Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Оюунцэцэг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Т.Дэлгэрбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ханан овогт Түмэн-Өлзийгийн Дэлгэрбуянд холбогдох 1729000040003 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, “Явуу импекс” ХХК-д техникч ажилтай, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2-р баг, Гавилууд, Дөрөлжийн 5-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ханан овогт Түмэн-Өлзийгийн Дэлгэрбуян /РД: КЮ89050876/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Дэлгэрбуян нь 2017 оны 6 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд С.Далайбаянтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

D:\Ajil\Shiitgeh togtool\\№59_2017-08-14_Delgerbuyn_11.6.1.docx

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Дэлгэрбуян нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-12-р хуудас/,

“...Резовтой төмөр /25 см урттай/ 1 ширхэг төмрийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 13-15-р хуудас/, 

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч С.Далайбаянгийн өгсөн:”...Би орой найз охин Буянцэцэгийнд унтаж байх үед шөнө 03 цагийн үед нэг хүн гэрийн хаалга нүдэхээр хэн бэ? гэж 4-5 удаа асуухад дуугарахгүй болохоор нь гэрлээ асаагаад хаалга онгойлгосон чинь чи өөрөө хэн бэ? гээд Дэлгэрбуян орж ирээд чи гар бариад бугуй барилаа одоо эндээс зайл гэх зэрэг юм яриад байхаар нь би орон дээр суусан чинь чамайг бол ингэж даврахгүй одоо эндээс зайл гэж хэлснээ толгой руу цохисон чинь цус гойжихоор нь босоод юугаар цохичихвоо гээд харсан чинь гарт нь резовтой хаалганы түгжээ төмөр байсан. Тэгээд би Дээгий хоёулаа зүгээр ярилцъя би бол чамаас үнэхээр айж байна, чи наад төмрөө хаячих гэсэн чинь гэрийн үүд рүү төмрөө шидсэн. Тэгээд намайг одоо эндээс зайл гэхээр нь угаалтуур дээр очиж толгойноос гойжсон цусаа угаагаад байж байхад Дэлгэрбуян орон дээр суучаад миний ажилдаа авч явдаг цүнх, газар байсан оймсыг над руу шидээд чиний шивэртэй оймсыг манайх байлгаж чадахгүй гэхээр нь би тэр юмнуудаа хамаад байж байхад Дэлгэрбуян дараагийн удаа толгой руу чинь биш цээж рүү чинь цохино шүү гэж хэлсэн. Би тэгээд гараад явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №136 дугаартай шинжээчийн

  1. С.Далайбаянгийн биед тархи доргилт, зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/

Т.Дэлгэрбуянгийн яллагдагчаар өгсөн: ”...манайх ханбогд сумын төвд амьдардаг бөгөөд манай дүү Буянцэцэг нь мөн сумын төвд ганцаараа тусдаа амьдардаг юм. Би 2017 оны 6 дугаар сарын 23-наас 6 дугаар сарын 24-нд шилжих шөнө ажилтай байж байгаад тараад гэр лүүгээ явж байгаад дүүгийнхээ гэрээр ороод гаръя гэж бодоод тэднийд яваад очтол манай сумын манай найз Далайбаян харин дүүгийн гэрийн үүдийг нь тайлж өгөхөөр нь би “чин эндээс яв” гэж хэлтэл Далайбаян явахгүй суугаад байхаар нь би уурандаа гартаа байсан хашааны цоожилдог төмрөөр Далайбаянгийн толгой руу нь нэг удаа цохичихсон юм. Далайбаян надад цохиулснаас болоод толгойноос нь цус гараад хагарчихсан байсан. Би чи яв л даа гэж хэлсээр байсан. Далайбаян цусаа тогтоогоод явъя гээд толгойгоо тосгуурт угааж байгаад дүүгийн гэрээс гараад явчихсан. Би ч тэнд жаахан сууж байгаад гэр лүүгээ  харьж амарсан. Тухайн үед 03-04 цаг болж байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/

Шүүгдэгч Т.Дэлгэрбуянгийн хувийн байдлыг нотлох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 38-р хуудас/,

Шүүгдэгч Т.Дэлгэрбуянгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/,

Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №1/874 дугаар “...Дэлгэрбуянгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна” гэсэн тодорхойлолт /хх-н 42-р хуудас/,

Т.Дэлгэрбуянгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх-ийн 46-47-р хуудас/,

Шүүгдэгч Т.Дэлгэрбуянгийн арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 47-59-р хуудас/,

“Арц суварга” ХХК-ний 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 60-р хуудас/

Шүүгдэгч Т.Дэлгэрбуянгийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар, мэргэжил эзэмшсэн гэрчилгээний хуулбар /хх-ийн 61-62-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Т.Дэлгэрбуян нь 2017 оны 06 дугаар сарын 23-наас 06-р сарын 24-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд С.Далайбаянтай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Т.Дэлгэрбуянд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Далайбаян нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 см урттай резов бүхий 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Дэлгэрбуянд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ханан овогт Түмэн-Өлзийгийн Дэлгэрбуянг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дэлгэрбуянг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дэлгэрбуянд оногдуулсан 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд, тус бүр 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Дэлгэрбуян нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Дэлгэрбуян нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Далайбаян нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Т.Дэлгэрбуянгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 см урттай, зэвэрч муудсан резов шурга бүхий 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Дэлгэрбуянд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Дэлгэрбуянд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН