Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 143/ШШ2022/00391

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Хаан банк” ХХК

Хариуцагч: Т.Т

Хариуцагч: Т.О

Хариуцагч: “ИГУ” ХХК 

Зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, нийт 59 825 473.18 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзиймөнх, хариуцагч Т.Тэмүүжиний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанцэцэг, хариуцагч Т.Орхонтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбарын захирал Д.Сүрэнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Тэмүүжин, Т.Орхонтуул, “Их говийн ундрага” ХХК нар нь:  

1. Бизнесийн зээл: 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр      дугаартай Зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар сар бүрийн 25-ны өдөр зээл хүүгийн төлбөрт 1 366 000 төгрөг төлөх нөхцөлтэй зээлж авсан бөгөөд “үйл ажиллагаа доголдсон, орлого багассан тул зээлийн хугацааг 12 сараар сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр .......... дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулан дээрх зээлийн үлдэгдэл болох 22 305 842.94 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан.

2. Төслийн зээл: 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ......... дугаартай Зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийн төслийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай тоног төхөөрөмж авах, үйлдвэрийн барилгын засварыг дуусгах зориулалтаар сар бүрийн 05-ны өдөр зээл хүүгийн төлбөрт 668 000 төгрөг төлөх нөхцөлтэй зээлж авсан бөгөөд “Үйл ажиллагаа доголдсон, орлого багассан тул зээлийн хугацааг 6 сараар сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201843565112/1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан дээрх зээлийн үлдэгдэл болох 21 618 869.63 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгаж зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэсэн байна.

Дээрх зээлүүдийн барьцаанд зээлдэгч Т.Тэмүүжингийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1105001398 тоот дугаар бүхий Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Хан-Уул 1 дүгээр гудамж 16 тоот хаягт байрлах 150 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-1105000358 тоот дугаар бүхий Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Хан-Уул 1 дүгээр гудамж 16 тоот хаягт байрлах 375 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газар, дэлгүүрийн бараа материалын үлдэгдэл зэрэг хөрөнгүүдийг тус тус барьцаалуулан зээлийг авсан.

Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар:

1. Бизнесийн зээлд: Үндсэн зээлийн төлбөрт 17 694 157.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12 361 460.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91.21, нийт 30 055 708.85 төгрөг,

2. Төслийн зээлд: Үндсэн зээлийн төлбөрт 8 381 130.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6 805 140.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 437.55 төгрөг, нийт 15 186 708.38 төгрөг тус тус төлсөн байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараалан зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардан зээл төлөх мэдэгдлийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нийт 2 удаа тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй бизнесийн зээл нь нийт 512 хоног, төслийн зээл нь нийт 608 хоног тус тус зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн.

Иймд банк Зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201843508555/1 тоот Зээлийн гэрээнд, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, мөн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/201843565112 дугаартай Зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201843565112/1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах,

2. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тасалбар болгон дараах зээлийн төлбөр гаргуулах,

2.1 Бизнесийн зээл:

А/ Үндсэн зээлийн төлбөр 22 305 842.94 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөр 10 952 967.31 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 306 050.51 нийт 33 564 860.76 төгрөг,

2.2 Төслийн зээл:

А/ Үндсэн зээлийн төлбөр 21 618 869.63 төгрөг,

Б/ Зээлийн хүүгийн төлбөр 4 540 507.67 төгрөг,

В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 61 235.12 төгрөг, нийт 26 220 612.42 төгрөг, нотариатын төлбөр 40 000 төгрөг, нийтдээ 59 825 473.18 төгрөг гаргуулах,

