Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0043

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      В.Г, О.Ц

                              нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                          Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                М.Э, Г.Ө /онлайнаар/

Хохирогч                                           А.Ж /онлайнаар/

Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолтой, В.Г, О.Ц нарт холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Н.Д-н эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Б овогт В-н Г.

 

Монгол Улсын иргэн, Б овогт О-н Ц.

 

В.Г нь  аймгийн  сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-нийн захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах”, 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан “Шинээр ажилд орж байгаа иргэнийг сургалтад хамруулах”, 17.4-т заасан “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд 2-с доошгүй удаа зохион байгуулж нийт ажилтныг хамруулж шалгалт авч байна”, мөн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасан “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх тогтоох, бууруулах арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6-д заасан “Ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм заавар журам баталж мөрдүүлэх”, 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй зааварчилгаа аваагүй шалгалт өгөөгүй ажилтнаар үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28.1.7-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар шаардлагатай мэдлэгийг эзэмшсэн байх”, 28.1.11-д заасан “Үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж холбогдох байгууллагад мэдээлж байх”, 27.4-т заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер техникийн болон эрүүл ахуйн боловсролтой мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн ажилтан А.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа конвейрын ременд зүүн гараа хавчуулан бие махбодид нь эрүүл мэндийг удаан хугацаагаар нь сарниулсан хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан,

О.Ц нь “Э" ХХК-нийн ээлжийн ахлахаар ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн ажилтан А.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа конвейрын ременд зүүн гараа хавчуулан бие махбодид эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш Б овогт В-н Г, Б овогт О-н Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, О.Цыг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Г, О.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г, О.Ц нар нь торгох ялаас зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гаас 9 244 202 төгрөг гаргуулан хохирогч аймаг  сум  тоотод оршин суух А.Ж-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Э ХХК-н  хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Э” ХХК-д буцаан олгож,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч О.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч А.Ж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Д эсэргүүцэлдээ:

 

... Анхан шатны шүүх шүүгдэгч В.Г, О.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож улмаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн боловч уг торгох ялыг ямар хугацаанд хэрхэн биелүүлэх, торгох ялыг хэрхэн хорих ялд шилжүүлэх талаар шийтгэх тогтоолд огт дурдалгүй “Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйл болон 160 дугаар зүйлд заасны дагуу тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн шийтгэх тогтоолд “... шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй ” хэмээн заасан нь эргэлзээ төрүүлэхээр байна. Торгох ялаар шийтгүүлсэн этгээдийн хувьд ялыг заавал биелүүлэх үүрэгтэй, зөвхөн ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд ялыг солих тухай заасан нь ялтанд ял завшуулж, ял гарцаагүй байх зарчмыг алдагдуулсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг- шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан байхад дээрх хуулийн заалтыг зөрчсөн.

 Мөн хорих ялаар солихдоо торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих талаар заагаагүй нь “Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг тус тус зөрчжээ.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон эсэргүүцэл бичив... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ:  ... Эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Н.Д-н эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч В.Г, О.Ц нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч В.Г нь  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн захирлаар, шүүгдэгч О.Ц нь ээлжийн ахлахаар тус тус ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн ажилтан А.Ж нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ конвейрын ременд зүүн гараа хавчуулан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч В.Г, О.Ц нарт оногдуулсан торгох ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох эсэх нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж буй шүүгчийн эрх хэмжээний асуудал бөгөөд анхан шатны шүүх “... шүүгдэгч нарын хувийн байдал оногдуулсан ялын хэмжээ зэргийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г, О.Ц нар нь торгох ялаас зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай гэж хэт ерөнхий зааж шийдвэрлэснээс гадна ялтан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх хэрхэн тооцож хорих ялаар солихыг тусгалгүй орхигдуулжээ.

 

Дээрх асуудлыг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүйгээс ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих буюу шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэх юм.

 

Түүнээс гадна шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

 

Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин прокурорын эсэргүүцэлд дурдсан “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйл болон 160 дугаар зүйлийг  баримтлаагүй...“ гэсэн хэсгийн тухайд дээрх заалтууд нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд баримтлах журмын талаарх зохицуулалтууд бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт баримталбал зохих заалт гэж үзэхгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ...” гэснийг  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн ...” гэж,

 тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Г, О.Ц нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцэлд дурдсан “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйл болон 160 дугаар зүйлийг  баримтлаагүй ...“ гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, “... шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна ...” гэсэн хэсгийг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                      ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР