед манай нөхөр Уртнасан хаяагаар Тогоо, Нандиа хоёрыг унтаж байхыг харсан. Энэ Тогоо миний дүүг зоддог энэ яагаад манайд ирдэг юм гээд гарч уулзана гээд гарсан юм. Тэгээд удалгүй гадаа хүмүүс хоорондоо маргалдаж муудалцах чимээ гарахаар нь би гараад юу болоод байна гэсэн манай нөхөр Уртнасан, Тогоохүү хоёр хоорондоо маргалдаж байсан манай нөхрийн хоёр найз нь салгасан байсан. Тэгээд Тогоохүү яасан миний дүү зүгээр үү гэсэн би зүгээрээ гээд манай гэрээс гараад явсан. Тэгээд манай нөхөр гэртээ орж ирээд унтаад өгсөн. Хоёр найз нь ажил руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/

Гэрч А.Нандин-Эрдэнийн өгсөн:”...Би хамаатны ах болох Уртнасангийн гэрт нь түр оршин сууж байгаа юм. Тэгээд манай нөхөр болох Тогоохүү нь 2017 оны 7 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед ирсэн байх би унтаж байсан болохоор цаг сайн хараагүй. Тэгээд ирэхээр нь би гэрийн гадаа баруун хойд талд ор засаад бид хоёр хамтдаа унтсан юм. Өглөө үүрээр хэдэн цагт ирснийг нь мэдээгүй манай ах Уртнасан хоёр найзтайгаа гэртээ ирсэн юм. Бид хоёрыг унтаж байхад Уртнасан ах гэрээс гарч ирээд манай нөхрийг сэрээгээд дуудсан. Тэгсэн манай нөхөр ярвайгаад буруу хараад хэвтээд өгсөн. Тэгсэн ах босоод ир гээд дахиж дуудаад тэгсэн Тогоохүүг босоод ирсэн чинь манай ах чи манай дүүг хаваржингаа зарчхаад, зодож хөөж явуулчхаад одоо яахаараа өвөрт нь унтаж байдаг юм гээд намайг өмөөрөөд загнасан. Тэгээд тэр хоорондоо маргалдах гээд байж байтал ахтай хамт ирсэн нэг найзтай нь маргалдсан, хоорондоо зодолдсон юм. Тэгсэн Тогоохүү тэр хүнийг цохиод авсан. Харин Тогоохүүг хэн зодсоныг би мэдэхгүй байна. Манай ах болохоор өшиглөсөн гээд байгаа юм. Тогоохүү болохоор ахыг өшиглөөгүй гээд байгаа юм би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

Гэрч У.Хаддэлгэрийн өгсөн:”...Би хамт ажилладаг Баттөр Уртнасан нарын хамт 2017 оны 7 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө виски гэх архи уусан. Ямар нэртэй байсныг би мэдэхгүй байна. Тэгээд өглөө үүрээр гэгээ орж байхад Уртнасангийн гэрт бид гурав очсон. Тэгээд гэрт нь нэг шил виски хувааж уугаад байж байтал энэ Тогоохүү гэх хүн манай дүүг жаахан дарамтлаад байдаг юм, би гараад уулзъя гэхээр нь бид гурав хамтдаа гарсан. Тэгээд уулзаад байсан Тогоо гэх хүн Баттөрийн нүүр лүү нэг удаа цохиод авсан. Тэгээд бид гурав зэрэг Тогоо гэх хүн рүү дайраад зодсон. Тэгээд юу болсныг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Б.Баттөрийн өгсөн:”...Би хамт ажилладаг Хаддэлгэр Уртнасан нарын хамт 2017 оны 7 дугаар сарын 04-с 05-нд шилжих шөнө виски гэх архи уусан. Ямар нэртэйг нь мэдэхгүй. Бид гурав хувааж уугаад дуусах гэж байтал Уртнасан Тогоохүү манай дүүг дарамтлаад байдаг юм гарч уулзъя гэхээр нь бид гурав хамтдаа гарсан. Уртнасан гарч очоод тэр залууг унтаж байхаар нь босоод ир гээд дуудсан чинь босож ирээгүй тэгэхээр нь би очоод босоод ирээч гэсэн “зайл гичий минь” гэж хэлэхээр нь би чи хүн зайлуулдаг хэн бэ гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд тэр залуу босож ирээд баруун гараараа миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би доошоо суусан тэр хооронд Уртнасан очоод өшиглөөд тэгээд зодолдоод байж байхад Уртнасангийн эхнэр болох Эрдэнэтунгалаг гарч ирээд салгаад гэр лүү бид гурав орсон. Тэр залуу мотоцикль асаагаад унаад хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №138 дугаартай шинжээчийн

  1. Ч.Тогоохүүгийн биед дээд уруул, доод уруулын дотор салст, бэлэг эрхтэнд шарх, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Х.Уртнасангийн яллагдагчаар өгсөн:”...бид гурав Цагаанхаднаас гарахдаа таньдаг дэлгүүрээс 3 шил хятад виски гуйж авсан байснаа манай гэрт хувааж угаад нэлээд согтсон намайг анх ирэхэд гэрийн гадаа өвөртөө хоёр хүн унтаж байсан. Би архи ууж байгаад эхнэрээсээ гадаа хэн унтаж байгаа юм бэ гэж асуухад эхнэр мэдэхгүй Нандиа л унтаж байгаа даа гэсэн. Тэгээд би дүү Нандин-Эрдэнэ хэнтэй хамт унтаж байгаа юм бол гээд гэрээс гарч хөнжлийг нь татаж харахад нөхөр нь болох Тогоохүү сэрүүн хэвтэж байсан. Тэгээд би та хоёр салчихсан гээд байсан салах юм бол салчихгүй үгүй юм бол муудалцахгүй амьдарч чадахгүй яах гээд байгаа юм бэ чи Нандиаг зодсон гэсэн гэж хэлсэн. Тогоохүү юу ч хэлэлгүй хувцсаа өмсөөд босоод ирсэн. Энэ үед гэрээс Баттөр гарч ирээд Тогоохүү рүү хэдэн үг хэлсэн, би ч Тогоохүүг нэг удаа цохиод авсан. Тогоохүү намайг заамдаад авсан. Би тэгэхээр нь Тогоохүүгийн салтааруу өшиглөөд авсан чинь Тогоохүү бэлэг эрхтнээ дараад доошоо суусан. Манай эхнэр болон Нандин-Эрдэнэ хоёр бид нарыг салгасан. Би ч гэртээ ороод үлдсэн архиа уучхаад унтсан байсан. Нэг сэрэхэд цагдаа ирчихсэн намайг дуудаж аваад хэлтэс дээр авч ирсэн. Би яасан учрыг нь асуухад Тогоохүүгийн бэлэг эрхтнийг өшиглөж гэмтээсэн гэж хэлсэн. Ингээд би тэр өдрийн маргааш нь Тогоохүүтэй очиж уулзахад эмчилгээ хийлгээд эмнэлэгт хэвтсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1014 тоот тодорхойлолт /хх-ийн 30 дугаар хуудас/

Шүүгдэгч Х.Уртнасангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 31-33 дугаар хуудас/

Шүүгдэгч Х.Уртнасангийн гэрэл зураг, гарын дардас /хх-ийн 34-35 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1/846 тоот үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тодорхойлолт /хх-ийн 37 дугаар хуудас/

Шүүгдэгч Х.Уртнасангийн гэрлэлтийн бүртгэлийн дэвтэр, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 38-41 дүгээр хуудас/

Шүүгдэгч Х.Уртнасангийн арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 43-47 дугаар хуудас/

Хохирогч Ч.Тогоохүүгийн шүүгдэгч Х.Уртнасанд гомдол саналгүй, хохирол төлбөр барагдсан, нэхэмжлэх зүйлгүй тухай баримт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Х.Уртнасан нь нь 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Тогоохүүтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар Ч.Тогоохүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Х.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Хундагын Уртнасанг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хундагын Уртнасанг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уртнасанд оногдуулсан 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд, тус бүр 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Уртнасан нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Уртнасан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Тогоохүү нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Х.Уртнасангийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Уртнасанд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Уртнасанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН