Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 143/ШШ2022/00210

 

Ө******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Т

Хариуцагч: Х.Д

Эзэмшигчээр тогтоолгох, бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Ө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцааснаар хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, А.Батмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Х.Т******* 2020 оны 7 дугаар сарын 09-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009 онд С.Э-аас Ө******* аймгийн Д******* сумын т байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр худалдан авсан юм. Ингээд өөрийн төрсөн ах болох Х.Д*******т хадгалуулахаар шилжүүлэн өгч өнөөдрийг хүртэл миний бие “Х*******” зочид буудлын агуулах хийж ашиглаж байгаа юм. Х.Д*******аас тухайн газрыг эргүүлэн шилжүүлэх талаар шаардсан боловч шилжүүлэлгүй одоог хүрч байна. Ах Х.Д*******т хадгалуулсан газрыг хууль бус эзэмшлээс гаргаж миний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т******* 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: 2009 онд зочид буудал барих зорилгоор Ө******* аймгийн Д******* сумын т 200 м.кв А.Ж-ы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр худалдан авч “Х******* ” ХХК-ийн нэр дээр зочид буудал барин одоог хүртэл өмчилж байна. Тухайн үед газар худалдан аваад өөрийн төрсөн ах болох Х.Д*******т хадгалуулахаар эзэмшилд нь шилжүүлэн өгсөн. Х.Д*******аас тухайн газрыг 2015 онд эргүүлэн шилжүүлж авсан боловч “Х*******” зочид буудал байрлах тухайн 200 м.кв газрын эзэмшигч нь хэн болох талаар маргаан үүсээд байна. 2009 онд А.Ж-аас худалдан авсан 200 м.кв газар буюу “Х******* зочид буудал байрлах тухайн 200 м.кв газрыг Х.Т******* миний эзэмшлийн газар болохыг тодорхойлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т******* 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч Х.Т******* урьд гаргасан нэхэмжлэлдээ “2009 онд С.Э-аас Ө******* аймгийн Д******* сумын , 14 дүгээр байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр худалдан авсан юм. Ингээд өөрийн төрсөн ах болох Х.Д*******т түр шилжүүлэн өгч зочид буудлынхаа агуулахаар ашиглаж байгаа. Х.Д*******т шилжүүлсэн газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, миний өмчлөлд шилжүүлж өгнө үү. Мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Ө******* аймгийн Д******* сумын т 200 м.кв А.Ж-ы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр худалдан авч Х.Д*******т түр шилжүүлсэн байсан. Х.Д*******аас тухайн газрыг 2015 онд буцаан авсан боловч маргаан үүссэн тул тухайн газрыг Х.Т******* миний эзэмшлийн газар болохыг тодорхойлж өгнө үү” гэсэн шаардлагыг гаргаж байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2.14-т “тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” тус тус зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 

Х.Т******* нь 2009 онд С.Э-аас Ө******* аймгийн Д******* сумын , 14 дүгээр байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр, мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Ө******* аймгийн Д******* сумын т 200 м.кв А.Ж-ы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож өгнө үү. Энэхүү эрх зүйн ач холбогдол бүхий эдийн баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болсон үйл явдал тогтоогдсоноор тухайн газрын эзэмшигчээр тогтоогдвол зохих этгээд тодорхой болох чухал ач холбогдолтой юм. Энэ талаар газрын анхны эзэмшигчид шүүхэд тодорхойлолт болон бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т******* 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Миний бие Х.Т******* нь урьд гаргасан хүсэлтдээ “2009 онд С.Э-аас Ө******* аймгийн Д******* сумын , 14 байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр, мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Ө******* аймгийн Д******* сумын т 300 м.кв А.Ж-ны эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож” шаардлагыг гаргаж байсан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний эзэмшилд байсан 2009 онд А.Ж*******аас Ө******* аймгийн Д******* сумын т байрлах 300 м.кв худалдаж авсан газрыг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Х.Д*******ын нэр дээр бүртгэсэн тул 2009 онд Сумаа овогтой Эаас Ө******* аймгийн Д******* сумын , 14 байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан газар, мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Ө******* аймгийн Д******* сумын , 300 м.кв А.Ж*******ы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр тус тус худалдан авсан газрыг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Т******* намайг эзэмшигчээр тогтоож, шийдвэрийн үр дагаврыг арилгах үүднээс бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг даалгаж өгнө үү.

2009 онд С.Э-аас Ө******* аймгийн Д******* сумын , 14 байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр худалдаж авсан газрыг агуулахын зориулалтаар ашиглахаар худалдаж авсан бөгөөд өнөөдрийн байдлаар “Х******* ” ХХК-ийн агуулах зоорь хэлбэрээр ашиглаж байна. Мөн А.Ж*******аас худалдаж авсан газар дээрээ зочид буудал барих зорилготой байсан бөгөөд 2011 оноос зочид буудал, рестораны үйл ажиллагаа явуулж байна. Тухайн газруудыг Х.Д******* буцаан шилжүүлэхээр тохирсон ба 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өөрийн хүү Д.Х*******д өгсөн итгэмжлэлд тодорхой дурдсан бөгөөд итгэмжлэлд Ө*******, Д******* сум Хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлах 0243684 тоот улсын бүртгэлийн дугаар бүхий 300 м.кв газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэж заасан байгаа ч Х.Д******* тухайн газрыг шилжүүлж өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд өөрийн найз нөхөд болон өөрийн хамт ажилладаг нөхдөөсөө боломжийн хэмжээний зочид буудал барих зорилгоор газар худалдан авсан. Газар худалдаж авсан хүмүүс нь хамт ажиллаж байсан аймгийн Засаг дарга болон тэнд ажиллаж байсан аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч болох хүмүүстэй ойр дотны харилцаагаар хоорондоо ярилцаж газар худалдан авсан. Энэ газар дээр 2010 онд Х******* гээд буудал барьсан. Урд газар дээр нь Х******* буудлын аж ахуйн хашаа болгож хэрэглэж эхэлсэн. Энэ газрыг авахдаа тодорхой хууль ёсны дагуу мөнгө төгрөгийг тавьж шилжүүлэх үүрэг тэр хүмүүст хүлээлгэсэн. Ингэж хүлээлгэхдээ би өөрөө бизнесийн болон хувийн ажил ихтэй болохоор бас ажил маань суурьшин ажилладаггүй учраас итгэлцэл өгч энэ газрыг өөрийн ахын нэр дээр шилжүүлээд өгөөч гэдэг хүсэлтийг тавиад үүнийг миний эгч, дүү нар очоод бүртгүүлээд бүртгэл дээр нь хэн ч очоогүй, өөрөө ч очоогүй ийм ажиллагаа болсон. Сая байдал өөрчлөгдсөн учраас үүнийг хууль ёсны дагуу өөрийн нэр дээр авах боломжийг олгож өгнө үү гэж шүүхэд албан ёсоор хандсан юм. Мөнгө төгрөгийг нь би өөрөө бэлнээр төлсөн. Авсан хүмүүс нь өөрсдөө надад зарсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ийм л үйл явдал байдаг гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бол Ө******* аймаг, Д******* сум, 3-р баг, 14 дүгээр байрны зүүн хойно тоосгон дэлгүүр ...... дугаартай, 320 м.кв газар. Мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Ө******* аймгийн Д******* сумын 3-р баг, хуучнаар 1 дүгээр дэлгүүрийн урд талд 200 м.кв буюу нэгж талбарын ..... дугаартай газруудын эзэмшигчээр тогтоолгоё, түүнийх нь үр дагаврыг арилгуулъя, эзэмшил тогтоосонтой холбоотой бүртгэлийг нь өөрчлүүлье, эзэмшигчээр тогтоосон шийдвэрийн үр дагаврыг арилгуулъя гэсэн шаардлага гаргаж байгаа. Энэ шаардлагыг хууль ёсны өмчлөх болон эзэмших эрхтэй гэдэг агуулгаар гаргасан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т өмчлөгчийн нэгэн адил эзэмшигч шаардлага гаргах эрхтэй гэж байгаа. Газар бол улсын өмч. Монгол улсын иргэд түүнийг эзэмших эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй учраас 106.2 дахь хэсгээр шаардах эрхээ тодорхойлж байгаа. Тухайн газрыг Х.Т******* гэдэг хүн өөрөө бодитой 2009 оноос хойш эзэмшиж байгаа, үр шимийг нь хүртэж байгаа, энэ газрыг авсан зорилготойгоо нийцэж байгаа. Өөрөөр хэлбэл, зочид буудал барих мөн агуулахын зориулалтаар ашиглана гэсэн. Энэ зочид буудал, агуулахыг Х.Д******* гэдэг хүн ерөөсөө ашиглаагүй. Х.Д******* гэдэг хүний нэр дээр бүртгэгдсэн асуудал л байгаа.

Иргэний хуулийн 83.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны дагуу аливаа эд хөрөнгийг эзэмшилдээ авах, хууль ёсны буюу ямар нэгэн үр шим шингээгээд хэлцлийн үндсэн дээр юм уу, хариу төлбөрийг нь төлөх юм уу ийм үндсэн дээр шилжүүлнэ үү гэхээс хэн нэгэн өөрөө ч мэдээгүй байхад нь өөр этгээд очоод бүртгэгдсэнийг хууль ёсны гэж үзэхгүй. Хууль ёсны дагуу бүртгэгдэж байж энэ хөрөнгө гэж тооцогдоно. Энэ хөрөнгөө хэн нэгэн эзэмшиж байгаа боловч эзэмшихэд нь саад болоод байгаа буюу бүртгэл нь өөр хүний нэр дээр, тэгээд тодорхой үйл ажиллагаа явуулах гэхээр эзэмшил, бүртгэлтэй холбоотой маргаан үүсээд саад учруулаад байгаа учраас энэ үйлдлийг зогсоох үүднээс бид өмчлөгчөөр тогтоолгоё, тухайн эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч нь би юм. Тэгээд үүнийхээ үндсэн дээр хэн хууль ёсоор эзэмших, өмчлөх эрхтэй байна түүний дагуу бүртгэл нь явах ёстой учраас тэр бүртгэлийг нь өөрчлөөд өгөөч ээ гэсэн шаардлага гаргаж байгаа. Анх 2020 онд эзэмшлээс чөлөөлүүлье гэсэн шаардлага гаргаж байсан. Ажиллагааны явцад энэ шаардлага өөрчлөгдөөд талуудын хооронд ямар үйл явдал болсон тэр үйл явдлаа эхлээд тогтоолгоё гэсэн байдлаар явж байсан. Гэвч анхны иргэний хэрэг үүсгэж байгаа асуудал нь хууль бусаар газар чөлөөлүүлэхдээ холбоотой асуудал байсан учраас үүсгэсэн хэргийг шийдвэрлэх ёстой болоод байгаа юм. Анхнаасаа эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгоно гэж хэрэг үүсгээгүй учраас процессын хувьд алдаатай болсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн. Энэ бас үндэслэлтэй байж болох юм. Тэр хүрээнд яг хуучин байдалд орчихсон. Хуучин байдалдаа очихдоо нэхэмжлэлийн шаардлага тодорхой хэмжээгээр өөрчлөгдөөд тодорсон. Нэгдүгээрт, энэ хүн өмнө нь эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгоё гэсэн шаардлага яагаад гаргаагүй вэ гэхээр А.Ж*******аас авсан үл хөдлөх хөрөнгө нь өөрийнх нь нэр дээр бүртгэлтэй байсан юм. Өөрийн нэр дээр байгаа зүйлийг өмчлөгчөөр тогоолгох шаардлага байхгүй. Хэдийгээр бодитойгоор эзэмшиж, ашиглаж байгаа ч өөрийнхөө эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийг ач холбогдолтой үйл явдлыг тогтоолгохоосоо илүү шууд өмчлөгчөөр тогтоолгох нь зүйтэй юм байна гээд өмчлөгчийн шаардлагыг гаргаж байгаа. Энэ шаардлага нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан шаардлага гэж үзэж байна. Хоёрт, хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэхдээ нэг л зүйл ярьдаг. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан гээд. Өөр байдлаар ерөөсөө үндэслэлтэй холбоотой үгүйсгэж тайлбар өгөөгүй. Шаардлагатай холбоотой тайлбар өгөхгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно. Гэхдээ үгүйсгэсэн үндэслэл нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан гэдэг. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь талуудын хоорондын хэлцэл хийгдсэн эсэх, эзэмшигч буюу өмчлөгч нь хэн бэ гэдгийг шийдэхгүй. Захиргааны хэргийн шүүх зөвхөн бүртгэлтэй холбоотой асуудлыг л шийдсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр энэ хүн өөрөө ч энэ бүртгэлийг хийхийг мэдээгүй байсан байна гэдэг асуудлыг ч дүгнэсэн байгаа. Гэхдээ Засаг даргын Тамгын газраас нь энэ асуудлаар хүчингүй болгох ч юм уу арга хэмжээ аваагүй. Ингэхээр нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон байна гэдэг дүгнэлтийг үндэслэх хэсэгтээ тусгасан байгаа.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр бол өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудал биш шүү гэдгийг хэлмээр байна. Яг бодит байдал дээрээс үзэхэд гэрчүүдийн хувьд ч гэсэн тухайн хоёр газрыг авах эзэн нь тодорхой байсан. Тухайн үед эзэмшиж байсан анхны өмчлөгч нар нь хэнд зарснаа, хэнээс хариу төлбөр авсны үндсэн дээр тухайн газруудыг шилжүүлснээ маш тодорхой мэдээллэсэн. Хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаад мэдүүлэг өгөхдөө эдгээр газруудыг Х.Т*******аас хариу төлбөрийг нь аваад шилжүүлсэн юм гэдэг. Шилжих процесс нь ямар шалтгаантай байсан мэдэхгүй. Ах дүү, хамаатан саднууд бие биедээ, хоорондоо бодит бус дүр үзүүлсэн хэлцэл хийчихдэг. Тэрнийх нь үр дагавар нь янз бүрийн байдлаар өөр өөрөөр гардаг байдал байдаг. Х.Д******* гуай өөрөө ч мэдээгүй байхад нь ах дүүс нь өөрийнх нь нэр дээр газар эзэмшүүлчихсэн байж байгаа. Тэгээд сүүлд нь болохоор энэ газрын хууль ёсны эзэмшил, өмчлөгчийн бүртгэл миний нэр дээр байгаа учраас би үүнийг худалдаж авсан гэхээр анхны өмчлөлийг олж авсан хуульд заасан арга хэрэгслээр олж авна гэдэг байдал үгүйсгэгдэж байгаа юм. Хуульд заасан арга хэрэгслийг хэрэглэснээр хариу төлбөр өгч авсан хүн нь өөрийн эрх ашиг нь хөндөгдөөд хохирчих гээд байдаг.

Бид нар бүртгэлийн асуудал биш, бүртгэлээс өмнөх анхны эзэмшигч, өмчлөгчөөс энэ өмч ямар байдлаар шилжсэн юм бэ, хэн бодит байдал дээр шударга эзэмшигч, өмчлөгч юм бэ гэдгийг тогтоолгох гээд байгаа. Нэг нөхөр бүртгүүлчхээд бүртгэл хийгдсэн, би өмчлөгч гээд бусдыг хохироогоод, үндэслэлгүй хөрөнгөжөөд, шударга бус үр дагавар гаргаад яваад байж болохгүй гээд байгаа юм. Үнэхээр өмчлөгч, эзэмшигч хэн бэ гэдэг дээр маргах гэж байгаа бол А.Ж*******аас, С.Эаас тэдэн онд, ийм юм өгөөд, ингэж худалдаж авсан, Х.Т******* биш би худалдаж авсан юм гэж ярих ёстой. Тэгтэл бүртгэл хийгдсэн учраас хууль ёсны өмчлөгч нь бид нар гэж ярих үндэслэл байхгүй. Үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, өөрчлөгдөж, дуусгавар болох нь 110 дээр байгаа. Гэхдээ хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол гэж байгаа. Тэгээд хэлцлийг хийсэн гэдэг асуудлыг чинь бид нар мэдээд байгаа. Шууд нисэж очоод бүртгэгдчихгүй. Бүртгүүлсэн хэлцэл чинь хууль бус байх юм бол 56 дугаар зүйлд заасан өөр этгээдүүд тэрний өмнөөс хийсэн байх юм бол, хүчин төгөлдөр бус хэлцлийг бид нар хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага байхгүй. Хүчин төгөлдөр бусад тооцож болдог хэлцэл 57, 58, 59 дүгээр зүйл гээд шүүх шаардлага гаргаж тооцож байгаа. Дүр үзүүлсэн ч юм уу, өөр этгээдүүдийн хооронд бодит байдлаас өөр хэлцэл бол тооцоолох шаардлагагүйгээр шүүх дүгнээд хэлцэл хүчин төгөлдөр бус байна, түүний үр дагаврыг арилгах ёстой байх. Тийм учраас хэлцлийн хүчин төгөлдөртэй холбоотой асуудлыг 2009 оны хэлцэл дээр бид нар хөндөж тавих шаардлага байхгүй. 110 дугаар зүйлд бүртгүүлэх үндэс болсон хэлцэл нь үндэслэлтэй юу, үгүй юу гэдэг асуудлыг хөндөөд байгаа юм. Энэ дээр ерөөсөө тайлбар байхгүй. Бүртгэсэн учраас бид нар өмчлөгч гээд байгаа. Бүртгүүлсэн хэлцэл дээр нотариатаар батлуулсан, нотариат дээр яг тэр хэлцэл дээр нь Х.Д******* очсон эсэх нь тодорхойгүй байгаа. Гэрчүүд болохоор бид нар улсын бүртгэл болон хэлцлүүд дээр бүгд дүр үзүүлж хэлцлээ хийж байсан юм гэдгээ илэрхийлсэн. Үүнийг үгүйсгэсэн ямар баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батмандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол татгалзаж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй байдаг. Гэтэл хариуцагч тал татгалзаж байгаа үндэслэлээ нотолж чадсангүй гэж нотлох баримтын хувьд үзэж байна. Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр Ө******* аймгийн Газрын албанаас авсан нотлох баримтууд, дээр нь захиргааны хэргийн шүүхээс авсан нотлох баримтууд зэрэг дээр илт тодорхой Х.Д*******ын гарын үсэг байдаггүй. 2009 онд тухайн газруудыг шилжүүлж авсан Ө******* аймгийн Газрын албан дээр бүртгэж авсан баримтуудыг нүдээр харахад илт тодорхой байдаг. Ийм ийм нотлох баримтуудаар энэ хүн нь яг тухайн үедээ энэ газрыг авах зорилго гэдэг юм уу, энэ газрыг өөрөө албан ёсоор өмчлөөд, эзэмшээд явах зорилго харагдахгүй байна.

Х.Т*******ын тухайд би худалдаж авсан гэдгийг авсан хоёр хүн нь, үр хүүхэд нь би энэ хүнд зарсан юм гээд нотолж байна. Ах дүү нар нь болох У, О нар энэ Х.Т*******ын өмч гээд нотолж байна. Хавтаст хэрэгт байгаа материалууд дээр Х.Д*******ын гарын үсэг байдаггүй. Сая хариуцагчаас асуусан асуултад хариулахдаа 2009 онд зурж байсан гарын үсэг нь ойролцоо, жоохон жоохон өөрчлөгдөж байсан гэж байгаа. Гэхдээ гарын үсгийг У энгийнээр бичигдтэл өөрчлөгдөөгүй. Нэг нь эрх шилжүүлэх гэрээ, нөгөө нь газар эзэмших ашиглахыг хүссэн үйлдэл байж байгаа. Х.Д******* энэ газрыг эзэмшихийг хүсээгүй. Өмнөөс нь өөр хүн орж ирээд хийсэн. Үүнийгээ ч У хэлдэг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Т*******ын гаргасан 2009 онд А.Ж*******аас худалдан авсан 200 м2 газар буюу “Хан Уул” зочид буудал байрлах тухайн 200 м2 газрыг Х.Т******* миний эзэмшлийн газар болохыг тодорхойлуулах тухай, Х.Д*******т хадгалуулсан газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, эргүүлэн өөрийн өмчид авах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагуудтай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э би танилцаад хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагууд нь Х.Д*******ын нэхэмжлэлтэй, Ө******* аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүхэд хянагдаж буй маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шалтаг олох зорилготой гэдэг нь илэрхий. “2009 онд А.Ж-аас худалдан авсан 200 м2 газар буюу “Х” зочид буудал байрлах тухайн 200 м2 газрыг Х.Т миний эзэмшлийн газар болохыг тодорхойлж өгнө үү” гэжээ. Шүүх бол хэн нэгний газар эзэмших эрхтэй эсэх талаар тодорхойлолт гаргадаг байгууллага биш. Үл хөдлөх хөрөнгө, газрын өмчлөх болон эзэмших эрхийг тусгайлан улсын бүртгэлд бүртгүүлж үнэт цаасанд хэвлэсэн хүчин төгөлдөр бүртгэлийн гэрчилгээгээр бусдын өмнө нотолдог. …нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тун тодорхойгүй. Х зочид буудлын доорх газар нь одоогоор “ХХХК-н эзэмшил газарт бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байгаа. Уг газрын эзэмших эрхийг “Х” ХХК-д шилжүүлсэн Ө******* аймгийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газрын эзэмших эрхээ сэргээлгэхээр Х.Д Ө******* аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудалд үл хамаарна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа 200 м2 одоогоор улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээгээрээ “ХХХК гэх Х.Т-ын өөрийнх нь хувьцаа эзэмшдэг компанийн эзэмшилд бүртгэлтэй байгаа. Өөрийнхөө компанийн үйл ажиллагаа явуулж байгаа өөрийнхөө компанийн хөрөнгийн эрхэд бүртгэлтэй эрхийг шүүхээр тодорхойлуулах тухай шаардлага гаргах, Х.Д-аас шаардах нь үнэхээр ойлгомжгүй байна. Хэдийгээр захиргааны хэргийн шүүхэд газар эзэмших эрхийн талаар маргаан үүссэн боловч эцэслэн шийдвэрлэгдээгүй, өнөөг хүртэл маргаан бүхий 200м2 газар “Х” ХХК-н эзэмшилд байгаа нэхэмжлэгч мэдсээр байтал ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. “...Ах Д*******т хадгалуулсан газрыг хууль бус эзэмшлээс гаргаж миний өмчлөлд шилжүүлж намайг хохиролгүй болгож өгнө үү" гэх шаардлага мөн л ойлгомжгүй, тодорхойгүй. Хууль бус эзэмшил гэж чухам ямар үйлдлийг хэлээд байгааг тодруулах шаардлагатай. Шаардлагад дурдагдсан хадгалуулсан гэх газар нь Х.Д*******ын эзэмшлийнх болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр байсаар. Нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй, хариуцагчаас чухам юу шаардаж байгаа нь тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Т******* нь 2009 онд Сумаагийн Эаас Ө******* аймгийн Д******* сумын 3-р баг 14 дүгээр байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр, 2009 онд Ө******* аймгийн Д******* сум, 3-р багт байрлах 200 м2 А.Ж*******ы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан гэх үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэж үзэн тогтоолгохыг хүссэн.

Үйл баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлах үүднээс нэхэмжлэлийн зүйлийн талаарх байр суурь, тайлбараа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэгж талбаруудын дугаар, үл хөдлөхөд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан газруудын хэмжээ, өмчийн эрхийн төрөл, байршил тодорхойгүй байдаг.

Гуравдагч этгээдийн зүгээс Х.Д*******ын эзэмшилд байдаг нэг газар болон одоогоор эзэмшлийн эрхээ сэргээлгэх маргааныг нь Улсын дээд шүүхэд шийдвэрлээд байгаа газартай холбоотой байна гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Гэхдээ нэхэмжлэгч газрын хэмжээ, байрлалыг тодорхойлохгүй байгаа нь маргааныг шийдвэрлэхэд хүндрэл учруулж байна.

Нэхэмжлэлд дурдагдаад байгаа Ө******* аймгийн Д******* сум, 3-р багт байрлах 200 м2 газар дээр одоо “Х говь Дисковери” ХХК-н зочид буудлын барилга байрлаж байгаа. Уг 200 м2 газар нь Х.Д*******ын эзэмшилд байсан бөгөөд “Х говь Дисковери” ХХК-н хүсэлтэд үндэслэн Ө******* аймгийн засаг даргын 2015 оны 06 сарын 17-ны өдрийн А/342 дугаартай захирамжаар “Х говь Дисковери” ХХК-н эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Захирамжид үндэслэн маргааны зүйл болох газар “Х говь Дисковери” ХХК-ийн эзэмшил гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэл өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа.

Ө******* аймгийн засаг даргын 2015 оны 06 сарын 17-ны өдрийн А/342 дугаартай захирамж нь хууль зөрчсөн бөгөөд түүний өөрт болон Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг Х.Д******* Ө******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Өөрөөр хэлбэл Х.Т*******ын нэхэмжлэлд дурдагдаад байгаа Ө******* аймгийн Д******* сум, 3-р багт байрлах 200 м2 газрын эзэмших эрхийг эргүүлэн авахаар нэхэмжлэл гаргасан гэсэн үг.

Нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Ө******* аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 19- ний өдрийн 06 дугаартай шийдвэрээр Х.Д*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 366 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн 06 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Х.Д*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2021 оны 11 сарын 23-ны өдрийн хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 366 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гаргасан Х.Д*******ын өмгөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. Одоогоор дээд шүүхийн хурлын тогтоол бичгээр гарч хэргийн оролцогчдод гардуулагдаагүй тул хүлээж байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 366 дугаартай Магадлалаар анхан шатны шүүхийн 06 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Х.Д*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр захиргааны хэргийн шүүх дэх маргаан эцэс болсон гэсэн үг.

Маргаан дууссан боловч Улсын дээд шүүхийн шийдвэр ирээгүй байгаа тул одоогоор улсын бүртгэлд хүсэлт гаргаж маргаан бүхий газрын эзэмшигчийг өөрчлөн бүртгээгүй байна.

Өнөөдрийн байдлаар Х.Т*******ын нэхэмжлэлдээ дурдсан Ө******* аймгийн Д******* сум, 3-р багт байрлах 200 м2 газрын эзэмшигч нь Х******* ХХК-ийн эзэмшлийн газар гэх байдлаар бүртгэлтэй байгаа. Нэгж талбарын дугаар нь ..........

Х.Т*******ын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа “2009 онд Сумаагийн Эаас Ө******* аймгийн Д******* сумын 3-р баг 14 дүгээр байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх” газар “Ш” ХХК-н эзэмшилд байдаг.

“Ш” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь Хүүгийн Д******* бөгөөд дангаараа нийт хувьцааг нь эзэмшдэг.

Нэхэмжлэгч Х.Т*******ын нэхэмжлэлд дурдагдсан шиг 2009 онд эдгээр газруудыг Х.Т******* худалдан аваагүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нотлох баримт, үндэслэл байхгүй.

Х.Т*******ын нэхэмжлэл хангагдаж үйл баримтыг тогтоох нь хуульд заасан ямар эрх зүйн үр нөлөө, ач холбогдолгүй.

Нэхэмжлэлийг шийдвэрлэх нь ямар ач холбогдолтой, ямар эрх зүйн үр дагавар хүсээд байгаагаа нэхэмжлэгч талаас тодорхой тайлбарладаггүй.

Гуравдагч этгээд Х.Д******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э би Х.Т*******ын гаргасан Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлуудыг болоогүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэх байр суурьтайгаар нэхэмжлэлийн үндэслэлийг няцааж хууль ёсны үндэслэл тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

Х.Д******* Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа тул “Ш” ХХК-н зүгээс гаргах тайлбар, итгэмжлэл, нотлох баримтуудыг нэн даруй гаргах асуудлыг нэн даруй шийдвэрлэнэ гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хариу тайлбартаа: Х.Т*******ын гаргасан 2 газрын эзэмшигчээр тогтоолгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий газрын жинхэнэ эзэмшигч нь Х.Д******* болохыг Захиргааны хэргийн шүүх урьд тогтоосон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надаар төлөөлүүлж байгаа Х.Д*******ын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлэх даалгавар өгсөн байгаа. Шалтгааны хувьд энэ хоёр газар, ялангуяа Х******* зочид буудал байрлаж байгаа газартай холбоотой энэ хоёр хүний хооронд үүсэж байгаа маргаан дотор сүүлийн 3 жил орчим захиргааны хэргийн шүүх болон иргэний хэргийн шүүх дамжиж оролцож байгаа юм. Энэ хооронд зөвхөн гэрчилгээ, бүртгэл хараад яваад байхгүй. Х.Д******* гуайгаас мэдээллээ авна, ямар, юу болсон гэдэг. 2009 онд энэ газрууд ямар шалтгаан, ямар үндэслэлээр өөрийнх нь нэр дээр шилжсэн, яагаад сүүлд нь “Х******* ” ХХК руу шилжсэн талаар бүгдийг нь асуусан. Ингэхэд энэ зочид буудлын бизнес хийх, энэ газруудыг шилжүүлж авах, дээр нь  бүтээн байгуулалт барих гэдэг асуудлыг ганцхан Х.Т******* гэж хүн хийхээр зориулж, ганцхан Х.Т*******ын хөрөнгөөр хийсэн зүйл байхгүй. Энэ дээр Х.Д*******ын өөрийнх нь хөрөнгө хүч оролцсон, хамтарч бизнес хийхээр тохиролцсон зүйл байсан.

Энэ хоёр газрыг Х.Д******* гэж хүн өөрийн хөрөнгөөр, өөрөө энэ хүмүүстэй хэлцэл гэрээгээ хийгээд нэхэмжлэлдээ заагаад байгаа шиг Иргэний хуулийн 89.1 дэх хэсэгт заасны хууль ёсны дагуу эзэмшилдээ авсан байгаа. 2-р хавтаст хэрэг тэр чигтээ нэхэмжлэгч талын тайлбарыг няцаасан нотлох баримтуудаар дүүрэн байгаа. Захиргааны хэргийн, гурван шатны шүүхийн шийдвэр байгаа, газрын хувийн хэрэг дотроос нотлох баримтууд байгаа. Захиргааны хэргийн шүүх зөвхөн бүртгэл шийддэг гэж тайлбарлаад байдаг. Яагаад бүртгэл хийдэг юм бэ гэхээр энэ хөрөнгийг хэн эзэмшиж, хэн нь өмчлөх юм бэ, жинхэнэ эзэмшигч өмчлөгч нь хэн юм бэ гэдгийг нотлох гэж нотолсныхоо үндсэн дээр баримт үндэслэл, бүртгэл явагддаг. Та бид бүгдээрээ мэдэж байгаа. Монгол улсад үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид юугаар бусад этгээдийн өмнө нь гэрчилж, нэхэмжлэх эрхээ хамгаалдаг гэвэл улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад гэрээ контрактаар л гэрчилнэ. Агуулгын хувьд бүртгэлийг өөрчлөхийг даалгах, эзэмшилдээ шилжүүлж авах гэж байгаа боловч яг хуулийнх нь зүйл заалтуудад, одоо шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа үндэслэлүүдийг харах юм бол 2009 онд хийгдсэн хэлцлүүд өөрөө Х.Д*******ын хүсэл зоригийн дагуу хийгдээгүй юм гэсэн агуулгатай тайлбаруудыг нэхэмжлэгч талаас дандаа хийдэг. Энэ агуулгаар ярих гэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага чинь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл болж хувирна. Тэгж байгаа бол тэмдэгтийн хураамж төлөх болоод агуулга, хөөн хэлэлцэх хугацааны асуудал өөрөөр яригдаж эхэлнэ. Үүнийгээ бас бодож үзэх ёстой байх гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, С.Эын тодорхойлолт, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн  үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2009 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэрч Ж.Эийн мэдүүлэг, ....... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09 дугаартай “Х******* ” ХХК-ийн шинэчилсэн дүрмийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 дугаартай Х.Аийн өмгөөлөгч авах тухай хүсэлт, гэрч Х.Ц, Ж.Э, Х.У, Х.О нарын Ө******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгийн хуулбар,

Хариуцагчаас: 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 120/ШЗ20208/0123 дугаартай Ө******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 132 дугаартай итгэмжлэл, Ө******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 олны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 120/ШШ2021/0006 дугаартай шийдвэрийн хуулбар,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 366 дугаартай магадлалын хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ............... дугаартай гэрчилгээний хуулбар, эд хөрөнгө өмчлөх эхийн .................. дугаартай гэрчилгээний хуулбар, газрын байршлын кадастрын зураг, 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 0420 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Э, Ж.Э нараас гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн хүсэлтээр Ө******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдлийн хуулбар, Ө******* аймгийн Газрын албанд гаргасан өргөдөл, Татварын хэлтсийн 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1/424 дугаартай албан бичгийн хуулбар, хэмжилтийн акт дугаар и/306, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ........... дугаартай гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, 2010 оны “Т банк” ХХК-ийн төлбөрийн баримтын хуулбар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0243684 дугаартай гэрчилгээний хуулбар, 2013 оны “Т банк” ХХК-ийн шилжүүлгийн баримтын хуулбар, 2009 оны “З банк” ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримтын хуулбар, Ө******* аймгийн Татварын газрын 1113000715 дугаартай тодорхойлолтын хуулбар, Ө******* аймгийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ....... дугаартай албан бичгийн хуулбар, Ө******* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт Х.Аийн гаргасан хүсэлтийн хуулбар” зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Х.Т******* нь Х.Д*******т холбогдуулан газрын эзэмшигчээр тогтоолгох, бүртгэлийг өөрчлөн бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2009 онд зочид буудал барих зорилгоор С.Э, А.Ж******* нараас газар худалдан авч мөнгийг нь би төлсөн, харин итгэлцлийн үндсэн дээр өөрийн ах Х.Д*******ын нэр дээр газрыг шилжүүлүүлсэн, энэ газар дээрээ 2011 оноос зочид буудал барьж одоог хүртэл үйл ажиллагааг явуулж байна” гэж тайлбарласан.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Хариуцагч Х.Д******* нь 2009 онд нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий 2 газрыг С.Э, А.Ж******* нараас хэлцлийн үндсэн дээр төлбөрийг төлж, хууль ёсоор эзэмшилдээ шилжүүлэн авсан, тухайн үед өөрийн дүү Х.Т*******тай хамтран бизнес хийх зорилгоор уг газруудыг худалдан авсан” гэж тайлбарладаг.

4. Хэрэгт авагдсан газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдлөөр иргэн А.Ж******* нь Х.Д*******т 2009 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ...... нэгж талбарын дугаартай, Ө******* аймгийн Д******* сумын , хуучнаар хүнсний 1-р дэлгүүрийн урд байрлалтай, үйлчилгээтэй сууцны зориулалттай, 300 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлж, улмаар Ө******* аймгийн Д******* сумын Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 567 тоот шийдвэрээр Х.Д*******т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.

Мөн Х.Д*******т Ө******* аймгийн Д******* сумын Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 275 тоот шийдвэрээр, 14-р сууцны зүүн талд байршилтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын ......... дугаартай, 320 м.кв газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэрчилгээ олгогджээ.

5. Дээрх газрууд нь хариуцагч Х.Д*******ын эзэмшилд бүртгэгдсэн, уг газарт 2011 оноос зочид буудал, зоогийн газрын барилга баригдан нэхэмжлэгч Х.Т******* үйл ажиллагаа явуулж буй, хариуцагч Х.Д******* дээрх үйл ажиллагаанд оролцдоггүй гэх үйл баримтын талаар болон бүртгэлийн тухайд талууд маргаагүй.

6. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэжээ.

Нэхэмжлэгч Х.Т******* нь 2009 онд С.Эаас Ө******* аймгийн Д******* сумын , 14 байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр, мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Ө******* аймгийн Д******* сумын , 300 м.кв А.Ж*******ы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр тус тус худалдан авсан, Х.Т*******ын хүсэлтээр Х.Д*******ын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн болох нь С.Эын тодорхойлолт, гэрч С.Э, Ж.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “...дүү Х.Т*******тай хамтран бизнес хийх зорилгоор уг газруудыг Х.Д******* өөрийн хөрөнгөөр төлбөрийг төлж шилжүүлэн авсан” гэх боловч хэрэгт авагдсан газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл /А.Ж*******аас Х.Д*******т/-д Х.Д******* гэж бичигдсэн атлаа гарын үсэг зурагдаагүй, гэрч С.Э, Ж.Э нарын мэдүүлгийг үгүйсгэсэн баримт ирүүлээгүй болно.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд тухайн үед Х.Т******* болон С.Э, А.Ж******* нарын хооронд байгуулагдсан хэлцэл нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, талууд бодит үйлдлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулснаар тэдний хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Иймд нэхэмжлэгч Х.Т******* нь газрыг бодитойгоор мэдэлдээ олж авсан шударга эзэмшигч болох нь дээр дурдсан үндэслэлүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 онд С.Эаас Ө******* аймгийн Д******* сумын , 14 байрны зүүн хойно байрлах тоосгон дэлгүүрийг газрын хамт 30 000 000 төгрөгөөр /газрын нэгж талбарын дугаар /, мөн 2009 онд зочид буудал барих зорилгоор Ө******* аймгийн Д******* сумын , 300 м.кв А.Ж*******ы эзэмшлийн газрыг 100 000 000 төгрөгөөр /газрын нэгж талбарын дугаар / тус тус худалдан авсан газруудын эзэмшигч нь Х.Т******* болохыг тогтоож, дээрх нэгж талбарын дугаартай газруудын бүртгэлд өөрчлөлт оруулан бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Д*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОТГОНСҮРЭН