Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 2539000000209 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ Хэнтий аймгийн Х  сумын 2 дугаар баг Б  27-09 тоотод  2025 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө О.Н өмөөрлөө гэх шалтгаанаар Э.Б зэс аягаар чулуудсаны улмаас түүний биед духанд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000000209 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж байр суурийг илэрхийлсэн болно.

Шүүгдэгч: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус мэдүүлжээ.

 

Нэг.Хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1.Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт.

Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ Хэнтий аймгийн Х  сумын 2 дугаар баг Б  27-09 тоотод  2025 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө О.Н өмөөрлөө гэх шалтгаанаар Э.Б зэс аягаар чулуудсаны улмаас түүний биед духанд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Э.Б-ийн “...би 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байтал М  гэх залуу манайд ирээд манайд байсан Н  гэх эмэгтэйтэй бид гурав байж байтал М  нь Н  руу дайраад байх шиг байсан. М  гэх залуу нь анх манай гэрт ирэхдээ архи уучихсан нэлээн халамцуу ирсэн юм. Н  гэх эмэгтэй манайд унтаж байсан, эрүүл архи уугаагүй байсан. Би мөн өмнөх өдөр нь архи уусан байгаад 05 сарын 31-ний өдөр архи гараад эрүүл болчихсон байсан. Н  нь М  эр эмийн харилцаатай /явалддаг/ байсан учир Н ыг манайд байхад нь араас нь ирсэн юм шиг байгаа юм. М  гэх хүн нь Н  гэх эмэгтэй рүү дайрах гээд байхаар нь би өмөөрөөд хэрэлдэж байтал манай гэрийн ширээн дээр байсан зэс аягийг барьж аваад над руу шидсэн. Тухайн шидсэн аяга нь миний зүүн нүдний дээр оноод ураад хаячихсан. Тэгээд  цагдаа ирээд эмнэлэг авч яваад 3 оёдол шарх дээрээ тавиулсан... Миний биед М  гэх залуу нь аяга шидэх мөн 2-3 удаа нүүрний зүүн талын хэсэгт цохисон. Аль гараараа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Энэ халдлагын улмаас зүүн нүдний дээд дух хэсэгт 3 оёдол тавиулсан... Сэтгэцэд учирсан хор уршиг гэх зүйлийг тогтоолгохгүй... Би М д зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

-Гэрч О.Н ын “...Би ер нь Б-ийн гэрт 2 сар орчим амьдарч байгаа бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бид хоёр Б  27-09 тоот гэртээ байж байтал 20 цагийн орчимд Б-ийн орж гараад явдаг М  гэх хүн ирээд бид гурав дэлгүүрээс 1 шил Монгол стандарт гэх нэртэй 0.75 литрийн архи аваад гурвуулаа хувааж ууцгааж дуусахад 22 цаг орчим болж байсан. Архиа ууж дуусаад бид гурав унтах гээд Б гэрийн хойд орон дээгүүрээ би М тай хамт гэрийн баруун талаар газраар ороо засаад хэвтэж байтал М  намайг нэг шал танихгүй хүнтэй хардаад уурлаад цээж хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохисон чинь Б яаж байгаа юм бэ гээд намайг өмөөрөөд орон дээрээсээ босож ирэхэд М  бас босоод бид хоёрын хэрүүл чамд хамаагүй чи унтаж бай гэж хэлэхэд Б яагаад байгаа юм бэ гээд л байсан би ч цаашаа хараад хэвтэж байсан юм. Тэгтэл Б яая гээд чанга дуугарахаар нь эргэж хараад босоод ирсэн чинь Б-ийн зүүн хөмсөгний дээд талаас цус урсаад байхаар нь би нойлын цаасаар цусыг арчиж тогтоосон юм. Би Бат-Эрдэнээс яав ийв гээд асуусан чинь М  аягаар чулуудчихлаа гэж хэлсэн. Гэрийн зүүн хойд талд байсан ширээн дээр аяганууд байсан юм. Нээх маргалдаагүй мөртөө аягаар чулуудчихсан юм. М  бид хоёр 2025 оны 02 дугаар сараас дотно харилцаатай болсон хүмүүс юм. Тэгээд Б-ийн гэрт тухайн өдөр хамт хонох хугацаанд уг асуудал болсон юм. Тухайн гэрт бид гурав байсан юм. Тэгээд М  Б хоёр эвлэрээд хөмсөгний дээд талаас гарсан цусаа тогтоогоод унтацгаасан юм. Харин маргааш нь Б цагдаа ороод гомдол гаргасан юм... М  нь Б-г нэг удаа Б-ийн өөрийн зэс аягаар чулуудсанаас өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Тэр зэс аяга нь одоо гэрт байгаа байх...миний биед ямар нэгэн гэмтэл үүсээгүй хохирлын зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-19 дүгээр тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Намуунтөгсийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 385 дугаартай “...1.Э.Б-ийн биед духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

-Шүүгдэгч Б.М-ын яллагдагчаар өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргээ хурдан шуурхай шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар тал) зэрэг баримтууд болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл, шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ Хэнтий аймгийн Х  сумын 2 дугаар баг Б  27-09 тоотод  2025 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө О.Н өмөөрлөө гэх шалтгаанаар Э.Б зэс аягаар чулуудсаны улмаас түүний биед духанд язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Шүүгдэгч нь хүний биед хууль бусаар халдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд духанд язарсан шарх бүхий гэмтэл учирчээ.

Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж дүгнэлээ.

 

1.2.Гэм буруутайд тооцох хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.М хохирогч Э.Б-ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед духанд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.М-г гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М нь хохирогч руу аяга чулуудах идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд духанд язарсан шарх бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

1.3.Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Э.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1.Шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, гэмт хэрэгт хандсан хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, урьд тус шүүхийн 2025 оны 167 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг заасныг журамлан тус тусад нь эдлүүлэх саналтай байна” гэх санал, тайлбар гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

 

Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-г 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Тэрээр урьд тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.2.Бусад шийдвэрийн талаар:

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 500 (таван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй болохыг дурдаж, гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршгийн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН