Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/666

 

 

 

 

 

      2021          07           08                                        2021/ДШМ/666  

 

П.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Солонго,

шүүгдэгч П.А-ы өмгөөлөгч П.Дэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Н.Баярмаа, П.АриунБ- нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.А-ы өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор П.А-д холбогдох эрүүгийн 1811012520406 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А-,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Шүүгдэгч П.А- нь 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 24-615 тоотод Д.Х-гийн толгойн тус газарт нь төмөр алхаар цохиж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 2 жил 11 сар 12 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.А-ы өмгөөлөгч П.Дэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхигдуулсан. Энэ гэмт хэрэг болсон гэж үзээд буй цаг хугацаанд П.А- нь Төв аймгийн Заамар суманд ажиллаж, амьдарч байсан тухай гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх үүнийг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Энэ талаарх нотлох баримтууд нь, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Содон нар трейд ХХК-ийн Арьс ширэн эдлэл, гутлын үйлдвэрийн ажилчдын ажлын цаг, хийсэн ажил, цалинг бүртгэдэг дэвтэр. ...” /1хх 97-98/, мөн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 29-34/, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрч П.Наранцэцэгийн өгсөн “...Би 2018 оны цагаан сараар Төв аймгийн Заамар суманд ээжтэй золгохоор очиход П.А- ахтай хамгийн сүүлд уулзсан. П.А- ах 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын хооронд Төв аймгийн Заамар суманд байсан бөгөөд тэнд байдаг гутлын үйлдвэрт ажиллаж байсан юм. ...” /1хх 223-224/, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрч С.Лхагвын өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Заамар дахь гутлын үйлдвэрт ажилд ороод тэндээ 2018 оны 2 дугаар сар буюу цагаан сарын битүүний өдөр хүртэл ажиллаад ажлаас гарсан. ...” /1хх 225-226/, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрч С.Т-ын өгсөн “...П.А- 2017 оны намар Заамар луу явж гутлын үйлдвэрт ажиллаж байсан юм. Би 2018 оны 2 дугаар сард, цагаан сарын шинийн 3-нд Заамар суманд очиж ээжтэй нь золгоход П.А- гэртээ байсан бөгөөд гутлын үйлдвэртээ ажиллаж байгаа гэж байсан. ...” /1хх 235/, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрч С.Цэрэнхандын өгсөн “...2017 оны намар би эгчтэйгээ уулзах гээд очихдоо П.А-тай уулзсан. 2018 оны 2 дугаар сард цагаан сарын үеэр манай нөхөр Т-ыг эгчтэй золгох гээд Заамарт очиход А- ээжтэйгээ хамт байсан гэсэн. ...” /1хх 236-237/, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Заамар дахь сум дундын цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа А.Аззаяагийн гэрчээр өгсөн “...2018 оны 2 дугаар сарын дундуур...би анх А-ыг харж байсан юм... Энэ өдрөөс хоёр гурав хоногийн дараа А- дэнж дээр эргүүлд явж байхад нь нэг тааралдсан. ...” /1хх 246/, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр “Содон нар трейд” ХХК-ийн захирал Н.Сэвжидмаагийн гэрчээр өгсөн “...2017 оны 10 дугаар сарын эхээр... А- ахыг ажилд авсан юм. А- ах тэр өдрөөс хойш манайд гутлын уллагаачнаар ажиллах болсон бөгөөд 2018 оны 2 дугаар сарын 24, 25-ны үед буюу цагаан сарын дараа “хот руу явж амбаар саваа янзлаад, хувцас хунараа аваад ирье” гэж хэлээд сураггүй алга болсон. ...А- ах 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 2 дугаар сарыг хүртэл ажиллах хугацаандаа ажил бараг тасалж байгаагүй. ...Манайх анх үйл ажиллагаа эхэлж байсан болохоор А- ахтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй ажилд авсан юм. ...Ажилд авсан болон ажлаас халсан тушаал байхгүй. П.А- татвар, нийгмийн даатгал төлдөггүй байсан. ...Манайд ажилчдын цагийн бүртгэл байхгүй. Би өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ А- ахын өдөрт хийсэн ажлыг гараар бичиж тэмдэглэдэг байсан. ...” /1хх 247-248/, гэрчээр дахин өгсөн мэдүүлэг /4хх 9-10/, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Заамар сумын 4 дүгээр багийн Засаг дарга Д.Пагамын гэрчээр өгсөн “...С.Лхагва эгч “манай хүүхэд энд гутлын үйлдвэрт ажиллаж байгаа” гэж хэлж байсан... Содон нэр трейд нэртэй үйлдвэр манай багт үйл ажиллагаа явуулдаг. ...” /1хх 249/, Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн Засаг даргын “...П.А- нь 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 2-6 тоотод оршин суудаг бөгөөд сүүлийн 4 сар тухайн хаяг дээр оршин суугаагүй нь үнэн болно. ... гэсэн тодорхойлолт /2хх 212/, П.А- нь 2018 оны 9 дүгээр сарын18-ны өдөр яллагдагчаар 4 дэх удаагаа өгсөн мэдүүлэгтээ “...Би яг 10 дугаар сард махны ченжүүдтэй орж ирсэн. Цагаан маяти байсан. Тэр хүмүүсийг өмнө нь таньдаггүй байсан. Тэр өдөр л танилцаад “грузчик хийх хүн байна уу, маргааш буцаагаад явуулна” гэхээр нь би Заамар сумаас мянгат малчин Бүүвэй гэх хүнээс мах ачсан. Махны ченжийг Баянмөнх, Батмөнх гэсэн. Бүүвэйгийнх Заамар сумаас урагшааУрд ар гэдэг газар байдаг. ...” гэж мэдүүлдэг ч энэ нь нотлогддоггүй. П.А- хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгтээ “шөнөөр Улаанбаатарт ирээд явсан, энэ үедээ уг гэмт хэргийг үйлдсэн” гэх боловч энэ нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр няцаагддаг. Гэрч С.Лхагвын “...10 дугаар сарын 1-нээс гутлын үйлдвэрт ажилд ороод 2018 оны цагаан сараар хот руу явсан. Би хамт байсан болохоор мэдэж байна. Би ийм нэртэй ченж мэдэхгүй, одоо л сонсож байна. Урд ар гэх газар Бүүвэй гэдэг малчин байдаг. Заамарын төвөөс урагшаа байдаг юм. ...” /1хх 227/, гэрч Д.Бүүвэйбаатарын “...Би Мөнхбат, Баянмөнх гэх хүмүүсийг огт танихгүй. ...Манайх 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сар хүртэл махны ченжид ямар нэгэн мал мах зараагүй. Би хоёр гурван удаа мал мах зарахдаа өөрөө машинаар авч яваад Улаанбаатар хот руу оруулан Нарантуул 2 зах дээр зардаг байсан. П.А- нь махны ченж Мөнхбат, Баянмөнх гэх хүмүүстэй хамт ирж мах ачигчаар Улаанбаатар хот руу явсан эсэх? гэж асуухад тийм зүйл огт байхгүй. ...Надаас өөр миний насны Бүүвэйбаатар гэх нэртэй хүн манай нутагт байхгүй. ...” /2хх 13-14/ гэж тус тус мэдүүлсэн. Дээрх баримтуудаас үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Амь хохирогч хэзээ нас барсан нь тодорхойгүй. Уг хэрэг 2017 оны 12 дугаар сард болсон гэж улсын яллагч үзээд, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл Д.Х-г 2018 оны 1 дүгээр сард харсан, уулзсан гэж гэрч мэдүүлдэг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу хэзээ гарсан байдлыг бүрэн нотолж чадаагүй байна.

Нотлох баримт нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2 дугаар хэсгийн байцаагч Д.Т-ын гэрчээр өгсөн “...талийгаач Д.Х- нь надтай байнга тааралддаг байсан бөгөөд би талийгаачтай хэзээ хамгийн сүүлд тааралдсанаа одоо сайн санахгүй байна. Тухайн үед би талийгаачтай тааралдсан учраас эрэн сурвалжлалтыг зогсоосон гэж одоо бодоод байгаа юм. Эрэн сурвалжлагдсан хүн олдоогүй байхад эрэн сурвалжлалтыг зогсооно гэж бодохгүй байна. ...” /1хх 233/ гэж мэдүүлсэн. Үүнээс шалтгаалаад талийгаач хэзээ нас барсан, хэзээ алханд цохигдсон, цаашлаад миний үйлчлүүлэгчийг алхаар цохисон гэж үзэхээр бол яг хэзээ цохисон, хэзээ жалга руу гаргасан, хэзээ жорлонгийн нүхэнд орсон зэрэг бүх нөхцөл байдал эргэлзээтэй болж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн боловч үүнийг анхаарч үзээгүй, мөн яагаад энэ байдлыг харгалзаж үзэхгүй байгаа талаараа шийтгэх тогтоолд тайлбар хийгээгүй.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг алах гэмт хэргийн шинж, уг гэмт хэргийн нотолбол зохих байдлууд нь гэмт этгээдийн амь хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн буюу амь насаа алдахад хүргэсэн үйлдэл, хохирогч амь насаа алдсан хохирол болоод үйлдэл хохирлын хооронд шууд шалтгаант холбоотой байх шинжээр тодорхойлогдож, гэмт хэргийн үндсэн шинжийг нотлох баримтаар нотлон тогтоосон байхыг шаардана. Талийгаач 2017 оны 12 дугаар сард амьд мэнд байсан, нас барсан гэж үзээд буй 2017 оны 12 дугаар сард шүүгдэгч П.А- Заамар суманд байсан, талийгаачид гэмтэл учруулсан гэх алхны хэлбэр хэмжээ нь учирсан гэмтлийг үүсгэх боломжгүй, жалганд гаргаж хаясан гэх боловч цогцос өөр газраас олдсон, найзынхаа ахыг ахуйн хэрүүл маргаанаас болж шууд алхаар цохиж ална гэдэг байж болохоор зүйл үү гэх зэрэг олон эргэлзээтэй асуудал байхад шүүхээс миний үйлчлүүлэгчийг Хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шууд үзсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг зөрчиж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан. Шийтгэх тогтоолын 6 дугаар талд 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэх бичгийн нотлох баримтыг “шүүх хуралдаанаар шинжлэн судалж, энэ баримтыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв” гэж үзсэн нь хууль зөрчжээ. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй; 1.3-д монгол хэл, бичиг мэдэхгүй...” гэж заасан байдаг. Улмаар энэ нь тус хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн 5.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол нотлох баримтаар тооцохгүй” гэж заасныг зөрчжээ. Мөн миний үйлчлүүлэгчийн хоёр удаагийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг /2хх 122-125, 137-141/ үндэслэн гэм буруутайд тооцож буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг зөрчсөн байна. П.А- л өөрөө хэргээ хүлээн мэдүүлдэг болохоос түүнийг 12 дугаар сард Улаанбаатар хотод байсан, талийгаачийг алхаар цохиж алсан гэх талаар өөр ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Мэдээж талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт, хохирогчийн ар гэрийнхний мэдүүлэг, бусад гэрчүүдийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан боловч эдгээр баримтуудад шууд П.А-ыг гэм буруутай болохыг нотлохоор баримт байхгүй. Цөмөрсөн хугарлын хэмжээ нь цохисон зүйлийн гадаргуугийн хэмжээтэй тохирч байх ёстой. Гэтэл “...гавлын зүүн зулайн гадна хэсэг чамархайн дээд хэсэгт хуйхны шархны харалдаа 2x1 см цөмөрсөн хугаралтай...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 980 дугаартай дүгнэлт /2хх 16-18/, шинжээч Ч.Эрдэмболорын “...Гавлын ясанд хязгаарлагдмал гадаргуудтай зүйлээр цохисон үед цөмөрсөн хугарал үүсэх ба уг хугарлын хэлбэр нь үйлчилсэн эд зүйлийнхээ хэлбэртэй ижил байдаг. Талийгаачид үүссэн цөмөрсөн хугарал нь шулуун буюу тэгш хэлбэртэй байгаа тул 13 дугаартай зураг дээр байгаа алхаар үүсэх боломжгүй, 12 дугаартай зураглал дээрх алхны доод хэсэг рүү харсан үзүүр талаар үүссэн байхыг үгүйсгэхгүй. Алхнаас өөр зүйл байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан хавтгай 2см орчим өргөнтэй хатуу зүйлээр цохисон үед үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /2хх 21-23/,...Зураг 12, нэг хэсэг нь шовх, нэг хэсэг нь хавтгай, зураг 13, арматурын төмөр гагнаж хийсэн, толгой хэсгийн хоёр тал нь хавтгай...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17-21/  “...38 см урттай толгой хэсэг нь 14 см урттай, 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай, толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй 3.5 см диаметртэй..., 41 см урттай, толгой хэсэг нь 38 см урттай, толгой хэсгийн нэг тал нь хавтгай хэлбэртэй 5 см диаметртэй, нөгөө хэсэг нь 0.6 см диаметртэй шовх хэлбэртэй алх. ...” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 127-131/. Дээрх баримтуудаас харахад хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан зураг 12 болон 13-т авагдсан алхнуудаар талийгаачид учирсан 2x1 см цөмөрсөн хугарал үүсэх боломжгүй гэж үзэж болохоор байна. Учир нь, шийтгэх тогтоолын үндэслэл болгож буй яллагдагчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, нэг бол алхаар цохисон, нэг бол алхыг шидсэн гэсэн байдаг. Гэтэл энэхүү талийгаачийг үхэлд хүргэсэн гэх гэмтлийг аль алхаар, эсвэл аль эд зүйлээр, яаж учруулсан гэдгийг шүүх өөрөө нарийн тогтоож, нотлоогүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар хуульчилсан. Гэтэл шийтгэх тогтоолд миний хурал дээр хэлсэн үндэслэл, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн ганц ч тайлбар хийгээгүй нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Дөрөв. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу /2хх 122-125,137-141/, 1хх 109-120/ П.А-ын мэдүүлэгт Х-гийн толгой руу алх шидсэн, алхаар цохисон гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч нь талийгаачийг нас барсан гэж үзэж буй хугацаанд Улаанбаатар хотод буюу хэрэг болсон газарт байгаагүй, өөрийнх нь мэдүүлэгтээ хэлсэн амь хохирогчид гэмтэл учруулсан гэх алх нь амь хохирогчид учруулсан гэмтлийн хэмжээтэй тохирохгүй байгаа нь бусад баримтуудаар тогтоогдож, шүүгдэгч П.А- нь амь хохирогч Д.Х-г алхаар цохиж, үүний улмаас амь хохирогч нас барсан гэх үйлдэл тогтоогдохгүй, хүнийг алах гэмт хэргийн шинжгүй байна. Энэ хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.А-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.А-д холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгасан. П.А-ы үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, шүүгдэгч П.А- нь 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн  тоотод амь хохирогч Д.Х-г н.Б-тэй маргалдаж байхад нь толгойн тус газарт төмөр алхаар цохиж, эрүүл мэндэд нь гавал тархины ил гэмтэл, гавлын зүүн зулайн гадна хэсэг, чамархайн дээд хэсэг дэх цөмөрсөн хугарал, дээш зулайн голын заадас, доош чамархайн урд хэсэг хүрсэн салбарласан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны шарх бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-ийн “...2018 оны 1 дүгээр сард шинэ жилийн дараа манайхан талийгаачийн гэрт очиход хүн байхгүй байсан. 2018 оны 2 дугаар сард цагаан cap болоход талийгаач мөн ирээгүй. Цагаан сарын шинийн 2-ны өдөр Б- ээжийн гэрт ирсэн бөгөөд ахтай золгох гэсэн чинь ахынд хүн байдаггүй, би ерөөсөө ахтай уулзаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид талийгаач Б-тэй хамт байхгүй байгаа юм бол ямар нэгэн юм болсон юм боловуу гэж бодоод алга болсон талаар цагдаад мэдэгдсэн. …” /1хх 145-146/,

гэрч Б.Н-ын “...2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хоёр хүүхэдтэйгээ хашаа байшиндаа ирээд ОО орох гээд явж байтал нойлын ар талын ухсан нүхэнд цагаан үстэй, цээжин бие нь нүцгэн, доогуураа хар бараан өнгийн өмдтэй, бор тэлээтэй хүн харагдсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм. ...” /1хх 165/,

 

П.А-ы сэжигтнээр өгсөн “...2017 оны 12 дугаар сарын дундуур Б- ах “хоол асгачихлаа” гэж уурлаад барилцаж аваад Хаашка ахын хоолойг боогоод унагачихсан. ...Хаашка ах босож ирээд дахиад Цэнгэл ахтай гэрийн хойморт орны өмнө барьцалдаад авсан. Би тэр хоёрыг салгасан. Тэгсэн тэр хоёр дахиад барьцалдаад авахаар нь би алхаар Хаашка ахын толгой руу нь цохичихсон. Хаашка ах цохиулаад хойшоо орон дээр савж унаад босож ирээгүй. ...Би арматурын төмрөөр гагнасан дунд зэргийн том ч биш, жижиг ч биш алхыг аваад Хаашка ахын толгойн зүүн талд духных нь тэнд нэг удаа цохисон. ...Намайг алхаар цохиод орон дээр унасны дараа Б- гэдэс рүү нь хоёр удаа өшиглөсөн. ...Б- “овооны урд талын жалга руу хийчихье” гэж хэлсэн. Тэгээд 17 цагийн үед би үүрээд гэрээс нь баруун хойшоо саахалт айлын дайтай яваад овооны урд нилээн гүнзгий жалганд гулгуулаад хийчихсэн. ...Хэрэг хүлээлгэх гэж зодож, дарамталсан зүйл байхгүй. ...” /2хх 122-125/

шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...амь хохирогчийн биед учирсан болон тархины ил гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гавлын ясанд үүссэн цөмөрсөн хугарлын хэмжээнээс харахад 2х1 см талбайтай зүйлээр цохисон тохиолдолд үүссэн байх боломжтой. ...Гавал тархины ил гэмтлийг авсны дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломж багатай. Тархины баруун тал бөмбөлгийг нэлэнхүйд нь хамарсан буюу том хэмжээний голомттой байсан. ...Талийгаач нь дээрх гэмтлийг авсан даруйдаа 1-2 цагийн хооронд идэвхтэй үйлдэл хийсэн байхыг үгүйсгэхгүй. ...Хүн нас барахад цусны эргэлт зогсож, тухайн үеийн спиртийн хэмжээ цусанд хадгалагдаж үлддэг. Иймээс талийгаач нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж үзэж болохоор байна. ...Талийгаач нь тархины хүнд гэмтэл авсны улмаас гадна орчинд хүйтэнд удаан байсны улмаас осгож нас барсан. Үхлийн шалтгаан нь осголт. Хүн бүрт осголт явах хугацаа харилцан адилгүй тул ямар хугацаанд осголт явагдсаныг тогтоох боломжгүй.. ..Тархины гэмтэл, элэгний гэмтэл нь ойролцоо цаг хугацаанд буюу 24 цаг дотроо үүссэн байх боломжтой. Тархины гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавлын ясанд хягаарлагдмал гадаргуутай зүйлээр цохисон үед цөмөрсөн хугарал үүсэх ба уг хугарлын хэлбэр нь үйлчилсэн эд зүйлийнхээ хэлбэртэй ижил байдаг. Дээрх гэмтэл унахад үүсэх боломжгүй. ...” /2хх 19-25/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...талийгаач Д.Х-гийн цогцост гавал тархины ил гэмтэл, гавлын зүүн зулайн гадна хэсэг, чамархайн дээд хэсэг дэх цөмөрсөн хугарал, дээш зулайн голын заадас, доош чамархайн урд хэсэг хүрсэн салбарласан хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны шарх, элэгний баруун дэлбэнгийн гадна доод ирмэг болон доод гадаргуу дахь өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр, гавал тархины ил гэмтэл, элэгний өнгөц язрал гэмтэл тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. ...Талийгаач нь дээрх гэмтлийг авснаас хойш хэсэг хугацаанд амьд байсан байх ба нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгосон байна. ...Талийгаач нь амь насанд аюултай гавал тархины хүнд гэмтэл авсны дараа нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан байх боломжтой. ...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 980 дугаартай дүгнэлт /2хх 16-18/,

 

П.А-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 109-120/, “...тогоо тавьдаг гэх суурь төмөр, 38 см урт, 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй алх, толгой хэсгийн нэг тал нь хавтгай хэлбэртэй алх, төмөр хувин, эсгийний тасархай зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1хх 126, 132/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд П.Амтарсайхан гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.А-ы хүнийг алах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 10 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч П.А-ы өмгөөлөгч П.Дэлгэр “...хэрэг болсон цаг хугацаанд П.А- өөр газар байсан бөгөөд түүний амь хохирогчийг алсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, П.А-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад: шүүгдэгч П.А- нь дээрх үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр сэжигтнээр “...2017 оны 12 дугаар сарын дундуур ...Б-, Хаашка ах хоёр барьцалдаад авсан. Б- ах “хоол асгачихлаа” гэж уурлаад Хаашка ахын хоолойг боогоод унагаачихсан. Хаашка ах босож ирээд дахиад Цэнгэл ахтай гэрийн хойморт орны өмнө барьцалдаад авахаар нь би алхаар Хаашка ахын толгой руу нь цохичихсон. Хаашка ах цохиулаад хойшоо орон дээр савж унаад босож ирээгүй. ...Би арматурын төмрөөр гагнасан дунд зэргийн том ч биш, жижиг ч биш алхыг аваад Хаашка ахын толгойн зүүн талд духных нь тэнд нэг удаа цохисон. ...Намайг алхаар цохиод орон дээр унасны дараа Б- гэдэс рүү нь хоёр удаа өшиглөсөн. Б- “овооны урд талын жалга руу хийчихье” гэж хэлсэн. Гэрээс нь гараад баруун хойшоо саахалт айлын дайтай яваад овооны урд нилээн гүнзгий жалганд гулгуулаад хийчихсэн. ...Хэрэг хүлээлгэх гэж зодож, дарамталсан зүйл байхгүй. ...” /2хх 122-125/, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн “...талийгаач Х-г яаж үхсэн талаар мэдэхгүй. Цагдаа нар намайг зодож, нүдээд тулгаад байсан. ...2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр буюу цагаан сарын дараа хотод орж ирээд Б-тэй тааралдаад архи ууж, хог түүж, орцоор хонож байсан. Заримдаа Х- ахынд очиж хонож байсан. ...” /2хх 133-135/, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Х- ах миний хамар луу цохисон. Би эсгийн дээр цусаа гоожуулсан. Би “яасан зовлонтой юм бэ хэрэлдээд байх юм” гэж хэлээд алх аваад Х- ахын толгой руу шидэхэд ор луугаа саваад унасан. ...Би Х- ахын судсыг дарж үзэхэд судас нь цохилохгүй байсан. ...Тэгээд бид хоёр талийгаачийг өргөж аваачаад жалганд хийсэн. ...2017 оны  4 сар гаргаад Заамар яваад 2017 оны 10 сард өвлийн мах зарах гэж орж ирсэн. ...Заамараас өглөө гараад хотод талийгаачийн гэрт нэг хоноод маргааш нь Заамар луугаа явсан. ....Намайг дарамталсан, айлгасан хүн байхгүй. ...Би эхлээд алаагүй гээд хэлчихвэл зүгээр юм болов уу гэж бодсон. ...” /2хх 137-141/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хэдийгээр сэжигтэн, яллагдагч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч түүний мэдүүлгийн эх сурвалж нь П.А-ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...талийгаач гэрийн хойно тамхи ороогоод сууж байсан. Б- цаанаас босож ирээд тамхийг нь авсан. Тэгээд тамхинаас болоод хэрэлдээд, зодолдоод талийгаач Х- Б-ийн хамарлуу цохиод Б- эсгийн дээр унасан. Би больцгоо гэж хэлсэн. ...Тэр хоёр дахиад зодолдоод эхэлсэн гээд баруун талд байх эсгий хивс, хөнжил мэт зүйлс давхарласан хэсгийг харуулав. Би энд цай уудлаад зогсож байсан гээд зуухны зүүн хэсэгт зогсоод би тумбочканы хойд талд хэвтээгээрээ байсан төмөр иштэй, арматурын алх аваад шидсэн. Алх талийгаачийн зүүн хойд хэсэгт оносон. Намайг алх шидэхэд талийгаач ингээд унасан гээд орон дээр ертөнцийн зүгээр баруун тийш хажуугаараа харж хэвтэв. Талийгаачийн эндээс жаахан цус шүүрч байсан гээд толгойны зүүн хэсгийг гавтай гараараа зааж харуулав. Талийгаач цохиулчихаад босож ирээгүй. ...Б- бид хоёр архи ууж дуусгаад Б- “хоёулаа үхсэн үү, үгүй юү гэдгийг шалгаж үзье, гадаа хүйтэн байна, хөл нүцгэн гаргая гэсэн. ...Би цээжнээс нь өргөөд Б- хоёр хөлнөөс нь бариад дамжлаад гэрээс гарсан. Тэгээд гэрийн зүүн талаар яваад хаалгаар гараад энд тавиад гэрийн хаалга түгжсэн. ...Тэгээд би цээжнээс нь өргөөд Б- хөлнөөс нь өргөөд хойшоо овоо руу явсан. ...Уулын баруун талд ёроол хэсэгт байх жалганы дэргэд ирээд жалга хэсгийг зааж толгойг нь дээш нь харуулан тавьсан. Цастай, цас нь дагтаршсан байсан. Дээгүүрээ куртиктэй байсан гээд уулын баруун талд байх жалган дотор зогсоод ярив. ...” гэх тэмдэглэл /1хх 109-120/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 980 дугаартай дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна.

 

Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 980 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба уг дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Түүнчлэн шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан дүгнэлтийнхээ хүрээнд өгсөн “...амь хохирогчийн биед учирсан болон тархины ил гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд гавлын ясанд үүссэн цөмөрсөн хугарлын хэмжээнээс харахад 2х1 см талбайтай зүйлээр цохисон тохиолдолд үүссэн байх боломжтой. ...Гавал тархины ил гэмтлийг авсны дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломж багатай. ...Талийгаач нь дээрх гэмтлийг авсан даруйдаа 1-2 цагийн хооронд идэвхтэй үйлдэл хийсэн байхыг үгүйсгэхгүй. ...Тархины гэмтэл, элэгний гэмтэл нь ойролцоо цаг хугацаанд буюу 24 цаг дотроо үүссэн байх боломжтой. Гавлын ясанд хягаарлагдмал гадаргуутай зүйлээр цохисон үед цөмөрсөн хугарал үүсэх ба уг хугарлын хэлбэр нь үйлчилсэн эд зүйлийнхээ хэлбэртэй ижил байдаг. Дээрх гэмтэл унахад үүсэх боломжгүй. ...12 дугаартай зураг дээрх алхны доод хэсэг рүү харсан үзүүр талаар үүссэн байхыг үгүйсгэхгүй. ...” /2хх 19-25/ гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт,  “...38 см урт, 2 арматурын төмөр гагнаж хийсэн бариултай толгой хэсгийн хоёр тал нь хавтгай хэлбэртэй алх, толгой хэсгийн нэг тал нь хавтгай хэлбэртэй алх. ...” зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч П.А- нь хохирогчтой согтууруулах ундааны зүйл хэрэглэж, түүний толгойн тус газар эд мөрийн баримтаар хураагдсан /өөрийнх нь зааж өгсөн/ төмөр алхаар цохисны улмаас гавал тархины хүнд гэмтэл учруулан түүнийг ухаан алдуулж, уг хүнд гэмтлийн улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй нөхцөл байдалд орж амь насаа алдсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг П.А-аас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулдаг.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Д.Х- нь осголтын улмаас нас барсан гэж дүгнэсэн байх боловч амь хохирогч хүнд гэмтлийн улмаас ухаан алдаж, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсон, гавал тархины ил гэмтлийг авсны дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах /боломж багатай/ боломжгүй нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч П.А-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэв.

 

Хохирогчийн амь нас хохирсон гэх цаг хугацаанд Улаанбаатарт П.А- байгаагүй гэх гомдлын тухайд, шүүгдэгч П.А-ы төрөл садангийн холбоотой гэрч П.Наранцэцэг “... П.А- ах 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын хооронд Төв аймгийн Заамар суманд байсан бөгөөд тэнд байдаг гутлын үйлдвэрт ажиллаж байсан юм. ...” /1хх 223-224/, гэрч С.Лхагва “...2017 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Заамар дахь гутлын үйлдвэрт ажилд ороод тэндээ 2018 оны 2 дугаар сар буюу цагаан сарын битүүний өдөр хүртэл ажиллаад ажлаас гарсан. ...” /1хх 225-226/, гэрч С.Т- “...П.А- 2017 оны намар Заамар луу явж гутлын үйлдвэрт ажиллаж байсан юм. Би 2018 оны 2 дугаар сард, цагаан сарын шинийн 3-нд Заамар суманд очиж ээжтэй нь золгоход П.А- гэртээ байсан бөгөөд гутлын үйлдвэртээ ажиллаж байгаа гэж байсан. ...” /1хх 235/, гэрч С.Цэрэнханд “...2017 оны намар би эгчтэйгээ уулзах гээд очихдоо П.А-тай уулзсан. ...” /1хх 236-237/, гэрч Н.Сэвжидмаа “...2017 оны 10 дугаар сарын эхээр... А- ахыг ажилд авсан юм. А- ах тэр өдрөөс хойш манайд гутлын уллагаачнаар ажиллаж байгаад 2018 оны 2 дугаар сарын 24, 25-ны үед буюу цагаан сарын дараа “хот руу явж амбаар саваа янзлаад, хувцас хунараа аваад ирье” гэж хэлээд сураггүй алга болсон. ...” /1хх 247-248/, Заамар сумын 4 дүгээр багийн Засаг дарга Д.Пагма “...С.Лхагва эгч “манай хүүхэд энд гутлын үйлдвэрт ажиллаж байгаа” гэж хэлж байсан... Содон нэр трейд нэртэй үйлдвэр манай багт үйл ажиллагаа явуулдаг. ...” /1хх 249/ гэж тус тус мэдүүлсэн байх боловч эдгээр нь Заамар дахь сум дундын цагдаагийн хэлтсийн олон нийтийн цагдаа А.Аззаяагийн гэрчээр өгсөн “...2018 оны 2 дугаар сарын дундуур би анх А-ыг харж байсан. ... Энэ өдрөөс хоёр гурав хоногийн дараа А- дэнж дээр эргүүлд явж байхад нэг тааралдсан. ...” /1хх 246/, “...Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулах “Содон нар трейд” ХХК-ийн “Арьс ширэн эдлэл, гутлын үйлдвэр”-ийн ажилчдын ажлын цаг, хийсэн ажил, цалинг бүртгэдэг гэх дэвтэрт П.А-ы ажилласан гэх үеийн цагийн бүртгэл, авсан цалин зэрэг түүний нэр, гарын үсэг байгаа эсэхийг тогтоох зорилгоор үзлэг хийв. Уг тэмдэглэлийг П.А-ы хийсэн ажил болон авсан цалингийн тооцоо гэх боловч уг тэмдэглэлд П.А-ы нэр болон гарын үсэг, ирцийн талаарх мэдээлэл бичигдээгүй байна. Дэвтрийн бусад хуудсуудыг үзэхэд мөн П.А-ы талаар тэмдэглэл, мэдээлэл байхгүй байв. ...” гэсэн үзлэгийн тэмдэглэл /1хх 97-98/, гэрч Б.Батмягмарын “...уг дэвтэр дээрх бичвэр нь П.А-ы хийсэн ажлыг тэмдэглэсэн гэж тайлбарласан. Дэвтэр дээрх бичвэр дээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хийсэн ажлыг тэмдэглэсэн байсан. Тухайн үед дэвтэр дээр А-ы хийсэн ажлыг тэмдэглэсэн гэх бүх бичвэрийг хуулбарлан авч тэмдэглэл үйлдэж Н.Сэвжидмаад танилцуулж гарын үсэг зуруулсан. ...2 нүүр байсан ба өөр бичвэр байгаагүй. Хэрэв 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны бичвэр байсан бол хуулбарлан авч тэмдэглэлд тусгах байсан. ...” гэсэн мэдүүлэг /4хх 35-36/ зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Түүнчлэн, гэрч Д.Т-ын “...талийгаач Д.Х- нь надтай байнга тааралддаг байсан бөгөөд би талийгаачтай хэзээ хамгийн сүүлд тааралдсанаа одоо санахгүй байна. Тухайн үед би талийгаачтай тааралдсан учраас эрэн сурвалжлалтыг зогсоосон гэж одоо бодоод байгаа юм. ...” /1хх 232/ гэсэн /таамагласан/ мэдүүлэгт үндэслэн гэмт хэрэг хэзээ гарсан байдлыг бүрэн нотолж чадаагүй гэж давж заалдах гомдолд дурдсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-ийн “...шинэ жилийн баяраар бид нар ээжийн гэрт цуглахад аав ирээгүй юм. Тэгэхээр нь бид нар яагаад ирэхгүй байна аа, хөдөө явсан юм болов уу, эсхүл Б-тэй хамт явсан юм болов уу л гэж бодсон. ...Тэгээд 2018 оны 1 сард манайхан талийгаачийн гэрт очиход хүн байхгүй байсан. 2018 оны 2 сард цагаан cap болоход талийгаач мөн ирээгүй. Учир нь, талийгаач цагаан сарыг гэртээ заавал хийдэг бөгөөд бид нар цагаан сарын бэлтгэлийг нь хангадаг юм. Шинийн 2-ны өдөр Б- ээжийн гэрт ирсэн бөгөөд ахтай золгох гэсэн юм, ахынд хүн байдаггүй, би ерөөсөө ахтай уулзаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид Б-тэй хамт байхгүй байгаа юм бол ямар нэгэн юм болсон юм боловуу гэж бодоод талийгаачийг алга болсон талаар цагдаад мэдэгдсэн. …” /1хх 145-146/, гэрч Х.Энхдалайгийн “...би хамгийн сүүлд Х-тэй 2017 оны 12 дугаар сард нэг удаа тог нь тасарсан гэж сонсоод очиж байсан. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 2018 оны 1 дүгээр сард гэрийнхээ ойр орчимд байдаг хүмүүсээс сонссон чинь алга болсон, харагдахаа больсон гэсэн. ...” /1хх 191-192/, гэрч Д.Б-ын “...2017 оны 12 дугаар сарын сүүлээр Х- ахын гэрт нь очиход гэр нь цоожтой байсан. ...” /1хх 205-207/, гэрч М.Ариунжаргалын “...2017 оны 12 дугаар сарын 10-дын үеэр байх шөнийн 03 цаг болж байхад... Х- ах манай хашаагаар дамжаад гарч явсан. Тэгэхэд л хамгийн сүүлд харсан. ...” /1хх 208-210/, гэрч С.Ж-ы “...2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Э- болон талийгаач Х- ах бид 3 манай гэрт хоол хийгээд тэр хоёр архи уугаад маргалдаад байсан. ...Талийгаач явах гээд босохоор нь “Х- ахаа хоолоо ид” гэж хэлсэн чинь тэр хоол идчихээд нэг аяга архи уучихаад гэртээ орлоо гээд гарсан. Х- ахыг явсны дараагаар үлдсэн архиа бид хоёр уусан. ...Маргааш нь би 16 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр орноосоо босоогүй, зурагтаа үзээд хэвтэж байсан. Би “Х- ах ирсэн юм уу, намайг өдөр гарахад хаалга нь онгорхой байсан, сая ирэхэд бас онгорхой байсан, яндангаас нь утаа гарахгүй байна, гэртээ байгаа юм болов уу” гэхэд нөхөр маань “өчигдөр шөнө 02-03 цагийн хооронд тэдний гэрээр хүн орж гараад дуу чимээ гараад байсан. Тэгж байгаад чимээгүй болчихсон, өнөөдөр манайхаар орж ирсэнгүй” гэж хэлсэн. Х- ах манайд архи уусан тэр өдрөөс хойш харагдаагүй. ...” /1хх 200-204/, гэрч Д.Э-ын “...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байна уу, 12 дугаар сарын эхээр шиг санаж байна. Х- ах харагдахгүй болохоор нь гэр лүү нь ортол гэрийн хаалга онгорхой, гэр доторх нь эмх замбараагүй байдалтай, гэрт нь нохой явж байхаар нь хөөж гаргасан. ...Х- ах манай эхнэр бид хоёртой архи ууснаас хойш харагдахаа больчихсон. Тэр өдрийн орой би унтахгүй зурагт үзээд сууж байхад Х- ахын гэрт хүний дуу чимээ гараад байсан. ...” /1хх 219-220/ гэх мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төрийн банкны 102600352813 дугаарын дансаар тэтгэврийн зээл авснаас хойш дахин банкаар үйлчлүүлээгүй /2хх 225-229/ зэрэг нөхцөл байдлаас үзэхэд амь хохирогч Д.Х- нь 2017 оны 12 дугаар сарын дунд үеэс алга болж ар гэрийн зүгээс 2018 оны 2 дугаар сард цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн дээрх гэрч нарын мэдүүлгүүдэд хэргийн талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А-ы өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч П.А- нь 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 119 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.А-ы өмгөөлөгч П.Дэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А-ы 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нийт 119 /нэг зуун арван ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                    Б.АРИУНХИШИГ

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН