Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг,

Улсын яллагч А.Амгалан,

Шүүгдэгч А.Батжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Аюушийн Батжаргалд холбогдох 201716010099 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1959 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, 5 дугаар баг, Зүүнсайханы Ногоочдын 3-10 тоотод оршин суух хаягтай, урьд 1977 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 168.б, 169.б дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 1978 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ажилчидын районы шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.б дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Аюушийн Батжаргал. /РД: КЮ59090677/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Батжаргал нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 22.00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай автозамын 33 дахь км-н баруун талд байрлах төмөр замын далангийн хэсэг дээр 99-89 ӨМӨ улсын дугаартай Тоёота карина маркийн автомашиныг жолоодож яваад Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Ихмөнх нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Батжаргал мэдүүлэхдээ: ” Аймагт байдаг ач маань хөлөө хугалсан гэсэн тул талийгаачтай хамт очиж эмчилгээнд авч явах санаатай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Цагаан хаднаас аймаг руу явсан. Цогтцэций явах замдаа, Цэций уулын ард хүүхдийнхээсээ ноос, ноолуураа авах гэж хөгшинтөйгөө хоёул төмөр замын далан гатлах гэж яваад осолд орсон. Би далан руу орох нь гээд тормоз гишгэхэд чулуун сайр нь нураад далангийн уруу орсон. Би түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Намайг ухаан ороход цаг шахам хугацаа өнгөрсөн байсан. Тэгээд би гар утсаа олоод, хүүхдүүд рүү залгаж осолд орсон тухайгаа хэлсэн. Удаагүй хүүхдүүд түргэн аваад очлоо гэж ярьсан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Нэг мэдэхэд өглөөний гэгээ орсон, түргэний машин ирсэн байсан. Тэгээд хөгшин бид хоёрыг аваад Цогтцэций сум руу явж байхад, хөгшин маань замдаа явж байгаад, эмнэлгийн тусламж авч чадаагүй өөд болсон” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/

Замын тээврийн осол тогтоосон акт /хх-ийн 7-10 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чулуунбаатарын өгсөн:”...Би аймгийн төвд 2015 оны 5 дугаар сарын 18-ны орой гэртээ амрах гэж байтал манай дүү Отгонгэрэл надруу утсаар яриад ээж, Батжаргал ах хоёрыг машинтайгаа Цогтцэций сумын нутагт явж байгаад онхолдсон гэнэ гэж хэлсэн. Тэгээд би Батжаргал ахын утас руу залгаж ярихад Батжаргал ах Цогтцэций сумаас урагшаа зассан замаар машинаа бариад явж байгаад онхолдчихлоо, ээжтэй нь хамт хоёулханаа явж байсан юм. Миний бие гайгүй, машинаас яаж ийж байгаад гараад ирлээ гэсэн. Би ээж яаж байна гэж асуухад мэдэхгүй ээ, машин дотор л байгаа би машины хажууд дөнгөж гараад байж байна гэж хэлсэн. Манай дүү Одонтунгалаг Цогтцэций сумаас түргэний машин, эмч аваад осол болсон газар луу явж байна гэсэн. Би ч аймгийн төвөөс ах дүү нараа аваад гарч Цогтцэций сумын төвд үүр цайх үед ирсэн бөгөөд түргэний машин олохгүй эрж яваад өглөө 6 цагийн үед олж очсон гэсэн. Би дүүрүү залгаж ярихад ээж гайгүй байна. Ярьж байна гэж хэлсэн. Түүнээс хойш удалгүй түргэний машинаар ээжийг аваад явж байна гэснээ сумын төвд 4 орчим км дутуу байна. Ээж өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд сумын төвд хүлээж байгаад задлан шинжилгээ орсоны дараа ээжийхээ шарилыг авч аймгийн төв рүү явсан юм. Машиныг Батжаргал ах жолоодоод ээж хамт явсан юм билээ. Урд хилээс аймаг руу явж байсан байх. Машинд тэр хоёроос өөр хүн байгаагүй. Талийгаач ээж минь тэтгэвэрт байдаг байсан юм. Батжаргал ахтай хамт хил дээр гуанз гаргаж голдуу тэндээ хоёулаа хамт байдаг байсан юм. Би хамгийн сүүлд энэ оны 5 дугаар сарын эхээр уулзаж байсан юм. Ээж ер нь бие гайгүй өвчин хэлдэггүй хүн байсан юм. Ээж маань осолд орсоны улмаас гэмтэл авч нас барсан гэж бодож байна. Бидний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Отгонтунгалагийн өгсөн:”...намайг Цогтцэций сумын төвд гэртээ 2017 оны 5 дугаар сарын 18-ны шөнө 22 цаг 05 минутын үед амарч байтал манай эгч Цэцэгмаа миний утас руу залгаж ээж Батжаргал ах хоёр хилээс машинтайгаа аймаг руу явж байгаад онхолдчихсон юм шиг байна чи түргэн дуудаж эмч аваад яв гэсэн. Ингээд би сумын эмнэлэг дээр очиж дуудлага өгөөд түргэний машинтай нь хамт явсан юм. Явахдаа Батжаргал ах руу залгаж хаана байгааг нь асуухад засмал замын 25 км-ын тэнд л байх шиг байна гэсэн. Тэгээд жолоочтойгоо утсаар яриулж осол болсон газрыг нь заалгуулсан. Ингээд хайгаад нэлээд явсаны эцэст гэгээ орж байх үед олж очиход төмөр замын шороон далангаас доошоо буугаад далангийн бетон суурийг машин урд талаараа мөргөсөн байдалтай зогссон байсан бөгөөд ээж машины урд талын жолоочийн эсрэг суудлын урд дээр байсан ба би ээжээ гэж дуудахад “өө миний охин ирэв үү” гэсэн тэгээд эмч үзээд тариа хийгээд түргэний машинд дамжлан өргөж хэвтүүлсэн. Мөн Батжаргал ахыг бас суулгаад сумын төв рүү явсан юм. Түргэний машинд явж байхдаа ээж “ёо ёо” гээд байсан, сумын төв дөхөж явтал бие нь муудаж нас барсан. Шарилыг нь түргэний машинаар авч явсаар сумын эмнэлэг дээр ирсэн юм. Батжаргал ах ч бас эмнэлэг дээр ирж хэвтэж эмчлүүлсэн. Батжаргал ах архи уугаагүй эрүүл байсан. Цагдаа үлээлгэдэг багажаар үлээлгэхэд “0.00” гэж гарч байсан. Намайг осол болсон газар очиход ээжийн дух нь язарч урагдсан, нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Батжаргал ахын баруун хөмсөг нь язарсан байдалтай цус гарч байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Бид нарыг хар багаас өдий хүргэсэн сайн хүн байгаа юм. Архи тэр бүр уугаад байхгүй үг дуу цөөтэй, даруу төлөв зантай хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Отгонбямбын өгсөн:”...