Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/230

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, шүүгдэгч О.Т , түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Т холбогдох эрүүгийн 2539004080195 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Т  нь 2024 оны 5 дугаар сарын дунд үед Хэнтий аймгийн Ө  сумын 3 дугаар багийн нутаг Б  гэх газраас Даюун загварын мотоцикл буюу машин механизм ашиглан 1 тооны хонь хулгайлж, хохирогч Л.Н-д 260,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539004080195 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: “Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, шүүгдэгч О.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “О.Т  нь 1 тооны хонь буюу бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт яллагдаж байгаа. Хэргийн зүйлчлэл болон үйл баримт дээр маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байгаа тул судлуулах нотлох баримт байхгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр сууриа илэрхийлжээ.

Шүүгдэгч О.Т  шүүхэд хандаж мэдүүлэг өгөөгүй болно.

 

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Т  нь 2024 оны 5 дугаар сарын дунд үед Хэнтий аймгийн Ө  сумын 3 дугаар багийн нутаг Б  гэх газраас Даюун загварын мотоцикл буюу машин механизм ашиглан 1 тооны хонийг хулгайлж, хохирогч Л.Н-д 260,000 төгрөгийн хохирол учруулсан буюу машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан болох нь:

-Хохирогч Л.Н-н  “...Би Хэнтий аймаг Ө  сумын 3 дугаар багт оршин суудаг. Миний цагдаагийн байгууллагад хандах болсон шалтгаан бол 2024 оны 5 дугаар сарын дундуур яг өдрийг нь сайн мэдэхгүй байна. Тус сумын 3-р баг Б  гэх газар зусаж байх үед манай мал бэлчээртээ байхад мотоциклтой хүн манай хониноос нэг хонь хөөж байгаад шүүрээд аваад явахыг хараад би тэр мотоциклтой хүний араас явсаар байгаад сумын төвд Хангалын 1419 тоотод араас нь иртэл манай сумын зүс таних Т гэх залуу өөрийнхөө гэртээ манай шар халзан зүсмийн шүдлэн буюу 3 настай эр хонийг ажиллаад сууж байхад нь ирсэн юм. Тэгээд би Т-ийг яагаад хонь хулгайлаад ажиллаж байгаа юм гэж хэлэхэд Т надтай юу ч дуугараагүй. Тэгээд би Т-гийн  ажиллаж байсан хонины махыг аваад явсан... Тухайн үед би мал дээрээ ганцаараа байсан. Т-гийн  араас нь очиход Т бас ганцаараа байсан... Би араас нь гэрийнх нь гадаа ирэхэд шар өнгийн Даюун маркийн мотоцикл зогсож байсан. Бодвол тэр мотоциклтой явж байсан байх... Үнэлгээ хийлгэнэ... Би сэтгэл санаагаар хохирсон зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгаа тогтоолгохгүй... Гомдол санал гэвэл нэг нэгнийгээ зүс таних хүмүүс байж хэлээд авч явахгүй хулгайгаар аваад явсанд гомдолтой байна. Тэрнээс бол хонио буцааж авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дугаар тал),

 

-Шинжээч Б.Бат-Энхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/37 дугаартай “...1 тооны шүдлэн эр хонины зах зээлийн үнэлгээг 260,000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

 

-Шинжээч Б.Бат-Энхийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 01/37 дугаартай “...Даюун маркийн мотоциклийн зах зээлийн үнэлгээг 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

 

-Шүүгдэгч О.Т ийн яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 5 сард өөрийн эзэмшлийн Даюун маркийн шар өнгийн, улсын дугааргүй мотоциклоороо адуундаа явж байсан. Тухайн үед төв орох гээд бензиний мөнгөгүй байсан тул Цагаандавааны тэр хавьд замд бэлчиж байгаа хэсэг хонь байхаар нь тэднээс нэгийг нь аваад нядлаад заръя гэж бодоод бэлчиж байсан хонин дундаас 1 тооны шар халзан зүсмийн эр хонийг шүүрээд мотоциклынхоо урд хэсэгт банкин дээрээ дүүрээд авч яваад сүүлд холбоотой байсан эмэгтэй О  ээж О  хашаанд очоод нядалсан. Нядлаад дууссаны дараа А гэх залуу ирээд ах нь хонио аваад явлаа гээд гулууз махыг нь авч яваад миний дүү хохирлоо барагдуулаарай гэсэн. Би маргааш өдөр нь өөрийн эзэмшлийн малаас 1 тооны хар халзан зүсмийн шүдлэн хонийг Н өгсөн. Би хохироосон хүмүүсээсээ уучлалт гуйсан тэд гомдолгүй гэсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хуулийн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй...” мэдүүлэг  (хавтаст хэргийн 46-47 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “машин механизм ашиглаж” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт ”Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж тодорхойлсон бөгөөд 1 тооны хонь нь “бусдын мал” болно.

Шүүгдэгч О.Т  нь 2024 оны 5 дугаар сарын дунд үед Хэнтий аймгийн Ө  сумын 3 дугаар багийн нутаг Б  гэх газраас Даюун загварын мотоцикл буюу машин механизм ашиглан 1 тооны хонь буюу бусдын малыг хулгайлж, хохирогч Л.Н-д 260,000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн “машин механизм ашиглан хулгайлж” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч О.Т  нь хохирогч Л.Н-н  1 тооны хонийг бусдын өмчлөлийн мал гэдгийг мэдсээр байж Хэнтий аймгийн Ө  сумын 3 дугаар багийн нутаг Б  гэх газраас Даюун загварын мотоцикл буюу машин механизм ашиглан хулгайлж өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжийг бүрдүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч О.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын малыг машин механизм ашиглан хулгайлсан гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь зөв, тохирчээ.

“Машин механизм ашиглаж” бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхээр урьдчилан бэлтгэж ашигласан байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч нь машин механизм ашиглаж мал хулгайлсан болох нь хохирогчийн мэдүүлгээр бүрэн дүүрэн нотлогдсон болно.

Иймд шүүгдэгч О.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бусдын малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Хохирогч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...хонио буцааж авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дугаар тал) байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч О.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас “шүүгдэгч О.Т ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хохирогчийн малыг буцааж өгсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан "Даюун” загварын мотоциклыг улсын орлого болгуулах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч О.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцсон тул ялын бодлогын талаар дүгнэлт хэлнэ. Хувийн байдлыг хувьд бага насны хүүхэдтэй ар гэрийн хувьд тааруу амьдралтай. Хохирол төлбөр барагдуулсан зэргийг харгалзан үзээд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан.

Шүүгдэгч О.Т  нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, бусдад төлөх хохирол, хор уршиггүй, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Т т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.Т  нь хохирогч Л.Н-н  1 тооны хонийг хулгайлах үедээ улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл ашигласан байдаг.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт О.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч О.Т ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

 

7.Тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон тул эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 08 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН