| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/78 |
| Огноо | 2025-09-08 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/78
2025 09 08 2025/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч Т.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овгийн *ийн *д холбогдох эрүүгийн 2533000000071 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19* оны * дүгээр сарын *-ний өдөр * аймгийн * суманд төрсөн, * настай, э*эгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй малчин, ам бүл *хамт * аймгийн *сумын * дүгээр баг * гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, * овгийн *ийн * /РД:*/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч * нь нь 2025 оны 03 дугаар сарын сүүлээр, 2025 оны 04 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Мангирт, Баюудай гэх газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан торон хашааг таслан, эвдэж нийт 720,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч * нь 2025 оны 03 дугаар сарын сүүлээр буюу мөн оны 04 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Мангирт, Баюудай гэх газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан торон хашааг таслан, эвдэж орон нутгийн өмчид /*/ нийт 720,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *: “...Мөрдөн байцаалтын шатад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Мөрдөн байцаалтад:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *гийн өгсөн “...Би * ажилладаг юм. Тус сумын 2 дугаар багийн нутаг Мангирт, Баюудай гэх газруудад * яамнаас 50 км тариалангийн хашааг * дугаар тоот тушаалаар орон нутгийн өмчид шилжүүлсэн байдаг. 2019 онд * сайдын тушаалаар 50 км талбайг 404,365,206 төгрөгийн өртөг бүхий тариалангийн талбайн хашааг хүлээлгэн өгсөн. Тухайн тариалангийн хашаанд *** гэх мэт аж ахуй нэгж байгууллагууд болон иргэд нийлсэн олон газар үр тариа болон газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,
2. Гэрч *ийн өгсөн: “... Манай * нь *багийн нутаг Мангиртын бригадад үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Манай бригадын эзэмшлийн тариан талбайг хашаалсан тариалангийн хашааг 2,3 газар тастаж хаалга гаргасан зүйл байгаа. Манай бригадын урд талд байдаг * ХХК-ний захирал *гийн хэлснээр тариан талбайн хажуу талд байдаг * гэх иргэн өвөлжөө хаваржааныхаа газар луу хашааны торыг тастаж хаалга гаргасан гэдгийг очиж үзээд бригадынхаа ажилчдаар янзлуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-12-р хуудас/,
3. Гэрч *ын “...Манай * ХХК-нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллага байгаа юм. Яг хэзээ манай бригадын хашааны торыг тасалж хаалга гаргасан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2-3 газар тасалж хаалга гаргаж дахин ашиглах боломжгүй болгочихсон байсныг бид нар сольж засварлаж янзалж байна. Захирлаасаа хэн тастаж хаалга гаргасан талаар асуухад Увсын * гэх хүнийг тастсан гэж хэлж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,
4. Гэрч *гийн өгсөн: “...Манай тариан талбайн хашааг тус сумын 2 дугаар багийн малчин иргэн болох * нь удаа дараа хашааг нь тасдаж мал оруулах болон тээврийн хэрэгсэл оруулах хаалга гаргаж, тариаланч бид нарын тарьж ургуулдаг үр тариаг малд идүүлдэг. Тухайн тариан талбайг хашааг Хөдөө аж ахуйн яамнаас тариалангийн талбайг хашаажуулах буюу малын хөлөөс хамгаалах зорилгоор хөтөлбөр гаргасных нь дагуу * газар болон. Хүнс хөдөө аж ахуйн яамаар хөөцөлдөж явсны эцэст * 150 км хашааг хашаажуулах зөвшөөрөл, мөн * баг *бригадад үйл ажиллагаа явуулдаг * ХХК-нийг 50 км хашааг хашаажуулахаар *сайдын *дугаар тушаалаар * өмчит шилжүүлэх тухай тушаал гарсан байдаг. Манай тариалангийн талбайн ойролцоо мал бүхий 10 орчим иргэд байдаг. Одоо эдгээр малчид зусландаа гарсан байгаа. * гэх малчин иргэн нь манай тариан талбайн хашааг тастаж, хаалга гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Саяхан * хүртэл * гэх иргэнтэй уулзаж, тариан талбайн хашааны торыг тастаж хаалга гаргасныгаа хэзээ янзлах вэ гэж асуухад зусландаа нүүхдээ би тасадсан тор болон гаргасан хаалга янзлаад явна гэж хэлсэн байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
5. Гэрч *гийн өгсөн: “...Би * гэх хүнтэй уулзаагүй бараг 2 жил болж байна. Анх 2021 онд *гийн тариан талбайн хашаанд нь хаалга гаргасан үйлдлээ би хүлээн зөвшөөрсөн. Харин гаргасан хаалгаа зусландаа нүүх үеэрээ буцаагаад янзалж өгсөн. Тэрнээс хойш бол ямар нэгэн тариан талбайн хашааны тор тастаж хаалга гаргасан зүйл байхгүй. Мангирт, Сүжийн гэх газраар 10 орчим мал бүхий иргэд байдаг. 2025 он гарснаас хойш хашааны тор тасалж хаалга гаргасан гэх хүмүүсийг би хараагүй. Харин ч сая зусландаа нүүхээс өмнө 3-4 газар цооронхой байсан торон хашааг нөхөж сэлбэж янзалсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
6. Гэрч *ын өгсөн “... Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг Мангирт, Гүнгуу, Сүжийн гуу, Баюудай гэх газруудыг дагнасан *сайдын тушаалаар улсын хөрөнгө оруулалтаар малын хөлөөс тариан талбайг хамгаалах зорилгоор 50 км талбайг хашаажуулж * өмчид шилжүүлсэн байдаг. Сүүлийн үед тухайн тариан талбайн хашааны торыг тасалж, хаалга гаргасан гэх асуудал ихээр гарч байна. 2022 оны намар * ЗДТГ-аас малчид Аж ахуй нэгж байгууллагуудтай төрийн өмчид байгаа эд зүйл болон малын хөлөөс хамгаалах зорилгоор баригдсан тариан талбайн хашааны торыг тасалж, хаалга гаргахгүй байх талаар гурвалсан гэрээ байгуулсан. Сүүлд 2025 оны 04 дүгээр сарын сүүлээр санагдаж байна өвөлжөө хаваржаа чөлөөлөх ажил болон түймрийн мэдэгдэл тараах ажлаар явахдаа тус сумын Сүжийн гууд байх *тай уулзаж тухайн тариан талбайн хашааны шонгууд хугараад уначихсан байна шүү энийг чи янзалчхаарай бас ард талд нь хаалга гарчихсан байна шүү гэсэн чинь тиймээ энэ хойно хаалга гаргачихсан байна лээ, би нүүхдээ энийг сайн битүүлээд явахгүй бол сүүлд нь намайг хаалга гаргасан гээд байх байхаа гэж хэлж байсан. Сүүлд одоогоос бараг 10 гаран хоногийн өмнө тухайн тариаланчдаас Сэлэнгэ аймгийн *т тухайн тариан талбайд мал ихээр орж байна мен улсын төсвөөр баригдсан тариан талбайн хашааны торыг малчид тасалж хаалга гаргаад байна гэх гомдол ихээр ирсэний дагуу тус сумын Засаг дарга *гээр ахлуулсан ажлын хэсэг тухайн тариан талбайд очиж ажилласан. Ажиллах хугацаанд тухайн тариан талбайн ойролцоо байдаг малчид иргэдийг дуудаж уулзахад * гэх малчин иргэн нь би сүүлд тор тасалж хаалга гаргасан юм аа дахиж би улсын хөрөнгөөр баригдсан сумын өмчид шилжүүлсэн тариан талбайн хашааны торыг тасалж хаалга гаргахгүй гэдэг амлалтаа өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
7. “* ХХК-ний 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан шинжээчийн:
- 1.54м-ийн өндөртэй төмөр шон /хуучин/ 36ш, төмөр торон хашаа /хуучин/ 108.0 м зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 720,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/,
7. Яллагдагчаас 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 76-р хуудас/,
8. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” * дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 55-58-р хуудас/,
9. Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77-78-р хуудас/,
10. Хувийн байдлыг тогтоосон баримтууд /Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мал тооллогын лавлагаа, авто тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн төлөөх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 66-71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч * нь 2025 оны 03 дугаар сарын сүүлээр, мөн оны 04 дүгээр сарын эхээр Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг Мангирт, Баюудай гэх газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан торон хашааг өөрийн малыг оруулах зорилгоор таслан, эвдэж нийт 720,000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч *ын үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа болно.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг эвдэж, гэмтээвэл хохирол учирна гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч * нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо барагдуулж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан торон хашааг эвдсэн байдлыг засаж сэлбэсэн талаар шүүх хуралдаанд гэрэл зураг /фото зураг/ гаргаж өгсөн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр барагдуулсан талаар баримтыг гаргаж өгөөгүй, хохирогч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй, хохирол төлөгдсөн эсэх дээр тооцоо гаргаж боломжгүй тул хохирогч байгууллага нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага оногдуулах насанд хүрсэн, сэтгэцийн байдалд эргэлзээ бүхий байдал үүсээгүй тул хэрэг хариуцах чадвартай гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч Т.Солонго дүгнэлтдээ : “...Шүүгдэгч *ыг гэмт буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Учир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчим зэргийг удирдлага болгон шүүгдэгч Ш.*ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, эрүүл мэндийн байдал, үйлдлийн арга, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг гаргаж байна...” гэв,
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч * өмгөөлөлийн үгэндээ: “... Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйл нь торгох буюу нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ийм ял шийтгэлүүдтэй. Улсын яллагчийн зүгээс торгох шийтгэлийг сонгож хэрэглэснийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад биеийн эрүүл мэнд маш муу байсан бөгөөд цусаар бөөлжсөн ийм байдалтай байсан бөгөөд эмчилгээ сувилгаа хийлгэх, хагалгаанд орох шаардлагатай байгаа тул торгуулийн шийтгэл оногдуулах, ингэхдээ торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэх бололцоог хангаж өгөх хүсэлтийг тавьж байна...” гэв,
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “... Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Хашаа янзалж, хохиролгүй болгосон...” гэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 77-р хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.
Шүүгдэгч *д гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/ зэргийг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй.
Шүүгдэгч нь тогтмол орлоготой малчнаар нийгмийнд даатгал төлдөг мөн өөрийн нэр дээр * тооны мал тоолуулсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, мал тооллогын лавлагаагаар нотлогдож байх тул шүүгдэгчид торгох ялын төрлийг сонгож оногдуулах нь хуульд нийцнэ гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч * овгийн *ийн *ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дгаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500,000 төгрөгрөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч байгууллага өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН