Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 02

 

Г.Х нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ч.Энхтөр, ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 133/ШШ2018/00558 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 10-5 тоотод оршин суух, Мэргэн түшмэдийнхэн овогтой Г Хү нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 3-31 тоотод оршин суух, Ж С холбогдох давхар бүрээстэй, шалтай, их таван ханатай гэр гаргуулах тухай иргэний хэргийн шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 онд эхнэр Ж.С гэр бүл болсон. 2009 онд охин Номинчимэг төрсөн, амьдрах 10 жилийн хугацаанд хоёулаа улсад хөдөлмөрлөж, амьдарч байсан. 2017 оны 11 дүгээр сараас миний бие Дорноговь аймагт салхин сэнсний суурины ажил эрхэлж байгаад 2018 оны 05 дугаар сард ирэхэд эхнэр маань өөр хүнтэй суугаад жирэмсэн болсон байсан. Одоо хүүхдийг нь төрүүлээд тэр хүнтэйгээ амьдарч байгаа. Ийм учраас  2018 оны 09 дүгээр сард шүүхийн шийдвэрээр гэр бүл салж би охиндоо тэтгэмж төлөх шийдвэр хүлээн авсан. Охиноо 18 нас хүртэл өөрийн зүгээс шалтгаалахгүйгээр тэтгэмжийг төлөх болно. Би одоо хийсэн ажилгүй, амьдрах гэргүй, аав ээжийгээ бараадаад амьдарч байна. Арван жилийн өмнө хурим хийхэд аав, ээжийн бэлдэж өгсөн гал голомтын гэрээ өөртөө авмаар байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч надад гэрийг минь олгуулж өгнө үү. Жич миний

2.

 

гэр бол нагац талын хүндтэй хүнээс маань надад өвлөгдөж ирсэн, хүндэлж, хадгалж авч явах ёстой гэр байгаа юм. Энэ тухай эхнэр байсан Ж.С ерөнхийд нь мэднэ. Бас Харзат 3-31 тоот дөрвөн тал хашааг бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа машинаараа сольж аваад амьдарч байсан юм гэжээ.

 

Хариуцагч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхэд Г.Х гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргалаа. Бид 2008 онд гэр бүл болж ам бүл дөрвүүлээ амьдарч байгаад 2017 оноос тусдаа амьдрах болсон. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулах шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Г.Х эд хөрөнгийн маргаан хийхгүй би том охиндоо тэтгэлэг тогтоохгүй гэж тохирсон юм. Ингээд шүүхэд гэрээ нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Ж.С гэрийн үнэ болох 2.500.000 / хоёр сая таван зуун мянган / төгрөгийг өгч улмаар өв дамжин ирсэн өөрийн гэрээ авна гэж нэхэмжлэгч Г.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ж.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нар нь эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн байна.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г. нь “...10 жилийн өмнө хурим хийхэд аав, ээжийн бэлдэж өгсөн гал голомтын гэрээ өөртөө авмаар байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч надад гэрийг минь олгуулж өгнө үү. Жич миний гэр бол нагац талын хүндтэй хүнээс маань надад өвлөгдөж ирсэн, хүндэлж, хадгалж авч явах ёстой гэр байгаа юм...” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ж.С нь хариу тайлбартаа: “...Гэрлэлтээ цуцлуулах шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Г.Х эд хөрөнгийн маргаан хийхгүй би том охиндоо тэтгэлэг тогтоохгүй гэж тохирсон юм. Ингээд шүүхэд гэрээ нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна, энэ гэр нь хуваарьт хөрөнгө биш дундын хөрөнгө юм...” гэжээ.

Зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхзаяа, Д.Ариун-Эрдэнэ нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, Г.Х нь хариуцагч Ж.С гэрийн үнэ болох 2.500.000 / хоёр сая таван зуун мянган / төгрөгийг өгч улмаар өв дамжин ирсэн өөрийн гэрээ авна гэх нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, зохигчид эвлэрлийн гэрээгээ 2019 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 133/ШШ2018/00558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.       

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ЖАРГАЛСАЙХАН                        

 

                                                  ШҮҮГЧИД                              Ч.ЭНХТӨР

 

                                                                      Ш.БАТТОГТОХ