| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2022/00492/И |
| Дугаар | 143/ШШ2023/00009 |
| Огноо | 2022-12-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 143/ШШ2023/00009
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Прокурорын газар
Хариуцагч: Боржигон овогт Аяахүүгийн Түвшинбаяр
Зээлийн гэрээний үүрэгт нийт 14 063 096.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн Булган сумын Булган багийн харьяат иргэн А.Түвшинбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хэрчсэн гурил, банш, буузны үйлчилгээний чиглэлээр Хүсэлд хүрсэн амт нэртэй төсөл хэрэгжүүлэх зориулалтаар Өмнөговь аймгийн Булган сумын Сум хөгжүүлэх сангаас нэг жилийн 3 хувь /нэг сарын 0.25 хувь/-ийн хүүтэй 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг, 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан, зээл авсан байна. Зээлдэгч А.Түвшинбаяр нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, үндсэн зээлийн төлбөр, хүү, алдангийн хамт нийт 14 063 096.30 /арван дөрвөн сая жаран гурван мянга ерэн зургаан төгрөг гучин мөнгө/-ийг нөхөн төлөөгүй, төрийн болон нийтийн ашиг сонирхолд дээрх хохирлыг учруулсан байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.5, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалт, энэхүү тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-д зааснаар сумын Засаг дарга Сум хөгжүүлэх санг удирдан зохион байгуулж, хяналт тавьж, нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч буюу Улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага юм.
Сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжпэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг, мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт: Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт: Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт: Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт: Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.", 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт: Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.5 дахь хэсэгт: Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хоёр дугаар зүйлд зааснаар иргэн А.Түвшинбаяраас 14 063 096.30 /арван дөрвөн сая жаран гурван мянга ерэн зургаан төгрөг гучин мөнгө/-ийг гаргуулж, Өмнөговь аймгийн Булган сумын Сум хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт: Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт: Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжпэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл: Иргэний хэрэг үүсгэх үндэслэл, 12.1 дэх хэсэг: Шүүх дараахи үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно, 12.1 дэх хэсгийн 12.1.2-т: бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл гэж тус тус заасны дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт: Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжпэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Дээрх хууль тогтоомжид зааснаар иргэн А.Түвшинбаяр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат А.Түвшинбаяраас 14 063 096.30 /арван дөрвөн сая жаран гурван мянга ерэн зургаан төгрөг гучин мөнгө/-ийг гаргуулж, Өмнөговь аймгийн Булган сумын Сум хөгжүүлэх санд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Одоогийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 14 063 096.30 төгрөгийн үлдэгдлийг төлөөгүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоож байна гэж үзэж байна. Зээлийн үлдэгдэл төрбөрийн хэмжээг тооцож үзвэл зээлийн төлбөрт бодогдсон хүү нь 694 246 төгрөг, алданги 4 124 489 төгрөг, нийт үлдэгдэл буюу хүү алдангитайгаа нийлээд 14 603 960.30 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогддог. Энэ мөнгийг төлүүлэх хууль зүйн үндэс нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэсэн хуулийн заалтыг үндэслэл болгон нэхэмжлэл гаргасан.
Зээлдэгчийн хувьд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэх заалт мөн талуудын хооронд байгуулсан гэрээ зэргийг үндэслэж зээлсэн мөнгөө, хүү, алдангийн хамт төлөх үндэслэлтэй байна гэж хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна. Засаг даргын захирамжаар зээлдэгчдэд олгосон хөрөнгийг Сум хөгжүүлэх сангаас гаргах, мөн зарцуулалт, хөрөнгө оруулалтад хяналт тавихыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгаж, үүрэг болгосон. Эдгээр эрх бүхий албан тушаалтнуудын хувьд зээлдэгчээс тухайн зээлсэн мөнгөө хүү, алдангийн хамт төлөхийг байнга шаардаж, жил болгон тайлангаа гаргаж явуулдаг. Ийнхүү хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тооцоо хийж, үлдэгдлээ төлөхийг шаардаж мэдэгдэл өгсөн байдаг. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мэдэгдэл явуудсаар байхад зээлдэгч мөнгөө төлөхгүй байгаа нь төрд хохирол учруулсан цаашилбал хөнгөлөлттэй зээл авах, дэмжлэг авах иргэдийн нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэж үзсэн учраас төрийн байгууллагыг төлөөлж энэ нэхэмжлэлийг гаргасан.
Зээлдэгч А.Түвшинбаярын хувьд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээний талаар буюу 14 063 096.30 төгрөгтэй маргахгүй байна. Хоёр талын байгуулсан гэрээ нь талуудын тохиролцсон тохиролцоон дээр үндэслэж байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, хүү төлөх хэрвээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлөх алдангийн хэмжээ зэргийг хоорондоо ярилцаж тохиролцоод нэг тал нь нөгөө талдаа шаардлага тавих эрх үүргийг танилцуулаад гэрээ байгуулагдсан. А.Түвшинбаярын хувьд 5 500 000 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш одоогийн байдлаар үлдэгдэл мөнгийг төлөөгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьдаг. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хуульд өөрөөр заагаагүй бол 10 жилийн хугацаатай байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан. Өнөөдрийн байдлаар 10 жилийн хугацаа дуусаагүй байгааг хэлэх нь зүйтэй. А.Түвшинбаярын хувьд зээлсэн мөнгөө анхнаасаа төлөхгүй байх зорилготойгоор авсан уу? яагаад зээлээ төлж барагдуулахгүй яваад байна вэ? гэдэг асуудлыг гэмт хэргийн журмаар шалгах үндэслэлтэй юу? гээд хууль зүйн үндэслэлийг шалгаж үзсэн. Тэгэхэд зээлийн гэрээний дагуу тодорхой хугацаанд тодорхой хэмжээний мөнгийг төлөөд явж байсан учраас энэ нь анхнаасаа төлөх зорилгогүйгээр залилах зорилгоор аваагүй байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд А.Түвшинбаярөөс 14 063 096.30 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Булган сумын Сум хөгжүүлэх сангийн 100 110 255 404 тоот дансанд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэсэн тайлбарыг гаргаж байна.
А.Түвшинбаярт 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлийн үлдэгдлийн тооцоог хүү алдангаар нь тооцоод өнөөдрийн нэхэмжлэлд дурдагдсан мөнгөний хэмжээгээр та төлөх үүрэгтэй, төлөх хугацаа болсон байна гэсэн мэдэгдлийг өгсөн. Мэдэгдлийг хүлээж аваад А.Түвшинбаярын хувьд өнөөдрийн байдлаар ямар нэгэн маргаан үүсгээгүй. Төлөх төлөхгүй тухай асуудал ч яриагүй. Зөвхөн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ярьдаг. Тэгэхээр гэрээний хувьд 2 тал зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Мөнгөний хэмжээ тодорхойгүй байна, хүү алдангийг яаж тооцсон бэ? нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэсэн асуудал ярьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн төлбөр бүртгэлийн тооцоогоор хүү 694 246 төгрөг, алданги 4 124 489 төгрөг нийт нэхэмжлэх мөнгөн дүнгийн хэмжээг тодорхой заасан.
Энэ зээлийн хувьд Монгол Улсын Засгийн Газрын тусгай сангаас мөнгө нь гардаг. Хөрөнгө бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих тусгай журамтай, тусгай журмаар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл тусгайлсан журам хуулиар зохицуулдаг харилцааг гэрээ болгож, байгуулж санг бүрдүүлэх, зарцуулах ажил явдаг. Хөөн хэлэлцэх хугацаа бол ерөнхий хугацаагаар тоологддог. Энэ нь шүүхийн практик тогтчихсон. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэх энэ хугацаагаар энэ тусгай сангийн тухай хуулиар зохицуулагдсан гэрээнээс үүссэн маргаанийг шийдвэрлэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага бол туйлийн тодорхой байна. Зээлээ төлөөгүй гэдэг нь сумын эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан албан бичиг, нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдож байгаа учраас энэ төлбөрийг төлөх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Амгалангийн гаргасан зээлийн төлбөр 14 063 096.30 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. А.Түвшинбаяр нь 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Булган сумын Сум хөгжүүлэх сан-гаас 15 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээл авсан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд дээрх зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулсан байх тул дээрх зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн нэхэмжлэлийг бол хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэхээр нэгдүгээрт, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг асуудал яригддаг. Тухайн гэрээнийн хувьд бол 2014 онд гэрээ байгуулагдсан. Гэрээ байгуулагдсанаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий хугацаа гэж байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр заасан. Өмнөговь аймгийн Булган сумын Засаг дарга А.Түвшинбаяртай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрээгээр энэ нь гэрээний үүрэгтэй холбоотой гэдэг нь нотлогддог. Ингээд гэрээний үүрэгтэй холбоотой буюу зээлийн гэрээний хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнөөдрийг хүртэлх байдлаар дууссан байна гэж үзэж байна.
Тухайн зээлийн гэрээний хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар дурдсан байдаг. Энэ дээр юуны талаар ярьж байгаа вэ гэхээр шүүхэд А.Түвшинбаяраас гаргуулах ёстой 14 063 096.30 төгрөг гаргуулах ёстой гэж үзэж байгаа бол энэ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой гэж үзэж байна.
1. Тухайн 14 063 096.30 төгрөг юунаас бүрдээд байна вэ? гээд харахаар нэгдүгээрт, гэрээгээр тохирсон үндсэн зээлийн үлдэгдэл байх ёстой.
2. Хүү гуравдугаарт, нэмэгдүүлсэн хүү буюу торгууль, алданги гэдэг ийм зүйлийг ярьдаг, энэ нь тодорхой байх ёстой болов уу гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр бол энэ 3 дүн биш нэгтгээд 14 063 096.30 төгрөг гээд биччихсэн. Засаг дарга Итгэл гэж хүний 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тоцоолж бичсэн бодогдсон хүү 694 246 төгрөг, алданги 4 124 489 төгрөг гээд 2 дүн биччихсэн. Энэ нь хэдий хугацаанаас хэдний өдөр хүртэл бодогдсон хүү, хэдэн төгрөгийн хүү бодоод байгаа, хэдий хугацаанд бодоод байгаа гэдэг нь тодорхой биш. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага гаргах өдөр хүртэл хугацаа байна. Гэтэл энэ хооронд хүү бодож байгаа юу, тухайн хүү нь хэзээ зогссон, зогсоогүй юм уу гэдэг талаар энэ нэхэмжлэлийн үндсэн шаардлага тодорхой биш байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүхийн практик гэдэг зүйлийг ярьж байна. Шүүх бол хэргийг практикаар хэргийг шийддэггүй, нотлох баримтын үндсэн дээр шийддэг. Энэ хэргийн хувьд гэрээний эрх зүйтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шаардах эрхийн хугацаа тоолох гэж Иргэний хуульд заасан байдаг. Хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5 000 000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн. А.Түвшинбаяр бол зээл авсан, амьдралын шаардлагаас болоод төлж чадаагүй гэдгээ хэлдэг. Гэхдээ үүнийг төлье гэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн авсан зээлийг нь үнэн зөв бодсон уу, үндсэн зээлийн хэмжээ болон хүүг нь зөв бодсон уу, алданги гээд байгаа 4 124 489 төгрөг зөв үү, хэднээс хэдний хооронд хүү бодоод, хэднээс хэдний хооронд алданги бодоод сарын хэдэн төгрөгийн алданги, хүү бодогдоод ийм дүн гарчихаад байгаа, үндсэн зээлийн үлдэгдэл хэд вэ? гэдэг нэхэмжлэлийн үндсэн шаардлага тодорхойгүй байна.
Мөн мэдэгдэл өгч байсан гэх зүйлийг ярьдаг. Мэдэгдэлд бол тухайн хүн хүлээж авсан он, сар, өдөр байж А.Түвшинбаяр хүлээж авсан гэх, хүлээлгэж өгсөн, шаардаж байсан гэдэг нь гарч ирэх байх гэж ойлгож байна. Үүн дээр бол зөвхөн Засаг даргын орлогч гэх хүн өөрөө хэвлээд өөрөө гарын үсэг зураад тамга дарцан ийм л зүйл харагддаг. Энэ дээр А.Түвшинбаяр 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авсан уу? үгүй юу? гэх талаар баримт байдаггүй. Дараа нь төрийн ашиг сонирхлыг зөрчсөн тохиодолд Буянтэрэг гэх хүн Прокурорын байгуулагад хүсэлт тавьж, Прокуророос итгэмжлэл өгсний дагуу орж ирж байна. Хөөн хэлэлцэх хугацааны шаардах эрх үүссэнээр хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэж Иргэний хуульд заасан байдаг. Гэвч Буянтэрэг гэх хүн хэзээ томилогдоод, хэзээ шаардах эрхээ хэрэгжүүлээд байгаа тухай тайлбар байдаггүй. Тэгэхээр энэ нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй байна гэж харагдаж байна.
Мөн 2014 онд байгуулсан зжжлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр О.Цэндсүрэн гэх хүн байдаг. Нэхэмжлэгч талаас О.Цэндсүрэн гэж хэн болох, энэ хүнээс нэхэмжлэх үү, нэхэмжлэхгүй юу гэх талаар хэлсэн тодорхой зүйл байддаггүй. Мөн барьцааны гэрээ байгуулагдсан. Энэ барьцааны гэрээн дээр үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө авах уу, авахгүй юу гэх талаар тодорхой зүйл байдаггүй. Мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А.Түвшинбаярын дансаар 500 000 төгрөг төлсөн гэх тайлбартай зээлийн дансны хуулга гаргаж өгсөн боловч энэ нь ямар банкан дээрх, ямар байгууллагын ямар нэртэй, ямар данс гэдэг нь тодорхойгүй зөвхөн компьютер дээрх зүйлээ хэвлээд өгчихсөн юм уу?. Энэ бол нотлох баримтын шаардлага хангадаггүй. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн үндсэн дүн, үлдэгдлийг тооцоход мөн нэхэмжлэлийн хүү алдангийг тооцоход нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд шаардлага хангахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна.
Мөн нэхэмжлэгч тал Өмнөговь аймгийн Булган сумын Засаг даргын хүсэлтийн дагуу орж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлөгчөөс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлно гэж заасан байдаг. Энэ дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна гэдгийг Өмнөговь аймгийн Булган сумын Засаг даргаас олгосон хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Прокурорын газар итгэмжлэлийг олгохдоо Өмнөговь аймгийн Ахлах прокурор А.Амгаланд ямар эрх үүргийг эдлэх, нэхэмжлэл гаргах юм уу, зэрэг нэхэмжлэгчийн эдлэх эрх үүргийг тодорхой зааж өгөөгүй байгаа учраас нэхэмжлэгчийн эрх зүйн байдал давхар тодорхойгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 120218 дугаартай Өмнөговь аймгийн Булган сумын засаг даргийн албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1/ 736 дугаартай итгэмжлэл, Булган сумын Булга багийн Засаг даргын тодорхойлолт, Засаг даргын орлогч И.Итгэлийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудас, Улсын бүртгэлийн хэлтэсийн оршин суугаа хаягийн лавлагаа, Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоол, Өмнөговь аймгийн Булган сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн захирамж, Сум хөгжүүлэх сангаас олгох 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар, хариуцагчийн зээлийн эргэн төлөлт, хариуцагчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн банкны дансны хуулга, хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банкны дансны хуулга, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа,
Хариуцагчаас: 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А.Мөнхтуяад олгосон итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Прокурорын газар нь хариуцагч А.Түвшинбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 063 096.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, шаардлагын үндэслэлээ А.Түвшинбаяр нь 3 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан, зээл авсан боловч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. Иймээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлөх үндэслэлтэй хэмээн тайлбарладаг.
3. Хариуцагч А.Түвшинбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг ...Булган сумын Сум хөгжүүлэх сан-гаас 15 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээл авсан ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд дээрх зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулсан байх тул дээрх зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн мэдэгдэх хуудас, Өмнөговь аймгийн Булган сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн захирамж, Сум хөгжүүлэх сангаас олгох 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн барьцааны гэрээний хуулбар, хариуцагчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Төрийн банкны дансны хуулга, хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хаан банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заажээ.
Булган сумын Сум хөгжүүлэх сан нь иргэний эрх зүйн харилцаанд зээлийн гэрээний нэг тал болж улмаар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч тал зээлийн хугацаа дуусах өдрийг хүртэл хүү 694 246 төгрөг, алданги 4 124 489 төгрөг нийт 16 043 096.30 төгрөгийг шаардаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил, төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Зээлдэгч буюу Өмнөговь аймгийн Булган сумын Сум хөгжүүлэх санг төлөөлж жижиг дунд үйлдвэрийн зээлийн зөвлөлийн дарга Б.Адъяабаатар, зээлийн эдийн засаг С.Оюунцэцэг нар нь тодорхой мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч А.Түвшинбаяр нь зээлийн үндсэн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгахаар, төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээр тохиролцсон байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Булган сумын Сум хөгжүүлэх сан болон А.Түвшинбаяр нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт 16 043 096.30 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ талаар талууд маргаагүй.
Зээлийн гэрээний 3 жилийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссан ба энэ өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоологдож, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Гэвч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ...эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу дээр дурдсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэл тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дансны хуулгын баримтаар хариуцагч А.Түвшинбаяр нь хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Төрийн банкны 21030000864 тоот данснаас ӨМ БУЛГАН ТҮВШИНБАЯР-С КВ77071237-гэсэн гүйлгээний утга бүхий гүйлгээ хийгдэж 5 000 000 төгрөг төлөгдсөн болох нь тогтоогдож байна.
Мөн сумын Засаг даргын орлогч И.Итгэлийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэл хүргүүлснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дахин шинээр эхлэн тоолох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч нь А.Түвшинбаяраас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4 дэх хэсэгт энэхүү гэрээний 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 10 хувийн торгууль төлнө гэж заажээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч талаас алданги 4 124 489 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул алданги 4 124 489 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Түвшинбаяраас зээлийн гэрээний үүрэгт нийт 9 938 607 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Булган сумын сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэгчээс илүү нэхэмжилсэн 4 124 348.40 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Түвшинбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 173 967 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН