| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0217/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/222 |
| Огноо | 2025-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, хохирогч Э.О , шүүгдэгч Н.Ц , түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц холбогдох эрүүгийн 2539003020203 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.Ц ыг 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Х сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргих” хүнсний дэлгүүрийн гадна Э.О ийг үснээс нь зулгаах, зүүн гар дээр нь хөлөөрөө гишгэх, нүүр, нүд, толгойн тус газруудад нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539003020203 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч өмгөөлөгч Б.Төгсбаяр: “Шүүгдэгч Н.Ц т хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Н.Ц болон өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.
Хохирогч: “Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдолтой байна” гэж,
Шүүгдэгч: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус мэдүүлжээ.
Нэг.Хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:
1.1.Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт.
Шүүгдэгч Н.Ц 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Х сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргих” хүнсний дэлгүүрийн гадна Э.О ийг үснээс нь зулгаах, зүүн гар дээр нь хөлөөрөө гишгэх, нүүр, нүд, толгойн тус газруудад нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Э.О ээс “...Тухайн өдрийн орой 22 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад дэлгүүр орж хүнс авахаар явж байтал гэнэт ар талаас нэг хүн миний үснээс зулгаахаар нь эргэж хартал үл таних хүн баруун гараараа шууд миний зүүн нүд хэсэгт 2 удаа цохихоор нь би газар суутал дээрээс толгойн дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд хөлөөрөө зүүн гарын дээр гишгэсэн. Тэгээд нөхөр маань ирээд намайг зодсон залууг барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн. Зүүн гарын чигчий хуруу хавдсан байсан... Цагдаа нар дагуулж яваад хэн болохыг нь тогтоогоод Н.Ц гэдэг хүн болохыг нь хэлж өгсөн... Би сэтгэл санаагаар хохирсон. Би сэтгэл санааны хохирол тогтоолгоно... Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дугаар тал),
-Гэрч М.Б-гийн “...Тухайн өдөр би 18 цагийн үед Батбаяр ахынд цагаан сарын золголт хийхээр очсон юм. Тэгээд тэднийд очоод юм ярьж сууж байгаад 20 цаг өнгөрөөгөөд О эгч надад хандан эгч нь дэлгүүр орж хоол хүнсний зүйл авах гэсэн юм. Хоёулаа хамт дэлгүүр ороод ирье гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр хамт Оргих дэлгүүр рүү алхаж байгаад миний гар утас руу хүн залгахаар нь би О эгчийг “Та дэлгүүр орж бай, би утсаар ярьчхаад араас чинь оръё” гэж хэлээд утсаар яриад зогсож байтал О эгчийг яг дэлгүүр орох гэж байхад нь нэг согтуу хүн үснээс нь татаад эргэж харахаар нь шууд баруун гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цохисон. Тэгтэл О эгч “ахыгаа дууд” гэхээр нь би Батбаяр ах руу гap утсаараа залгаад “Та хүрээд ир, авгайг чинь хүн зодчихлоо” гэж хэлээд гар утсаа таслаад нөгөө хүнийг барьж аваад байж байтал Батбаяр ах ирээд цагдаа дуудсан... Баруун нүд нь хөхөрчихсөн зүүн гарынх нь чигчий хуруу хэсэг нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 170 дугаартай “...1.2.Э.О ийн биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 4.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Дээрх гэмтлээс зүүн дээд, доод зовхинд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),
-Иргэний нэхэмжлэгч С.Х-н “...Хохирогч Э.О нь эрүүл мэндийн даатгалын сангаас 130,515 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн 090090100900020080 дугаар данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал),
-Шүүгдэгч Н.Ц ын яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Х сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Оргих хүнсний дэлгүүрийн гадаа согтуугийн улмаас О гэх эмэгтэйн биед халдаж уюу зүүн нүд хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулж асуудал үүсгэсэн байгаа. Хохирогч О т хохирлын мөнгө төгрөг амьдралын боломжгүй учраас өгөөгүй. Хохиролгүй болгож чадаагүй байгаа... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Цаашид ахиж ийм үйлдэл гаргахгүй байх болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл, шүүгдэгч Н.Ц нь 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Х сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргих” хүнсний дэлгүүрийн гадна явж байсан хохирогч Э.О ийн биед ямар ч шалтгаангүйгээр халдаж, үснээс нь зулгааж, зүүн гар дээр нь хөлөөрөө гишгэх, нүүр, нүд, толгойн тус газруудад нь цохиж зодсон байна.
Хохирогч Э.О , шүүгдэгч Н.Ц нар бие биенээ огт танихгүй, ямар нэг хамааралгүй этгээдүүд болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Шүүгдэгч нь хүний биед хууль бусаар халдаж зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.
Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж дүгнэлээ.
1.2.Гэм буруутайд тооцох хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Н.Ц хохирогч Э.О ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Н.Ц нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Н.Ц ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Ц нь хохирогчийн үснээс зулгаах, толгой хэсэгт цохих, гар дээр нь хөлөөрөө гишгэх зэргээр зодсон идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.Ц ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
1.3.Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Э.О нь “эмнэлэгт үзүүлсэн, хувиараа эм тариа хэрэглэсэн. Энэ зардлаа баримтаа бүрдүүлэн нэхэмжилдэг гэдгийг мэдээгүй. ...Сэтгэцэд учирсан хохирол гэж байхгүй, дүгнэлт гаргуулахгүй, нэхэмжлэхгүй” гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлжээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ авч байсан болох нь хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон С.Х-н мэдүүлэг, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулсан судалгаа (хавтаст хэргийн 56-61 дүгээр тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 130,515 төгрөгийн хохирол учирчээ.
Иймд шүүгдэгчээс 130,515 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Э.О гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1.Шүүгдэгч Н.Ц ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, гэмт хэрэгт хандсан хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, урьд тус шүүхийн 2025 оны 168 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 21 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт 2 жил 21 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Ц нь инээд алдаад зогсож байсан. Өнөөдөр ч гэсэн ял сонсох гэж байж инээгээд л сууж байна. Үүнтэй холбоотойгоор миний бие мөрдөгч нарт оюуны хомсдолтой эсэхийг нь тогтоож өгнө үү гэдэг хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хохирогчийг танихгүй, 2 удаа цохисон гэдгээ ярьсан. Мөн хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. Улсын яллагчаас миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тухайн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, урьд эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 21 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 2 жил 21 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулахаар, тухайн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэгт улсын яллагчийн санал болгосон ялын 50 хувийг оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн ялтай нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж тус тусын санал, тайлбар гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлах хорих ял оногдуулах хуулийн зохицуулалтгүй, мөн урьд тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байгааг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Ц ыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 21 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.2.Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч Н.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц ыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 3 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 21 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил 21 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, 130,515 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6.Хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН