Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э-д холбогдох эрүүгийн 2539000670215 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Э нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Х  сумын 4 дүгээр баг Э  8 айлын орон сууцны ойролцоо Б.Б-ын нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2539000670215 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Н.Амгалан: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэжээ.

Шүүгдэгч Х.Э : “Би өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно. Би тухайн хэрэгт өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа. Би аргагүй хамгаалалт хэрэглэсэн. Хяналтын камерийн бичлэгт энэ нь тодорхой харагдаж байгаа. Байрны дотор хоорондоо муудалцсан өөр зүйл болоогүй, зодолдоогүй, харин байрны гадна гараад над руу дайрч давшилсан” гэх мэдүүлгийг гаргасан болно.

 

Нэг.Хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлийн талаар:

1.1.Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт

Шүүгдэгч Х.Э нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Х  сумын 4 дүгээр баг Э  8 айлын орон сууцны ойролцоо Б.Б-ын нүүрэн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож биед нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Б.Б-ын “...Би 2024 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад Э  8 айлд заслын ажил дээрээ ирсэн. Тэгээд ажлаа хийж байхад үдээс хойш 17 цагийн орчимд Э  ах 1 шил 750 граммын Экс нэртэй архитай ирсэн. Тэгээд Э , Д , бид 4 хувааж уугаад дуусаж байхад Д  гараад хоёр шил 750 граммын архи авч ирсэн. Тэгээд тэрийгээ бид 4 хувааж ууж байхад Ө гаднаас 1 шил 750 граммын архитай 18 цагийн орчимд ирсэн. Тэгээд би нэлээн больчихсон байсан, бөөнөөрөө юм ярьж сууж байхад Э  ах намайг үгээр өдөөд байсан. Тэгээд л тасарсан. Тэгээд орой 22 цагийн орчимд яаж гэртээ харьсан гэдгээ санахгүй байна. Тэгээд нэг сэрэхэд гэртээ ирсэн байсан, миний зүүн талын нүд нээгдэхгүй хамраас цус гарсан, хамар мурийсан байдалтай сэрсэн. Тэгээд манай гэрийнхэн цагдаад дуудлага өгөөд эмнэлэг авч яваад үзүүлэхэд миний хамар хугарсан байна гэж эмч хэлсэн... Т , Э , Ө , Э , Д , бид 6 байсан өөр хүн байгаагүй... Би сайн санахгүй байна... Нэлээн согтуу байсан. Гэхдээ Ө Т  хоёр эрүүл архи уугаагүй байсан... Би тухайн үедээ гэртээ ирсний дараа манай ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Намайг цохисон хүнийг олоод миний хохирлыг барагдуулах юм бол нээх гомдоллоод байх юм алга. ...Би тэр талаар ерөөсөө санахгүй байгаа бөгөөд сүүлд камерын бичлэг дээрээс өөрийгөө Э  гэх хүнд цохиулж өшиглүүлж байхыг харсан. Тэрнээс бол тухайн үед болсон асуудлуудыг санахгүй байгаа. ...Би эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал гаргуулаагүй... Би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар хоолойн тасагт хэрэг болсон өдрөөс хойш 2-3 хоногийн дараа хамраа тэгшлүүлэх чигжээсийг 100,000 төгрөгөөр хийлгээд дараа нь эм тариа, хамрын цацлага зэргийг худалдан авч ойролцоогоор 100,000 төгрөг зарцуулсан. Хамрын эмчилгээний зардлыг би өөрөө гаргасан... Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй... Э оос хамраа янзлуулах төлбөрийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13, 16-17 дугаар тал),

-Гэрч Ш.Э-ын “...Манай нөхөр болох Б  2024 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн үед Д , Т , Э  нарын хамт Х  сум 4 дүгээр багт айлын байрны засвар хийхээр явсан юм. Тэгээд орой 20 цагийн үед би гэртээ байхад манай нөхөр болох Б  нь зүүн шанаа хэсэг нь хавдчихсан, хамраас нь цус гарсан, хамар нь мурийчихсан, хувцас нь цус болчихсон, Э  ахтай цуг орж ирсэн. Тэгээд би Э  ахаас “хэн ийм болгочихоо вэ” гэж асуусан чинь “ах нь мэдэхгүй” гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр нэлээн согтуу гэртээ орж ирээд гэртээ харья гээд хашхираад байсан юм. Тэгээд би Э  ахыг манай хоёр хүүхдийг харж байгаарай гээд засвар хийж байсан байр руу нь очсон чинь манай нөхрийн найз Т  ганцаараа сууж байхаар нь юу болсон талаар нь асуусан чинь “Э , Д , Э  нар архи уугаад хоорондоо маргалдаад байх шиг байсан, би сайн хараагүй” гэж хэлсэн юм. Тэгээд би цуг архи уусан гэх найз Д ийн гэрт нь очсон чинь Д  ах буюу Д  нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй байж байхаар нь би тэр хоёрыг гэр рүүгээ аваад явсан юм. Тэгээд гэртээ очоод чи найзыгаа хардаа хэн ийм болгосон гэсэн чинь би мэдэхгүй байна гэсэн... Манай нөхөр нэлээн согтуу байсан өөрөөс нь асуухаар 19 цаг өнгөрч байхыг л санаж байна өөр юу ч санахгүй байна гэж хэлсэн юм... Нүүр нь хавдчихсан, хамар нь мурийчихсан, зүүн нүдэндээ цохиулсан байдалтай ирсэн. Мөн хувцасны урд тал нь цус болчихсон хоёр гарынх нь тохой хэсэг улайж зулгарч хавдсан байдалтай гэртээ орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар тал),

-Гэрч Б.Т ийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э  ах, найз Б , Д  нарын хамт Х  сум 4 дүгээр баг Э  8 айлд засварын ажил хийж байсан юм. Тэгээд орой 21 цагийн орчимд манай найз Д  хуучин онцгой байдлын газарт цуг ажиллаж байсан Э  гэх ахтайгаа утсаар ярьсан чинь удалгүй Э  гэх ах 750 граммын нэг шил архитай орж ирээд мэндлээд гар барихдаа намайг яасан зэвүүн харцтай залуу вэ гэхээр нь би архи уух сонирхол төрөөгүй юм. Тухайн авчирсан архийг засвар хийж байсан байрандаа Э  ах, найз Д , Б , Э  гэх ах нар дөрвүүлээ хувааж уухад нь би цаад талын жижиг өрөөнд ороод утсаа оролдоод байж байхад тэр хэд юм яриад сууцгааж байгаад Д  гарч яваад 10 минут орчим болоод орж ирэхдээ нэг шил 750 граммын архи бариад орж ирж байсан. Тэгтэл Э  гэх ахын ажлын газрын нэг дүү гэсэн залуу нэг шил 750 граммын архитай ирсэн. Тэгээд тэр архиа ууж байхдаа маргалдаад байхад нь би жижиг өрөөнөөс гараад ирэхэд Д  Б ыг тэврээд буланд шахаад зогсож байсан. Харин Э  гэх ах хажуу талд нь Б той хэрэлдээд зогсож байсан. Тэгээд би Д , Б  хоёрыг хоорондоо маргалдаад байна гэж бодоод би Д ийг арагш татахад намайг жийхэд Б  намайг ардаас ирээд цохихоор нь би уурлаад тэр чигээр нь орхиод би өрөө рүү орсон. Өрөө рүү ороход Э  ах тасраад сэрсэн. Тэгээд түжигнээд юм чулуудалцаад байх шиг байхаар юу болоод байгаа юм гээд тэр хэд рүү Э  ах очоод Д тэй хамт Б ыг чирээд өрөөнд оруулж ирэхэд Э  ажлынхаа дүүтэй гараад явсан хойно Б  юм дуугарахгүй писда гээд юм өшиглөөд байсан Тэгэхээр нь Э  ах гэрт нь хүргэж өгий гээд Д тэй Б ыг аваад гарсан тэрнээс хойш юу болсныг нь би мэдэхгүй байна... Тухайн үед Б , Э , Э , Д  нар нь нийт гурван шил 0,75 литрийн архи тэр дөрөв хувааж уусан юм. Тэр дөрөв нэлээн согтсон шинжтэй байсан. Тухайн үед Э  Б  хоёр хоорондоо маргалдаад байх шиг байсан харин юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй...Би тухайн үед жижиг өрөөнд утсаа оролдоод сууж байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...Тухайн үед Э  Б  хоёр дотор ууж байхдаа муудалцаад байх шиг байсан. Харин Э  Б ыг цохисныг би хараагүй..., Тухайн үед мэдүүлэг өгөхдөө 2024 оны 12 дугаар сарын 15-ны орой болсон асуудлыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны орой болсон гэж андуурч хэлсэн байна юм... Намайг сэрүүн байх хугацаанд бол Б ын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би тэр хэдтэй цуг гадаа гараагүй болохоор гадаа юу болсныг сайн мэдэхгүй байна. Тэр гарсан хэдээс Э  буцаж орж ирж куртикээ өмсөөд гараад явсан. Дараа нь би цагдаагийн байгууллага дээр ирж мэдүүлэг өгөхдөө Б ын царайг харахад нүд нь хөхөрсөн, хамар нь мурийчихсан эвгүй харагдаж байсан. Тэгээд би Б ыг зодуулсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-2,1, 36-37 дугаар тал),

-Гэрч Б.Д ийн “...Би 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э  ах, найз Б , Т  нарын хамт Х  сум 4 дүгээр баг Э  8 айлд засварын ажил хийж байсан юм. Тухайн үед надад мөнгө хэрэг болоод урд нь хамт ажиллаж байсан Э  ах руу мөнгө асуух гэж залгасан чинь чи манай найз Э тай цэг ажиллаж байгаа гэл үү манай ангийн залуу ш дээ гээд ярилцаж байгаад Э  ах, ах нь ганц шил архи аваад очих уу гэхээр нь Э  ахтай цэг зогсож байгаад бид хоёр тэг тэг гэсэн юм. Тэгээд үдийн дараа 17 цагийн үед Э  ах эргэж над руу залгаад хаягийг маань асуугаад таксигаар ирсэн юм. Тэгээд Э  ах, Э  ах, Б  Э  ахын авчирсан 0,75 литрийн Экс архийг хувааж уусан юм. Тухайн үед Т  би уухгүй гээд нөгөө өрөө рүү орсон юм. Тухайн үед ууж байхдаа би Э  ахыг хоёр найз болох Б  Т  хоёртой танилцуулсан чинь Э  ах Б ыг яасан муухай харцтай хүүхэд вэ гэж хэлсэн юм. Э  ах миний дан сруу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 70,000 төгрөг хийж би хоёр удаа дэлгүүр орж хоёр шил 0,75 литрийн Экс нэртэй архи ундаатай авчирч уусан юм. Нэлээн согтсон байсан харин Э  ах Б  хоёр ажил яриад байх шиг байсан харин Э  ах хоёр дахь шил архиа ууж дуусаад унтаад өгсөн юм. Тэгээд ерөнхийдөө би Тэгээд гурав дахь шил архиа би дөнгөж тойруулаад байж байтал надтай урд нь хамт ажиллаж байсан Өсөхбаяр Э  ахад нэг шил архи авчирч өгсөн юм. Тухайн үед Ө-г  орж ирэхээр нь би миний дүү энэ архийг тойруулчхаач гэж хэлсэн чинь манай найз Б  чи эхэлсэн бол дуусга гэж хэлэхээр би хоёр гурав тойруулж байгаад Ө-т  тойруулж байсан архиа өгөөд Б  бид хоёр нойл орж бие засаад эргээд орж ирсэн юм. Тэгээд тэрнээс хойш би юу ч санахгүй байна... Тухайн үед Б , Э , Э  ах бид дөрөв гурван шил 0.75 литрийн архи хувааж уусан юм. Тэгээд би нэг сэргэсэн чинь гэртээ сэргэсэн юм... Б  бид хоёр 3 дугаар ангиасаа хойш найзалж байгаа юм. Би цохиж зодсон зүйл байхгүй. Намайг гэртээ сэргэхэд Б ын эхнэр болох Энхжаргал манайд ирчихсэн чи найзыгаа зодуулчихсан байна ш дээ гэсэн юм. Тэгээд би Б ын гэр рүү төрсөн ах Д тай очсон чинь хамраа цохиулсан байдалтай нүд нь хавдчихсан байсан... Тухайн үед хаана хэзээ зодоон болсныг би ерөөсөө санахгүй байна. Би тэр үед тасарчихсан байна лээ... Би Б ыг зодож цохисон зүйл байхгүй. ...Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө 2024 оны 12 дугаар сарын 15-ны орой болсон асуудлыг 2024 оны 12 дугаар сарын 16-ны орой болсон гэж андуурч хэлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25, 40-41 дүгээр тал),

-Гэрч Э.Э гийн “...Би 2024 оны 12 дугаар сарын дундуур байх гэж санаж байна. Хэнтий аймаг Х  сум 4 дүгээр багт байх Э  8 айлын орон сууцанд байх айлд туслах 3 дүүгийн хамт 4-үүлээ засвар хийж байсан. Тэгээд манай найз болох Э  бид нар дээр 0.75 литрийн Экс нэртэй 1 шил архи авч ирсэн. Тэгээд Э ын авч ирсэн архийг Т  уугаагүй. Би болон Э , Д , Б  нар ууцгаасан. Э ын авч ирсэн архи дуусахаар нь дэлгүүр рүү Д , Б  нар архи авахаар явсан. Тэгээд дэлгүүрээс 0.75 литрийн Экс нэртэй 1 шил авчирсан. Дэлгүүрээс авч ирсэн гэх архийг талд нь оруулаад тасраад суудал дээрээ унтсан байсан. Тэгээд унтаж байгаад сэртэл Б  Э  руу гагнуурын аппарат, тоосго зэргийг шидсэн. Баярболдын шидсэн гагнуурын аппарат, тоосго зэрэг нь Э ыг оноогүй. Тэгэхээр нь би босож очоод Б ыг болиулаад Э ыг одоо яв гээд гэрээс гаргасан. Тэгээд Б ыг дийлэлгүй Э ын араас Б той хамт гарсан. Гадаа гарахад хүйтэн байсан болохоор би гадуур хувцсаа өмсөхөөр гэр рүү буцаад орсон. Тэгээд гадуур хувцсаа өмсөөд буцаад гараад иртэл Б ын хамраас цус гарсан байсан. Тэхээр нь Б  дээр очоод юу болсон талаар асуухад “Э  миний хамар руу цохисон” гэж хэлсэн. Тэгээд Б ын хамраас цус гараад байсан болохоор Б ыг эмнэлэг рүү авч явсан. Эмнэлгийн гадаа очиход Б  би орж үзүүлэхгүй гэр рүүгээ явна гэхээр нь Б ыг гэр рүү нь хүргэж өгөөд би өөрөө гэртээ харьсан. ...Э  ямар шалтгааны улмаас Б ыг цохих болсныг мэдэхгүй. Намайг унтаж байгаад сэрэхэд Б  Э  руу юм шидээд байсан. Ямар шалтгааны улмаас муудалцсан талаар нь мэдэхгүй байна... Б ын хамраас цус гарсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Э  намайг цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 44-45 дугаар тал),

-Яллагдагч Х.Э ын “...Би 2024 оны 12 дугаар сарын 15-ны орой 17 цаг 30 минутын үед би найзтайгаа ганц нэг шил архи уугаад байж байтал манай хуучин ажлын хүн болох Д  над руу чатаар залгаад юу хийж байна ах хаана байгаа юм гээд дуудахаар нь би аймгийн төвд пабд сууж байна гэж хэлтэл тантай ярих юм байна уулзаа байна yy гэхээр нь би манай найз хажууд нь харагдахаар нь очлоо гээд Х  сумын нутаг Холбооны байранд байх засвар хийж байсан газарт очсон юм. Би очихдоо 1 шил архи аваад очсон ба намайг очих үед Д , Э , Б  болон үл таних 1 эрэгтэй байсан тэгээд бид нар тэндээ 3 шил архи уугаад байж байтал Б  гэнэт л намайг ална гээд л босоод ирсэн ба миний мөр хэсэг рүү гараараа цохиод над руу 3 ширхэг тоосго шидсэн ба 1 тоосго нь миний бугалга орчимд оносон. 2 тоосго нь оноогүй мөн гагнуурын аппарат над руу шидэхэд аз болж миний урд шат байж таараад намайг оноогүй. Тэгээд би ахын дүү надад лай болно гээд маргалдаагүй ба би Э , Д  хоёрт та хоёр намайг дүүгээрээ зодуулах гэж авчирсан юм уу гэж хэлээд гараад явсан. Гадаа коридорт Б  намайг барьж аваад миний шанаа хэсэг рүү 1 удаа цохихоор нь би түлхэж холдуулсан. Тэгээд л би цааш санахгүй байна. Гараад л салхинд цохиулаад тасарчихсан... Тухайн үед миний гар бага зэрэг шалбарсан, шанаа бага зэрэг хөндүүрлэж байсан ба өөр гэмтэл шарх учраагүй... Б  бид хоёр өмнө нь 1 удаа нэгнийгээ харж байсан ба өөрөөр бол танихгүй. Ямар нэг өс хонзонгийн асуудал байхгүй... Би гадагш гараад салхинд цохиулаад тасарчихсан болохоор гадаа болсон асуудлыг санахгүй байна. Камерын бичлэгийг харахад би цохиж байсан учир би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дотор бол Б ыг ганц ч цохиж зодоогүй дотор над руу дайраад байхаар нь гараад л биеэ хамгаалсан байх гэж бодож байна би өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дугаар тал),

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Тунгалагтамирын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “...1.Б.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхи, зүүн тохойд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны ар хэсэг, баруун, зүүн тохой, баруун шууны гадна дээд хэсэг, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.4.Дээрх гэмтлүүдээс хамар ясны хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-60 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирүүлсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 минут 20 секунтын бичлэгийг шинжлэн судалсан бөгөөд уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 65 дугаар тал)-тэй тохирч байна. Уг бичлэгээр “...Хохирогч Б  нь Э той юм яриад тойроод явж байгаад Э  руу ойртох үед нь буюу бичлэгийн 32 дахь секунтэд Э  нь хохирогч Б.Б ыг баруун гараараа нэг удаа нүүр хэсэг рүү цохиж байх ба арагш ухрах үед нь буюу 36 дахь секунтэд дахин баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохин газарт унах үед нь буюу 38 секунтэд дахин дээрээс нь хөлөөрөө нэг удаа өшиглөж байгаа харагдана” гэж тэмдэглэгдсэн байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд шүүгдэгч Х.Э нь 2024 оны 12 дугаар сарын 15-ны орой Хэнтий аймгийн Х  сумын 4 дүгээр баг Э  8 айлын орон сууцанд айлд засвар хийж байсан найз Д  дээр архи уух зорилгоор очиж архи ууцгаасан байна.

Улмаар хоорондоо муудалцаж агсам тавьсан гэх боловч тухайн байранд хохирогч, шүүгдэгч, гэрчүүдийн хэн аль нь бие биедээ гар хүрээгүй ба байрны гадаа гарч хэрүүл маргаан үргэлжилсэн бөгөөд хохирогч Б.Б  шүүгдэгч Х.Э руу дөхөж очоод түлхэхэд нь Х.Э хохирогчийг өөрөөсөө холдуулж хүчтэй түлхсэн, хохирогч Б.Б  эргэж шүүгдэгч рүү ойртох үед шүүгдэгч түүнийг баруун гараараа толгойн хэсэгт нь цохиж газарт унагааж, өшиглөжээ.

Дээрх үйл баримт нь гэрчүүдийн мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгт дүрслэгдсэн дүрс бичлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон ба шүүгдэгчийн үйлдэл нь өөрийгөө хамгаалсан, аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үйлдэл харагдахгүй байна.

Шүүгдэгчийн дээрх идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхи, зүүн тохойд цус хуралт, зүүн дээд, доод зовхи, зүүн хацрын төвгөр, баруун сарвууны ар хэсэг, баруун, зүүн тохой, баруун шууны гадна дээд хэсэг, зүүн мөрөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирчээ.

Прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж дүгнэлээ.

1.2.Гэм буруутайд тооцох хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Х.Э нь хохирогч Б.Б эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Х.Э ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нь “Би аргагүй хамгаалалт хэрэглэсэн” гэж өөрийгөө өмгөөлсөн нь үндэслэлгүй байх бөгөөд энэ нь хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирүүлсэн хяналтын камерийн бичлэг бүхий 1 минут 20 секунтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 65 дугаар тал)-ийг судлахад хохирогч шүүгдэгчийн биед хууль бусаар, амь биед нь аюултай довтолгоон хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж тус тус заажээ.

Тодруулбал, “аргагүй хамгаалалт” гэж амь биед нь аюултай хүч хэрэглэсэн халдлага хийж довтолсон үйлдлийг таслан зогсоох үйлдэл юм.

Хяналтын камерын бичлэгт тусгагдсан үйл баримтаас дүгнэвэл хохирогч шүүгдэгчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгоон хийгээгүй, мөн хоорондын /шүүгдэгч, хохирогч нарын хувьд/ таарамжгүй харилцаа үүссэн байсан, уг таарамжгүй харилцааны улмаас харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй.

Шүүгдэгч Х.Э нь хохирогчийн толгой хэсэг рүү нь /нүүр/ цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой.

Иймд шүүгдэгч Х.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

1.3.Хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Б.Б  нь “гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд баримтаар нэхэмжилсэн хохиролгүй боловч “хамрын хагалгаанд орох төлбөр 1,800,000 төгрөгийг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй” шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд илэрхийлсэн бөгөөд бусад эмчилгээний зардалтай холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй байх тул шүүгдэгчээс энэхүү шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

2.1.Шүүгдэгч Х.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

2.2.Бусад шийдвэрийн талаар

Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х  ургийн овогт Х.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Х.Э оос энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Хохирогч Б.Б  нь гэмт хэргийн улмаас цаашид учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            А.МӨНХСАЙХАН