Намайг аймгийн төвд гэртээ Ноён сумаас 2017 оны 8 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн үед ирээд амарч байтал Батжаргал ах миний утсаар залгаад ёолоод “бид хоёр аймаг руу явж байгаад машинтайгаа осолд орчихлоо та нар наанаасаа гарах боломж байна уу” гэсэн. Би “тэгье” гэсэн. Мөн “ээж яаж байна” гэж асуухад “би мэдэхгүй байнаа ёо ёо” гээд утсаа салгасан. Би ах Чулуунбаатарлуу залгаж осол болсон талаар хэлсэн мөн Цэцэгмаа эгч рүү бас хэлсэн. Ингээд тэр шөнөдөө Цогтцэций сум руу явж өглөө гэгээ орох үед орж ирээд эмнэлэг дээр очиход түргэний машин ирээгүй байсан. Бид нар тосоод уулзахад ээж нас барсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Жаргалмаагийн өгсөн:”...Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэг дээр жижүүртэй байж байтал 23 цагийн үед Б.Отгонтунгалаг гэж хүн Цэций уулын ойролцоо 25-ын пост өнгөрөөд манай ээж, аав хоёр машинтайгаа явж байгаад осолдсон гэж утсаар ярилаа гэж дуудлага өгсөн. Тэгээд гэмтлийн эмч Наранбат бид хоёр дуудлага өгсөн хүнийг аваад түргэний машинаар гарсан юм. Дуудлага өгсөн хүмүүс газраа түргэний машины жолоочид ойлгомжтой зааж өгөөгүй тэгээд бас шөнө байсан учир бид нар төөрөөд осол болсон газрыг олохгүй явсаар өглөө үүр цайх үед олж очиход төмөр замын шороон далан дээрээс машинтайгаа далангийн тасархай хэсэг рүү уруудаж ороод тэнд байсан бетон суурийг урд хэсгээрээ мөргөөд зогссон бололтой машины урд хэсэг нь эвдэрсэн байсан машиныг жолоодож явсан бололтой настай эрэгтэй хүн жолооны ард суудалд, түүний эсрэг талын суудал дээр настай эмэгтэй хүн жолооны ард суудалд урд тал руу уначихсан бололтой байсан. Тэр хүний биеийн байдал маш хүнд нүүр дух хэсгээрээ гэмтсэн бололтой цус гарч хавдсан зүүн гар бугуй орчмоороо хугарсан хэвлий их цардгар дотуур цус алдалттай байсан. Ингээд тэр хоёр хүнийг аваад сумын эмнэлэг рүү явж байтал удалгүй эмэгтэй нь нас барсан. Шарилыг нь авч явсаар сумын эмнэлэг дээр ирж моорогт хийсэн. Эрэгтэйд нь эмчилгээ хийж баруун хөмсөгт нь оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №20 тоот шинжээчийн:”...Талийгаачид гавал ясны дагзны зүүн хонхорын шугаман хугарал, цээжний баруун 4-р хавирга эгэмийн дунд шугамаар, 8 дугаар хавирга эгэмийн урд шугамаар, зүүн 3, 4, 5 дугаар хавирга эгэмийн дунд шугамаар, 6, 7 дугаар хавирга эгэмийн урд шугамаар шууд бус хугарал, 13 дугаар нугалам, нугас гэмтээгээгүй бүрэн бус хугарал, нугалам дагуух цус хуралт, өвчүү ясны зөөлөн эд дэх цус хуралт, зүүн гарын бугуй, баруун дунд чөмөг доод хэсэг, өвдөгний үений битүү хугарал, элэгний баруун зүүн дэлбэнгийн язрал, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалга сарвуу, гуя, шилбэнд цус хуралт, баруун хацар, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд, шинэ гэмтэл байна. Талийгаач нь гавал, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач 1 дүгээр бүлгийн цустай байжээ” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 07/03 дугаартай :”...а/ Тоёота маркийн карина загварын 99-89 ӨМӨ улсын дугаартай автомашины ослын өмнөх бүрэн бүтэн байсан эсхийг тодорхойлох боломжгүй ослын улмаас урд нүүрэн хэсэг, урд шил хөдөлгүүрийн хонгил хэсэгт гэмтэлтэй байна.

