Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 119/ШШ2023/0005

 

                                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: иргэн Ч овогтой О

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Н,

            Хариуцагч: ОАЗД,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ОАЗД-ын ТГ-ын ХЭЗХ-ийн дарга М.М,

            Гуравдагч этгээд: иргэн Д  овогтой Т нарын хоорондын,

Нэхэмжлэлийн шаардлага: “ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний А/743 дугаар захирамжаар “Х” авто машин угаалгын газарт буюу иргэн Д.Т-д 491 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгуулах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээд Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.О нь ОАЗД-д холбогдуулан “аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний А/743 дугаарыг захирамжаар “Х” авто машин угаалгын газарт буюу иргэн Д.Т-д 491 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Иргэн Д.Т-д 491 м.кв газар эзэмшүүлсэн ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамждаа өөрчлөлт оруулж, манай барилгын аваарын гарцыг чөлөөлж, иргэн Д.Т-д өөр боломжит байдлаар газрыг өөрчилж олгохыг ОАЗД-д даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. /1 дэх хавтаст хэргийн  1-2, 2 дахь хх-ийн 26 дугаар тал/

2. ОАЗД-ын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №529 тоот захирамжаар иргэн Ж.М-ээс гаражийн зориулалт бүхий 37 м2 газрыг Ч.О-д шилжүүлж,

2.1. Ч.О-ын  37 м2 эрх бүхий эзэмшил газрыг Аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/233 тоот захирамжаар 63 м2 болгон нэмэгдүүлж, зориулалтыг “албан контор”-ын,

2.2. Мөн ОАЗД-ын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/110 тоот захирамжаар Ч.О-ын 63 м2 эрх бүхий эзэмшил газрыг 107 м2 болгон нэмэгдүүлж, зориулалтыг “худалдаа үйлчилгээ” болгон тус тус өөрчилж, шийдвэрлэсэн байна.

3. Иргэн Ч.О нь уг газрын маргаантай асуудлаа ОАЗД, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус гаргаж байжээ. /1 дэх хх-ийн 85, 92 тал/

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

4.1. Миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум У багийн 12 дугаар сургуулийн урд байрлах 107 м2 эзэмшлийн газар дээр худалдаа үйлчилгээний зориулалтаар 3 давхар барилга барьсан бөгөөд одоо ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм.

4.2. Хөрш залгаа болох “Х" авто машин угаалгын газар нь манай барилгын аваарын хаалганы орц гарцыг хааж барилга барина гээд манай барилгын аваарын хаалгыг буулгах шаардлага тавьж зөвшилцөлд хүрэхгүй байгаа болно. Ийнхүү зөвшилцөлд хүрэхгүй байгаагийн гол шалтгаан нь ОАЗД-аас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжаар манай барилгын аваарын хаалгын гарц хэсгийг хааж "Х" авто машин угаалгын газарт буюу иргэн Д.Т-д газар эзэмшүүлснээс үүдэлтэй болохыг маргааны явцад олж мэдсэн.

4.3. Хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ОАЗД-д манай барилгын аваарын хаалгын гарц хэсгийг хааж “Х” авто машин угаалгын газарт буюу иргэн Д.Т-д 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар бүхий газар эзэмшүүлсэн шийдвэрээ эргэн харж хүчингүй болгож манай барилгын аваарын хаалганы орц гарцыг чөлөөтэй нэвтрэх боломжийг олгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан боловч ОАЗД-ын Тамгын газраас 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03/1603 албан бичгээр “...танай байгууллага 2020 оны захирамжаар газраа томсгосон учраас “Х” авто угаалгын газарт 2019 онд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох болох үндэслэлгүй ...” гэсэн утга бүхий хариу ирүүлснийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авлаа.

4.4. Миний бие тухайн барилгыг 2016 онд эзэмшиж байсан газар дээрээ барьсан бөгөөд 2020 онд томсгосон хэмжээ нь маргаж буй хэсэгт огт хамааралгүй юм. Иймд аймгийн Засаг даргаас манай барилгыг баригдсан байгааг мэдсээр байж орчны объектын байдлыг харгалзалгүй нийтийн эзэмшлийн талбайгаас “Х” авто угаалгын газарт 2019 онд газар олгосон нь хууль бус шийдвэр болсон байгаа тул "Х” авто машин угаалгын газарт буюу иргэн Д.Т-д 491 м2 газар эзэмшүүлсэн ОАЗД-ын 2019 оны 11 сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4.5. Орхон аймгийн Газрын харилцааны алба, аймгийн Засаг даргад удаа дараа хүсэлт тавьж асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч маргаанаа хоорондоо тохиролцон шийдвэрлэ гээд асуудлыг шийдэж өгөхгүй байгаа тул ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний А/743 тоот захирамжаар “Х” авто машин угаалгын газарт буюу иргэн Д.Т-д 491 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй  болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Т-д анх аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 46 дугаар захирамжаар 372 м2 газрыг автосервис үйлчилгээний зориулалтаар олгосон, дараа нь Орхон аймгийн Засаг даргаас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжаар тухайн газар дээр 113 м2 нэмж 485 м2 болгохдоо Хот байгуулалт, барилга газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1-р хурлын шийдвэрээс зөрүүтэй олгож манай барилгын аваарын гарц хэсгийг хаасан болох нь тогтоогдож байна. Мөн иргэн Д.Т нь 2019 оны захирамжид дурдсан 113 м2-аас 6 м2 илүү хэмжээгээр буюу 119 м2-аар газраа сунгасан болох нь тогтоогдлоо.

Хот байгуулалт, барилга газар зохион байгуулалтын техникийн зөвлөлийн хурлын 2018.02.23-ны өдрийн 1-р хурлын шийдвэрээс харахад Д.Т-д 8 м2 газрыг нэмж өгөхөөр, ингэхдээ авто угаалгын газрын ар талд нь төлөвлөсөн зогсоол барилга 2-ын дунд зайнд олгохоор шийдвэрлэжээ. Энэ төлөвлөсөн авто зогсоол гэдгийг миний бие өөрийн хөрөнгөөр бий болгосон байсан бөгөөд одоо Д.Т нь тухайн зогсоолыг эвдэж байхгүй болгосон болно. Гэтэл Засаг дарга 8 м2 биш 113 м2 өгөөд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн тухайн шийдвэрийг гаргахад гишүүдээс Авто засварын газрын урд талд өргөтгөх боломжтой гэсэн саналуудыг хүртэл өгч байсан байна. Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн “Х” авто машин угаалгын газарт буюу иргэн Д.Т-д 491 м2 эзэмшүүлсэн ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжийг хүчингүй болгох” гэсэн шаардлагаа “Х авто угаалгын газарт буюу иргэн Д.Т-д 491 м2 газар эзэмшүүлсэн ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамждаа өөрчлөлт оруулж манай барилгын аваарын гарцыг тулгаж өгсөн газраа чөлөөлж, Х авто машин угаалгын газарт буюу иргэн Д.Т-д өөр боломжит байдлаар газрыг өөрчилж олгохыг аймгийн Засаг даргад даалгах” гэж өөрчилж байгааг шийдвэрлэж өгнө үү. Энэ маргааны улмаас барилгаа ашиглалтанд оруулж чадахгүй маш их цаг хугацаа хөрөнгө мөнгөөр хохирч байгааг шүүх анхаарч үзнэ үү ” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...аймгийн Газрын зөвлөлийн 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний үнэ төлсөн иргэн Ж.М-д ОАЗД-ын 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 142 дугаар захирамжаар У баг 7 дугаар цэцэрлэгийн урд 18 м2 газрыг гаражийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тус газраа 2010 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 260 дугаар захирамжаар 37 м2 гаражийн зориулалттай болгон хэмжээгээ өөрчлүүлснийг иргэн Ч.О-д ОАЗД-ын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 529 дугаар захирамжаар иргэн М-ээс У баг 7 дугаар цэцэрлэгийн урд 37 м2 газрыг гаражийн зориулалтаар 14 жилийн газрыг шилжүүлсэн авсан. Мөн ОАЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны А/233 дугаар захирамжаар иргэн Ч.О нь У баг 12 дугаар цэцэрлэгийн урд газрыг албан конторын зориулалттай болгон хэмжээг нь 63 м2 болгон өөрчилсөн. Иргэн О нь 2017 онд барилга эхлүүлэх зөвшөөрөл авалгүй барилгын ажлыг эхлүүлсэн тул Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас иргэн Ч.О-д 2017 онд 798, 814, 815 дугаар албан мэдэгдэл өгч барилга эхлүүлэх зөвшөөрөл авахыг мэдэгдсэн.

Иргэн Ч.О нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт өгсөн. Гэвч өөрийн эзэмшлийн 63 м2 газраасаа илүү гарган 106 м2 болгож барилга барьсан учир төр захиргааны байгууллагаас зөвшөөрөл олгоогүй. Ингээд иргэн Ч.О нь газрын хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсний дагуу ОАЗД-ын дэргэдэх Хот байгуулалтын техникийн зөвлөлийн 2018 оны 3 дугаар хурал, 5 дугаар хурлаар инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст орж байгаа тул газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гарч байсан. Иргэн Ч.О барилгын тухайд Барилгын тухай хуулийн 28.2-т заасны дагуу төр захиргааны байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх  зөвшөөрөл одоог хүртэл аваагүй байгаа бөгөөд ашиглалтад ороогүй тул мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдээгүй байна. Иргэн Ч.О-ын газрын хэмжээг ОАЗД-ын дэргэдэх  Хот байгуулалтын техникийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаар хурал, 2020 оны 05 дугаар сарын 07-ны 1 дүгээр хурлаар  нэмэгдүүлэх боломжтой гэж үзэн ОАЗД-ын 20220 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар газрын зориулалтаа “Худалдаа үйлчилгээний” зориулалттай болгон 8 жилийн хугацаатай эзэмшүүлсэн юм.

Иргэн Д.Т-д ОАЗД-ын 2008 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 39 дүгээр захирамжаар нийтийн эдэлбэрийн газраас түр хугацаагаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг дуудлага худалдаагаар жишиг үнэ төлүүлэн иргэн Д.Т-д 7 дугаар цэцэрлэгийн урд автозасварын зориулалтаар 15 жилийн хугацаатай 200 м2 газрыг эзэмшүүлсэн. ОАЗД-ын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 456 дугаар захирамжаар иргэн Д.Т-ын эзэмшиж буй газрын хэмжээг өөрчлөн У багийн 12  дугаар сургуулийн урд 11 жилийн хугацаатай 372 м2 газрыг автосервис үйлчилгээний зориулалттай хэмжээ өөрчилсөн. Иргэн Д.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/018 дугаар албан бичгээр газраа сунгах хүсэлт ирүүлснийг хянаж үзээд ОАЗД-ын  2019 оны 11 дүгээр сарын 01-ний А/743 дугаар захирамжаар иргэний хүсэлт, техникийн хурлын шийдвэрийн дагуу иргэн Д.Тын У баг 12 дугаар бага сургуулийн урд байрлах авто засвар үйлчилгээний зориулалтаар эзэмшиж буй газрын хэмжээг өөрчлөн 4 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Иймээс аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний А/743 дугаар захирамж нь хууль ёсны дагуу гарсан учир иргэн Ч.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Д.Т нь хойд тал руугаа 8 м сунгах хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх “Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын техникийн зөвлөл”-ийн 2018 оны 01 дүгээр хурлын  шийдвэрээр “газар дээр нь хэмжилт хийж ар талд нь төлөвлөсөн зогсоол барилга хоёрын дунд олгохыг дэмжсэн” шийдвэр гарсан. Дээрх  шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжаар 113 м2 нэмж 485 м2 болсон байна. Иргэн Д.Т-д 113 м2 газар сунгасан болохоос 119 м2 сунгасан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Хот байгуулалт болон газрын кадастрын мэдээллийн санд албан ёсоор 113 м2 сунгаж бүртгэгдсэн байна. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар захиалагч болох иргэн Ч.О нь барилга болон гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний ажлыг улсын комисст албан ёсоор хүлээлгэж өгөөгүй тул гүйцэтгэлийн зураг нь Хот байгуулалт болон газрын кадастрын мэдээллийн санд  албан ёсоор бүртгэгдсэн мэдээлэлгүй байгаа учир тэнд зогсоол байгаа гэдгийг тогтоох боломжгүй” гэв.

6. Гуравдагч этгээд Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 456 дугаар шийдвэрээр 372 м2 газрыг эзэмшиж 2012 онд 365 м2 газар дээр барилгаа барьж ашиглалтанд оруулсан ба Улсын комисст хүлээлгэн өгч үйл ажиллагаагаа эхэлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 тоот шийдвэрээр 113 м2 өргөтгөлийн газрыг олгосон ба нийт газрын хэмжээ 485 м2 ба надад ямар ч 6 м2 газар байхгүй. Энэ 113 м2 газар дээрээ барилгаа барьж амжихгүй иргэн Ч.О-ын хүчирхийлэлд өртсөөр 2 дахь жилдээ шүүхэд тайлбар, нотлогоог өгсөөр байгаа билээ. Иргэн Ч.О өөрийн хөрөнгөөр зогсоол хийсэн гэдэг нь үндэслэлгүй худлаа бөгөөд тэнд юу ч байхгүй шарилж ургасан хоосон газар байгаа. Ч.О 2015 онд барилгаа барьж эхлэхдээ надад эрх бүхий дээд байгууллагаас өгсөн техникийн нөхцөлөөр барьж байгуулсан миний бохир усны худгийг эвдэж, дээр нь барилгаа барьсан ба миний зөвшөөрөлгүй зөөвөрлөж, стандартын ямар ч шаардлага хангаагүй худаг бариад түүн дээрээ хар шороо овоолж худгийг бөглөсөнөөс надад хохирол учруулсан. Ч.О өмнөх нэхэмжлэлдээ буюу “Д.Т-д 491 м2 газар эзэмшүүлсэн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжийг хүчингүй болгох” гэсэн нэхэмжлэлдээ мөн л миний хууль ёсны эзэмшлийн газрын хэмжээ болох 485 м2-ыг 491 м2 гэж, 6 м2 газар нэмж удаа дараа хуурамч нэхэмжлэл гаргаад байгааг би ойлгохгүй байгаа ба асуудлыг өөрт ашигтайгаар шийдүүлэх заль мэх гэж үзэж байна.

Өмнөх иргэний хэргийн 3 шатны шүүхээр Ч.О бид хоёрын газар давхцаагүй ба Ч.О 2015 оноос зөвшөөрөлгүй барилга барьж, газрынхаа хэмжээг дараа нь 2020 онд томосгож авсан мөн миний газар руу шахаж Барилгын тухай хуулийн заалтуудыг зөрчсөнийг нотлож, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасныг Орхон аймгийн иргэний хэргийн шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Иргэн Ч.О нь удаа дараа үндэслэлгүй хуурамч нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа нь өөрийн хууль зөрчсөн үйлдлээ ямар ч аргаар хамаагүй зөвтгөх гэсэн заль мэх гэж үзэж байна. Энэ хүн Барилгын хуулиудыг ноцтой зөрчиж барьсан барилгаа авч үлдэн, улсын комисст хүлээлгэн өгөхдөө бүрдүүлэх зөвшөөрөл, баримт бичгүүдийг араас нь бүрдүүлэх ба энд авилгал албан тушаалын хэрэг үүсэх нөхцөл бүрдэх боломжтой гэж үзэж байна. Орхон аймагт ийм муухай жишиг бүү тогтоосой гэж хүсэж байна. Шударга шүүхийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй. Иргэн Ч.О-ын хууль бус бусармаг ажиллагааг таслан зогсоож, иргэн намайг болон аймгийн Засаг дарга, эрх бүхий байгууллагуудын албан хаагчдыг шударгаар ажил үүргээ гүйцэтгэх боломжоор хангаж өгнө үү” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.О-ын гаргаад байгаа нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Яагаад гэвэл энэ захирамжаар Д.Т-д өмнө нь олгосон 372 м2 газрыг 113 м2-аар нэмэгдүүлж шийдвэрлэхдээ Ч.О-ын барьж байгаа барилгын аваарын хаалгын гарц хэсгийг хаасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар хангалттай нотлогддог. Ингээд Ч.О-ын өөрийн барилгын аваарын хаалгаар чөлөөтэй зорчих боломж хязгаарлагдаж, газар болон барилга эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших эрх нь хязгаарлагдаж хохирсон байдал ажиглагддаг. Аймгийн Засаг дарга газар олгохдоо хотын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу газар зохион байгуулалтын мэргэжилтнүүдийн дүгнэлтийг үндэслэж газрыг олгох ёстой.

Аймгийн Засаг даргын А/743 дугаар захирамж өөрөө буруу гарснаас ийм зүйл болсон. Энэ захирамжаа өөрчлөөд шинэчлэн гаргах тухай нэхэмжлэл гаргаснаа дэмжиж байна. 113 м2 газар олгох гэж байгаа юм бол тэр газраа аль боломжит чөлөөтэй байгаа газарт олгооч гэсэн байдлыг шаардаж байгаа. Өмнөх шүүх хуралдаанд би өөрийн гаргасан хууль зүйн дүгнэлтээ дэмжиж байна, өөрчлөлт оруулахгүй. Тэр дүгнэлт хэвээрээ гэж үзэж болно. Хууль зүйн дүгнэлтийн талаар нэлээн дэлгэрэнгүй тайлбарласан учраас одоо дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Ер нь аймгийн Засаг даргын 2019 оны А/743 дугаар захирамж бол Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Хот байгуулалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.3 дахь заалт, Засгийн газрын 2003 оны 3 дугаар хавсралтын “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 30.3 дугаар зүйл, Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын 2008 оны 83 дугаар тушаалын “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6.2.4, 6.2.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Тэгэхээр энэ эрхийн акт зөрчилтэй эрхийн акт гэж үзэж байна. Ялангуяа газар зохион байгуулалт хийх журмын заалт дээр иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, зохион байгуулалтыг хийхдээ аль болох нэг дор зэргэлдээ байж байгаа газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх ашгийг хохироохгүй газар зохион байгуулалтыг хийх ийм заалт орсон байдаг.

Энэ заалтууд зөрчигдсөн. Хоёрдугаарт энэ хоёр хөрш газрыг олгохдоо аль нэгнийх нь эрх ашгийг хөндөхгүйгээр зохицуулж олгох боломж байсан гэж харагдаж байна. Дараа нь Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын даргын 83 дугаар тушаал дээр газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй тохиролцож, тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох гэж заасан байна. Тэгэхээр нэгэнт аваарын хаалгыг ашиглах орц, гарцыг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг тухайн газрыг олгох, тухайн нэгж талбарын эргэлтийн цэгийг тогтоож байх явцад барилга баригдсан, хаалга байгаа тохиолдолд зохицуулаад олгох боломж аймгийн Засаг даргын холбогдох мэргэжилтнүүдэд байсан гэж үзэж байна. Энэ байдлыг хараад хойд талд олгох боломжгүй гэж гишүүд хэлсэн байхад тэдний саналыг харгалзаж үзэхгүй аймгийн Засаг дарга энэ шийдвэрийг гаргасан гэж харагдаж байна.

 Д.Т-ын эзэмшиж байгаа 485 м2 газрыг 491 м2 газар гэж ярьж байна гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Шинжээчийн дүгнэлтээр Д.Т-ын газрын хэмжээг 491 м2 гэж гаргаж ирсэн. Энэ нь юугаар тогтоогдож байна гэхээр сүүлд ирүүлсэн кадастрын зургийг бол мэдэхгүй байна. Хэрэг дотор авагдсан кадастрын зураг хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд байгаа. Энэ зурагт талбайн хэмжээ 491 м2 гээд тодорхойлж өгсөн байгаа. 491 м2 газар Д.Т-д олгогдсон гэдэг нь нотлогдож байгаа. Тэгэхээр энэ эзэмшиж байгаа газар нь олгосон эрхийн акттайгаа зөрчилдөөд байна. 2-т: Засаг даргын захирамжаар олгоод байгаа газар маань барилгын аваарын гарцны хаалгыг хаагаад барилга эзэмшигчийн эрхийг зөрчөөд байна. Тэгэхээр энэ зөрчлийг арилгаад өгөөч гэсэн шаардлагыг гаргаж байгаа. Ингэхдээ аймгийн Засаг дарга захирамжаа эргэж хараад энэ захирамждаа өөрчлөлт оруулж засч өгөөч гэсэн шаардлага гаргаж байгаа, шаардлагаа дэмжиж байна” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.О нь ОАЗД-д холбогдуулан “аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний А/743 дугаарыг захирамжаар “Х” авто машин угаалгын газарт буюу иргэн Д.Т-д 491 м2 газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Иргэн Д.Т-д 491 м2 газар эзэмшүүлсэн ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамждаа өөрчлөлт оруулж, Ч.О-ын барилгын аваарын гарцыг чөлөөлж, иргэн Д.Т-д боломжит байдлаар газрыг өөрчилж олгохыг аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаагаа бичгээр болон шүүх хуралдааны явцад дэмжиж оролцов.

2. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2.1. Ч.О нь ОАЗД-ын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №529 тоот захирамжаар иргэн Ж.М-ээс гаражийн зориулалт бүхий 37 м2 бүхий эзэмшил газрыг  /1 дэх хх-ийн 81-р тал/,

2.2. Аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/233 тоот захирамжаар Ч.О нь эзэмшиж буй 37 м2 газраа 63 м2 болгон нэмэгдүүлж, зориулалтыг албан конторын  /1 дэх хх-ийн 83,  94-р тал/,

2.3. Мөн ОАЗД-ын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/110 тоот захирамжаар Ч.О нь 63 м2 эзэмшил газраа 107 м2 болгон нэмэгдүүлж, зориулалтыг “худалдаа үйлчилгээний” болгон тус тус өөрчлүүлж, шийдвэрлүүлсэн байна /1 дэх хх-ийн 102,  105-р тал/.

3. Иргэн Д.Т нь ОАЗД-ын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №456 тоот захирамжаар 372 м2 газрыг “Авто сервис үйлчилгээний” зориулалтаар /1 дэх хх-ийн 41-46 тал/,

3.1. Мөн аймгийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 тоот захирамжаар өмнөх эзэмшил газраа  113 м2-аар нэмэгдүүлж, 485 м2  болгон тус тус шийдвэрлүүлсэн болох нь  /1 дэх хх-ийн 40,  57-63-р тал/  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг  491 м2 гэж маргаж байгаа боловч ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжид “...Д.Т-ын эзэмшил газрын хэмжээг 113 м2-аар нэмэгдүүлж 485 м2” болгосон, мөн гуравдагч этгээдийн шүүхэд гаргаж өгсөн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн /www.egazar.gov.mn/ кадастрын зураглалд  485 м2  байгаа талаар тусгасан тул шүүхээс гуравдагч этгээдийн эрх бүхий эзэмшил газрын хэмжээг 485 м2 гэж үзэв.

5. Маргаан бүхий захиргааны акт нь иргэн Д.Т-д газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэсэн ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний А/743 дугаар захирамж бөгөөд Газрын тухай хуулиар зохицуулагдах эрх зүйн харилцаа тул уг захиргааны актын эрх зүйн үндэслэлд  дүгнэлт өгөх учиртай.

6. Нэхэмжлэгч Ч.О нь  ОАЗД-ын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/233 тоот захирамжаар 63 м2  газар эзэмшиж, уг газар дээрээ 2015 оны 6 дугаар сараас 2018 онд 107 м2  талбай  бүхий барилга угсралтын ажлыг Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллагаас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй  гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгчийн энэ өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар, мөн  ШУТИС-ын Оношлогоо зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвийн дүгнэлт, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Шинжээчдийн дүгнэлт”, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №815 тоот албан бичиг, Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 14-07-025/223 тоот албан шаардлага зэргээр тус тус нотлогдсон. /1 дэх хх-ийн 163, 211, 220-224, 2 дахь хх-ийн 17-19,  дүгээр тал/

7. Нэхэмжлэгч нь эрх бүхий этгээдээс эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэхээс өмнө,  өөрөөр хэлбэл Орхон аймгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/110 тоот захирамжаар газрын хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэхээс өмнө зөвшөөрөлгүйгээр 107 м2 талбай бүхий барилга, байгууламж барьсан болох нь нотлогдож байна. /1 дэх хх-ийн 83,  94-р тал 220-224/

8.  Харин гуравдагч этгээд нь ОАЗД-ын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №456 тоот захирамжаар 372 м2 газар эзэмшиж байхдаа Авто засварын барилгыг барьж 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст” хүлээлгэн өгч, мөн уг хугацаанаас хойш барилга, байгууламжаа сунгаж бариагүй байна. /2 дахь хх-ийн 12-14, 17-19 дүгээр тал/

9. Гуравдагч этгээд болон нэхэмжлэгчийн хэн алины эзэмших эрх бүхий газар нь давхцалгүй болохыг Шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон /1 дэх хх-ийн 183, 184,  2 дахь хх-ийн  17-19, 145-р тал/ ба, ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжаар Д.Т-ын эзэмшиж буй газрын хэмжээг түүний хүсэлтээр /хх-ийн 47, 55, 56 дугаар тал/ 113 м2-аар нэмэгдүүлж олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3  /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна/, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 /бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх/  заасантай нийцсэн гэж дүгнэхээр байна.

10. Иймд нэхэмжлэгч Ч.О-ын “ОАЗД-д холбогдуулан гаргасан “ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, Ч.О-ын барилгын аваарын гарцыг чөлөөлж, иргэн Д.Т-д боломжит байдлаар газрыг өөрчилж олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 11. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “...маргаан бүхий захиргааны актын улмаас өөрийн барилгын аваарын гарцыг ашиглах боломжгүй болсон” талаар маргаж байгаа боловч энэ талаар шаардах эрхгүй болохыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд болох Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №142/ШШ2022/00618 тоот шүүхийн шийдвэр,  Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №207/МА2022/00074 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны  2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №001/ШХТ2022/00915 тоот тогтоолоор тус тус тогтоосон байна. /1 дэх хх-ийн 153-159,  188 дугаар тал/

 12. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч талаас “барилга байгууламжийн аваарын гарцыг хязгаарласан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

            Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл/ эс үйлдэхүй/-ийн улмаас Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, тухайн маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй байх бөгөөд захиргааны байгууллага, түүний албан тушаалтны гаргасан шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.О-ын ОАЗД-д холбогдуулан гаргасан “ОАЗД-ын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/743 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, Ч.О-ын барилгын аваарын гарцыг чөлөөлж, иргэн Д.Т-д боломжит байдлаар газрыг өөрчилж олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47  дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.САРАНГЭРЭЛ