| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2022/00372/И |
| Дугаар | 143/ШШ2022/00581 |
| Огноо | 2022-12-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 143/ШШ2022/00581
2022 оны 12 сарын 16 өдөр Дугаар 143/ШШ2022/00581 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “******* банк” ХХК /
Хариуцагч: Г.А
Хариуцагч: П.О
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Г.*******, П.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 18 275 284.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Г.*******, хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* банк” ХХК нь Ганбаатар овогтой *******тай 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* тоот зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь Г.*******, П.******* нартай 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *******-2 тоот зээлийн гэрээгээр зээлийн дүнг 2 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан.
Мөн нэхэмжлэгч нь Г.*******, П.******* нартай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******-3 тоот зээлийн гэрээгээр зээлийн дүнг 2 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай болгон нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусах боловч 10 899 721.04 төгрөгийг 668 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:
-24 200 000 төгрөгийн зээл олгосноос 10 220 719.41 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 13 979 280.59 төгрөг,
-Хүү 15 498 938.15 төгрөгөөс 11 354 972.48 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 4 143 965.67 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүү 186 994.17 төгрөгөөс 34 956.30 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 152 037.87 төгрөг,
Нийт 39 885 932.32 төгрөг олгосноос 21 610 648.19 төгрөгийг төлсөн. Зээлийн болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 18 275 284.13 төгрөг байна.
Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. Г.*******, П.******* нараас ******* тоот зээлийн гэрээний үүрэгт 18 275 284.13 төгрөгийг гаргуулж ******* банканд олгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас Ганбаатар овогтой *******тай 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 191555410 дугаартай 20 000 000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн зээлийн гэрээг өөрчлөн 2 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн, хүүг 20.4 хувь болгон хугацааг 60 сарын хугацаатай болгон өөрчилсөн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2 200 000 төгрөгөөр зээлийг нэмэгдүүлж, хүүг 16.8 хувь болгон, 48 сарын хугацаатай болгон өөрчилсөн. Энэ өөрчлөлтийн дагуу гэрээний хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусна. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчиж төлөхгүй удаад байгаа учраас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нараас 18 275 284.13 мөнгийг шаардаж байгаа. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийн хүүгийн ямар нэгэн төлөлт хийгээгүй байдаг. Зээлийн эргэн төлөлтийн хувиараас хүүгийн төлбөрт хэдэн төгрөг төлөх вэ гэдэг нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 4 дүгээр багана дээр харагдаж байгаа хүүгийн төлбөрийг огт төлөөгүй гэсэн үг. Энэ хүүгийн төлбөрүүд нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийн хүртэл буюу нэхэмжлэл гаргасан 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бодогдоод хүүгийн төлбөр гарч байгаа.
******* банкны зүгээс хариуцагч ******* болон ******* нартай зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Хариуцагч нар нь 2 жил гаруй хугацааны туршид нийт арав гаруй сая төгрөгийг төлөлгүй банканд хохирол учруулж байгаа учраас цаашид ч төлнө гэсэн итгэлгүй байна. Тиймээс аль аль талдаа ашигтайгаар зээлийн гэрээг цуцлуулж, мөнгөө төлүүлэх арга хэмжээ авсан нь зөв гэж үзэж байна. Иймээс хариуцагч нараас нийт зээлийн гэрээний үүрэгт 18 275 284.13 төгрөгийг шаардаж байна. Хариуцагч *******ийн хувьд зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хамгийн сүүлийн зээлийн гэрээн дээр гарын үсгээ зурсан нь үнэн байх тул хариуцагчаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед гэрээ байгуулсан ******* банкны Замын-Үүд салбарт байсан төвийн мэргэжилтэн зээлдэгчээр гарын үсэг зуруулаагүй алдаа гаргасан гэж үзэж байгаа. Тиймээс хариуцагч *******, ******* нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ганбаатар овогтой ******* миний бие ******* банкны зүгээс гаргасан нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд тус банкнаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* тоот зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд зээлийн үлдэгдэл 13 979 280 төгрөг, хүү 4 143 965 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152 037 төгрөг, нийт 18 275 284 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. Г.******* надтай хамтран зээлдэгч П.******* нь ажилгүй гэрээр хүүхэд хардаг, төлбөрийн боломжгүй тул Г.******* миний цалингаас сард 400 000 төгрөг төлж зээлийг дуусгахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн П.*******ийг хамтран зээлдэгчээс салгаж Г.******* намайг дангаар хариуцагчаар оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед 2020 оны 10 дугаар сард бүх хүнээс зээлийн гэрээний хугацаа сунгах эсвэл зээлийг түр хойшлуулах тухай хүсэлтийг онлайнаар хүлээн авч байна гэсний дагуу би хүсэлтээ явуулсан хариу ирээгүй. Зээл төлөөгүй шалтгаан нь тухайн үед зээл төлөхөд маш хүнд нөхцөл байдал үүссэн. Манай гэр бүл шилжиж, суурьшиж 2 өөр газар амьдрах болсон. Байр орон сууцны төлбөр зэрэг нэмэгдсэн. Би Хил хамгаалах байгууллагад ажилладаг болохоор нэг суурин байдаггүй зэрэг шалтгаанаас зээлээ төлж чадаагүй. Гэхдээ зээл авснаа хүлээн зөвшөөрнө, төлөхгүй гэхгүй төлнө. Зээл авсан нь үнэн учраас заавал төлнө. Ийм нөхцөл байдал үүсгэсэндээ уучлал хүсэж байна.
Гэхдээ ковидтой холбоотой эдийн засгийн нөхцөл байдал, манай гэр бүлийн нэг л хүн ажилтай. Ганц хүний цалингаар амьдардаг. ******* 4 хүүхдээ хардаг. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Тэгээд байр, орон сууц зэрэг төлбөр мөнгөний асуудалтай хүнд цаг үе байсан. Тиймээс энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Төлөхгүй биш төлөх хүсэлтэй байсан ч үр хүүхдээ хоосон хонуулж, өөрөө гадаа амьдрахгүй зэрэг тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна гэв.
Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Пүрэв овогтой ******* миний бие нь ******* банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Г.*******ын ******* банкнаас авсан зээлийг П.******* миний бие хамтран төлөлцөх боломжгүй тул Г.*******ыг дан хариуцагчаар оруулж өгнө үү. Учир нь П.******* миний бие нь одоогоор эрхэлсэн ажилгүй, 4 хүүхдээ асран хамгаалдаг болно. ******* банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хамт очиж авсан гэрээн дээрээ гарын үсгээ зурсан. Би оччихоод гарын үсэг зураагүй гарсан тохиолдол байхгүй. Учир нь банкны эдийн засагч нар өмнөө суулгаад энд гарын үсгээ зурна уу гэж зааж өгдөг. Тэгэхээр гарын үсгээ зураагүй байгаа бол би тэнд байгаагүй гэсэн үг. Анхны 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээнд би хамааралгүй. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээн дээрх гарын үсэг бол миний гарын үсэг мөн гэв.
Нэхэмжлэгчээс: улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, зээл болон барьцааны ******* дугаартай цалингийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай *******-2, *******-3 дугаартай гэрээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ............. дугаартай шийдвэрийн хуулбар, Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын албан тоот зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* банк” ХХК нь хариуцагч Г.*******, П.******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 18 275 284.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа дараах зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаарджээ.
Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг “******* банк нь хариуцагч Г.*******, П.******* нартай зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. Хариуцагч нар нь 2 жил гаруй хугацааны туршид нийт арав гаруй сая төгрөгийг төлөлгүй банканд хохирол учруулж байгаа тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 13 979 280.59 төгрөг, хүү 4 143 965.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152 037.87 төгрөг, нийт 18 275 284.13 төгрөгийг төлүүлнэ. Хариуцагч П.*******ийн хувьд зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хамгийн сүүлийн гэрээн дээр гарын үсэг зурсан тул түүнээс татгалзахгүй” гэж тайлбарладаг.
3. Хариуцагч Г.******* нь “...зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, зээлийн гэрээний үүрэгт 18 275 284.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг зээлийн төлбөрийг өөрөө төлж барагдуулах тул хамтран зээлдэгч П.*******т хариуцуулах үндэслэлгүй” гэж тайлбар гаргадаг.
Хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.
4. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг талаас ******* банк, нөгөө талаас Г.******* нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ дугаартай цалингийн зээлийн гэрээгээр Г.******* нь ******* банкнаас 20 000 000 төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *******-2 дугаартай цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нэг талаас ******* банк, нөгөө талаас Г.*******, П.******* нар нь зээлийн хэмжээг 2 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээний хугацааг 60 болгож, жилийн хүүг 20.40 хувь болгож өөрчилжээ.
Уг гэрээнд зээлдэгч П.******* гэж бичигдсэн боловч гарын үсэг зурагдаагүй байна.
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн *******-3 дугаартай цалингийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нэг талаас ******* банк, нөгөө талаас Г.*******, П.******* нар нь зээлийн хэмжээг 2 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээний хугацааг 48 сар болгож, жилийн хүүг 16.8 хувь болгож өөрчилжээ.
Энэхүү гэрээнд хамтран зээлдэгч П.******* гэж гарын үсэг зурагдсан байна.
5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.
Мөн зээлийн гэрээний 3.3.4-т “...зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй ...тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлүүлэхээр буцаан дуудна” гэж харилцан тохиролцжээ.
Хариуцагч Г.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 10 220 719.41 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 11 354 972.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 34 956.30 төгрөг, нийт 21 610 648.19 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх ба цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчжээ.
Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь зээлдэгч Г.*******, П.******* нарт 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлэх тухай албан бичгийг баримтаар гаргаж өгсөн байна.
6. “******* банк” ХХК нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Иймд зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх зүйн үндэслэл бүрдсэн байх тул зээлийн гэрээг цуцалж, мөн хариуцагч Г.******* нь 18 275 284.13 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул түүнээс зээлийн гэрээний үүрэгт 18 275 284.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банканд олгох нь зүйтэй гэж үзэв.
7. Нэхэмжлэгч нь хариуцагч П.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 275 284.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч татгалзжээ.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэжээ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай цалингийн зээлийн болон 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *******-2 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг зөвхөн зээлдэгч Г.*******тай байгуулсан байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ -3 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах тухай зээлийн гэрээнд хариуцагч П.******* нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.
Зээлдүүлэгч нь зээлийн 20 000 000 төгрөг, түүнчлэн нэмж олгосон зээлийн мөнгийг зээлдэгч Г.*******ын дансанд шилжүүлсэн болох нь түүний дансны хуулгаар нотлогдож байна. Зээлийн мөнгийг дан ганц Г.*******ын дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөн болон мөн зээлийн зориулалттай уялдан хамтран зээлдэгч гэх П.*******ийн эрхэлдэг ажил, орлогын талаарх мэдээлэл болон зээл олгохтой холбоотой бусад баримт хэрэгт авагдаагүй байна.
Мөн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай цалингийн зээл болон барьцааны гэрээний 4.1-т “Зээлдэгч энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн цалингийн орлого болон дараах картын ба бусад дансны орлогыг барьцаанд тавьж байна. 1. Дебит картны харилцах данс ” гэжээ.
Энэхүү тоот данс нь ******* банкны харилцагч Г.*******ын данс болох нь хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна.
Дээр дурдсанаас үзвэл хамтран зээлдэгч болох хариуцагч П.*******тэй холбоотой ямар нэг баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар зээлийн гэрээнд тусгагдаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт заасан эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй тул “******* банк” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт П.*******ээс 18 275 284.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
8. Хариуцагч Г.*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 327 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 249 327 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Г.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 18 275 284.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт заасан үндэслэн тогтоогдохгүй байх тул хариуцагч П.*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 18 275 284.13 төгрөг гаргуулах тухай “******* банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 327 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 249 327 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН