Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/100

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга ..........., улсын яллагч ........, шүүгдэгч ........ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......... холбогдох 2........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...........оны 07 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн ......... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн .......... сумын ........ багт оршин суух хаягтай,

Урьд: Завхан аймаг дахь ........ анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан “бүлэглэж, машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 -д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч ...........г 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-д заасныг журамлан хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, ...........овогт ......... /..........

Шүүгдэгч ........... нь согтуурсан үедээ буюу 2025 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 23 цаг 50 минутын орчимд Завхан аймгийн ......... сумын ...........багт үйл ажиллагаа явуулдаг ........... ард талд өсвөр насны ............тай үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүний толгойд ташуураараа цохисон, зүүн талын шанаанд гараараа нэг удаа цохисон, үснээс нь татаж тонгойлгоод хамарт нь нэг удаа өшиглөсөн үйлдлийн улмаас өсвөр насны хохирогч .............ы эрүүл мэндэд хамарт зулгаралт зөөлөн эдийн няцрал, хамрын хянга ясны хугарал гэмтлүүд бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ..........т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...........“шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал, хохирол төлбөр байхгүй” гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч .........2025 оны 07 дугаар сарын 29-ний шөнө 23 цаг 50 минутын  орчимд согтуурсан үедээ Завхан аймгийн ...... сумын ........ багт үйл ажиллагаа явуулдаг........ ард ............тай үл ялих зүйлээс маргалдаж улмаар түүний толгой тус газар ташуураараа цохисон, зүүн талын шанаа хэсэгт гараараа цохисон, үсдэж тонгойлгоод хамар хэсэгт нь өшиглөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Шүүгдэгч ......... зодуулснаа шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч .........ы “...орой 23 цаг 30 минутын үед би найз ...........ийн хамт ........ сумын ........ багийн нутаг........ хүнсний дэлгүүрийн урд талд явж байсан чинь хоёр морьтой хүн урдуур өнгөрөхөөр нь юу юм болоо гээд харсан чинь нэг залуу нь чи яаж хараад байгаа гэж надаас асуухаар нь би урдаас яасан бэ ахаа гэсэн чинь ямар том дуутай шувуу вэ гэж хэлээд морьтойгоо намайг хөөхөөр нь би айж зугтаад та байж бай, би ахыгаа дуудна гэсэн чинь бүх ах нараа дууд би мориор дайрч ална гэж орилж байгаад бууж ирээд миний толгой нуруу барьж явж байсан ташуураараа нэг удаа цохихоор нь би айгаад ....... ахын зүг рүү гүйсэн чинь араас хоёулаа морьтойгоо давхиж ирээд цуг явж байсан хүндээ морио өгчхөөд намайг хашааны булан руу шахсан чинь манай төрсөн ах ......... тэр залууг очоод бариад авахаар нь би наанаас нь очсон чинь тэр ах миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохиод авахаар нь би зөрүүлээд тэр хүний шанаа хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод намайг үсдэж тонгойлгоод хамар хэсэг рүү нэг удаа гутлаараа өшиглөөд, нуруу хэсэг рүү 5-6 удаа гараараа цохиод байсан. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирээд тэр хүмүүсийг аваад явсан. ...Тухайн хоёр хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, их согтуу байсан. ...хамар хугарч, нүд бага зэрэг хөхөрсөн байсан. ...Надад уг асуудалтай холбоотой мөнгөний ямар нэгэн хохирол учраагүй, бие гайгүй, надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар  мэдүүлсэн гэрч .......ы  “...би найз . хамт морь...........той .......хүнсний дэлгүүрийн тэнд явж байгаад манай найз .......тэнд явж байсан хоёр хүүхдээс гал байна уу гэж асуусан чинь гал байхгүй гэхээр нь тамхи татаад явж байж яахаараа гал байдаггүй юм гэж хэлсэн чинь тэнд явж байсан нэг залуу нь ......... урдаас жаахан томроод байхаар нь ......... наанаас нь очсон чинь тэнд байсан нэг залуу нь мориноосоо буугаад ир зодолдъё гээд байхаар нь ..........мориноос буугаад надад морио өгчхөөд 3 давхар захын тийшээ явсан. Тэгээд би хэсэг байж байгаад араас нь яваад очсон чинь нэг залуу ...........йн араас нь тэвэрчихсэн нэг залуу нь урдаас нь нэг удаа цохиод авахаар нь би юу болж байна гээд орилсон чинь нөгөө залуучууд цаашаа зугтаагаад явчихсан. Тэгээд бид хоёр мориндоо мордоод явж байсан чинь цагдаа нар хүрч ирээд бид хоёрыг аваад явсан...”  гэсэн мэдүүлгээр, согтуурал шалгасан “...2025 оны 07 дугаар сарын 29-ний шөнийн 23 цаг 35 минутад ........... нь 2.19% согтолттой байсан...” гэсэн  хэсгээр, гэрэл зургийн үзүүлэлтээр бусад бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ...... үйлдлийн улмаас хохирогч Г........ы  биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох  нь  2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ......... дугаартай шинжээчийн “...1.Хохирогч . биед гэмтэл у.......чирсан байна. Хохирогч Г............. биед хамарт зулгаралт зөөлөн эдийн няцрал, хамрын хянга ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Хохирогч ........ биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Хохирогч .......... биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч ......... нь хохирогч .......... Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.

Иймд  шүүгдэгч .........Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч ...........нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн  бөгөөд түүнд  гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ...........нь гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч .........., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........... “...хохирлоо нөхөн төлсөн, гомдол саналгүй болно...” гэсэн хүсэлт болон төлбөр төлсөн  баримтаар тогтоогдсон  тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                     2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч ........... холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч ...........нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ............ нь прокурорын санал болгож сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байна.

Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .............. 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ...........г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч .............авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ........... нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......... овогт .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..........  600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ............. оногдуулсан 600  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ............  оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000   төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгж /15,000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч ...........өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч .......... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДЭЛГЭРМАА