Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 158/ШШ2023/0002

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа,

            Хариуцагч: Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.Мөнхчимэг нарын хоорондын “Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0063025 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Сувдаа, хариуцагч У.Мөнхчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа нь Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.Мөнхчимэгт холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0063025 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
  2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “
    1. Татварын улсын байцаагч нь хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулахдаа хуульд заасан нотловол зохих зүйлийг нотлоогүй, 
    2. хууль буруу хэрэглэсэн тул шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нь зүйтэй” гэж тодорхойлсон. 
  3. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.Мөнхчимэгт холбогдуулан шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Зөрчлийн хэргийг хянаж үзэхэд “Хустай бейкери” ХХК-д төлбөрийн баримтыг татварын нэгдсэн санд илгээх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан байсан. Шийтгэлийн хуудаст хуулийн зүйл ангийг бичихдээ илтэд буруу бичиж хуульд байхгүй зүйлээр шийтгэл оногдуулсан. Үндэслэл нь зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зөрчил илэрсэн. Ибаримт олгоогүй учраас төлбөрийн баримт илгээгдэх үндэслэл байхгүй. Уг зөрчлийг холбогдогч хүлээн зөвшөөрөөгүй, шийтгэлийн хуудсыг гардаж аваагүй. Шийтгэл нь тухайн зөрчилд тохирсон хууль ёсны үндэслэлтэй байх ёстой учраас дүгнэлт бичсэн. Иймд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хангаж өгнө үү” гэв.
  4. Хариуцагч татварын улсын байцаагч У.Мөнхчимэг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:”
    1. Татварын хэлтсийн Захиргаа хуулийн тасгийн даргын удирдамжаар хийгдсэн шалгалтын явцад “Хустай бэйкери” ХХК нь төлбөрийн баримт олгоогүй, олгосон ч татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн,
    2. Шийтгэлийн хуудас бичих явцад “татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй” гэсэн бичилтийг орхигдуулсан,
    3. Холбогдогчийн зөрчил нь татварын удирдлагын нэгдсэн систем болон ТАХ ТUB систем зэргээс нотлогдож байна” гэжээ.
  5. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэлийн хуудсыг бичих явцад хуулийн заалтын үгийг алдаатай бичсэн. Тухайн үед хяналт шалгалтаар явж байхад “Хустай бэйкери” ХХКомпани нь “ибаримт” хэвлэсэн боловч цахим системд илгээгээгүй байсан. Гомдол мэдээллийн дагуу шийтгэлийн хуудсыг бичээгүй, хяналт шалгалтын дүнд илэрсэн зөрчил гэж шийтгэл оногдуулсан. Тухайн аж ахуйн нэгжийн худалдагчтай ярилцсан. Холбогдогч болох С.Мягмарсүрэн ажлын байрандаа байхгүй байсан. Танайх “ибаримт” гаргадаг пос машин байхгүй, иргэдэд олгох ибаримтын QR код наагаагүй байна гэж шаардлага тавихад манай захирал “ибаримт” хэвлэж өгдөг пос машиныг хаагаад арын өрөөнд оруулаарай гэсэн учраас иргэдэд “ибаримт” өгөхгүй байгаа гэж хэлсэн. Шалгалтын явцад зөрчил илэрсэн учраас “Хустай бэйкери” ХХК-д шийтгэлийн хуудас бичсэн. Тэгээд дуудах хуудсаа хүргүүлсэн. Хуулийн зөвлөхөөс зөвлөгөө авч энэ ажиллагааг хийсэн. Бид нарт тухайн үед хуулийн зөвлөх маань ийм зөвлөгөө мэдээлэл өгсөн. Дараагийн удаа шийтгэлийн хуудас бичихээр бол прокуророос зөвлөгөө авахаар санагдсан. Тухайн аж ахуйн нэгж хууль зөрчиж байгаа нь тодорхой байгаа учраас шийтгэл оногдуулах ёстой” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сувдаа нь Булган аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч У.Мөнхчимэгт холбогдуулан “Татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0063025 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, шийтгэл оногдуулахдаа хууль буруу хэрэглэсэн” гэж;

3. Хариуцагч “хяналт шалгалтын явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлүүд үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, холбогдогч нь удаа дараа эдгээр зөрчлүүдийг гаргадаг, зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулах нь зүйтэй” гэж тус тус маргажээ.

4. Татварын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 /төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага/-д заасан захиргааны байууллагад харьяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд бөгөөд шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргах үүрэгтэй.

 Нэхэмжлэгчийн хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаан үүсгэсэн татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0063025 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэж, уг шийтгэл оногдуулсан шийдвэр хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэлээ. 

5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн ... хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна”  гэж заасан байх бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч У.Мөнхчимэг нь Булган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж, ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалтыг хийх явцад “Хустай бейкери” ХХКомпани нь худалдан авагчид “төлбөрийн баримтыг олгоогүй” гэх агуулгаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй ..., хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоногэж заасныг баримтлан шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргажээ.    

6. Мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заасны дагуу хяналтын прокурор Ц.Сувдаа нь татварын улсын байцаагчийн дээрх шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж ирүүлсэн байна.

      7. Татварын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна, 6 дахь хэсгийн 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...11.19.. дүгээр зүйл... хэсэгт заасан зөрчил” гэж тус тус хуульчилсан.

8. “Хустай бейкери” ХХКомпани нь талх, нарийн боовны үйлдвэрлэл эрхлэх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 13 дугаар тал/-тэй татварын нэгдсэн системд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээд байна.

9. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.3 -т цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, олгох, илгээх, хадгалах үйл ажиллагаанд хяналт тавих ажиллагааг Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зорилгоор татварын албанаас хэрэгжүүлэхгэж заажээ.

Хариуцагчаас дээрх хуулийн дагуу “хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт нь удирдамж, хуваарийн дагуу хийгдсэн” гэж тайлбарлаж байх боловч Татварын хэлтсийн Захиргаа, хуулийн тасгийн даргын 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн удирдамж /хх-ийн 27-28 дугаар талууд/, шалгалт хийсэн ажлын тайлан /хх-ийн 29-31 дүгээр талууд/-г Зөрчлийн материалд хавсаргаагүй нь “удирдамжийн дагуу тус хяналт шалгалтыг явуулсан” гэх түүний тайлбарыг үгүйсгэж байна.  

10. Хариуцагч нь “Хустай бейкери” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/ үйлдсэн байх ба уг тэмдэглэлд “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй ..., хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д “Бараа, ажил үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээгээр торгоно” гэж тус тус заасныг зөрчсөн нь холбогдогчийн мэдүүлэг, цахим төлбөрийн баримт системээр болон иргэний гомдлоор нотлогдон тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулсан албан тушаалтанд ирүүлсэн гомдол, нотлох баримтыг хавсаргав” гэжээ.

Дээрх тэмдэглэлээс харахад хариуцагч нь иргэний гомдлоор “Хустай бейкери” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулан хуулийн этгээдийн гаргасан зөрчилд “төлбөрийн баримтыг худалдан авагчид олгоогүй”, “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээгээгүй” гэсэн 2 өөр зөрчил үйлдсэн гэх дүгнэлтийг хийсэн байх боловч холбогдогчоос зөвхөн “төлбөрийн баримтыг олгоогүй” агуулгаар мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/  авч, “төлбөрийн баримтыг системд илгээгээгүй” зөрчлийн талаар тодруулахгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна.

11. Маргаан бүхий шийтгэл оногдуулсан шийдвэр болох татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0063025 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 10 дугаар тал/-ны ОЛСОН НЬ хэсэгт “холбогдогч төлбөрийн баримт олгоогүй нь шалгалтын явцад нотлогдон тогтоогдож...” гэж, ШИЙДВЭРЛЭХ НЬ хэсэгт “Холбогдогч ... ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад заасны дагуу 1500 нэгж буюу 1500000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэж тусгасан байгаагаас дүгнэхэд зөрчлийн шинж, байдал нь шийтгэл оногдуулж буй хуулийн зүйл, заалтаас зөрүүтэй болжээ.

12. Мөн хариуцагч “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал”-д “Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/-д хэнээс, хэзээ гомдол ирүүлсэн, уг гомдлыг ямар хэлбэрээр ирүүлсэн талаар тусгаагүй, хариу мэдэгдэх хуудас /хх-ийн 5 дугаар тал/-т “...таны гаргасан гомдлын дагуу...торгож шийдвэрлэв...” гэсэн атлаа уг хариуг хэнд хандаж хүргүүлсэн нь тодорхойгүй байна. Эдгээр баримтуудыг зөрчлийн материалд хавсаргасан нь хяналт шалгалтыг удирдамжаар бус иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу хийсэн гэж үзэхээр байна.

13. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д  заасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд холбогдогчийн “худалдан борлуулсан барааны төлбөрийн баримтыг худалдан авагчид олгож, олгосон баримтаа татварын нэгдсэн системд илгээж баталгаажуулалт хийгээгүй” гэх үйлдлийг нотлосон баримт авагдаагүй, энэ талаарх бичгийн болон бусад баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй ба зөвхөн холбогдогчоос авсан тайлбараар хязгаарласан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:” гээд тус хэсгийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасныг,

Зөрчил үйлдэгч хуулийн этгээдийн хууль зөрчсөн үйлдлийн шинж байдлыг шийтгэл оногдуулсан шийдвэрт “төлбөрийн баримт олгоогүй” гэж дүгнэсэн атлаа “төлбөрийн баримт илгээгээгүй” гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь дээрх хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “тухайн үйлдэл, ... нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасныг тус тус зөрчсөн нь захиргааны байгууллагаас гаргаж буй аливаа шийдвэр хуульд заасны дагуу шийдвэр гаргах бодит нөхцөл байдлыг тогтоосон байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

14. Хариуцагч нь зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулах шийдвэр гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтад заасан зөрчил тус бүрээр хууль зөрчсөн гэх үйлдлийг тогтоож, нотлох ажиллагааг хийгээгүй, гомдлыг хаанаас гаргасан болон гомдол гаргагчийн нэр, мэдээлэл болон арга хэмжээ авсан тухай хэн /гомдол гаргагч/ -д мэдэгдсэн талаарх шаардлагатай нотлох баримтыг зөрчлийн материалд хавсаргаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчим болон Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзлээ.

15. Хариуцагчаас “шийтгэлийн хуудас бичих, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалд нотлох баримт цуглуулах зэрэг ажиллагааг байгууллагын хуулийн зөвлөхийн заавраар хийж, шийдвэр гаргасан” гэж тайлбарлаж байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар татварын хууль, тогоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, зөрчлийг таслах зогсоох эрхийг зөвхөн татварын улсын байцаагчид олгосон тул дээрх тайлбар нь үндэслэлгүй ба хуульд заасан шаардлага хангаагүй, эрх зүйн зөрчилтэй шийдвэр гаргасныг зөвтгөх боломжгүйг дурдах нь зүйтэй байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7.3, 44 дүгээр зүйлийн 44.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.12, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 0063025 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