Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 349

 

Д.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил, Б.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаар магадлалтай, Д.М-д холбогдох 1705011230174 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э овогт Д-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-ийг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 15 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т зааснаар шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу /8 цагийг 1 хоногт дүйцэх/ 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 15 жилийн хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 15 жил 30 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 15 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 15 жил 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 15 жил 30 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Д.М амь хохирогч Ц.Б-ийг зодох, алах зорилгогүй байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр судалсан баримтуудаар хангалттай нотлогдсон. Тэрээр хамтран амьдрагч П.О-ийн ирж аваач гэсний дагуу очоод талийгаач Ц.Б-д хандаж “чи манай эхнэртэй явалдлаа. Би танай эхнэртэй явалдвал ямар байх уу” гэж хэлээд П.О-ийг хувцсаа өмс явья гэсэн боловч П.О хувцсаа өмсөх чадваргүй болтлоо согтсон байсан учир хувцсыг нь өмсгөх гэж байтал талийгаач “овоо муу банди юм аа, архи хундагалаад өг” гэхээр нь “чадахгүй” гэж хэлээд эргэхэд куртикнээс татан урж, наад хүн чинь чамтай явахгүй, надтай үлдэх гээд байна бандиа, чамд хайргүй, надад хайртай гэх мэтээр олон муухай зүйл яриад намайг доромжлоод, тохуурхаад байхаар нь согтуу хүнтэй юу ярихав гэж бодоод эхнэрээ аваад явья гэж бодож байтал миний цээж рүү цохиод “муу шалдан банди, гуйлгачин, өрөөсөн бөөртэй пизда, хүүхнээ тэжээж чаддаггүй лалар минь” гэх зэргээр монгол хүний амнаас гарахааргүй үг хэлж намайг хүн гэж огт бодохгүй доромжлон, миний өрөөсөн бөөртэй болохыг хүртэл мэдэж байсан юм. Намайг “ээжийгээ шаа” гэхээр нь миний сэтгэл санаа гэнэт хачин болоод дүрс хийгээд ухаан санаа бүдгэрээд, өөрийгөө мэдэхээ болиод хяналтгүй болж дотор балартаад шанаанд нь нэг цохиод, толгойд нь нэг удаа өшиглөснөө санаж байна гэдэг. Энэ бүх үйл явдал болон хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзвэл шүүгдэгч Д.М тухайн агшинд үнэхээр санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан нь тогтоогдож байдаг. Тухайлбал, шүүгдэгч Д.М тухайн цаг хугацаанд талийгаач Ц.Б рүү хандаж зодоон цохион хийх, хэл ам, хэрүүл маргаан гаргах, дайрч довтлох, ална гэх мэтээр заналхийлж огт довтлоогүй мөрөөрөө байсан. Ц.Б нь Д.М-ийн хамтран амьдрагч П.О-тай гэр орон, ажлаас нь гадуур хоноглон архидаж, сүүлдээ эхнэрээ ав гэж эрээ цээрээ алдаж, монгол зан уламжлалд харшилсан, Д.М-ийн нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдэл хийж, өмсөж явсан хувцсыг нь урж, цээж рүү нь цохиж, хамтран амьдрагчийг нь ямар ч чадваргүй болтол согтоож, нөхөр болох Д.М-ийг дуудаж ирүүлээд “архи хундагалж өг” гэх мэтээр тохуурхан доромжилж, үл хүндэтгэн ичгүүр сонжуургүй хандаж, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан хүндээр доромжлон тохуурхсан байдаг. Энэ бүхнээс дүгнэлт хийхэд хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас болон тохуурхан даажигнаж, хүний дээд эрхэм хүн болох ээжтэй нь холбон адгийн муухайгаар хэлсэнд Д.М сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон нь тодорхой байна. Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг. Энэ шинж хэргийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Иймд шүүгдэгч Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэл хангалттай тогтоогдож байна. Түүнчлэн шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д-ын нэхэмжилсэн нэхэмжлэлээс оршуулгын зардал 26,274,185 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд зарим зүйл үндэслэл муутай байдаг. Ганцхан жишээ хэлэхэд, “Нью сенетри” ХХК-ийн кассын орлогын ордер №3000436 номертой худалдан авагч Ц.Б гэсэн 9,000,000 төгрөг гэсэн байдаг. Энэ 9,000,000 төгрөгийг талийгаач өөрөө амьд байхдаа авсан мөнгийг оршуулгад хэрэглэсэн мэтээр тооцож гаргуулсан байх жишээтэй. Энэ 9,000,000 төгрөгийг хасаж тооцож өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр хэлсэн саналдаа “...П.О-ийн мэдүүлгүүд өөр хоорондоо маш их зөрүүтэй байхад шүүх мэдүүлгийн зөрүүг арилгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Мөн камерын бичлэгтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Монгол Улсыг төлөөлж энхийг дэмжих ажиллагаанд явж байсан болно. Миний үйлчлүүлэгч онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хөнөөсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх тогтоогдсон мэтээр тайлбарлаж ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 4-5 сарын хугацаанд зүйл анги нэмж сонсгоогүй байж шүүх рүү хэрэг шилжүүлэхийн өмнөх өдөр зүйлчлэлийг өөрчилж ял сонсгосон мөртлөө байцаалт аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн. Миний хувьд өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан саналыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх Д.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа шиг шүүгдэгч нь хэрэг гарах үед хохирогчид хүндээр доромжлогдсон гэх үйл баримт мөрдөн байцаалтын ажиллагаагаар нотлогдон тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан гомдлыг үндэслэн Д.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.М нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17-18 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүрэн” караокены 01 тоот өрөөнд хардсаны улмаас хамтран амьдрагч П.О болон түүнтэй хамт байсан Ц.Б нарыг зодож, Ц.Б-ийн биед баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хуйх, зүүн чамархайн булчинд цус хуралт, эрүү ясны зүүн салаанд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн хөхлөгийн доор зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан,

хамтран амьдрагч П.О-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд Д.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдан, энэ үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдгаараа ялгагддаг.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил “амь хохирогч нь шүүгдэгчийг шалдан банди, гуйлгачин, өрөөсөн бөөртэй пизда, ээжийгээ шаа гэх зэргээр хэлж доромжилсон тул Д.М сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, өөртөө хяналт тавих чадваргүй болсон” гэж гомдол гаргасан боловч хажууд нь хамт байсан П.О энэ талаар огт мэдүүлээгүйн дээр ийм нөхцөл байдал болсныг давхар баталсан баримт сэлт хэрэгт авагдаагүй байгаагаас гадна Д.М нь хүнийг санаатай алах үйлдэл хийхийн өмнө П.О-ийг хардаж уурласан уур бухимдлаасаа үүдэн Ц.Б-ийг зодож алсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байх тул гомдлыг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 204 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпилийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                               

                                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН