Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/152

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                              Б.Содномиший

Нарийн бичгийн дарга                Л.Бямбасүрэн

Хохирогч                                      Ш.Х******* /цахим/

Шүүгдэгч Т.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн Т.О*******ад холбогдох эрүүгийн 2431002250132 дугаартай, 316/2025/0131/Э индекстэй эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр С** аймгийн С******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, Төмөр замын коллежийн  2 дугаар лдамжаанд сурдаг, ам бүл 3, ээж, эмээгийн хамт С** аймгийн С******* сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсгийн 200 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, А** овогт Т******* О*******, /регистрийн дугаар М*******/

 

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Т******* О******* /М*******/ нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "коллектив" шөнийн цэнгээний газарт тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ш.Х*******ын толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохих үйлдлээр хохирогчийн биед дагзны хуйханд няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хойшид ийм асуудал гаргахгүй, буруу зүйл хийснээ ойлгож байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Х*******аас... "...2024 оны 06 дугаар сарын 17-ны орой  танил найзуудтайгаа  хамт өдөр гол орж архи ууж байгаад орой 00 цагийн үед "Коллектив" нэртэй баар орсон. Тэгээд  бааранд  2-3 шил архи авч уусан,  Тэгтэл удалгүй маргаан болсон юм намайг О******* шууд чирээд камергүй харанхуй хэсэгт аваачиж нүүр луу 2-3 удаа цохисон,  миний нүднээс цус гарч эхлэхэд О******* болон түүнтэй хамт явсан залуучууд зугтаагаад явцгаасан... Миний эруул мэндэд учруулсан хохирлыг О*******  учруулсан, тухайн үед миний гар утас алга болсон би гар утсаа гаргуулж авмаар байна. Энэ тухайгаа би цагдаад болон О*******ад хэлж байсан. Эмчилгээнд 400.000 төгрөг зарцуулагдсан би баримт цуглуулж чадаагүй, эмчилгээний  зардлыг О******* нь шүүх хуралдааны үеэр над руу шилжүүлж төлж барагдуулсан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 29-31-р хуудас/,

Хохирогч Ш.Х*******ын "...2024 оны 06 дугаар сарын 17-ны шилжих шөнө болсон юм. Би танил найзууд болох Т, Б, Д, Д нарын хамт өдөр гол орж архи ууж байгаад орой 00 цагийн үед "Коллектив" нэртэй баар орсон. Тэгээд баарыг хаах хүртэл нь суусан, бид баар дотор 2-3 шил архи авч уусан, авсан архинаас өөр хүмүүс бас уусан. Тэгээд тамхи татахаар гарахад хэдэн залуучууд орж гараад яваад байсан. Цаг явсаар хүмүүс шингэрч үлдээд бид явахаар болоод гарцгаасан. Тэгэхэд тухайн үед танилцсан О******* залууг Д очиж тэвэрсэн. Тэгтэл удалгүй маргаан болсон юм намайг О******* шууд чирээд камергүй харанхуй хэсэгт аваачиж нүүр луу 2-3 удаа цохисон, тэгээд дахиж цохиогүй. Тэгээд миний нүднээс цус гарч эхлэхэд О******* болон түүнтэй хамт явсан залуучууд зугтаагаад явцгаасан... Миний эруул мэндэд учруулсан хохирлыг О******* дангаараа учруулсан. Намайг өөр хүн цохиж зодоогүй. Махлаг намхандуу пальдгар нүүртэй бордуу арьстай ойролцоогоор 20 орчим настай байж жаахан хүүхэд байсан мөн оюутан гэж яригдаад байсан... Тухайн болсон асуудлыг сайн санаж байна.. Мөн маргааш нь очиход баарны зөөгч эмэгтэй "хүүе таныг арай л зодсон байна, бас таныг О******* гэж хүн чинь цохисон" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Хохирогч Ш.Х*******ын дахин өгсөн. Тухайн зодоон болдог өдөр намайг цохисон хүн нь махлагдуу, том биетэй, бор арьстай залуу цохисон юм. Мөн манай ширээн дээр ирж архинаас 1-2 удаа уусан. Тэгээд хэрэг явдлын дараа буюу маргааш зөрчлийн байцаагч Анхбаяртай уулзаад "коллектив" руу очсон юм аа, тэгэхэд намайг цохисон залуу байсан тэгээд нэрийг нь О******* гэдгийг мэдсэн юм. Мөн баарны зөөгч охин таныг О******* цохисон гэж надад хэлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Б.Х "...2024 оны 06 дугаар сарын сүүлээр байсан санаж байна. Би найз О*******, З хамт 00 цагийн үед Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "коллектив" нэртэй бааранд орсон. Тэгээд 02 цагийн үед баарны гадаа тамхи татаад Зоригтбаатар, О******* бид 3 байсан юм. Тэр үед О*******тай нэг хүн яриад байгаа бололтой байсан, тэгтэл гэнэт О*******тай ярьж хүн маргалдаад барьцалдаад эхэлсэн. Тэгэхэд маргалдсан хүний 3 найз нь хамт байсан. Тэгээд О******* нөгөө маргалдаж байсан хүмүүстэй барьцалдаад хамт газар унасан, тэгэхээр нь Зоригтбаатар бид 2 салгаж авсан. Тэгээд л шууд явцгаасан юм... Намайг нэг харахад буржгар үстэй ах газарт унаад босож байгаа харагдсан. Хүн цохиж унагаад босож байсан эсхүл өөрөө унаад боссон зэргийг бол мэдэхгүй байна... О*******аас өөр хүнтэй маргалдсан хүн байхгүй. Зоригтбаатар би Энхтүвшин бид 3 зүгээр салгасан хүн цохисон зүйл байхгүй, тэгээд л бид зугтаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 38, 67-р хуудас/,

Гэрч С.З "... Би найз О*******, Хос-Эрдэнэ нарын хамт 2024 оны 06 дугаар сарын 16-ны 23 цаг өнгөрөөд Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "коллектив" нэртэй бааранд найз Хос-Эрдэнэ, О******* нарын хамтаар орсон юм. Тэгээд баар 02 цаг өнгөрөөд хаасан. Бид баарны гадаа тамхи татаад зогсож байхад танихгүй 4 ах ирээд тамхи байна уу? гэж асуугаад яриа эхэлсэн, тэгээд манай найз О******* ярилцаж байгаад "юу гээд байгаа юм бэ?" гээд ерөнхийдөө маргаан эхэлсэн юм. Тэгээд О******* нэг ахтай барьцалдаад заамдалцсан, тэгээд хамт явсан ах нар орж ирээд тэгээд Хос-Эрдэнэ бид хоёр салгаж авсан... Маргалдсан 4 эрэгтэй хүн бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм... О*******ыг ганцааранг дуудсан, тэгээд ширээндээ суулгаад архи хундагалж өгсөн... Буржгар үстэй ахтай бол О******* нь маргаан үүсгэж барьцалдсан яг цохисон эсэхийг би хараагүй... Буржгар үстэй эрэгтэй хүнтэй О*******аас өөр маргалдаж барьцалдсан хүн байхгүй. О******* нь махлах, бор өнгийн арьстай, пальбагар нүүртэй, 20 настай 175-177 см орчим өндөртэй... О******* бол яалт ч үгүй буржгар үстэй эрэгтэй хүнтэй хэрэлдэж маргалдаж барьцалдсан, гэхдээ цохисныг нь сайн хараагүй. Буржгар үстэй ах мөн О*******тай үзье гээд дээгүүрхээ тайлаад байсан. О*******, буржгар үстэй ах хоёр хоорондоо хэн хэнээ үзье гээд харанхуй хэсэг рүү явсан юм. Тэгээд Хос-Эрдэнэ бид тамхины цэгийн хажууд байсан юм, тэгээд хүмүүсийн дуу нь чангараад орилолдоод явчихаар нь Хос-Эрдэнэ бид 2 очсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 48, 65-р хуудас/,

Гэрч Б.Тийн "... махлаг бор арьстай залуу Х*******ыг аваад явж байсан... Маргалдсан гэх залуучууд Х*******ын биед нь халдаж зодсон. Угаасаа ойр хавьд өөр хүмүүс байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

Гэрч З.Б "...2024 оны 06 дугаар сарын сүүлээр байсан санаж байна. Би танил найз Т түүний ажлын газрын 3 хүнтэй нийт буулаа голын эрэг дээр 3 шил архи уугаад оройхон бүрий тасрахын алдад Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "коллектив" нэртэй бааранд орсон. Бааранд ороод ширээ авч архи захиалж уугаад мөн орж гараад, орж гараад яваад байсан, би баарнаас гарч салхинд цохиулаад нэлээн муудсан. Нэг мэдэхэд газарт унасан хүнд цохиулсан байсан санаж байна. Тэгээд ухаан орсон... Тэгээд "коллектив"-ын зүүн талын харанхуй хэсгээс Тийн найз Таван богдод ажилладаг гэж танилцуулсан буржгар үстэй залуу ганцаараа гараад ирсэн. Нүд хамар ам нь цус болчихсон байсан... Тэр хүмүүс бид нараас нэлээн дүү хүүхдүүд байсан. Тэгээд зодчихоод "коллектив" баарны хойшоо зугтаад яваад өгсөн... Би согтуу байж байгаад хүнд цохиулаад сэргэсэн юм... Би Х*******ыг хэн цохисон яасан гэдгийг сайн мэдэхгүй байна. Харанхуй хэсгээс гэрэлд гарч ирэхдээ нүд нь хөхрөөд хавдаад бомбойсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

Шинжээч эмч Д.Д "... Хохирогч Ш.Х*******ын зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи зулгаралт буюу нүдний эргэн тойрны цус хуралт гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

Гэрч Б.Э "... Би тухайн хэрэг гарах үед "коллектив" бааранд зөөгчөөр ажилладаг байсан. Тэгээд дотор 03 өнгөрөөд маргалдаан үүссэн. Тэр маргаан "гарах уу?, гаръя" гэх маргаан үүссэн байсан. Тэгээд О******* ах гадаа хувцсаа тайлаад нэг үл таних эрэгтэй хүнтэй нэгийн эсрэг нэг зодолдохоор болсон, тэгээд зодоон эхэлсэн... Тэр үед О******* нэгийг нь доороо оруулчихсан байсан. Тэгээд би салгасан, тэгээд О******* ахын найзуудтай зугтаасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

Гэрч Ч.Г "...2024 оны 06 дугаар сарын сүүлээр болсон санаж байна. Би "коллектив" нэртэй бааранд бармен хийдэг. Тэгээд манай баар хаах үеэр О******* болон түүний найзууд үл таних буржгар үстэй ахтай маргалдаад зодолдсон. Буржгар үстэй ах дээр О*******ын найзууд бөөндөө очсон, тэгээд буржгар үстэй ахыг өмөөрч бас нэг махлаг биетэй ах байсан. Тэгээд тэднийг зодолдсон гэдгийг мэдэж байна. Тэр хэд камерын өнцгөөс гараад баарны харанхуй хэсэгт очсон болохоор сайн харагдахгүй байсан бөөгнөрсөн л юм байсан. Миний мэдэж байгаа зүйл О******* буржгар үстэй ахтай зодолдсоныг мэдэж байна. Маргааш нь би буржгар үстэй ах манай бааранд орж ирэхэд тантай зодолдсон хүнийг О******* гэдэг гэж нэрийг нь хэлсэн юм... Би яг О*******ыг цохиж байх үйл явдлыг хараагүй, гэхдээ О******* надад өөрөө найз нь цохисон юм аа гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 61, 69-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 224 дугаартай: "... 1.Ш.Х*******ын биед дагзны хуйханд няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 78-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100 хуудас/

Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 101 хуудас/

Шүүгдэгчийн нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолт /хх-ийн 102 хуудас/

Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 105 хуудас/

Шүүгдэгчийн урьд захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуудас/

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуудас/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 Шүүгдэгч Т.О******* /М*******/ нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 17-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн С******* сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "коллектив" шөнийн цэнгээний газарт тодорхой шалтгаангүй буюу үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ш.Х*******ын толгой хэсэгт 2-3 удаа гараараа цохих үйлдлээр хохирогчийн биед дагзны хуйханд няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 29-31-р хуудас/,

Хохирогч Ш.Х*******ын мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Хохирогч Ш.Х*******ын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Б.Х мэдүүлэг /хх-ийн 38, 67-р хуудас/,

Гэрч С.З мэдүүлэг /хх-ийн 48, 65-р хуудас/,

Гэрч Б.Тийн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,

Гэрч З.Б мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

Шинжээч эмч Д.Д "... Хохирогч Ш.Х*******ын зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи зулгаралт буюу нүдний эргэн тойрны цус хуралт гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

Гэрч Б.Э мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/,

Гэрч Ч.Г мэдүүлэг /хх-ийн 61, 69-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 224 дугаартай: "... 1.Ш.Х*******ын биед дагзны хуйханд няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 78-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Т.О*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Т.О*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Т.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Т.О******* нь гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Т.О******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний зардал 106,190 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

Хохирогч Ш.Х*******ын эмчилгээний зардал 400.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул хохирогчид төлөх  зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Т.О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ...“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.О******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Т.О*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О*******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.О*******ад оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Т.О*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ачит овогт Т******* О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т******* О*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний  450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар  шүүгдэгч Т.О*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  шүүгдэгч Т.О******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Т.О*******аас Эрүүл мэндийн даатгалын санд 106,190 төгрөгийг гаргуулж олгосугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ч.МӨНГӨНЦЭЦЭГ