Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 143/ШШ2022/00226

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 17 өдөр                                         Дугаар 143/ШШ2022/00226                                                 ******* сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.А

 

Хариуцагч: ******* аймгийн ******* газар 

 

Ажлаас халагдсаны тэтгэмж 1 412 121 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагчийн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* би ******* аймгийн ******* газарт бичиг хүргэгчээр ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/98 тушаалаар бүтэц орон тоо хасагдсан гэх шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалтын 2 дүгээр зүйлд надад 3 сарын дундаж цалинтай тэнцэх 1 411 581 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлаас олгож шийдвэрлэсэн боловч уг дүн нь үнэндээ 3 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгө болох 1 411 851 төгрөгөөс 270 төгрөг дутуу байгаа юм.

Тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно” гэж заасан боловч 3 сарын үндсэн цалинтай тэнцэх дүнгээс 270  төгрөг  дутуу дүн болох 1 411 581 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нийт олгох ёстой мөнгө болох 2 823 702 төгрөгөөс 1 412 121 төгрөг дутуу олгосон тул энэ талаар ******* аймгийн ******* газрын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч тус газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №03 дугаар албан бичгээр гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй талаар хариуг ирүүлсэн. Улмаар ******* сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд хандаж 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч ******* сумын Засаг даргын Тамгын газраас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №82 дугаар  албан бичгээр “одоогоор тус суманд энэхүү хороог байгуулаагүй байгаа тул гомдлыг хянаж, шийдвэр гаргах боломжгүй байгааг мэдэгдье” гэх хариуг өгсөн.

Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 401.1, 40.1.12, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Ажил олгогч нь ...энэ хууль болох хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж, 130 дугаар зүйлийн 130.2-т “Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана” гэж зааснаас үзэхэд тус байгууллагын нийт ажилчид, ажил олгогчтой харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасанд нийцүүлэн ажил олгогчид үүрэгжүүлэн журамласан бөгөөд ажил олгогч нь хуульд зааснаар биелүүлэх үүрэгтэй байна.

Иймд ******* аймгийн ******* газрын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж 1 412 121 төгрөгийг ******* аймгийн ******* газраас гаргуулан надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулиар тэр бүрчлэн ажилтан, ажил олгогч нарын хоорондын тохиролцоог нарийвчлан зохицуулаад байх боломжгүй байдаг. Тийм учраас та бүхэн хоорондоо тохироод жишээ нь, нэмэгдэл хөлсөө хэдээр тооцох юм, тэтгэмж нь яг хэдэн төгрөг байх вэ гэдгээ тухайн ажил олгогчийн санхүүгийн нөөц бололцоог харгалзаж үзээд ажил олгогч болон ажилтан нарт хооронд нь зөвшилцөх боломжийг олгодог. Тийм учраас хөдөлмөрийн дотоод журмаараа ажил олгогч болон ажилтан нар хоорондоо тохиролцоод хэдий хэмжээний төгрөгөөр олгох талаар тохиролцдог. Энэ нь болохоор мөн ажил олгогчийн үүрэг байдаг.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ажил олгогч энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заасан. Хөдөлмөрийн дотоод журам бол тухайн байгууллага, аж ахуйн нэгж, компанид хэрэгжиж байгаа хөдөлмөрийн хууль тогтоомжийн хамгийн анхны эх сурвалж болох баримт бичиг байдаг. ******* газрын хөдөлмөрийн дотоод журмын 9.5-д 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажилтанд олгоно гэж заасан. Хариуцагч хариу тайлбартаа 1 411 581 төгрөг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-т заасантай нийцсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мэдээж үндсэн цалин дундаж цалин хөлснөөс бага хэмжээний мөнгө байдаг. Жишээ нь, энэ дээр зургаан сарын үндсэн цалин хөлсийг нь бодоход нийтдээ Г.*******ийн хувьд 2 823 702 төгрөг болоод байгаа юм. Энэ 2 823 702 төгрөгөөс тухайн үед Б/98 дугаартай тушаалаар олгосон 1 411 581 төгрөгийг хасахаар өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагаар гаргаад байгаа 1 412 121 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн үед Б/98 дугаартай тушаал дээр 3 сарын дундаж цалин хөлсийг нь дутуу бодоод 270 төгрөг дутуу олгочихсон юм байсан.

Хөдөлмөрийн дотоод журамд заасан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэдэг нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дүгээр зүйлд заасантай нийцэж байгаа. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дүгээр зүйлд 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлс гэж байгаа. Ажил олгогч өөрөө хэдэн ч сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгө олгохыг өөрсдөө шийдвэрлэх боломжтой байгаа. Үүнийг хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулж байгаа. Тэгэхээр 6 сарын үндсэн цалин хөлс гэдэг нь бараг 4 сарын дундаж цалин хөлснөөс бага хэмжээний мөнгө болох ёстой. Яагаад гэвэл цалин хөлс гэдэг ойлголтод үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал зэргээс бүрдэж байгаа буюу нийт тухайн ажилтны гарт ирж байгаа цалингийн нийлбэрээс бодогддог. Тийм учраас үндсэн цалин хөлснөөс мэдээж өндөр дүнг гардаг.

Өнөөдрийн шүүх хуралдаан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнтэй холбоотой маргаан биш, зөвхөн тэтгэмжтэй холбоотой маргаан явж байгаа юм. Үүнийг хариуцагч ойлгож байгаа байх. Иймд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэг, тухайн байгууллагын дотоод журмын 9.5 дахь хэсэгт зааснаар Г.*******т 1 412 121 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.*******ээс ******* аймгийн ******* газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар ажлаас халагдсаны тэтгэмж болох 1 412 121 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай холбогдуулан түүнийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа ******* газрын байгууллагын дотоод журмын 9.5-д “Тухайн үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох”-оор заасан ч Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэснийг баримтлан ажиллах хүрээнд өөрийн байгууллагын цалингийн санд багтаан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь мөн Хөдөлмөрийн тухай хуулийн /хүчингүй болсон/ 42 дугаар зүйлийн 42.1-т заасан “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэсэнтэй нийцэж байна.

Түүнчлэн 2021 оны төсвийн жилийн тухайд Засгийн газрын 2021 оны “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажилласан бөгөөд тус тогтоолын 1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэж, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх” гэснээр төсвийн хязгаарлалт хийж аливаа тэтгэмж урамшуулал олгох үндэслэлгүй байсан ч өөрөөс үл хамаарах шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсаныг харгалзан хуульд заасан доод хязгаараас хэтрүүлсэн хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэгч Г.*******т олгосон.

Байгууллагын зүгээс дээрх байдлаар боломжит арга хэмжээг авч батлагдсан төсвийн хүрээнд тэтгэмж олгосон тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн Засаг даргын захирамж гарч Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн бүтэц орон тоог баталсан. Г.******* бичиг хүргэгчээр, цаана нь бичиг хэргийн эрхлэгч, архивын ажилтан гээд нэг хүн ажилладаг байсан юм. Тэр нь ажил үүргийн хувьд ачаалал маш ихтэй байсан учраас бүтэц орон тооны хувьд захирамжлалын асуудал хариуцсан архивын ажилтан, хажууд нь албан бичиг хариуцсан эрхлэгч гэж бий болгоод ингээд бичиг хэргийн хүн нийт 3 болоод цаашаа тэр дээрээ орон тоо нэмэгдээд бичиг хүргэгч гэж мэргэжлийн биш орон тоог нь байхгүй болгоод тэр үүргийг нь өөр албан тушаалтанд өгөөд дотоод зохион байгуулалт хийгээд явсан юм байгаа. Үүний дагуу Нийтлэг үйлчилгээний газрын даргын тушаал 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гарч бичиг хүргэгч орон тооны бүтцийн өөрчлөлтөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсан.

Бид Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан 40.1.1 дэх хэсгээр албан тушаал нь байхгүй болоод гарч байгаа ажилтанд 42.1 дэх хэсгээр нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заасны дагуу олгоод явсан юм. Үүнийгээ зөв зүйтэй гэж үзсэн. Яагаад гэвэл, Төсвийн тухай хуулийн заалтууд, Засгийн газрын 43 дугаар тогтоолоор илүү дутуу зардлуудыг багасгах тухай заасныг үндэслэж ингэж шийдсэн байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэл, ******* аймгийн ******* газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар “хариу хүргүүлэх тухай” албан бичиг, ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар албан бичиг, Хариуцагчаас ******* аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/79 дугаар захирамж, С.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.*******ийн 2021 оны цалингийн карт, байгууллагын дотоод журам, ******* аймгийн ******* газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/98 дугаар тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. “******* газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/98 дугаар тушаалын 2 дугаар заалтад 3 сарын дундаж цалинтай тэнцэх 1 411 581 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлаас олгохоор заасан боловч уг дүн нь 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 1 411 851 төгрөгөөс 270 төгрөг дутуу байгаа юм. Тус газрын хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.5-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно” гэж зааснаар нийт олгох ёстой мөнгө болох 2 823 702 төгрөгөөс дутуу олгосон 1 412 121 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй” гэж нэхэмжилсэн.

 

3. Хариуцагч ******* аймгийн ******* газар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. “Тус байгууллагын дотоод журмын 9.5-д тухайн үндэслэлээр ажлаас халагдсан тохиолдолд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор заасан хэдий ч батлагдсан төсвийн хүрээнд өөрийн байгууллагын цалингийн санд багтаан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасантай нийцэж байна” гэж тайлбарладаг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* аймгийн ******* газрын даргын тушаал, тус газрын дотоод журам, цалингийн карт зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.******* нь ******* аймгийн ******* газарт бичиг хүргэгчээр ажиллаж байгаад тус газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

Ажил олгогч буюу ******* газар нь Г.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8, 3.9, 3.10 дахь заалтыг баримтлан бүтэц орон тооны өөрчлөлтөөр орон тоо хасагдсан гэжээ.

 

5. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж тус тус заажээ.  

 

Талууд орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөнтэй маргаагүй, харин ажлаас халагдсаны тэтгэмжийг хэрхэн тооцож олгох тухайд маргаж байна.

******* аймгийн ******* газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/98 дугаар тушаалын 2. Г.*******т 3 сарын дундаж цалинтай тэнцэх 1 411 581 төгрөгийг нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардлаас олгохоор заажээ.

 

Тушаалын үндэслэл болгосон ******* аймгийн орон нутгийн өмчит ******* газрын даргын 2021 оны 03 сарын 25-ны өдрийн А/14 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “...тус газрын дотоод журмын Ес. Цалин хөлс, тэтгэмж, шагнал урамшуулал хэсгийн 9.5-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно” гэжээ.

 

Г.******* нь сард 470 617 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан цалингийн картаар нотлогдож байх ба ажил олгогч түүнд 3 сарын дундаж цалинтай тэнцэх 1 411 581 төгрөгийн тэтгэмж олгохоор заасан байх боловч шүүх хуралдаанд хариуцагч тал “дундаж цалингаас бус үндсэн цалингаас бодсон, ингэхдээ 1 411 851 гэх ийг 1 411 581 гэж бичиглэлийн алдаа гаргасан зөрүү 270 төгрөгийг олгохыг хүлээн зөвшөөрч байна” гэж тайлбарладаг.

 

6. Хөдөлмөрийн тухай хуульд ...ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэснээр доод хугацааг нь тогтоож өгсөн байх ба түүнээс дээш хугацааг байгууллага бүр илүү нарийвчлан тогтоох боломжтой, тухайлбал хариуцагч байгууллагын дотоод журамд ажилтанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоно гэж заасан нь мөн хуульд нийцэж байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь ...энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нь ажил олгогчоос дээрх үүргийг шаардах эрхтэй байна.  

7. Иймд хариуцагч ******* аймгийн ******* газраас ажлаас халагдсаны тэтгэмж 1 412 121 төгрөгийг /470 617x6=2 823 702-1 411 581=1 412 121/ гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгох нь зүйтэй гэж үзэв.  

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 37 544 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* аймгийн ******* газраас улсын тэмдэгтийн хураамж 37 544 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* аймгийн ******* газраас тэтгэмж 1 412 121 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж 37 544 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* аймгийн ******* газраас улсын тэмдэгтийн хураамж 37 544 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ОТГОНСҮРЭН