Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 111/ШШ2023/0003

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардалага: “ХV-64000140 дугаар өргөдлийн дагуу Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-д олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгс, Б.Намуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК нь “ХV-64000140 дугаар өргөдлийн дагуу Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-д олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгах”-аар маргаж байна.

2. Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1а/735 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2022 оны 11 сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

 “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-ийн хуульч Б.Төрболд би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна.

Манай “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн дагуу Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл /ХУ-64000140/ авахаар холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлж Баянхонгор аймгийн Засаг даргад 2022.01.04-ний өдөр хандсан. Гэвч аймгийн засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байсан бөгөөд манай компани уг хууль бус эс үйлдэхүйн талаар дээд шатны албан тушаалтан Монгол Улсын Ерөнхий сайдад 2022.09.27-ны өдөр гомдол гаргасан.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гомдлыг шалгаж холбогдох ажиллагааг хийсэн. Энэ ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Засаг даргаас 2022.10.19-ний өдрийн хариу албан бичгээр манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2022.11.01-ний өдрийн албан бичгээр манай компанийн гаргасан гомдлыг хангах боломжгүй тухай хариуг ирүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байна.

Нэг. Болсон үйл баримтын талаар

Манай компани Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан журмын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө Баянхонгор аймгийн Засаг даргад гаргасан.

Үүний дагуу Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь заалтад заасан ажиллагаануудыг хийсэн. Үүнд:

1.Аймгийн засаг даргын 2022.03.21-ний өдрийн 1а/152 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан тус талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл олгох эсэх талаар санал авсан. Бууцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022.03.23-ны өдрийн 6/12 дугаар тогтоолоор манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох асуудлыг дэмжсэн,

2.Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022.05.25-ны өдрийн 9/22 дугаар тогтоолоор манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох асуудлыг дэмжсэн,

3.Ашигт малтмал газрын тосны газрын 2022.02.15-ны өдрийн 8/841 дугаар албан бичгээр өргөдөл гаргасан талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, бусад тусгай зөвшөөрлийн талбай, түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцалгүйг дурдаж, манай компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох боломжтой тухай дүгнэлтийг ирүүлсэн. Уг дүгнэлтийн дагуу ашигт малтмалын мэдээллийн санд “Хэц өндөр” нэртэй ХУ-64000140 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн урьдчилсан дугаар олгогдсон.

Хоёр. Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан аймгийн засаг даргын шийдвэрийн талаар аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4-т тус тус заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлт, аймаг болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авсан боловч тус хуулийн 14.4-т заасны дагуу тийнхүү санал, дүгнэлт ирснээс хойш ажлын 10 хоногт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй, хожим манай компаниас Ерөнхий сайдад 2022.09.27-ны өдөр гомдол гаргасны дараагаар 2022.10.19-ний өдөр татгалзсан хариуг бичгээр өгсөн.

Тэрээр үндэслэлээ “Баянхонгор аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”, “Аймгийн засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Байдраг голыг түшиглэн баригдах Усан цахилгаан станцын талбайтай давхцалтай” гэж,

мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичигт “хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан талбай нь усан цахилгаан станц барихаар ТЭЗҮ боловсруулагдаж буй газартай давхцалтай байгаа” гэж дурдан тус тус татгалзсан.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.3-т “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан” бол татгалзахаар заасан. Өөр үндэслэлээр татгалзах эрх Засаг даргад байхгүй. Гэтэл манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ашигт малтмал хайхыг хориглосон газар, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газар, өөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай огт давхцалгүй.

Мөн тус хуулийн 14.4-т “тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авах” гэж заасны дагуу Бууцагаан сум болон Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас манай компанийн өргөдлийг дэмжиж, хурлын тогтоолууд батлагдсан.

Хэрэв манай компанийн өргөдөл гаргасан талбайд аймаг, улсаас өмнө нь төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бол хуулийн дагуу тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах байсан. Гэтэл тусгай хэрэгцээнд авсан зүйл байхгүй, хэрэгжиж ч эхлээгүй, төсөв нь шийдэгдээгүй төслийг хэрэгжүүлнэ гэх тайлбарууд нь үндэслэлгүй.

Ийнхүү хуульд заасан шаардлага, нөхцөлийг хангасан байхад тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Баянхонгор аймгийн Засаг даргын шийдвэр нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу XV-64000140 дугаар өргөдлийн дагуу Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-д олгохыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ. 

4. Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтөгс, Б.Намуун нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Эрдэнэхулгана интернэшнл” ХХК нь аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Бууцагаан сумын нутагт “Хэц өндөр” хэмээх 366,21 гектар талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг ирүүлсэн.

Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу өргөдлийг ХА-64000140 дугаартай өргөдлийг бүртгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 6.4-т “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.5.1-д “Цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодоос бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж, 3.5.6-д “Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаагаар хөгжүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, ногоон үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 2.2-т “Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн харьцаагаар хөгжүүлэн сан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумын заагаар урсаж байгаа Байдраг голын хавцалд усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн.

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XII.4.5-т “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/” төсөл арга хэмжээний хүрээнд “Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын Техник эдийн засгийн үндэслэлийг “Монхидроконстракшн” боловсруулж байна,

“Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан талбай нь Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын Техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа талбайтай давхцалтай байгаа тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр хүргүүлсэн болно.

Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

“Эрдэнэхулгана интернэшнл” ХХК нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл авахаар 2022 оны 01 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг даргад хандсан бөгөөд аймгийн Засаг дарга нь тус хүсэлтийн дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасны дагуу Баянхонгор аймгийн болон Бууцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус хандан Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл олгох эсэх талаар санал авахад Бууцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 сарын 23-ны өдрийн 6/12 дугаар тогтоолоор[1], Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 05 сарын 25-ны өдрийн 9/22 дугаар тогтоолоор[2] “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох асуудлыг тус тус дэмжсэн байна.

Мөн Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 02 сарын 15-ны өдрийн 8/841 дугаар албан бичгээр[3] хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбай нь тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцалгүйг дурдаж, “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгох боломжтой тухай дүгнэлтийг ирүүлсэн, мөн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022 оны 11 сарын 01-ний өдрийн ХЭГ/2592 дугаар албан бичгээр[4] Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 6.4, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөрийн  3.5.1, 3.5.6, Шинэ сэргэлтийн бодлогын 2.2-т тус тус заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумын заагаар урсаж байгаа Байдрагийн голын хавцалд усан цахилгаан станц барихаар төлөвлөж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Үүнтэй давхцаж байгаа тул хүсэлтээ талбайн давхцалгүй газарт дахин гаргаж, шийдвэрлүүлэх талаар хариу өгчээ.

Нэхэмжлэгч тал ...Аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлт, аймаг болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авсан боловч санал, дүгнэлт ирснээс хойш ажлын 10 хоногт шийдвэрлээгүй бөгөөд “Баянхонгор аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”, “Аймгийн засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Байдраг голыг түшиглэн баригдах Усан цахилгаан станцын талбайтай давхцалтай” гэж татгалзсан нь үндэслэлгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14.3-т “өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан” бол татгалзахаар заасан. Өөр үндэслэлээр татгалзах эрх Засаг даргад байхгүй. Гэтэл манай компанийн өргөдөл гаргасан талбай нь ашигт малтмал хайхыг хориглосон газар, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан газар, өөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай огт давхцалгүй... гэж маргаж байгаа бөгөөд энэ нь буруу биш байна.

Аймгийн Засаг дарга 2022 оны 10 сарын 19-ний өдөр 1а/735 тоот албан бичгээр[5] татгалзсан хариуг өгч, татгалзсан үндэслэлээ ...Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Зорилт 6.4-т “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.5.1-д “Цахилгаан, дулааны эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг дотоодоос бүрэн хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж, 3.5.6-д “Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг зохистой харьцаагаар хөгжүүлж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, ногоон үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх” гэж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын 2.2-т “Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн харьцаагаар хөгжүүлэн сан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумын заагаар урсаж байгаа Байдраг голын хавцалд усан цахилгаан станц барихаар төлөвлөсөн.

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XII.4.5-т “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/” төсөл арга хэмжээний хүрээнд “Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын Техник эдийн засгийн үндэслэлийг “Монхидроконстракшн” боловсруулж байна.

“Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан талбай нь Байдрагийн гол дээр барих усан цахилгаан станцын Техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа талбайтай давхцалтай байгаа тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй... гэж тайлбарлаж, холбогдох нотлох баримтуудыг[6] хэрэгт хавсаргасан бөгөөд дээрх баримтуудад тусгагдсан ажиллагаа хийгдэж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “"түгээмэл тархацтай ашигт малтмал" гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг;”, 4.1.2-т “"түгээмэл тархацтай ашигт малтмал хайх" гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;”, 11 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тусгасан бөгөөд 11.1.2-т “Газрын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах;”, 11.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.2.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;”, 14 дүгээр зүйлийн 14.3-т “Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ.”, 14.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилжээ.

“Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-д Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл хүссэн талбайг Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Аймгийн Засаг даргын шийдвэрээр ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан талаар ямар нэгэн эрхийн акт гараагүй[7], түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцалгүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 8/541 дүгээр албан бичгээр[8] тус тус нотлогдож байна.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, Аймгийн Засаг дарга “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-д Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг олгохоос татгалзахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заагдаагүй үндэслэлээр татгалзсан нь хууль бус болжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3, 14.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэхулгана интернэшнл” ХХК-д Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг “Хэц өндөр” нэртэй 366.21 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрлийг олгохоос татгалзсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.СУВДМАА