б/ тухайн тээврийн хэрэгслийн жолооны механизмын болон тормосны системийн үйл ажиллагааг шалгах боломжгүй, учир нь тухайн тээврийн хэрэгслийг асаах боломжгүй байна. Жолооны механизм болон тормосны системд нүдээр үзлэг хийхэд тормосны системийн эд ангиуд бүрэн, жолооны механизмын эд анги хөндлөн муруйсан нь ослын улмаас үүссэн гэмтэл гэж үзэж байна.

в/ тоёота маркийн карина загварын 99-89 ӨМӨ улсын дугаартай автомашин нь 2017 оны 4 дүгээр сарын 29-нд Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн” гэх дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/

Шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн:”1. 99-89 ӨМӨ улсын дугаартай тоёота карина маркийн тээврийн хэрэгслийн жолооч Аюуш овогтой Батжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. Цогтцэций сумын Замын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Энхбаатарын гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад би болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт үндэслэлтэй байна.

3. Аюуш овогтой Батжаргалын жолоочийн “В” ангиллын №280293 тоот үнэмлэх хүчинтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №134 дугаартай:”...А.Батжаргалын биед гавал ясны тархины битүү гэмтэл, тархины няцрал дунд зэрэг, зовхины шарх, цээжний хэнхэрцгийн дарагдал няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр ЗТО-ын үед үүсэх боломжтой.

Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

Дээрх гавал тархины битүү гэмтэл, тархины няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг, зовхины шарх, цээжний хэнхэрцгийн дарагдал няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:”....би талийгаач эхнэрийн хамт Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт хувиараа гуанз гаргадаг байсан юм. Энэ оны буюу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр аймгийн төвд хүүхдийн хөл бэртсэн хот руу эмчилгээнд явна гэсэн учир бид хоёр өгөх бас хэдэн төгрөг өгч явуулахаар аймгийн төв рүү өдөр 16 цагийн үед өөрийн эзэмшлийн тоёота карина маркийн 99-89 ӨМӨ улсын дугаартай автомашинаа би жолоодоод талийгаачийн хамт хоёулаа явсан юм. Бид хоёр явсаар нүүрс тээврийн засмал зам руу орсон. Тэгээд засмал замаар явж байгаад “Хүннү” компанийн уурхай руу орох засмал замыг өнгөрөөд шалган нэвтрүүлэх постыг хүрэлгүй баруун тийш буюу аймгийн төвийн зүгт шороон замаар салж явсаар төмөр замын далан руу гарсан. Тэгээд буух замаа хайж төмөр замын шороон далан дээгүүр ертөнцийн зүгээр хойшоо чигтээ 2 орчим км явж байтал гэнэт шороон далан доошоо огцом буусан би ч тормосоо гишгэсэн боловч машин зогсолгүй явсаар далангийн доор хийсэн байсан бетон хавтанг урд хэсгээрээ очоод мөргөчихсөн. Тухайн үед ухаан балартсан байсан, нэг сэргэтэл рулээ дэрлээд сууж байсан. Миний баруун хөмсөг задарсан бололтой цус гарч байсан. Би эхнэрээ хартал сууж явсан урд талын суудлынхаа доод хэсэг рүү орчихсон байсан учир татаж гаргаад суудал дээр нь суулгаад бие нь яаж байна гэж асуухад “би хөдөлж чадахгүй байна аа ёо ёо” гээд байсан. Эхнэрийн духнаас цус гарч байсан мөн хоёр нүд нь хавдчихсан байх шиг харагдсан. Ингээд би утсаа гаргаж бага охин Отгонбямбаруу залгаж болсон ослын талаар хэлээд түргэн дуудах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд байж байгаад 1 цаг орчмын дараа түргэний машин жолоочтой хамт явж байсан охин Одонтунгалагийн утсаар ярьж “төмөр замын далангаа дагаад яваарай сайн хараарай, хонхор газар бий шүү, Цэций уулын зүүн талд чигтээ байх шиг байна” гэж хэлсэн түүнээс хойш түргэн олж ирэхгүй байсаар үүр цайх үед ирж талийгаач бид хоёрыг авч эмнэлэг дээр ирсэн. Талийгаач сумын төв рүү ирж явах замдаа нас барсан, би сумын эмнэлэг дээр ирж хэвтэн эмчлүүлж байгаад аймгийн эмнэлэг болон Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж байгаад ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Батжаргалын хувийн байдлыг нотлох: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Батжаргалын оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 63-66 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Батжаргалын согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 67 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч А.Батжаргал нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 22.00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай автозамын 33 дахь км-н баруун талд байрлах төмөр замын далангийн хэсэг дээр 99-89 ӨМӨ улсын дугаартай тоёота карина маркийн автомашиныг жолоодож яваад Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Ихмөнх нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чулуунбаатарын өгсөн:”...Би аймгийн төвд 2015 оны 5 дугаар сарын 18-ны орой гэртээ амрах гэж байтал манай дүү Отгонгэрэл надруу утсаар яриад ээж, Батжаргал ах хоёрыг машинтайгаа Цогтцэций сумын нутагт явж байгаад онхолдсон гэнэ гэж хэлсэн. Тэгээд би Батжаргал ахын утас руу залгаж ярихад Батжаргал ах Цогтцэций сумаас урагшаа зассан замаар машинаа бариад явж байгаад онхолдчихлоо, ээжтэй нь хамт хоёулханаа явж байсан юм. Миний бие гайгүй машинаас яаж ийж байгаад гараад ирлээ гэсэн. Би ээж яаж байна гэж асуухад мэдэхгүй ээ машин дотор л байгаа би машины хажууд дөнгөж гараад байж байна гэж хэлсэн. Манай дүү Одонтунгалаг Цогтцэций сумаас түргэний машин эмч аваад осол болсон газар луу явж байна гэсэн. Би ч аймгийн төвөөс ах дүү нараа аваад гарч Цогтцэций сумын төвд үүр цайх үед ирсэн бөгөөд түргэний машин олохгүй эрж яваад өглөө 6.00 цагийн үед олж очсон гэсэн. Би дүүрүү залгаж ярихад ээж гайгүй байна. Ярьж байна гэж хэлсэн. Түүнээс хойш удалгүй түргэний машинаар ээжийг аваад явж байна гэснээ сумын төвд 4 орчим км дутуу байна. Ээж өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд сумын төвд хүлээж байгаад задлан шинжилгээ орсоны дараа ээжийхээ шарилыг авч аймгийн төв рүү явсан юм. Машиныг Батжаргал ах жолоодоод ээж хамт явсан юм билээ. Урд хилээс аймаг руу явж байсан байх. Машинд тэр хоёроос өөр хүн байгаагүй. Талийгаач ээж минь тэтгэвэрт байдаг байсан юм. Батжаргал ахтай хамт хил дээр гуанз гаргаж голдуу тэндээ хоёулаа хамт байдаг байсан юм. Би хамгийн сүүлд энэ оны 5 дугаар сарын эхээр уулзаж байсан юм. Ээж ер нь бие гайгүй өвчин хэлдэггүй хүн байсан юм. Ээж маань осолд орсоны улмаас гэмтэл авч нас барсан гэж бодож байна. Бидний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Жаргалмаагийн өгсөн:”...Би 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэг дээр жижүүртэй байж байтал 23 цагийн үед Б.Отгонтунгалаг гэж хүн Цэций уулын ойролцоо 25-ын пост өнгөрөөд манай ээж, аав хоёр машинтайгаа явж байгаад осолдсон гэж утсаар ярилаа гэж дуудлага өгсөн. Тэгээд гэмтлийн эмч Наранбат бид хоёр дуудлага өгсөн хүнийг аваад түргэний машинаар гарсан юм. Дуудлага өгсөн хүмүүс газраа түргэний машины жолоочид ойлгомжтой зааж өгөөгүй тэгээд бас шөнө байсан учир бид нар төөрөөд осол болсон газрыг олохгүй явсаар өглөө үүр цайх үед олж очиход төмөр замын шороон далан дээрээс машинтайгаа далангийн тасархай хэсэг рүү уруудаж ороод тэнд байсан бетон суурийг урд хэсгээрээ мөргөөд зогссон бололтой машины урд хэсэг нь эвдэрсэн байсан машиныг жолоодож явсан бололтой настай эрэгтэй хүн жолооны ард суудалд, түүний эсрэг талын суудал дээр настай эмэгтэй хүн жолооны ард суудалд урд тал руу уначихсан бололтой байсан. Тэр хүний биеийн байдал маш хүнд нүүр дух хэсгээрээ гэмтсэн бололтой цус гарч хавдсан зүүн гар бугуй орчимоороо хугарсан хэвлий их цардгар дотуур цус алдалттай байсан. Ингээд тэр хоёр хүнийг аваад сумын эмнэлэг рүү явж байтал удалгүй эмэгтэй нь нас барсан, шарилыг нь авч явсаар сумын эмнэлэг дээр ирж моорогт хийсэн. Эрэгтэйд нь эмчилгээ хийж баруун хөмсөгт нь оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №20 тоот шинжээчийн:”...Талийгаачид гавал ясны дагзны зүүн хонхорын шугаман хугарал, цээжний баруун 4-р хавирга эгэмийн дунд шугамаар, 8 дугаар хавирга эгэмийн урд шугамаар, зүүн 3, 4, 5 дугаар хавирга эгэмийн дунд шугамаар, 6, 7 дугаар хавирга эгэмийн урд шугамаар шууд бус хугарал, 13 дугаар нугалам, нугас гэмтээгээгүй бүрэн бус хугарал, нугалам дагуух цус хуралт, өвчүү ясны зөөлөн эд дэх цус хуралт, зүүн гарын бугуй, баруун дунд чөмөг доод хэсэг, өвдөгний үений битүү хугарал, элэгний баруун зүүн дэлбэнгийн язрал, духанд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалга сарвуу, гуя, шилбэнд цус хуралт, баруун хацар, эрүүний баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай хүнд, шинэ гэмтэл байна. Талийгаач нь гавал, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач 1 дүгээр бүлгийн цустай байжээ” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн:”....би талийгаач эхнэрийн хамт Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт хувиараа гуанз гаргадаг байсан юм. Энэ оны буюу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр аймгийн төвд хүүхдийн хөл бэртсэн хот руу эмчилгээнд явна гэсэн учир бид хоёр өгөх бас хэдэн төгрөг өгч явуулахаар аймгийн төв рүү өдөр 16 цагийн үед өөрийн эзэмшлийн тоёота карина маркийн 99-89 ӨМӨ улсын дугаартай автомашинаа би жолоодоод талийгаачийн хамт хоёулаа явсан юм. Бид хоёр явсаар нүүрс тээврийн засмал зам руу орсон. Тэгээд засмал замаар явж байгаад “Хүннү”компанийн уурхай руу орох засмал замыг өнгөрөөд шалган нэвтрүүлэх постыг хүрэлгүй баруун тийш буюу аймгийн төвийн зүгт шороон замаар салж явсаар төмөр замын далан руу гарсан. Тэгээд буух замаа хайж төмөр замын шороон далан дээгүүр ертөнцийн зүгээр хойшоо чигтээ 2 орччим км явж байтал гэнэт шороон далан доошоо огцом буусан би ч тормосоо гишгэсэн боловч машин зогсолгүй явсаар далангийн доор хийсэн байсан бетон хавтанг урд хэсгээрээ очоод мөргөчихсөн. Тухайн үед ухаан балартсан байсан нэг сэргэтэл рулээ дэрлээд сууж байсан. Миний баруун хөмсөг задарсан бололтой цус гарч байсан. Би эхнэрээ хартал сууж явсан урд талын суудлынхаа доод хэсэг рүү орчихсон байсан учир татаж гаргаад суудал дээр нь суулгаад бие нь яаж байна гэж асуухад “би хөдөлж чадахгүй байна аа ёо ёо” гээд байсан. Эхнэрийн духнаас цус гарч байсан мөн хоёр нүд нь хавдчихсан байх шиг харагдсан. Ингээд би утсаа гаргаж бага охин Отгонбямбаруу залгаж болсон ослын талаар хэлээд түргэн дуудах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд байж байгаад 1 цаг орчмын дараа түргэний машин жолоочтой хамт явж байсан охин Одонтунгалагын утсаар ярьж “төмөр замын далангаа дагаад яваарай сайн хараарай, хонхор газар бий шүү, Цэций уулын зүүн талд чигтээ байх шиг байна” гэж хэлсэн түүнээс хойш түргэн олж ирэхгүй байсаар үүр цайх үед ирж талийгаачийг бид хоёрыг авч эмнэлэг дээр ирсэн. Талийгаач сумын төв рүү ирж явах замдаа нас барсан, би сумын эмнэлэг дээр ирж хэвтэн эмчлүүлж байгаад аймгийн эмнэлэг болон Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж байгаад ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/ зэргээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А.Батжаргалыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн материалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чулуунбаатар нь “Талийгаач ээж минь тэтгэвэрт байдаг байсан юм. Батжаргал ахтай хамт хил дээр гуанз гаргаж голдуу тэндээ хоёулаа хамт байдаг байсан юм. Би хамгийн сүүлд энэ оны 5 дугаар сарын эхээр уулзаж байсан юм. Ээж ер нь бие гайгүй өвчин хэлдэггүй хүн байсан юм. Ээж маань осолд орсоны улмаас гэмтэл авч нас барсан гэж бодож байна. Бидний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 18-19 дүгээр хуудас гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

А.Батжаргалд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал зэргийг харгалзан тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ .

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.Батжаргалын №290293 дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр дурьдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Батжаргалд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Аюушийн Батжаргалыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аюушийн Батжаргалыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тус хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар хасах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар А.Батжаргал нь тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.

4. Шүүгдэгч А.Батжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чулуунбаатар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч А.Батжаргалын 280293 дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Батжаргалд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Батжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН