Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Оюунцэцэг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгч: Х.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сөнөд Доной овогт Хэнмэдэхбаярын Түвшинтөрд холбогдох 1729000050004 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2-р баг, Гавилууд, бага булагийн 4-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Сөнөд Доной овогт Хэнмэдэхбаярын Түвшинтөр /РД: КМ95080117/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Түвшинтөр нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” ХХК-ний кемп дээр М.Нэргүйбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар шаазан аягаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

D:\Ajil\Shiitgeh togtool\2017 on\№60_2017-08-15_Tvwshintur_11.6.1.docx

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Түвшинтөр мэдүүлэхдээ: ”2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээрээ хувцас бичээд дуусч байтал Нэргүйбаатар миний ялгаж дуусаагүй байсан хувцсыг аваад явчихсан. Би тэгэхээр нь наад хувцсыг чинь ялгаж дуусаагүй байгаа юм аа гэж хэлэхэд Нэргүйбаатар бид нар ч гэсэн ажлаа эртхэн хийж дуусаад тармаар байна гэсэн. Би юм хэлээгүй. Нэргүйбаатар хувцсыг авч явж машиндаа аччихаад буцаж миний ажиллаж байсан угаалгын өрөөнд орж ирээд 3-р блокийн хувцас хаана байна гэж асуусан, би хариу бас л дуугараагүй. Нэргүйбаатар надад “чи үхсэндээ дуугарч ядаад байгаа пизда вэ” гэж хэлээд Нэргүйбаатар над руу хүрч ирээд гараа далайж “гай болов” гэхээр нь би юм хэлээгүй эргээд хартал ширээн дээр сэнжтэй шаазан аяга байхаар нь түүнийг аваад Нэргүйбаатарын толгой руу нэг удаа цохисон. Нэргүйбаатар гараараа толгойгоо дараад газар унасан ба толгойноос нь цус гарч байсан. Нэргүйбаатар урьд нь 10 жилд байхдаа надтай таарах болгондоо намайг доромжлоод, цохиж аваад байдаг байсан. Бид хоёр цэрэгт хамт байсан он жавууд болохоор би Нэргүйбаатарт юм хэлж байгаагүй. Тухайн үед уураа барьж дийлэхгүй Нэргүйбаатарыг цохисон“ гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-10-р хуудас/,

“...цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон улаан өнгийн жимсний зураг бүхий гадаргуутай шаазан аяганы 26 ширхэг хагарсан хэсгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэх эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 11-12-р хуудас/, 

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч М.Нэргүйбаатарын өгсөн:”...2017 оны 7 дугаар сарын 01-ний орой 16 цагийн үед би ажил дээрээ Оюу толгой ХХК дээр байрладаг хүмүүсийн хувцасыг угаалгаас аваад ачиж байхад 3 уут хувцас дутсан. Би угаалган дээр ажилладаг Түвшинтөрөөс чамд 9-р блокийн 3 уут хувцас байна уу гэж асуухад Түвшинтөр дуугарахгүй байхаар нь би цаагуур хүмүүсээс асуучихаад Түвшинтөр дээр очоод дахиж асуухад дуугарахгүй болохоор нь би Түвшинтөрд “дуугарч цөхсөн пизда вэ” гээд эргээд явах гэтэл миний араас хатуу юмаар цохиод авах шиг болоод хажуугаар хагархай шил үсэрсэн. Тэгээд би толгойныхоо арыг гараараа дартал цус гарч байхаар нь доошоо суутал манай ажлын Эрдэнэтогтох гэдэг эгч миний хажууд ирээд Түвшинтөрд “чи хүүхэд аллаа ш дээ цус гарч байна, эмнэлэг дууд” гэж байгаа сонсогдсон. Тэгээд би ухаан алдаад Оюутолгойн эмнэлэгт  сэрсэн. Бид хоёр архи уугаагүй эрүүл байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

Гэрч О.Нарантуяагийн өгсөн:”...2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 16 цагийн үед намайг ажил дээр байж байхад манай ажлын Нэргүйбаатар хувцас ачиж байгаад 9-р блокийн хувцас дутчихлаа гээд хайгаад явж байсан. Нэргүйбаатар ажил дээр байсан угаагч нараас нийтээс нь 9-р блокын хувцас байна уу гэж асуухад ихэнх нь дуугараагүй. Тэгээд Нэргүйбаатар Түвшинтөрөөс чи хэддүгээр блокын ямар хувцас угааж байна чамд 9-р блокын хувцас байна уу гэхэд Түвшинтөр байхгүй ээ байхгүй гээд уцаарлангуй хариулж байгаа харагдсан. Тухайн үед Нэргүйбаатар хаалганы хойно гарах гээд зогсож байхдаа юу гэнээ чи юунда уурлаад байгаа юм бэ гэхэд Түвшинтөр гай болов гэж байсан. Тэгээд Нэргүйбаатар Түвшинтөрийн хажууд нь очоод чи яагаад уурлаад байгаа юм бэ гээд уулзахаар нь би тэр хоёрыг зодолдох вий гэж бодож байтал Нэргүйбаатар хойшоо эргээд 2-3 алхам явах шиг болсон. Би тэр үед хувцас хийдэг уутаа авах гээд тонгойх үед аяга хагарах чимээ гарахаар нь өндийгөөд хартал Нэргүйбаатар толгойгоо бариад доошоо суучихсан Түвшинтөр хажууд нь зогсож байсан. Нэргүйбаатарын толгойноос нь цус гараад манай ажлынхан сандралдаад ахлах руу хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Р.Эрдэнэтогтохын өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад үдээс хойш 16 цагийн үед манай ажлынхан ажлаасаа буух дөхөөд ажлаа амжуулах гээд ажилдаа анхаарлаа төвлөрүүлсэн байх үед гэнэт аяга хагарах чимээ сонсогдохоор нь хартал Нэргүйбаатар толгойгоо дараад тонгойчихсон, Түвшинтөр хажууд нь миний өөдөөс харсан чиглэлтэй зогсож байсан. Тэгээд манай ажлын хүмүүс олон хатаагчны чимээнд ажилладаг болохоор аяга хагарах чимээгээр харсан. Тэгээд би ширээн дээрээсээ цаас аваад цаасаар  Нэргүйбаатарын толгойн дээр нь дартал цус нь нэвчиж байсан. Тэгээд Нэргүйбаатар намайг налаад ухаан алдаад унахаар нь толгойных нь ар талд дарж үзэхэд 2 см орчим хагарч язайсан байхаар нь хөвөн тавьж боолт хийж өгчихөөд байж байхад Оюутолгойн эмнэлгийнхэн ирээд Нэргүйбаатарыг авч явсан. Бид нар 17 цагт ажлаа дуусгачихаад гэр лүүгээ явсан. /хх-н 19-20-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №137 дугаартай шинжээчийн