Зээлдэгч Т.Тэмүүжин, Т.Орхонтуул, “Их говийн ундрага” ХХК нар зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох зээлдэгч Т.Тэмүүжингийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-1105001398 тоот дугаар бүхий Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Хан-Уул 1 дүгээр гудамж 16 тоот хаягт байрлах 150 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-1105000358 тоот дугаар бүхий Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Хан-Уул 1 дүгээр гудамж 16 тоот хаягт байрлах 375 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газар, дэлгүүрийн бараа материалын үлдэгдэл зэрэг хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өлзиймөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 40 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Сар болгоны эргэн төлөлт нь 1 366 000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээл аваад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ковид цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь доголдон гэрээнд нэг удаа өөрчлөлт оруулж зээлийн хугацааг 12 сараар сунгасан. Одоо зээлийн үлдэгдэл 22 305 842.94 төгрөг байгаа. Анхны гэрээгээ 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусахаар байсныг 12 сараар сунгаад одоо 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусахаар болгосон. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 17 694 157, зээлийн хүүгийн төлбөрт 12 361 460, нэмэгдүүлсэн хүүд 91.21 төгрөг гээд нийт 30 055 708.85 төгрөг төлөгдсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 22 305 842.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10 952 967.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 306 050.51 төгрөг гээд нийт бизнесийн зээлээс 33 564 860.76 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байгаа.

Хоёр дахь зээл нь төслийн зээл байгаа. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 30 000 000 төгрөгийн төслийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Сар болгоны 05-ны өдөр 668 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж аваад мөн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бизнесийн үйл ажиллагаа доголдсон, ковид цар тахал гэдэг нөхцөлөөр зээлийн хугацааг 6 сараар сунгаж гэрээндээ өөрчлөлт оруулсан. Анхны 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр авсан зээлийн хугацаа нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусах байсан. 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрчлөлт оруулж 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусахаар байгаа. Төслийн зээл авснаас хойш үндсэн зээлийн төлбөрт 8 381 130.37, зээлийн хүүгийн төлбөрт 6 805 140.46, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 437.55 төгрөг гээд нийт 15 186 708.38 төгрөгийг төлсөн. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар төслийн зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр 21 618 869.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4 540 507.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 61 235.12 төгрөг гээд нийт 26 220 612.42 төгрөгийг төслийн зээл дээр төлүүлэхээр нэхэмжилж байна.

Нийт 2 зээлийн төлбөр, нотариатын төлбөр 40 000 төгрөг нэмэгдээд нийтдээ 59 825 473.18 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан. Хоёр зээлийн гэрээнд хоёуланд нь барьцааны гэрээ байгаа. Барьцаанд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2-р баг, Хан-Уул 1-16 тоот хаягт байрлах 150 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх, мөн тус хаяг байрлах 375 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамт, тухайн үеийн бараа материалын үлдэгдлийг барьцаалсан. Хоёр зээл нь ижил барьцаатай байгаа. Хүүгийн төлбөр дээр банк харилцагчдаа зээлийг нь төлүүлэхээр хугацаа хэтрэх болгонд холбогдож байсан. Тухайн үед нь утсаар ярих болон гэрт нь зөндөө очиж байсан. Тэр болгонд мэдэж байгаа, зээлээ төлнө, одоо хөрөнгө зарах гэж байгаа, тийм байдлаар төлнө гэдэг байсан. “Их говийн ундарга” ХХК-ийн татвар дээр байгаа өрний асуудал байна гэдгийг ярьж байсан. Банк зээлийн хүү бага гэж хэлээгүй. Хугацаа сунгаад 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гээд ирэхэд энд хүү зогсохгүй шүү, хүү бодогдож байгаа. Та зөвхөн зээл төлөх хугацаагаа сунгаж байна. Зээлийн хүү чинь өдий болж өсөж байгаа шүү гэдгийг би тухайн үед Т.Тэмүүжинд, Түмэндэлгэрт ч хэлж байсан. Бүгдээрээ ирж уулзаж байсан шүү дээ. Тэгээд гар өргөдлөө бичээд бид нар үйл ажиллагаа дэлгүүрээ түрээслэхээр ярьж байгаа, тэгээд жигдрэх боломжтой болно гэдэг тайлбарыг өгөөд тухайн үедээ банк бизнес нь цаашаа хэвийн явагдахаар бол сунгаад өөрчлөлт оруулъя гээд өөрчлөлт оруулсан.

Зээлийн зарцуулалт, хэрэглээний хувьд тухайн зээл хүсэгч Т.Тэмүүжин, Т.Орхонтуул, “Их говийн ундарга” ХХК-д банк хуулийн хүрээнд баталгаажсан бичиг баримт дээр зээлийн судалгаа шинжилгээ хийж зээл олгосон байгаа. Тэгэхээр зээл авснаас хойш хэн зарцуулахаасаа илүү үндсэн хариуцагч нь гэж Т.Тэмүүжин Т.Орхонтуул, “Их говийн ундарга” ХХК нар дээр гаргасан. Төслийн зээлийг бид нар дараагийн хяналттайгаа шалгалт хийж яг авсан зориулалтынхаа дагуу ашиглаагүй гэдэг дүгнэлт гаргаж, тухайн үед нь зээлээ зориулалтын дагуу ашиглах мэдэгдлийг хоёр удаа өгч байсан. Зээл буцаан дуудах мэдэгдэл танилцуулж, тухайн үед ийм байна гэдэг зүйлийг хэлж, уулзаж ярьж байсан гэв.

2. Хариуцагч Т.Тэмүүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Тэмүүжин нь 2018 оны 04 дүгээр сарын 06-нд “Хаан банк”-аас 40 000 000 төгрөгийн зээл, 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 30 000 000 төгрөгийн төслийн зээлийг авсан нь үнэн. 2018-2020 он хүртэл авсан зээлээ цаг тухайд нь төлж ирсэн ба 2020 оноос ковид 19 цар тахал гарч бидний явуулж байсан бизнесийн үйл ажиллагаанд доголдол гарч орлого багассан тул зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж байсан. Уг зээлэнд би гарын үсэг зурсан нь үнэн боловч уг зээлийг манай аав Түмэндэлгэр, ээж Алтанцэцэг нар авсан. Манай аав Түмэндэлгэр “Хаан банк”-н дээр очиж уулздаг байсан ба зээлийн хүү ихээр бодогдохгүй байгаа гэж хэлдэг байсан юм.

Бид одоо үндсэн зээл болох бизнесийн зээл 22 305 842.94 төгрөг, төслийн зээл 21 618 869.63 төгрөгийг нэн даруй төлж барагдуулна. Харин зээлийн хүү өндөр байгаа тул бид төлөх боломжгүй байна. Иймд зээлийн хүүг бууруулах, бизнесийн зээлийн хүүгийн төлбөр 10 952 967.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 306 050.51 төгрөг, төслийн зээлийн хүүгийн төлбөр 4 540 507.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 61 235.12 төгрөг байна. Энэ хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Т.Тэмүүжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зээлийг Т.Орхонтуул, Т.Тэмүүжин хоёр аваагүй юм. Гарын үсэг зуруулсан. Яагаад гэвэл компанийн нэр нь Т.Орхонтуул гэсэн нэр дээр, үл хөдлөх нь Т.Тэмүүжингийн нэр дээр байсан юм. Тэгээд яг авсан хүн нь Түмэндэлгэр бид хоёр дэлгүүр ажиллуулна гэж авсан юм. Тэгээд цар тахал гээд хойшлуулж байсан. Наана нь “Их говийн ундарга” ХХК нь 2018 оны өмнө татварын шалгалтад орсон. Уг нь манайх өөрсдөө ажиллуулж байгаагүй, өөр газар ажиллуулж байсан юм. Тэгээд буцаагаад 2018 онд үйл ажиллагаагаа явууллаа, компаниа авъя гэхэд заавал татварын шалгалтад оруулахгүй бол болохгүй гэсэн. Тэгээд татварын шалгалтад ороход хуулийн этгээд нь миний нэр дээр байсан юм. Миний нэр дээр байсан болохоор 120 000 000 төгрөгийн төлбөр гаргана гээд үнэхээр үйл ажиллагаа явуулахад бид нар дарамтад орсон. Өөрсдөө үйл ажиллагаа явуулаагүй байж өөр компанийн үйл ажиллагаа үргэлжлүүлж авч байгаа юм. Одоо 70 000 000 төгрөг гаруй төгрөгийн үлдэгдэлтэй явж байгаа юм. Тэр гэрээний улмаас болоод бид нар үйл ажиллагаагаа зогсоогоод үйл ажиллагаа явуулж чадаагүй банкны өрийг төлж чадаагүй. Одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр 70 000 000 гаруй төгрөгийн өр төлбөр яригдаад байшин болон бүх юм барьцаанд орчихсон. Одоо үнэхээр төлөх аргагүй болсон юм. Тэгээд манай нөхөр Түмэндэлгэр эдийн засагч дээр очоод уулздаг байсан. Тэгээд хүү төлбөр нь их гарах уу гэхэд ер нь бол гайгүй. Тийм их хүү бодогдохгүй гэж хариулдаг байсан. Би очоод уулзъя гээд байн байн очоод уулздаг байсан. Тэгэхэд нь юу гэж хэлдэг вэ гэхээр хүү бол гайгүй. Нэг их өндөр бодогдохгүй гэж би хэллээ гэж надад хэлдэг байсан. Хэрвээ гэрээгээ нэлээн эрт цуцалчихсан байсан бол ингэж их хүү бодогдох уу, үгүй юу гэдэг асуудал би тавимаар байна. Би 2020 оноос хойш төлөөгүй байхад тэрнээс хойш бүтэн 2 жил чимээгүй байж байснаа баахан хүү бодчихоод одоо шүүхэд өгөөд ийм нэхэмжлэл гаргаж байгаад нь би хүүний асуудал дээр үнэхээр яримаар байна. Үнэхээр ингэх байсан юм бол эртхэн нэхэмжлэлээ өгөөд шүүхээр шийдүүлээд хүүг нь зогсоож болоогүй юм уу л гэж би асуумаар байна. Өөр хэлэх юм алга байна гэв.

Хариуцагч Т.Орхонтуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т.Орхонтуул нь 2018 оны 04 дүгээр сарын 06-нд “Хаан банк”-аас 40 000 000 төгрөгийн зээл, 2018 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 30 000 000 төгрөгийн төслийн зээлийг авсан нь үнэн. 2018-2020 он хүртэл авсан зээлээ цаг тухайд нь төлж ирсэн ба 2020 оноос ковид 19 цар тахал гарч бидний явуулж байсан бизнесийн үйл ажиллагаанд доголдол гарч орлого багассан тул зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж байсан. Уг зээлэнд би гарын үсэг зурсан нь үнэн боловч уг зээлийг манай аав Түмэндэлгэр авсан. Манай аав Түмэндэлгэр “Хаан банк”-н дээр очиж уулздаг байсан ба зээлийн хүү ихээр бодогдохгүй байгаа гэж хэлдэг байсан юм.

Бид одоо үндсэн зээл болох бизнесийн зээл 22 305 842.94 төгрөг, төслийн зээл 21 618 869.63 төгрөгийг нэн даруй төлж барагдуулна. Харин зээлийн хүү өндөр бодогдож байгаа тул бид төлөх боломжгүй байна. Иймд зээлийн хүүг бизнесийн зээлийн хүүгийн төлбөр 10 952 967.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 306 050.51 төгрөг, төслийн зээлийн хүүгийн төлбөр 4 540 507.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 61 235.12 төгрөг байна. Энэ хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрөхгүй байна. Гэрээгээ сунгаж тус зээлийг төлж барагдуулмаар байна. Нотариатын 40 000 төгрөг төлнө гэжээ.

Хариуцагч Т.Орхонтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хариу тайлбар ижилхэн. Тэгээд “Их говийн ундарга” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нэрээ өгч энэ зээлд хамтран зээлдэгчээр орсон. Би өөрөө энэ зээлийг аваад, өөрөө бизнес хийгээд, өөрөө гардаж мөнгөн дээр үйл ажиллагаа явуулаагүй болохоор яг нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Мөнгөн дүнг сая сонслоо. Тэгээд энэ дээрээ тулсныг мэдээгүй явсан. Тэгээд залуу хүний хувьд ажил хийгээд явахад хэцүү байгаа. Ямар ч зээлд харагдах боломжгүй, монгол банканд бүртгэгдчихсэн ер нь бол дарамт учруулж байгаа. Хүү дээр яг л адилхан бодолтой байна. Өдий хэмжээний хүү бодохоосоо өмнө яагаад эртхэн арга хэмжээ авч болоогүй юм бэ?. Яг 2020 оны 12 дугаар сараас хойш угаасаа үйл ажиллагаагаа явуулаагүй гэдгийг нь би сайн мэдэж байна. Тэгээд үнэхээр шүүхэд өгөх байсан юм бол энэ их хүү гарахаас нь өмнө  өгч болоогүй юм уу гэсэн бодолтой байна гэв.

3. Нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №ЗГ/201843508555 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №БГХ/201843508555 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ/201843565112 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №БГҮ/201843565112 дугаартай барьцааны гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Их говийн ундрага” ХХК-ийн дүрэм, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201843508555/1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201843565112/1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №01, №02 зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №03, №04 зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242, 29/12292 дугаартай итгэмжлэл, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №5585/266 дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн Өмнөговь салбар нь хариуцагч Т.Тэмүүжин, Т.Орхонтуул, “Их говийн ундрага” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, нийт 59 825 473.18 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа дараах 2 төрлийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаарджээ.

2.1. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ/201843508555 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ201843508555/1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 33 564 860.76 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах,

2.2. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/201843565112 дугаартай зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201843565112/1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 26 220 612.42, нотариатын зардал 40 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах.

3. Хариуцагч нар нь зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн болон нотариатын төлбөр төлөхийг тус тус хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг эс зөвшөөрч маргадаг.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, зээл төлөх мэдэгдэл зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг талаас “Хаан банк” ХХК, нөгөө талаас Т.Тэмүүжин, Т.Орхонтуул, “Их говийн ундрага” ХХК нар нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/201843508555 дугаартай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар олгохоор тохиролцсон байна.

Талууд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201843508555/1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан “зээлийн гэрээний хугацаа: 2022 оны 09 сарын 25-ны өдөр хүртэл 12 сараар сунгах”-аар тохиролцжээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 17 694 157.06 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12 361 460.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91.21, нийт 30 055 708.85 төгрөг төлсөн байна.

Мөн нэг талаас “Хаан банк” ХХК, нөгөө талаас Т.Тэмүүжин, Т.Орхонтуул, “Их говийн ундрага” ХХК нар нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/201843565112 дугаартай зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 30 000 000 /гучин сая/ төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, тоног төхөөрөмж авах, барилгын засвар дуусгах зориулалтаар олгохоор тохиролцсон байна.

Талууд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201843565112/1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан “зээлийн гэрээний хугацаа: 2023 оны 11 сарын 05-ны өдөр хүртэл 6 сараар сунгах”-аар тохиролцжээ.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 8 381 130.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6 805 140.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 437.55 төгрөг, нийт 15 186 708.38 төгрөг төлсөн байна.

Хариуцагч нар нь 2020 оны 02 сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба 512-608 хоног хугацаа хэтрүүлжээ.

5. Хариуцагч талаас хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр өндөр байх тул багасгуулах, түүнчлэн 2020 оноос хойш 2 жил зээлээ төлөх чадваргүй байхад гэрээний оролцогчтой  харилцаагүй, шүүхэд хандаагүйгээс хүү хуримтлагдсан талаар маргаж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй.

Харин Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.1.1-д зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй байхаар тохиролцжээ.

Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн байх ба ХААН банк ХХК нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, уг нэмэлт хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, зээл төлөх мэдэгдэл, зээлдэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

Иймд нэмэлт хугацаанд үр дүн гараагүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хангах нь зүйтэй.

Зээлдэгч зээл төлөх мэдэгдлийг 2 удаа бичгээр хүргүүлснээс сүүлийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн мэдэгдэлд ...зээлийн төлбөр 306-402 хоногоор хэтэрсэн, 2021 оны 10 сарын 18-ны өдөр төлж барагдуулахыг, ...дээрх хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд банкнаас хуульд заасан арга хэмжээ авахыг анхааруулжээ. Гэтэл дээрх нэмэлт хугацаанд /2021.10.18/ үр дүн гараагүй байхад зээлдэгч хуульд заасан гэх арга хэмжээг хэдий хугацаанд авах нь тодорхойгүй, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүргэсэн нь үндэслэлгүй байх тул 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.   

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4-т “Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно” гэж заасан байх тул хариуцагч нараас 2021.12.31-ний өдөр хүртэлх ЗГ/201843508555 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22 305 842.94 төгрөг, зээлийн хүү 9 289 745.88 төгрөг, нийт 31 595 588.02 төгрөг, ЗГ/201843565112 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 21 618 869.63 төгрөг, зээлийн хүү 3 644 953.67 төгрөг, нийт 25 263 823.30 төгрөг, мөн нотариатын зардал 40 000 төгрөг, нийтдээ 56 899 411.32 төгрөгийг гаргуулж, үлдэх 2022.01.25-2022.05.06 хүртэл хугацааны зээлийн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 2 926 061.86 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Талууд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр БГҮ/201843508555, БГХ/2018435058555, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр БГҮ/201843565112, БГХ/201843565112 дугаартай барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Т.Тэмүүжингийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1105001398 дугаар бүхий Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Хан-Уул 1 дүгээр гудамж 16 тоот хаягт байрлах 150 м.кв талбайтай хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Г-1105000358 дугаар бүхий мөн хаягт байрлах 375 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газар, дэлгүүрийн бараа материалын үлдэгдэл зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан болох нь барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх тул зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. 

Хариуцагч тал зээлийн гэрээний хүү өндөр байх тул хүүг багасгаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргадаг.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-т зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэжээ.

Талууд зээлийн гэрээгээр хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон байх ба талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд зээлдэгч гэрээнд заасан сар бүрийн хүү төлөх үүргээ зөрчсний улмаас нэхэмжлэлд дурдсан хэмжээний хүү хуримтлагджээ.

Иймд зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар “Хаан банк” ХХК болон Т.Тэмүүжин, Т.Орхонтуул, “Их говийн ундарга” ХХК нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 06, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, уг гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээнүүдийг тус тус цуцалж, хариуцагч Т.Тэмүүжин, Т.Орхонтуул, “Их говийн ундарга” ХХК нараас нийт 56 899 411.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 926 061.86 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Тэмүүжин, Т.Орхонтуул, “Их говийн ундарга” ХХК нар нь нийт 56 899 411.32 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т.Тэмүүжингийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Хан-Уул 1 дүгээр гудамж 16 тоот хаягт байрлах 150 м.кв талбайтай, хувийн сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /улсын бүртгэлийн дугаар Ү-1105001398/, мөн хаягт байрлах 375 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газар /Г-1105000358/, дэлгүүрийн бараа материалын үлдэгдэл зэрэг барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527 277 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 35 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан “Хаан банк” ХХК-д буцаан олгож, хариуцагч Т.Тэмүүжин, Т.Орхонтуул, “Их говийн ундарга” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 512 647 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгосугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНСҮРЭН