Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/75

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч Н.Бадам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *,

Хохирогч *,

Хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч *,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *,

Шүүгдэгч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, * оны * дугаар сарын *-ний өдөр * аймгийн *р суманд төрсөн, * настай, э*эгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, * ажилтай, ам бүл 1, * аймгийн * сум * баг * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, * овогт * /РД: */.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч * нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2-р багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальт засмал замын 117-118 дахь тэмдэгтэд орших "Чандагатайн ар" гэх газарт * ОРБ улсын дугаартай *загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож явсан * УНЯ улсын дугаартай *загварын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасаны улмаас *, * нарын биед хүндэвтэр гэмтэл, *, *нарын биед хүнд гэмтэл учруулан, иргэн *ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

1.Шүүгдэгч *н өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр УБ хот руу явж байгаад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Чандагатай” гэх газар явж байхад урдаас Тоёота Кроун загварын машин гарч ирээд, сандраад зогсоох арга хэмжээ авсан боловч замын хажуу руу ороод буцаж цохигдоод замын эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Гаргасан хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаа. Миний хувьд тухайн ослоор ээжийгээ алдсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаа хүнд хэцүү өнгөрсөн. Хохирогч нарын хохирлыг чадах чинээгээрээ барагдуулахын тулд чадлаараа хичээж байгаа. Шүүхийн шийдвэрээр гарсан төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулна...” гэв.

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *н өгсөн: “...Миний бие * эхээс гурвуулаа. Төрсөн эгч *г одоогийн байдлаар анхаарч халамжилж байгаа. Эгчийнхээ гаргасан үйлдэлд гомдол санал байхгүй. Хэдий зам тээврийн осол гаргасан хэдий ч ээжийн буяны ажлыг өөрөө гардан зохион байгуулсан, хохирогчийн ар гэр болон эмчилгээ сувилгааны зардлыг өөрөө зохицуулаад явж байгаа. Ээжийгээ алдсан одоо эгчийгээ гэмт хэрэгт холбогдуулаад ингээд байх тийм зүйл байхгүй. Үлдсэн ганц эгчийгээ ямар ч асуудал байсан асуудлыг нь хамтдаа зөвөөр шийдээд, эрүүл мэндийн тал дээр сайжирч байгаа. Эгч маань ээжтэй минь хамт байсан. Өөрийнхөө бүхий амьдралыг ээждээ зориулсан хүн тул гомдол санал байхгүй... ” гэв.

 

3. Хохирогч *ы өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэр бүлийн хамт эхнэрээ бие давхар байсан тул хичээл сургууль эхлэхээс өмнө нутагт нь аваачиж өгөх санаатай ажлаас чөлөө аваад явсан. Гэнэт нэг машин орж ирээд мөргөлдсөн. Машинаас хүүхдүүдээ гаргаад нөгөө машины тэнд очоод шокт ороод ухаан алдсан. Тэгээд ухаан ороход зөндөө хүмүүс ирчихсэн түргэн дуудаад эмнэлэг явсан..., Эрүүл мэндийн хувьд миний эгэм хугарсан. Тухайн гэмтэл нь бүс зүүж явснаас болсон байх. Эхнэр хавирга хугарсан, охины хөлийн дунд чөмөг хугарсан, хүү тархиндаа гэмтэл авсан, бага хүүхэд гэмтэл нь гайгүй. Эхнэр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Нэхэмжилж буй дүн 13,802,057 төгрөг гарсан...” гэв.

 

4. хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ийн өгсөн: “...Ослын улмаас гэмтлийн эмнэлэгт 4 хоног хэвтээд хүү тархины гэмтэлтэй байсан тул Эрдэнэтэд сахихаар ирээд 7 хоног эмчлүүлж байгаад гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Би гэмтлийн эмчийн хяналтад, хүү эх нялхсын хүүхдийн мэдрэлийн эмчийн хяналтад байгаа. Өнөөдрийн байдлаар эмчилгээ сувилгаа хийлгэж байгаа гомдолтой байгаа. Осол гаргасан хүн маань бид нартай байнга ярьж санаа тавьж байсан хэдий ч миний сэтгэлийг бүрэн дүүрэн ойлгодоггүй гэж бодож байна. Осол болох үед бага хүүхэд ой 2 сартай байсан. Одоо 2 ой 2 сартай, хэлд орохгүй байхаар эмчид үзүүлэхэд ослын улмаас шокт орсон байх гэж зөвлөсөн. Нөхөр бид хоёрын хувьд хавирга, эгэм бороолоод эдгэчихсэн. Хүүхдийн хувьд хадаастай байгаа. Насанд хүрээд төрөх үед энэ гэмтэл сэдрэх эсэхийг хэлж мэдэхгүй, сайн асарч халамжлахаас шалтгаална гэсэн. Манай хүү одоо 3 дугаар ангид орно. Тархины урд талын хэсгийн гэмтэл танин мэдэхүйн өөрчлөлттэй болгодог. Би өөрөө эмч хүн. Хүү маань зурагт үзээд инээгээд суугаад байдаг хүүхэд болсон. Гэмтлийн улмаас нүдний шил зүүсэн. Бид хоёрын зүгээс хүүхдүүддээ аль болох болсон зүйлийн талаар мартуулаад, урагшаагаа хараад эмчийн заавраар асраад, эмчилгээ сувилгаа үр дүнтэй байгаа. Эмчилгээний зардал, гэм хорын хохиролд 5,679,499 төгрөг, хүү *ын эмчилгээний зардалд 3,121,005 төгрөг,  охин * 1,018,544 төгрөг, хүү * хоол хүнс, хүүхдийн асаргаанд 2,336,859 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Гэрч *ийн өгсөн: "...2024 оны 08 сарын 30-ны өдөр би 16 цагийн үед Орхон аймгаас Улаанбаатар хот орохоор өөрийн Приус20 загварын машиныг жолоодоод явж байсан. Би Хөшөөтийн даваа давж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум дөхөөд Өндөр ээж цайны газрын орчимд явж байхад миний урд явсан цэнхэр өнгийн Приус20 загварын машин гэнэт далбилзаад өөдөөс ирж явсан цагаан өнгийн машины урдаас очоод мөргөсөн. Тухайн цагаан өнгийн машин өөрийн эгнээндээ явж байсан. Тухайн үед бороо шивэрч байсан бөгөөд зам бага зэрэг гулгаатай үзэгдэх орчин сайн байсан. Тухайн цэнхэр өнгийн приус машиныг яагаад замаас гарч байгаа юм гэхэд зөрөөд нэг цайвар өнгийн суудлын машин өнгөрсөн би тухайн машины дугаар маркийг сайн хараагүй одоо бодоход кровн загварын машин байж магадгүй ойролцоо хэлбэртэй байсан. Цэнхэр өнгийн приустэй мөргөлдсөн цагаан өнгийн Кролла машин өөрийн эгнээндээ явж байсан..." гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 222-223-p хуудас/

2. Гэрч *ын өгсөн: "...2024 оны 08 сарын 30-ны өдөр би өөрийн эзэмшлийн * УАР гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ээж * /10 настай/ нарын хамт Багануураас гараад Улаанбаатар хотоор дайраад Орхон аймаг руу явж байсан. Тэгээд Дархан-Уул аймаг өнгөрөөд нэлээн явж байтал газрын нэрийг бол мэдэхгүй нэг гүвээ өгсөөд гараад иртэл гүвээн дээр баруун гар талд нь цагаан машин, зүүн гар талд нь цэнхэр өнгийн 2 машин мөргөлдчихсөн байдалтай байсан. Тэгээд би зогсоод буугаад цагаан өнгийн машин дээр эхлээд очтол машины хажууд газар хэвтсэн байдалтай нэг эгч, 13-14 орчим насны эрэгтэй хүүхэд 2 орилоод ёолоод байж байсан ой гарантай хүүхэд уйлаад нэг ах тэврээд зогсож байсан. Тэгээд би нөгөө цэнхэр өнгийн машин дээр яваад очтол жолоочийн хажуу талын суудал нэг эгч ухаангүй суудлын бүсээ зүүгээгүй байдалтай суудалнаасаа доошоогоо гулгаад нугдайсан байдалтай байсан машины хажууд нэг эмэгтэй манай ээжид туслаач ухаангүй байна, дуудаад сэрэхгүй байна, гэх зэргээр орилоод нааш цааш гүйгээд байсан. Тэгээд би нөгөө ухаангүй эгчийг очоод үзэхэд амьсгал зүрх, судас зогссон байсан. Тэгэхэд нь би ухаангүй байсан нөгөө эгчийг охинтой нь хамт хамжиж байгаад машинаас буулгаад газар хэвтүүлээд анхны тусламж үзүүлсэн. Тэгж байтал удалгүй Эрдэнэтийн эмнэлгийн эмч сувилагч нар ирсэн. Тэгээд хамтдаа анхны тусламжаа үзүүлж байтал ойролцоох сумын түргэн тусламж ирээд эмч үзээд тарилга хийгээд авч явсан. Би цагаан өнгийн машинд явсан жолооч ахыг 2 хүүхдийн хамт би машиндаа суулгаад авч явсан. Эрдэнэт ороод нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүргэж өгсөн..." гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 225-226-р хуудас/

3. Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Г.Ганпүрэвийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 112 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ:

            -Шинжилгээгээр амь хохирогч *ын цогцост цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл Цээжний баруун талын 1-4-р хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын 1-8-р хавирга, өвчүү ясны хугарал, дотор эрхтний холбоосуудын цус хуралт, үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийн хатгагдсан шарх, цээжний хөндийн цус хуралдалт, цээж, 2 шилбэнд цус хуралт гэмтэл гэмтлүүд тогтоогдлоо.

            -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.

            - Амь хохирогчид хийсэн шинжилгээгээр үхэлд хүргээгүй зүрхний булчингийн эмгэгшил өвчин тогтоогдлоо.

            -Амь хохирогчид хийсэн шүүх биологийн шинжилгээгээр О /1/ бүлгийн цустай байна.

            -Амь хохирогчид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илрээгүй, ходоодны шингэнд 2.1 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Амь хохирогч нь нас барах үедээ согтолтгүй байжээ.

            -Амь хохирогч нь цээж, хэвлийн хавсарсан битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-25, 26-35-р хуудас/,

 

            4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч * 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12794 дугаартай:

            -*ийн биед зүүн 1,3,4,6,7-р хавирга, өвчүүний зөрүүтэй хугарал, зүүн уушгины дээд дэлбэнгийн эдийн няцрал, цээжний зүүн хөндий дэх хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            - Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            - Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42-43-р хуудас/,

 

            5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч * 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12797 дугаартай:

            -*ын биед зүүн баруун дагз чамархай, суурь ясны их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            - Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            - Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51-р хуудас/,

 

            6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч * 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12795 дугаартай:

            -*гийн биед баруун эгэм ясны хугарал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            - Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

            - Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-60-р хуудас/,

 

            7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч *н 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12796 дугаартай:

            -*ын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

            - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            - Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

            - Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70-р хуудас/,

 

            9.         Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч *нарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 919 дугаартай:

            -*-ын сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Цаашид сэтгэл зүйн болон сэтгэцийн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.

            -Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.

            -Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна... гэх дүгнэлт /2хавтаст хэргийн 94-96-р хуудас/,

 

            10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч * нарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 921 дугаартай:

            -*/-ын сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.

            - Цаашид сэтгэл зүйн болон сэтгэцийн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.

            -Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.

            -Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна... гэх дүгнэлт /2хавтаст хэргийн 104-106-р хуудас/,

           

            11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч *нарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 920 дугаартай:

            *ын сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.

            - Цаашид сэтгэл зүйн болон сэтгэцийн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна.

            -Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.

            -Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна... гэх дүгнэлт /2хавтаст хэргийн 112-114-р хуудас/,

 

            12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч * нарын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 918 дугаартай:

            - *гийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.

            - Цаашид сэтгэл зүйн болон сэтгэл заслын болон сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай.

            -Уг асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.... гэх дүгнэлт /2хавтаст хэргийн 121-123-р хуудас/,

 

            13. “*” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1750 дугаартай “Авто машины техник эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд:

            - Тоёота аксио загварын * УНЯ улсын дугаартай авто машины эвдрэл хохирлын үнэлгээгээр тогтоосон дүн 8,975,000 төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 94-98-р хуудас/,

           

            14. “*” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ТХҮ-924/11267 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            - Үнэлэгдэж буй Dell Загварын зөөврийн компьютерын эвдрэл гэмтлийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 10 дугаар сарын байдлаар 1,680,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 110-113-р хуудас/,

 

            15. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шинжээч * гаргасан “...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд * ОРБ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан * нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй байна. МУ-ын ЗХД-ийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. 12. Тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            - * УНЯ улсын дугаартай Тоёота аксио королла загварын тэврийн хэрэгслийг жолоодон явсан * нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

            - Тухайн тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна.

            - * ОРБ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан * нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

            Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж дүгнэлт гаргав.

            - Асуултад дурдагдаагүй шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдоогүй... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 123-124-р хуудас/,

 

            16. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/,

            17. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 7-8-р хуудас/,

            18. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-16-р хуудас/,

            19. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Эд зүйлд /Dell  маркийн зөөврийн компьютер/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-19-р хуудас/,

            20. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын * дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /хавтаст хэргийн 236-242-р хуудас/,

 

            Хохирогч нарын гэм хорын хохиролтой холбоотой баримтууд

 

            21. Хохирогч *гоос гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлийн тооцоо, гэм хортой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 142-151-р хуудас/,

            22. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *ээс гаргаж өгсөн иргэний нэхэмжлэлийн тооцоо, гэм хортой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 159-198-р хуудас/,

            23. Шүүгдэгч *эс хохирогч *гийн Хаан банкны данс руу хохирол төлбөртэй холбоотой гарсан зардлыг шилжүүлсэн баримтууд /2хавтаст хэргийн 18-24-р хуудас, 2хавтаст хэргийн 142-143-р хуудас /,

            24. Хохирогч *гийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний тооцоо /2хавтаст хэргийн 29-р хуудас/,

            25. Насанд хүрээгүй хохирогч *ын Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний тооцоо /2хавтаст хэргийн 31-р хуудас/,

            26. Насанд хүрээгүй хохирогч *ын Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний тооцоо /2хавтаст хэргийн 33-р хуудас/,

            27. Хохирогч *ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний тооцоо /2хавтаст хэргийн 35-р хуудас/,

            28. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, насанд хүрээгүй хохирогч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2хавтаст хэргийн 44-48-52-р хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд

 

            29. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 247-248-р хуудас/,

 

            30. Шүүдэгч *н хувийн байдлыг тогтоосон баримтууд болох оршин суугаа газрын тодорхойлолт, лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, “*” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, цалингийн карт, авч байсан шагнал, урамшуулал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. /2хавтаст хэргийн 1-15-р хуудас/

 

  1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч * нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай 2-р багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальт засмал замын 117-118 дахь тэмдэгтэд орших "Чандагатайн ар" гэх газарт * ОРБ улсын дугаартай *загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчиж, эсрэг урсгалаас ирж явсан * УНЯ улсын дугаартай *загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөж зам тээврийн осол гаргасаны улмаас *, * нарын биед хүндэвтэр гэмтэл, *, *нарын биед хүнд гэмтэл учруулан, иргэн *ын амь насыг хохироосон гэх үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч *, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *, хохирочийн хууль ёсны төлөөлөгч *, гэрч *, * нарын мэдүүлэг, шүүгдэгч *н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дархан-Уул аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч * 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 112 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12794, 12795, 12796, 12797  дугаартай хохирогч *, *, Ч*, *нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтүүд, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шинжээч * гаргасан зам тээврийн ослын талаарх дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн хохирогч нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлтүүд, * ХХК-ын автомашинд болон Dell маркийн зөөврийн компьютерт үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *н үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд гэж үзэж шүүхийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон тул гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч *, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Эрүүгийн хуульд зааснаар “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно...” гэж заасан байх ба * нь өөдөөс ирсэн машинтай зөрөх үед хурдаа сааруулж зогсоох арга хэмжээ авалгүйгээр эсрэг урсгалд зорчиж явсан машиныг мөргөж зорчигч нарын биед хүндэвтэр болон хүнд хохирол, хүний амь насыг нь хохироосон гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, хор уршигт хүргэжээ.

Шүүгдэгч *н замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, осол гаргасан гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас иргэн *, * нарын биед хүндэвтэр гэмтэл, *, *нарын биед хүнд гэмтэл, иргэн *ын амь нас хохирсон хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Энэ хуулийн

тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар:

 

Шүүх шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас иргэн иргэн *, * нарын биед хүндэвтэр гэмтэл, *, *нарын биед хүнд гэмтэл учирч, *ын амь нас хохирсон.

 

а/ Шүүх хохирогч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Хохирогч *гийн хохирлын талаар:

 

Хохирогч * 13,802,057 төгрөг гэм хорын хохиролд нэхэмжилсэн. Үүнээс хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан машины үнэлгээгээр тогтоогдсон 8,975,000 төгрөг, нөтебүүкийн үнэлгээгээр тогтоогдсон 1,680,000 төгрөг, эмчилгээ, тээвэр шатахууны зардал, журмын хашааны зардал, түргэний машины төлбөр, шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал, нийт 2,182,030 төгрөг буюу нийт 12,837,030 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, 965,027 төгрөгт холбогдох хэсгийг /өдөр тутмын хоол, хүнсний зүйл худалдан авсан/ хэрэгсэхгүй болгож,

 

Хохирогч *ийн хохирлын талаар:

 

Хохирогч * гэм хорын хохиролд 5,679,499 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж, цалин хөлсний зөрүү 3,358,947 төгрөг, эмчилгээний зардалд 1,103,922 төгрөг нийтдээ 4,462,869 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, 1,216,630 төгрөгт холбогдох хэсгийг /өдөр тутмын хоол, хүнсний зүйл худалдан авсан/ хэрэгсэхгүй болгож,

 

Насанд хүрээгүй хохирогч *ын хохирлын талаар:

 

Хохирогч *ын хууль ёсны төлөөлөгч * гэм хорын хохиролд 3,121,005 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс эмчилгээний зардалд 2,070,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,050,455 төгрөгт холбогдох хэсгийг /өдөр тутмын хоол, хүнсний зүйл худалдан авсан/ хэрэгсэхгүй болгож,

 

Насанд хүрээгүй хохирогч  *ын хохирлын талаар:

 

Хохирогч *ын хууль ёсны төлөөлөгч * гэм хорын  хохиролд 1,018,544 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс эмчилгээний зардалд 456,854 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 561,690 төгрөгийг /өдөр тутмын хоол, хүнсний зүйл худалдан авсан / хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Мөн шүүх хуралдааны шатанд хохирогч нарын зүгээс 1,194,413 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгч нэхэмжилсэн бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Уг хохиролд хохирогч нарын усан эмчилгээ, физик эмчилгээ, эмийн эмчилгээ, такси, шатахуун зэрэгт гарсан зардал болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдэх үед 1 нас 3 сартай байсан * биед ослын улмаас гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, насанд хүрээгүй хохирогчоор тогтоогдоогүй хэдий ч 2,336,859 төгрөг нэхэмжилсэн.

Зам тээврийн ослын улмаас эх * нь биедээ хүнд гэмтэл, эцэг * нь хүндэвтэр гэмтэл авч эмнэлэгт хэвтэж, биеэ эмчлүүлж байх хугацаанд  хүүхэд хөхнөөсөө гарч, сүү, тараг зэрэг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн гэж үзэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийн шүүгдэгчээс 183,830 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно. Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь дээрх зардлыг гаргахад татгалзах зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. Харин өдөр тутмын хоол хүнсний зардал болох 2,153,029 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хохирогч нарт учирсан /хохирогч нар нэг гэр бүлийн хүмүүс учир нэгдсэн дүнгээр хохиролоо нэхэмжилсэн/ эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохиролд 27,152,378 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс нотлох баримтын шаардлага хангасан 21,205,546 төгрөгийг гаргуулж, 5,946,832 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатад өгсөн 19 сая төгрөгийн хасаж тооцон,  эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохиролд 2,205,546 төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Амь хохирогч *ын хууль ёсны төлөөлөгч * шүүх хуралдаанд: “...Би өөрийн эгчдээ хэлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй… эгч минь өөрийн ээждээ бүхий л амьдралаа зориулж явсан учраас гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүл мэндийн даатгалын сангийн иргэний нэхэмжлэлийн тухай * *а, * нарт алсын дуудлага 579,852 төгрөг тус бүр тооцож нэхэмжилсэн байх ба шүүх хуралдаанд хохирогч нар нь эмнэлэгийн нэг машинаар анхан шатны тусламж авсан, хохирогч * хүүхдийн хамт замын тусламж үзүүлсэн машинд сууж Баруунбүрэн сум орсон гэж тайлбарлаж байх тул Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь тусдаа бие даасан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхийг дурдаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

б/ Хохирогч нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг хүснэгтээр гаргаж танилцуулахад хохирогч * 3-р зэрэглэл, хохирогч * 4-р зэрэглэл, насанд хүрээгүй хохирогч *4-р зэрэглэл, * 3-р зэрэглэл гэж тооцсоныг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг мэргэжлийн шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг гаргасныг хангаж шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч *, Б.Амарсайхан нарын дүгнэлтээр *3-р зэрэглэл, * 3-р зэрэглэл, * 2-р зэрэглэл, * 1-р зэрэглэл гэж тогтоож ирүүлжээ.

 

Шүүх дээрх мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн  төлүүлэх төлбөрийг  жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, түүний хавсралтын 3.8-д заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хор хохирол, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, шүүгдэгчийн гэмт хэрэгтээ  хандаж байгаа хандлага, гэм хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан дараахь байдлаар  шийдвэрлэв.

 

 Насанд хүрээгүй хохирогч *3 дугаар зэрэглэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13,200,000 төгрөг,

Насанд хүрээгүй хохирогч * 2 дугаар зэрэглэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,920,000 төгрөг,

Хохирогч * 3 дугаар зэрэглэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,900,000 төгрөг,

Хохирогч * 1 дүгээр зэрэглэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2,640,000 төгрөг нийт 33,660,000 төгрөгийг хохирогч нарын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч нарт учирсан эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд учирсан хохирол нийт 54,865,546 төгрөг байх бөгөөд үүнээс шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт төлсөн 19,000,000 төгрөг, шүүх хуралдааны шатанд төлсөн 30,000,000 төгрөг, нийт 49,000,000 төгрөгийг хасч шүүгдэгчээс 5,865,546 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч *г Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь насыг хохироосон, 2 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

Улсын яллагч Н.Бадам  эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар * *н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна.... гэв.

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч * эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд: “...Улсын яллагчийн санал дээр тусгайлан гаргах санал байхгүй. Хохирол төлбөрийн хувьд өмнө төлсөн 19 сая төгрөг дээр өнөөдөр нэмж 30 сая төгрөг төлөгдсөн болохыг дурдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бас байгаа. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүх эрх хэмжээний хүрээнд шийдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд: “...Улсын яллагчийн ялын дүгнэлттэй холбоотой саналыг сонслоо. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд дараах санал дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт сонгох санкцыг, нэмэлт ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял гэсэн санкцтай. Энэ нь хуулийг зөрчсөн талаар утга агуулга яригдахгүй. Ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон.

Хохирол төлбөрийн хувьд сайн дураараа төлж барагдуулсан үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд орно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар тусгайлан ял хүндрүүлэх нөхцөл байдал энэ гэмт хэрэгт байхгүй. Хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтаар зүйлчлэгдэн хэрэг мөрдөн байцаалт, прокурор шүүхийн шатад хянан хэлэлцэгдээд явж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байгаа гэснийг дурдаж, шүүх бүрэлдэхүүн амь хохирогчийн ар гэр, хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй гэснийг анхаарч үзэхийг хүсэж байна. Зам тээврийн ослын улмаас нэр бүхий 4 хохирогч байгаа. Эдгээр хохирогч нарын нэхэмжилсэн эмчилгээний болон бусад хохирол төлбөрийг шүүгдэгчийн зүгээс өмнө 19 сая төгрөг, шүүх хуралдааны явцад 30 сая төгрөг нийт 49 сая төгрөгийг төлж барагдуулсан. Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон хохирогч нарт хандаж буй хандлага нь зүгээр би гэмшиж байна гээд зогсох биш үйлдлээрээ харуулж байна. Энэ нь нэг жирийн албан хаагч, ганц бие эмэгтэйн хувьд өндөр төлбөр хэдий ч энэ зүйлийг төлөх ёстой, өгөх ёстой гэж хандаж байгаа хэрэг. Шүүх бүрэлдэхүүн ял оногдуулахдаа хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлж үзэхийг хүсэж байна.

Шүүх хуралдаан зарлагдсан цагаас хохирогч нарыг гомдолгүй болгох талаар шүүгдэгч бүхий л нөөц бололцоо, ах эгч дүү нарынхаа дэмжлэгийг аваад өнөөдрийн шүүх хуралдаанд 30 сая төгрөгийг бэлдэж ирэн гэм буруугийн шүүх хуралдаан завсарлангуут хохирогчийн дансанд шилжүүлсэн. 

Хувийн байдлын хувьд шүүгдэгч одоо дээр бас гэм буруугийн хуралдаан дээр ч гэсэн би дурдан хэлж байсан. Амь хохирсон хохирогч Цэрэндолгорыг бол  нас биед хүрснээс эхлүүлээд л өвчтэй ээжийгээ байнга асардаг байсан 2 дүү нь тусдаа гараад амь амьдралаа хөөгөөд явчхаад энэ эмэгтэй болбол одоо хүнтэй ч гэрлээгүй хүүхэд ч гаргаагүй. Яг л ээжийгээ одоо асарч хамгаалж өдий хүрсэн. Гэтэл нөгөө өөрийнх нь насаараа хайрлаж бүх амь амьдралаа зориулан хайрласан эхийгээ өөрийнх нь буруугаас болоод нас барчихсан. Өөртөө 1 дүгээрт маш их дүгнэлт хийдэг 2 дугаарт бүхэл бүтэн нэг гэр бүлийн 4 хүнийг гэмтээсэндээ маш их гэмшиж дүгнэлт хийдэг ийм шүүгдэгч байгаа юм.

Эдгээр нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл 6.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэх саналыг оруулж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * шүүх хуралдаанд: “...Миний хувьд өмгөөлөгчийн гаргасан саналтай санал нэг байна. Тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд: “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байгаа. Би хохирогч хүүхдүүдийн ээжийг хүүхэдгүй ч гэсэн ойлгож байгаа. Би хичнээн хүүхэдгүй ч гэсэн гэмт хэрэг хийсэн өдрөөсөө л эхлээд л ойлгож, санаа зовж, санаа тавьж байсан шүү. Үлдэгдэл төлбөр мөнгийг ер нь удаахгүйгээр өгөөд дуусгая гэж бодож байгаа. Надад 2 сарын хугацаа өгөөч гэж хүсэж байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулж өгөөч...” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч *н үйлдсэн гэмт хэргийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлөхдөө санаачилгатай хандаж  ихэнх хувийг төлсөн, үлдэж байгаа хохирлоо даруй төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 4-т зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдаж, хэрэгт дагалдаж ирсэн СД бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1.Шүүгдэгч Боржигон овогт * *ийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, шүүгдэгчид мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нарын эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 27,152,348 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 21,205,546 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, нотлох баримтын шаардлага хангаагүй 5,946,832 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нарын сэтгэцэд учирсан хохиролд нийт 33,660,000 төгрөгийг гаргуулж /*13,200,000 төгрөг, * 7,920,000 төгрөг, * 9,900,000 төгрөг, * 2,640,000 төгрөг нийт 33,660,000 төгрөг/ нийт хохирол 54,865,546 төгрөг ба үүнээс шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарт төлсөн 19,000,000 төгрөг, шүүх хуралдааны шатанд төлсөн 30,000,000 төгрөг, нийт 49,000,000 төгрөгийг хасч шүүгдэгчээс сэтгэцэд учрсан хохиролд 5,865,546 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгосугай.

5. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн нэхэмжлэлийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэлэлцэхгүй орхисугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч * сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хамт ирсэн СD бичлэгийн хуурцгийг хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Г.ДЭЛГЭРСАЙХАН