| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/0122/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/146 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Содномиший |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/146
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин
Улсын яллагч Б.Содномиший
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* Б*******ад холбогдох эрүүгийн 2531000000092 дугаартай, 316/2025/0122/Э индекстэй эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1** оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн С******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, "Ф*******" ХХК-д байгаль орчин хариуцсан мэргэжилтэн ажиллаж байсан, одоогоор ажлаас чөлөөлөгдсөн, ам бүл 3, аав ээжийн хамт С** аймгийн С******* сумын ** дугаар баг ** дугаар хэсэг 0** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,
Х******* овгийн Б******* Б*******, /регистрийн дугаар М*******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б******* нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ууж согтуурсан үедээ С** аймгийн С******* сумын ** дугаар баг ** дүгээр хэсэг 023 тоотод хохирогч Д.Г******* маргалдаж, "үг хүлээж авахгүй, чанга орилсон" гэх шалтгаанаар хохирогчийг сандал дээр сууж байхад нь хөлөөрөө жийж унагаан, сандлаар толгой, бие хэсэг рүү нь цохисны улмаас биед нь хуйханд шарх, зүүн талын 9, 10, 11-р хавирга зөрүүтэй хугарал, хэвлийн хөндийн сул шингэн хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр архидан согтуурч Сэлэнгэ аймгийн С******* сумын ** дугаар баг ** дугаар хэсгийн 5** тоотод хохирогч Э.Э, хохирогч Г.Н нарын биед халдаж зодсоны улмаас Э.Эын биед баруун дал, нуруу бүсэлхий, хамарсан 2 дугаар зэргийн түлэгдэл, зүүн дээд, доод зовхи хамарсан тархмал, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний салст цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч Г.Нгийн биед баруун хацар, шанаа, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, зулай, дагзны хуйханд няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй, Э, Н хоёрын хувьд тэр айлын хүүхдүүдийг загнаж зандраад байхаар нь би уурласан юм шиг байна лээ. Архинаас болж ийм гэмт хэрэг үйлдлээ дахин архи уухгүй, шүүхээс энэ байдлыг маань харгалзан үзнэ үү гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн "...Сэлэнгэ аймгийн С******* сумын 5 дугаар баг 3 дугаар хэсэг 007 тоотод оршин суух хаягтай Б******* Б*******ыг согтуурал хэмжигч "Алкотест 7510" багажаар үлээлгэн шалгахад тус багажийн 02306 дахь үлээлтээр 2,76 хувийн согтолтын зэрэг тогтоогдсон болохыг... тэмдэглэл үйлдэв" гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р хуудас/,
Хохирогч Д.Г "...2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би төвийн дэлгүүрээс ганц шил архи авчхаад хороолол руу алхаж очоод "Ургац" дэлгүүрийн замын урд байдаг дэлгүүрийн гадна суугаад архиа уугаад сууж байтал дэлгүүр дотроос манай бага ангийн охин болох Баярмаа, мөн зүс мэдэх Б******* дүү нар гарч ирээд бид 3 хамтдаа Б гэр рүү явсан, тэдний гэрт нь очтол Б******* дэлгүүрээс авсан бололтой "Хараа" нэртэй 0,75 литрийн шилтэй архи нэгийг гаргаж ирээд бид 3 архиа уугаад бараг дуусаж байх үед юунаас гэдгийг нь ерөөсөө санахгүй байна, Б******* бид 2 бага зэрэг маргалдаад байсан санагдаж байна, ингээд намайг сууж байтал Б******* намайг хөлөөрөө жийгээд унагаачихсан би ч нэлээн согтсон байсан тул жийгээд л арагш шалан дээр нуруугаараа уначихсан, гэтэл Б******* хажуудаа байсан модон сандлыг аваад тэр сандлаараа намайг хэд хэдэн удаа цохиод сандал нь хугарчихсан... Уг нь бидний дунд маргаан үүсэх том шалтгаан байхгүй, архи ууж согтуурснаасаа болоод л маргалдсан байх. Б******* миний цээж хэсэг рүү хөлөөрөө жийж шалан дээр унагаагаад модон сандлаар хэд хэдэн удаа цохиод, миний толгойг хагалсан... Б******* надаас уучлалт гуйж, надтай уулзсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй мөн сэтгэл санааны хохирол гэх зүйл тогтоолгох шаардлага байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч С.Б "...2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би С******* сум 5-р баг 1-р хэсэг 023 тоот гэртээ өөрийн танил дүү болох Б*******ын хамт "Хараа" нэртэй 0,75 литрийн шилтэй архинаас нэгийг уучхаад архи дууссан тул дахин архи авах гээд Б*******ын хамт гэрийн ойролцоо байдаг "Баялаг" нэртэй хүнсний дэлгүүр рүү орж дахин "Хараа" нэртэй 0,75 литрийн шилтэй архинаас нэгийг худалдаж аваад гараад иртэл манай бага ангийн найз болох Ганзориг дэлгүүрийн гадна сууж байхаар нь би Б******* дүүдээ хандаж "Энэ манай багийн найз байгаа юм аа, хоёулаа аваад явчихъя" гэж хэлээд Б******* Ганзориг бид 3 манай гэр рүү хамт явсан, гэрт ороод бид 3 гал тогооны өрөөнд сууж нөгөө авсан архи уугаад сууж байтал Ганзориг, Б******* 2 хоорондоо маргалдаад байсан, хэсэг маргалдаж байснаа Ганзориг шалан дээр ар нуруугаараа уначихаар нь би гайхаад хартал Б******* нь хажуудаа байсан түшлэгтэй модон сандлаар хоёр, гурван удаа цохичихсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 162 дугаартай: *...1.Д.Г биед хуйханд шарх, зүүн талын 9, 10, 11-р хавирга зөрүүтэй хугарал, хэвлийн хөндийн сул шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,
Хохирогч Э.Эын "...2025 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн үед эхнэр бид хоёр Ганбат ахынд Ганбат ах болон түүний 2 хүүхэдтэй хамт байж байтал гаднаас Б******* гэх залуу 4 шил архи авчихсан орж ирээд хамт ууя гэхээр нь би ""за дүү 2 шил архийг чинь 4 дээ ууя үлдсэн 2 шил архиа аваад яваа миний дүү" гэж хэлээд Ганбат ах болон манай эхнэр Н, Б******* бид дөрөв 2 шил архийг нь хувааж уусан. Тэгээд Б.Б******* үлдсэн 2 шил архиа аваад явсан бөгөөд бид 3 үлдээд согтоод унтсан. Гэтэл өдөр Б******* гэх залуу буцаж орж ирээд эхнэр бид 2-ыг буйдан дээр унтаж байхад бид 2-ын нүүр рүү цохиж сэрээгээд, эхнэрийг үсдэж газар чирээд байхаар нь би "эмэгтэй хүн цохилоо, болиоч" гэж хэлээд эхнэрээ өмөөрсөн чинь миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод тулхэж унагаасан. Би унахдаа халуун зууханд нурууныхаа баруун хэсгийг түлчихсэн ба зүүн нүд хавдсан... Тухайн үед ямар ч маргаан болоогүй, эхнэр бид хоёрыг унтаж байхад цохиод сэрээсэн. Тэгээд сэргээд хартал Б******* ороод ирсэн байсан. Юунаас болсныг сайн ойлгоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/,
Хохирогч Г.Нгийн "... Би 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нөхөртэйгөө хамт айлд байж байтал гаднаас Б******* гэдэг танихгүй залуу архи авч орж ирээд тэр айлын хүн болох Ганбат ах болон манай нөхөр Э, тэгээд Б******* бид хэд архийг нь хувааж уугаад байж байтал Б******* үлдсэн 2 шил архиа аваад гараад явсан. Тэгээд би нөхөртэйгөө хамт тэр айлын буйдан дээр хэвтээд, Ганбат ах хойд талын матрас дээрээ хүүхдүүдтэйгээ хамт унтаж байсан. гэтэл Б******* гэдэг залуу буцаж орж ирээд миний нүүр рүү цохиж нөхөр бид 2-ыг сэрээсэн. Тэгснээс миний үснээс зулгаагаад газар дараах чирэхээр нь би харилцан зууралдаж авсан. Гэтэл манай нөхөр босож ирээд намайг өмөөрөөд Б*******ыг "болио" гэж хэлээд бид 2-ын голоор орж салгах гэтэл нөхрийн маань нүүр рүү хэд хэдэн удаа цохиж, хойш нь түлхэж унагаасан. Тэгээд нөхрийн маань нуруу халуун зууханд түлэгдчихсэн... Ямар ч маргаан болоогүй, тухайн үед унтаж байсан... Б******* миний үснээс зулгааж, нүүр лүү 2 удаа гараараа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 118-р хуудас/,
Гэрч П.Г "...04 дүгээр сарын 24-ний өдөр Э.Эын эхнэр болох Г.Н бид 3 гэрт байхад гаднаас Б.Б******* өглөө 10 цагийн орчим байхаа 4 шил архи авсан орж ирээд бид 4 цуг 0,75 литрийн "Хараа" нэртэй 2 шил архийг хувааж уусан юм. Тэгээд Б.Б******* үлдсэн 2 шил архиа аваад явсан би ч нэлээн согтоод унтаад өгсөн. Өдөр унтаж байсан чинь түс тас гээд Чимээ гарахаар нь сэрээд харсан чинь Э.Э Б.Б******* 2 зодолдсон бололтой Э.Эын зүүн нүд хавдсан, нуруу нь зууханд түлэгдсэн байдалтай байсан, тэгээд би юу болсон талаар асуухад Б.Б*******, Э.Эыг унтаж байхад нь цохиж сэрээж зуух руу түлхэж унагаасан гэж Э бас манай сэтгэцийн өвчтэй эмнэлгийн хяналтад байдаг 2 хүү хэлсэн юм... Манай 2 хүү болох Б.Ж, Б.Л нар харсан гэсэн, эхнэрийг нь үсдээд чирсэн, тэгээд Э ах эхнэрээ өмөөрсөн чинь зуух руу түлхэж унагааж нурууг нь түлсэн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 123-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Д 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 214 дугаартай: эмч "...1.Э.Эын биед баруун дал, нуруу бүсэлхий хамарсан 2-р зэргийн түлэгдэл, зүүн нүдний дээд, доод зовхи хамарсан тархмал, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний салст цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 131-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 215 дугаартай: "...1.Г.Нгийн биед баруун хацар, шанаа, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 137-р хуудас/,
2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "...Д.Б*******ыг согтуурал хэмжигч "Алкотест 7510" багажаар шалгахад 1,59 хувийн согтолттой байсныг тэмдэглэл болгон үйлдэв" гэх мөрдөгчийн тэмдэглэл
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144 хуудас/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 54 хуудас/
Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 55 хуудас/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 56 хуудас/
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57 хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 хуудас/,
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 59 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Б******* нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ууж согтуурсан үедээ С** аймгийн С******* сумын ** дугаар баг ** дүгээр хэсэг 0** тоотод хохирогч Д.Г******* маргалдаж, "үг хүлээж авахгүй, чанга орилсон" гэх шалтгаанаар хохирогчийг сандал дээр сууж байхад нь хөлөөрөө жийж унагаан, сандлаар толгой, бие хэсэг рүү нь цохисны улмаас биед нь хуйханд шарх, зүүн талын 9, 10, 11-р хавирга зөрүүтэй хугарал, хэвлийн хөндийн сул шингэн хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр С** аймгийн С******* сумын ** дугаар баг ** дугаар хэсгийн 5** тоотод хохирогч Э.Э, хохирогч Г.Н нарын биед халдаж зодсоны улмаас Э.Эын биед баруун дал, нуруу бүсэлхий, хамарсан 2 дугаар зэргийн түлэгдэл, зүүн дээд, доод зовхи хамарсан тархмал, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний салст цус харвалт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
хохирогч Г.Нгийн биед баруун хацар, шанаа, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, зулай, дагзны хуйханд няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн "...Сэлэнгэ аймгийн С******* сумын 5 дугаар баг 3 дугаар хэсэг 007 тоотод оршин суух хаягтай Б******* Б*******ыг согтуурал хэмжигч "Алкотест 7510" багажаар үлээлгэн шалгахад тус багажийн 02306 дахь үлээлтээр 2,76 хувийн согтолтын зэрэг тогтоогдсон болохыг... тэмдэглэл үйлдэв" гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р хуудас/,
Хохирогч Д.Г мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч С.Б мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 162 дугаартай: *...1.Д.Г биед хуйханд шарх, зүүн талын 9, 10, 11-р хавирга зөрүүтэй хугарал, хэвлийн хөндийн сул шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.15-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,
Хохирогч Э.Эын мэдүүлэг /хх-ийн 112-р хуудас/,
Хохирогч Г.Нгийн мэдүүлэг /хх-ийн 118-р хуудас/,
Гэрч П.Г мэдүүлэг /хх-ийн 123-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Д 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 214 дугаартай: эмч "...1.Э.Эын биед баруун дал, нуруу бүсэлхий хамарсан 2-р зэргийн түлэгдэл, зүүн нүдний дээд, доод зовхи хамарсан тархмал, хамрын нуруунд цус хуралт, зүүн нүдний салст цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 131-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 215 дугаартай: "...1.Г.Нгийн биед баруун хацар, шанаа, баруун бугалга, баруун гуянд цус хуралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 137-р хуудас/,
2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн "... Б.Б*******ыг согтуурал хэмжигч "Алкотест 7510" багажаар шалгахад 1,59 хувийн согтолттой байсныг тэмдэглэл болгон үйлдэв" гэх мөрдөгчийн тэмдэглэл зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Д.Б*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Б.Б******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч нараас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирол гаргуулах шаардлагагүй гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн эмчилгээний зардлыг Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгч Б.Б******* нь төлж барагдуулсан байна.
Харин хохирогч нар нь цаашид энэ гэмт хэргийн улмаас эмчлэгдэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Б.Б*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч Б.Б*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Б*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж тус тус заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын доод хэмжээг хоёр жил хүртэл, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Б.Б*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хохирогч нарын эрүүл мэндэд хэвлий хөндий устсан хүнд гэмтэл, мөн пийшин дээр унаж ар нуруу түлэгдсэн хүндэвтэр гэмтэл, эмэгтэй хүн зодож хөнгөн гэмтэл учруулсан байдал, гэмт хэрэг үйлдэж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээтэй байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй гэсэн шалтгаанаар хохирогч нар эмчилгээний зардал төлөөгүй, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ад 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 270 хоног буюу 9 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг 90 хоног буюу 3 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт 3 жилийн хорих ялыг эдлүүлэх,
Мөн шүүгдэгч Б.Б******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан ба 10 сарын хугацаанд торгох ялыг төлж биелүүлээгүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын 2 заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан ...Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсвэл тус тусад нь эдлүүлж болно гэж заасны дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож 200 хоног буюу 6 сар 20 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 6 сар 20 хоногийн тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х******* овогт Б******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Х******* овогт Б******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг 270 хоног буюу 9 сарын ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг 90 хоног буюу 3 сарын ялыг, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх төгрөгийг нэг хоногоор тооцож 200 хоног буюу 6 сар 20 хоногийн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 3 / гурван / жил 6 /зургаан / сар 20 / хорь / хоногийн хорих ялыг эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б*******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ын цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6.Шүүгдэгч Б.Б******* нь Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 55,566 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.
7.Хохирогч нар нь энэ хэргийн улмаас цаашид эмчлэгдэх бол нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
Даргалагч,
ЕРӨНХИЙ шүүгч ч.мөнгөнцэцэг