  1. М.Нэргүйбаатарын биед дагзанд шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,

Х.Түвшинтөрийн яллагдагчаар өгсөн:”...Хэрэг болдог өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээрээ хувцас бичээд дуусч байтал Нэргүйбаатар миний ялгаж дуусаагүй байсан хувцасыг аваад явчихсан. Би тэгэхээр нь наад хувцасыг чинь ялгаж дуусаагүй байгаа юм аа гэж хэлэхдээ Нэргүйбаатар бид нар ч гэсэн ажлаа эртхэн хийж дуусаад тармаар байна гэсэн. Би юм хэлээгүй. Нэргүйбаатар хувцасыг авч явж машиндаа аччихаад буцаж имний ажиллаж байсан угаалгын өрөөнд орж ирээд 3-р блокийн хувцас хаана байна гэж асуусан, би хариу бас л дуугараагүй. Нэргүйбаатар надад “чи үхсэндээ дуугарч ядаад байгаа пизда вэ” гэсэн, бас “чи хэдэн хувцас бичих гээд тавиад байна уу” гэж хэлэхээр нь би “чи бас миний оронд хувцас бичвэл тавихгүй байхыг чинь харна аа” гэж хэлтэл Нэргүйбаатар над руу хүрч ирээд гараа далайж “гай болов” гэхээр нь би юм хэлээгүй эргээд хартал ширээн дээр сэнжтэй шаазан аяга байхаар нь түүнийг аваад Нэргүйбаатарын толгой руу нэг удаа цохисон. Нэргүйбаатар гараараа толгойгоо дараад газар унасан ба толгойноос нь цус гарч байсан. Тэгээд би Чимэдрэгзэн, Эрдэнэбаатар хоёртой хамт Нэргүйбаатарын толгойг нь тэр өрөөнд эмийн хайрцагт байсан боолтоор боож өгсөн. Тухайн үед Нэргүйбаатарын толгой дагз хэсэгтээ язарч цус гарсан байсан. Боож өгсөний дараа Оюутолгойн эмнэлгийн баг ирж Нэргүйбаатарыг эмнэлэг рүү авч явсан. Намайг цагдаад хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш цагдаа дээр шалгагдаад байж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,

Шүүгдэгч Х.Түвшинтөрийн хувийн байдлыг нотлох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Засаг даргын 2017 оны 07 сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/

Х.Түвшинтөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 34-р хуудас/,

Шүүгдэгч Х.Түвшинтөрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/,

“Саппорт сервисес Монголиа” ХХК-ний тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, /хх-ийн 36-43-р хуудас/,

Х.Түвшинтөрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47-р хуудас/,

Өмнөговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №1/880 дугаар “...Түвшинтөрийн нэр дээр Эрхийн улсын бүртгэлийн Г-11120001205 дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Ханбогд сум Баянхөөвөр 13-47 тоотод байрлах өмчлөлийн газар бүртгэлтэй байна” гэсэн тодорхойлолт /хх-н 49-р хуудас/,

Шүүгдэгч Х.Түвшинтөрийн арилжааны банкуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-ийн 51-63-р хуудас/,

Шүүгдэгч Х.Түвшинтөрийн цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-ийн 63-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Х.Түвшинтөр нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Оюутолгой” ХХК-ний кемп дээр М.Нэргүйбаатартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар шаазан аягаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Х.Түвшинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон улаан өнгийн жимсний зураг бүхий гадаргуутай шаазан аяганы 26 ширхэг хагарсан хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хохирогч М.Нэргүйбаатар нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа ч эмчилгээний талаар нотлох баримт хэрэгт хавсаргаагүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Түвшинтөрд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сөнөд Доной овогт Хэнмэдэхбаярын Түвшинтөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Түвшинтөрийг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Түвшинтөрд оногдуулсан 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд, тус бүр 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Түвшинтөр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Түвшинтөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Нэргүйбаатар нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Х.Түвшинтөрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон улаан өнгийн жимсний зураг бүхий гадаргуутай шаазан аяганы 26 ширхэг хагарсан хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Түвшинтөрд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Түвшинтөрд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН