| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2022/00464/И |
| Дугаар | 145/ШШ2022/00564 |
| Огноо | 2022-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 145/ШШ2022/00564
| 2022 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 145/ШШ2022/00564 | Өвөрхангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 02 дугаар баг, 28-01 тоотод оршин суух, Нанжин овгийн Бямбадоржийн Хоролмаа
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 02 дугаар баг, 28-01 тоотод оршин суух, Нанжин овгийн Бямбадоржийн Хоролсүрэн нарт холбогдох,
24636567 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хоролмаа /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК дахь Өвөрхангай салбарын захирал Ю.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Хоролмаа, Б.Хоролсүрэн нар нь Голомт банк-ны Өвөрхангай салбараас 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ6005106210 тоот зээлийн гэрээ, 2018 ны 07 дугаар сарын 23-ны өдөр БГ6005106210 тоот ипотекийн гэрээ зэргийг тус тус байгуулан, Ү-1018001935 дугаартай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Г-1018001935 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээ зэргийг барьцаалж, 18000000 /арван найман сая/ төгрөгийн дүнтэй, 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Зээлдэгч нарын ЗГ6005106210 тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 1234 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд зээлийн гэрээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусч Монгол банк-ны Актив ангилах журам зөрчин муу зээлийн ангилалд орж банкны эрх ашигийг ноцтой зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний 3.4.3-д заасны дагуу уг зээлийн гэрээний үүргийн гйүцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулж нийт 24636567 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Хоролмаа, Б.Хоролсүрэн нар нь Голомт банкны Өвөрхангай салбартай 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээл, барьцааны гэрээнүүдийг байгуулж 18,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй зээл авсан. Зээл нь чанаргүй болж 1234 хоногийн хугацаа хэтэрсэн. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу 1 жил 5 сарын өмнө зээлийн гэрээний хугацаа дууссан. Монгол банкны муу зээлийн ангилалд шилжсэн. Иймд Б.Хоролмаа, Б.Хоролсүрэн нараас үндсэн зээл 13,500,000 төгрөг, хүү 10,000,000, нэмэгдүүлсэн хүү 1,000,000 төгрөг гээд нийт 24,636,56.60 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хоролмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх 18,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлээс 6,500,000 төгрөгийг төлж 12,500,000 төгрөг үлдсэн. Зээлийн үлдэгдэл болон хүү алдангийн 50 хувийг төлөхөөс татгалзах зүйлгүй. Барьцаа хөрөнгийг өөрөө зарж борлуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Хоролмаа, Б.Хоролсүрэн нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг утгын хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Үндсэн зээлээсээ 6,800,000 төгрөг төлсөн гэх баримт нь хэрэгт авагдсан. Үүнийг хасаад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алдангийг иргэний хуульд зааснаар биелүүлэх үүргийн гүйцэтгэлийн 50 хувийг төлөхийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Хоёрдугаарт барьцаа хөрөнгөө өөрөө борлуулж төлбөрөө төлөх хугацаа өгөх хүсэлттэй байгаа гэв.
№9016001014 дугаартай Голомт банк ХХК /РД:2075377/-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
Голомт банк ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 434 дугаартай, 05 дугаар сарын 28-ны өдрийн н/502 дугаартай гүйцэтгэх захирал Норихико Катогийн эрх олгох тухай тушаалын хуулбар,
Голомт банк ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ6005106210 дугаартай зээлийн гэрээ, БГ6005106210 дугаартай ипотекийн гэрээний хуулбарууд,
№000516164, №000446697 дугаартай Б.Хоролмаа /РД:ЙЮ00261608/-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Голомт банк ХХК нь хариуцагч Б.Хоролмаа, Б.Хоролсүрэн нарт холбогдуулан 24636567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Голомт банк ХХК нь хариуцагч Б.Хоролмаа, Б.Хоролсүрэн нартай 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ6005106210 дугаартай зээлийн гэрээ, БГ6005106210 дугаартай ипотекийн гэрээнүүд байгуулжээ.
4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлгаа тодорхойлохдоо үндсэн зээлийн үлдэгдэл 24636567 төгрөг гэсэн байна.
5. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хоролмаа нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөрч байгаа талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 281133 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281195 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Б.Хололмаа, Б.Хоролсүрэн нараас 24636567 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 02 дугаар баг, Эмт 28-10 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг Шүүхийн шйидвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Хоролмаа, Б.Хоролсүрэн нараас 281133 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281195 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА