Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 01

 

Д.Г нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Б.Ариунбаяр,  Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  11 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2018/00509 дугаар шийдвэртэй,

            Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан баг, Дэвшил 40-1-1 тоотод оршин суух, Харнууд овогтой Д Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох , Д.Г, Ч.Х нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 18 дугаар байрны ард байрлах орон сууц, дэлгүүрийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0518001098 дугаартай 62 м2 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м2 2 өрөө дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга, 96 м2 талбай бүхий 15 жилээр эзэмших эрхийн газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулсан  2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хишигмаа, хариуцагчийн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 361 дүгээр захирамжаар 52.865.006.76 төгрөгийг Ч.Х, Д.Г нараас гаргуулан Хас банкинд олгохоор шийдвэр гарч тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Бид зээлийн барьцаанд 62 м2 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м2 2 өрөө дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга, 96 м2 талбай бүхий 15 жилээр эзэмших эрхийн газрын хамт, 2 контайнер, хүнсний дэлгүүрийн гадна талд байрладаг агуулахын зориулалттай ашигладаг 20 тонны даацтай саарал өнгөтэй төмөр чингэлэг зэргийг барьцаалсан юм. Тус алба дуудлага худалдааг зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг миний хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанаас эхлэн бүхэлд нь зөрчин Д.Гэрэлт-Од миний оролцогч байх эрхийг хангаагүй. Тухайлбал зөвхөн нэг заалтыг дурдахад мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “...шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтөлнө” гэжээ. Гэтэл надаас үнийн санал аваагүй, мөн хуулийн 55.3-т “...шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө...”, мөн хуулийн 66.3-т “шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” болон хуульд заасан бусад эрхийг эдлүүлээгүй болно. Мөн төлбөр төлөгч миний нөгөө тал болох Ч.Х Д.Г би өөрийгөө төлөөлөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг Иргэний хуульд заасны дагуу олгоогүй болно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчмыг зөрчин миний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүй явуулсан Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн зохион байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Г нь тус хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Говь-Аптай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 361 дүгээр шүүгчийн захирамжаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн иргэн, ДЮ72011070 регистрийн дугаартай, Дашдэлэгийн Г, ДП75041507 регистрийн дугаартай Ч Х нараас 56.865.006.76 /тавин зургаан сая найман зуун жаран таван мянга зургаан төгрөг далан зургаан/ мөнгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Д.Г, Ч.Х нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийг Хас банк нь тус хэлтэст шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 16050577 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч Ч.Х өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0518001098 дугаарт бүртгэлтэй  90 м.кв талбайтай 3 өрөө, 34 м.кв 2 өрөө орон сууц, дэлгүүрийн зориулалттай барилгыг битүүмжлэн хурааж, Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасны дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/10 дугаар захирамжаар Д Г асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр Чойжамцын Хишигмааг тогтоосон байх тул  Иргэний хуулийн  177 дугаар  зүйлийн   177.1-д  заасны  дагуу  үнийн  санал  авахад талууд  харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ийг томилж, мэргэжлийн үнэлгээчнээр дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон. Тус хэлтэс нь төлбөр төлөгч Ч.Х 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шинжээчийн үнэлгээг мэдэгдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу "Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ" гэж заасны дагуу Д.Г Ч.Х нар нь Улаанбаатар хотод байсан тул  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан 'мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр   дамжуулан   мэдэгдэж   болно" гэж зааснаар утсаар холбогдож мэдэгдсэн. Тус хэлтэс нь төлбөр төлөгч  Ч.Хишигмаад бүх ажиллагааг мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан байх тул шүүхэд    гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 72 дугаар зүйлийн 72.1, 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Д.Г, Ч.Х нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 18 дугаар байрны ард байрлах орон сууц, дэлгүүрийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү-0518001098 дугаартай 62 м2 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м2 2 өрөө дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга, 96 м2, талбай бүхий 15 жилээр эзэмших эрхийн газрын хамт албадан дуудлага худалдаанд   оруулсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Харнууд овогтой Д Г нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш  14  хоногийн  дотор  нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х өмгөөлөгч Б.Бурмаа давж заалдах гомддолдоо: Нэхэмжлэгч Д.Г, Ч.Х нар Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс тэдний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулсан холбогдох нотлох баримтыг хуулбарлаж өгнө үү гэж амаар удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй. Ингээд тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүсэлт гарган Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс дуудлага худалдаатай холбоотой материалыг хуулбарлан хэрэгт хавсаргаж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан боловч шүүх хангаж шийдвэрлээгүй. Уг хүсэлтийг Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 2017 оны 12 дугаар сарын 26, 2018 оны 01 дүгээр сарын 15, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд бичгээр гарсан боловч мөн л гаргаж өгөөгүй.

2018 оны 10 дугаар сарын 9-ны өдөр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Г, Ч.Х нар дахин хүсэлт гаргаж энэ хүсэлтийг үндэслэн шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Нотлох баримт гаргуулах тухай” захирамж гаргасан. Гэтэл тус байгууллагаас шүүхэд ирүүлсэн 35 хуудас материал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтын шаардлага хангаагүй тус байгууллагын хуулбар үнэн дарагдан ирүүлсэн байна.

Иймд өмгөөлөгч миний бие хэргийн материалаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан ХХ-н 6 дугаар хуудас буюу “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, ХХ-29 хуудас Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ХХ-30 хуудас шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ХХ-32 хуудас “2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн Мэдэгдэх хуудас” ХХ-33 хуудас “2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол” зэрэг нотлох баримтыг шинжлэн судлуулж зөвхөн эдгээр баримт дээр тулгуурлан уг дуудлага худалдааг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэн эрх зүйн дүгнэлтээ хэлсэн.

Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө”, 55.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотортүүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 66.3-д “шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.” гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй нь төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй.

Мэдэгдэх худсанд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь дуудлага худалдаанд оруулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасан хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэ болох 52.621.394 төгрөгийн 70 хувиар буюу 26.310.697 төгрөгөөр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт болох тухай төлөбөр төлөгч Д.Гэрэлт-Одод мэдэгдээгүй, төлбөр төлөгч Ч.Хишигмаад мэдэгдсэн байна.

Дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд үндэслэлийг тухайн хүн, хуулийн этгээдэд мэдэгдэх, уг ажиллагаатай холбогдон үүсэх эрх, үүргийг тайлбарлах, хүндэтгэлтэй харьцах, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан. Гэтэл шүүхээс энэ журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байх юм.

Мөн нэхэмжлэгчээс гаргасан 5 шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс зөрчсөн эсэх талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

Иймд тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2018/00509 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Гэрэлт-Одын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан Д.Г, Ч.Х нарын өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 18 дугаар байрны ард байрлах орон сууц, дэлгүүрийн зориулалттай, улсын бүртгэлийн Y-0518001098 дугаартай 622 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м2 2 өрөө дэлгүүр, үйлчилгээний зориулалттай барилга, 96 м2 талбай бүхий 15 жилээр эзэмших эрхийн газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулсан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Говь-Алтай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 459 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Г, Ч.Х нарын өмчлөлийн дээрх 62 м2 гал тогооны хамт 3 өрөө орон сууц, 34 м2 2 өрөө дэлгүүр, 20 тонн даацтай төмөр чингэлэг зэргийг битүүмжлэн хураажээ.

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д  “...тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө...” гэж зааснаар хөрөнгө үнэлэх үйл ажиллагааг хийхээр  үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг талуудад хүргүүлэхэд төлбөр төлөгч Ч.Х, “Хас” банкны Говь-Алтай салбарын захирал Г.Жаргалсайхан нараас тухайн үед саналаа ирүүлж байжээ. /хх-ийн 73, 74, 75 /

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Г, Ч.Х нарт дээрх битүүмжилсэн эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж, мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгосон дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын дагуу доод үнийг үнэлгээчний тогтоосон 56.865.007 төгрөгийн 70 хувь буюу 36.834.975 төгрөгөөр тогтоон 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар зарласан бөгөөд уг дуудлага худалдаагаар барьцааны хөрөнгө худалдан борлогдоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бурмаа шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэлээ “... тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс дуудлага худалдаа зохион байгуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хөрөнгө битүүмжлэх ажиллагаанаас эхлэн зөрчсөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 66.3-д заасан заалтуудыг зөрчиж төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 361 дугаартай шүүгчийн захирамжаар Д.Г, Ч.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 52.865.007 төгрөгийг гаргуулж Хас банкны Говь-Алтай салбарт олгохоор тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 459 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх акт үйлдэн төлбөр төлөгч Ч.Х, хөндлөнгийн гэрч Х.Ч, Г.Х нарыг байлцуулан нэр  заасан эд хөрөнгийг битүүмжилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан “...үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй...” учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шинжээч томилох тухай тогтоол үйлдэж, хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийг шинжээчээр томилж, мэргэжлийн үнэлгээчнээр дээрх үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгон, төлбөр төлөгч Ч.Х танилцуулж, санал хүсэлтийг авч шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “...шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ...” гэж заасны дагуу тус хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 09/10 дугаартай тогтоолыг Д.Г, Ч.Х нарт мэдэгдэхэд төлбөр төлөгч нар нь Улаанбаатар хотод байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан “...Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно...” гэж зааснаар утсаар холбогдож мэдэгдсэн бөгөөд хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулах тухай мэдэгдэх хуудсыг 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүргүүлэхэд Ч.Х нь хүлээн авч гарын үсэг зурсан болох нь тэмдэглэлээр баталгаажсан байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн санал өгөх, албадан дуудлага худалдаа зохион байгуулах талаар тухай бүрт нь төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Д.Г, Ч.Х нарт мэдэгдэл, албан бичиг зэргийг түүний оршин суугаа хаягаар болон утсаар мэдэгдэж байсан  талаарх баримт /хх 89, 90, 98 / хэрэгт авагдсан байна.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч буюу Д.Г хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 133/ШШ2018/00509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ЭНХТӨР

                                             ШҮҮГЧИД                             Б.АРИУНБАЯР

                                                                          Т.ЖАРГАЛСАЙХАН