Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/MA2017/0266

 

 

 

 

 

 

 

 

А.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч А.Баасансүрэн нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлэдцэ

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан бүх хугацааны цалин олгуулах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 13 дугаар зүйлийн 13.1.5-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Баасансүрэнгийн “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаартай “Албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Сүхбаатар сумын 4 дүгээр багийн иргэн Ж.Адъяасүрэн миний хүү Баасансүрэн нь Алтанбулаг чөлөөт бүсэд цагдаагаар ажиллаж байхдаа 2015 оны 2 дугаар сарын 15-нд амралтын цагаараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Захиргааны хариуцлагын тухай хууль”-аар шийтгэгдсэн юм.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар ажил албаны талаар ямар ч зөрчил гаргаагүй байхад “Төрийн албаны тухай хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, “Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь заалтыг үндэслэн нэг жилийн хугацаагаар төрийн албанд эргэн орох эрхгүйгээр албанаас халлаа гэж амаар мэдэгдээд тушаал шийдвэргүйгээр цол хувцасыг нь хураан авсан юм.

Ингэж хоёр хуулиар, хоёр даргын шийдвэрээр давхардуулан шийтгэсэн юм

Шүүгч Одбаатар үүнийг давхардуулсан арга хэмжээ гэж үзэх боломжгүй байна Учир нь гээд нэхэмжлэгч Баасансурэнгийн хувьд захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчсөн үйлдэлдээ жолоочийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж захиргааны шийтгэл хүлээсэн байна гэжээ. Үүнээс харахад захиргааны шийтгэл хүлээсэн хүнд давхардуулсан шийтгэл гэж байдаггүй юм байна гэж ойлгогдож байна.

Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.10, Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Цагдаагийн байгууллагын дотоод дүрэм, журам, зааврыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдөх гэсэн заалттай нийцээгүй хуулиас давсан дүрэм байна гэж үзэж байна.

Учир нь: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг ажлаас нь бүр, түр халах тухай ямар ч хуулинд байхгүй.

Цагдаагийн байгууллагаас өөр ингэж давхардуулан ажлаас бүр, түр халдаг байгууллага байхгүй. Цагдаагийн байгууллагын энэ арга хэмжээ нь үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалтыг зөрчиж хуулиас давсан байна гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг зөрчсөн гэж аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалд ч байхгүй аймгийн Цагдаагийн газраас гаргасан тайлбарт ч байхгүй би ч 13 дугаар зүйлийн 13.1 5 дахь заалтаар маргаагүй байхад шүүгч Одбаатар нэхэмжлэлийн шаардлага хүрээнээс хэтрүүлэн маргаагүй зүйл заалт санаачлагаараа оруулж ирж асуудлыг шийдэж байгаа нь сонин байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчиж байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал анх буюу давтан үйлдсэнийг харгалзан дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ноогдуулна.

26 дугаар зүйлийн 1.1 сануулах

26.1.2. албан тушаалын цалингийн хэмжээг 6 cap хүртэлх  хугацаанд 20 хүртэл хувиар бууруулах.

26.1.3. төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах

26 дугаар зүйлийн 26.6-д шийтгэл ноогдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно гэж байх юм. Сануулах цалин бууруулах шийтгэлийг ямар зөрчил гаргасан хүнд ноогдуулдаг юм бэ?

Аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 39 тоот тушаалын гарчиг нь “Халах тухай” төгсгөл нь “халсугай” гэж байх юм доторх заалт нь сахилгын зөрчлийн заалт байх юм. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д албан үүргээ хангалтгүй биелүүлсэн 25.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон 26.1.3-т Монгол улсын харъяатаас гарсан гэж заасан байна. Баасансүрэн үүргээ биелүүлээгүй биш, шүүхээр шийтгэгдсэн биш ийм байхад энэ тушаал хүчинтэй байх ёсгүй гэж үзэж байна. Ийм учир шүүхийн тогтоолыг хүчингүй болгож энэ асуудлыг хууль ёсоор нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэвэл гомдлыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, захиргааны журмаар холбогдох шийтгэл хүлээсэн байна.

Нэхэмжлэгч нь дээрх зөрчил гаргах үедээ Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэрээт хэсгийн харуулын цагдаа бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Дотоодын цэргийн штабын дарга нарын байгуулсан 2013022 дугаар “Хамгаалалтын гэрээ”-ний дагуу Алтанбулаг чөлөөт бүсийн обьект хамгаалах харуулын цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан байна.

Хариуцагч 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тушаалаар ахлах ахлагч А.Баасансүрэнг Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.10-д заасныг үндэслэн цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Цагдаагийн албаны тухай (2013 оны) хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д Цагдаагийн төв байгууллагын дарга нь “цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрэм, цагдаагийн хүрээний ба эргүүл, харуулын дүрэм, албаны үйл ажиллагаанд дагаж мөрдөх бусад дүрэм, журам, зааврыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах, мөрдүүлэх эрхтэй” гэж зааснаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 869 дүгээр тушаалаар Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг баталсан байна.

Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.10-д “албан хаагч нь ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тухайн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэж заасан байх бөгөөд хариуцагчаас энэ зохицуулалтыг үндэслэн А.Баасансүрэнг цагдаагийн албанд нэг жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын “нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан” гэх тухайд:

Нэхэмжлэгч А.Баасансүрэн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө иргэний хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 6 сарын хугацаагаар хасуулсан нь Захиргааны хариуцлагын тухай хуулийг зөрчсөн үйлдэлд ногдуулсан захиргааны шийтгэл байна. Харин тэрээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, хууль болон цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмээр тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн учир цагдаагийн албан хаагчийн хувьд сахилгын шийтгэл хүлээх үндэслэл болсон байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол захиргааны шийтгэл хүлээхээс гадна албан хаагчийн хувьд сахилгын шийтгэл хүлээх нэмэлт зохицуулалттай байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын “Аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тоот тушаалын гарчиг нь “Халах тухай” төгсгөл нь “халсугай” гэж байх боловч доторх заалт нь сахилгын зөрчлийн заалт байна” гэх тухайд:

Хэдийгээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 дүгээр тушаал нь “Албанаас халах” агуулгатай байгаа ч хариуцагчийн тайлбар болон маргаан бүхий актын үндэслэл болсон хуулийн зохицуулалт зэргээс А.Баасансүрэнг цагдаагийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхой байна. Тиймээс энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар халсан шийдвэр биш байна.

Харин анхан шатны шүүх шийдвэртээ маргаан бүхий захиргааны актын эх сурвалж болсон захиргааны хэм хэмжээний актыг гаргах эрхийг цагдаагийн төв байгууллагын даргад олгосон бөгөөд маргаан бүхий харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 1192, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 13.1.5” гэсний дараа “,Цагдаагийн албаны тухай (2013 оны) хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж затанхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