Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

 

 

Д.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

                                                                                           

Прокурор: Б.Д /зайнаас цахимаар/,

Шүүгдэгч Д.Э /зайнаас цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.С, Э.М нар /зайнаас цахимаар/,

Хохирогчийн Э.Н-ийн өмгөөлөгч Д.Д, Н.Б нар /зайнаас цахимаар/,

Хохирогч Н.Б-ы өмгөөлөгч Б.Э /зайнаас цахимаар/,

Хохирогч М.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г /зайнаас цахимаар/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Ариунжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Д.Э-д холбогдох, эрүүгийн 201710010120 дугаартай, 15 хавтас, 3669 хуудас бүхий хэргийг хохирогч Э.Н-ийн өмгөөлөгч Н.Б, Д.Д нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ хувиараа валют арилжааны ченж ажилтай байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, * дугаар баг, **-** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 98 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, Б овогт Д-ийн Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Дорноговь аймаг дахь Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Д-оос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Д.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хувиараа валют арилжааны ченжээр ажиллаж байхдаа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “ах нь хятадуудтай том гэрээ хийх гээд байна, чи ахдаа 3, 4 хоног хэрэглүүлчих, чамд 6 000 000 төгрөг унана” гэж хуурч, иргэн М.Ц-ээс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 43 290 000 төгрөг, 16 650 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 12 000 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 11 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр  сарын 13-ны өдөр 39 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 4 000 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 30 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 1 500 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 34 000 000 төгрөг, 7 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 7 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7 500 000 төгрөг, 2 500 000 төгрөг, 2 000 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 29 000 000 төгрөг, 10 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 19 000 000 төгрөг, 13 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг, 4 000 000 төгрөг, 1 000 000 төгрөгийг, нийт 350 940 000 /гурван зуун тавин сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би хямд үнээр урдаас юань худалдаж авах гэж байна, одоо нэг юань авчихвал ханшаар бүтэн сар авдаг юм аа” гэж хуурч, иргэн Н.Б-аас 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 74 580 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 5 420 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөгийг, 2 удаагийн үйлдлээр буюу 100 000 000 төгрөгийг шилжүүлж, нийт 180 000 000 /нэг зуун наян сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Би БНХАУ-ын ченжийн дансанд 300 000 000 төгрөг байршуулж, хямдхан юань гэрээн дээр гарын үсэг зурах гээд байгаа юм, мөнгө л байвал миний данс руу хийгээд байгаач, энэ гэрээгээ л алдмааргүй байна, надад маш их ашигтай гэрээ байгаа юм” гэж хуурч, иргэн Б.Ц-аас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13 цаг 54 минутанд 9 900 000 төгрөг, 9 900 000 төгрөг, 13 цаг 57 минутанд 4 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 18 цаг 21 минутанд 9 000 000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9 000 000 төгрөг, 18 цаг 22 минутанд 9 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13 цаг 56 минутанд 9 000 000 төгрөг, 13 цаг 57 минутанд 6 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цаг 38 минутанд 5 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 12 цаг 16 минутанд 9 900 000 төгрөг, 12 цаг 17 минутанд 9 900 000 төгрөг, 1 000 000 төгрөг, нийт 118 869 000 нэг зуун арван найман сая, найман зуун жаран есөн мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “надад 300 000 000 төгрөгийн хэрэг болчихлоо, хямдхан юань аваад мөнгөө өсгөх боломж байна” гэж хуурч иргэн П.Ө-оос 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 25 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 4 000 000 төгрөг, 7 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 39 000 000 /гучин есөн сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “би 300 000 000-500 000 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хямдхан юаний гэрээ хийх гээд байна, энэ гэрээгээ хийчих юм бол та нарын мөнгийг хятад руу явуулчихна” гэж хуурч, иргэн Д.М-ээс 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөг, 1 500 000 төгрөг, нийт 26 500 000 /хорин зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “500 000 000 төгрөгийн юанийн гэрээ хийх хэрэгтэй байна” гэж хуурч, иргэн Д.Б-аас 2016 онд 40 000 000 төгрөг , 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 /жаран сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юань авах гээд байна, мөнгө байна уу, хүүтэй зээлж авъя” гэж хуурч, иргэн Э.Н-ээс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23 000 000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 6 000 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 60 000 000 төгрөг, нийт 110 000 000 /нэг зуун арван сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юанийн гэрээ хийх гээд байна” гэж хуурч, иргэн Б.С-ээс 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 44 025 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 19 890 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 6 110 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4 хувааж нийт 10 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2 хувааж 5 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 7 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 101 025 000 /нэг зуун нэг сая хорин таван мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “их хэмжээний юанийн гэрээ хийх гээд байна” гэж хуурч, иргэн Ж.Ч-ээс 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1 400 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 7 650 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 9 500 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 3 600 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 6 400 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 3 600 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5 000 000 төгрөгөөр 3 удаа, 3 320 000 төгрөгийг 1 удаа, нийт 18 320 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 2 100 000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 6 300 000 төгрөг, нийт 167 470 000 /нэг зуун жаран долоон сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан,

Мөн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан хуурч, иргэн Д.Б-ээс 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрүүдийн хооронд 14 085 000 /арван дөрвөн сая наян таван мянга/ төгрөгийг залилан мэхэлж авч, бусдад их хэмжээний буюу нийт 1 167 889 000 /нэг тэрбум нэг зуун жаран долоон сая найман зуун наян есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-ийн Э-д холбогдох хэргээс хохирогч Б.Ц-д 27.269.000 төгрөгийн, хохирогч Д.Б-д 40.000.000 төгрөгийн, хохирогч Д.Б-т 14.085.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Б овогт Д-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б овогт Д-ийн Э-ыг 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ын эдлэх 5 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ын цагдан хоригдсон 270 /хоёр зуун дал/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Э-аас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөрт нийт 983.995.000 /есөн зуун наян гурван сая есөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, ** тоотод оршин суух хохирогч М-ын Ц-д 350.940.000 /гурван зуун тавин сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, ** тоотод оршин суух хохирогч Б-ын Ц-д 94.600.000 /ерэн нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд баг, **  тоотод оршин суух хохирогч Н-ын Б-д 131.500.000 /нэг зуун гучин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, Модны ** тоотод оршин суух хохирогч П-ын Ө-д 39.000.000 /гучин есөн сая/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3-р баг, Модны ** тоотод оршин суух хохирогч Д-ийн -д 25.460.000 /хорих таван сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, ** тоотод оршин суух хохирогч Д-ын Б-д 20.000.000 /хорин сая/ төгрөгийг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, ** тоотод оршин суух хохирогч Э-ын Н-д 60.000.000 /жаран сая/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, 52 айлын ** тоотод оршин суух хохирогч Б-ын С-д 98.025.000 /ерэн найман сая хорин таван мянга/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Ногоон хотхоны ** тоотод оршин суух хохирогч Ж-ын Ч-д 167.470.000 /нэг зуун жаран долоон сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийг тус тус олгож,

 

Хохирогч П.Ө-ын илүү нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлээс 55.925.278 /тавин таван сая есөн зуун хорин таван мянга хоёр зуун далан найм/ төгрөгийг, мөн хохирогч М.Ц-ийн илүү нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлээс 249.906.000 /хоёр зуун дөчин есөн сая есөн зуун зургаан мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь иргэний эрхийн харилцаатай холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шүүгдэгч Д.Э-ын эд хөрөнгөөс битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн самсунг маркийн, хар өнгийн, дэлгэц нь хагарсан гар утас 1 ширхэг, 18 ширхэг 523 хуудас бүхий дэвтэр, мемори бичлэг 1 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

            Хохирогч Э.Н-ийн өмгөөлөгч Н.Б, Д.Д нар давж заалдсан гомдолдоо: “...Хохирогч Э.Н нь мөрдөн байцаалтын шатанд “...2017.04.01-ний өдөр М нь хамтран ажилладаг Н.Б-ы Хаан банкны 5374374087 дугаарын данс руу шилжүүлснийг Н.Б тэр өдөр нь миний данс руу шилжүүлсэн. Би Д.Э руу энэ мөнгийг шилжүүлсэн” гэж мэдүүлдэг. Мөн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт “... 2015.08.31-ний өдрөөс 2017.02.14-ний өдөр хүртэл 50.000.000 төгрөг, 2017.04.01-нд 60.000.000 төгрөг, нийт 110.000.000 төгрөгийг өгсөн. ...Хүүтэй гэхээр нь би эхний 50.000.000 төгрөгөө өгсөн. Өмнө нь 2 жил харьцсан болохоор итгэсэн. Өөрөө гуйгаад эргэлтийн мөнгөтэй байх ёстой юмаа гээд байхаар нь өгсөн. Нотариатаар оръё гэсэн энэх хүн ороогүй, би ганцаараа бичээд өгье би хаачив л гэж гээд байхаар нь тухайн үедээ итгэсэн. ...Дахиад энэ хүн мөнгө байна уу 500.000.000 гэрээ орж ирэх гээд байна гэсэн. ...Энэ 110.000.000 төгрөгөөс миний мөнгө гэх юм бол 30.000.000 төгрөг нь байгаа юм. 80.000.000 төгрөг нь Н.Б-ы мөнгө байгаа юм. Би Н.Б-аас 60.000.000, 20.000.000 төгрөг авч Э-д өгсөн. ...80.000.000 төгрөг нь Н.Б-х учир Н.Б руу оруулаад өгөөч” гэж хэрхэн тохирсон талаараа болон хохирлын тооцооны талаар тодорхой мэдүүлдэг. Түүний мэдүүлэг нь:

- 2018.01.12-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 009 дугаарын дүгнэлт,

- 2018.06.21-ний өдрийн 096 дугаарын дүгнэлт,

- “Хаан” банкны дансны хуулга,

- Хэргийг шалгасан мөрдөгчийн лавлагаагаар Д.Э нь Э.Н-д 110.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

 

            Гэтэл шүүх иргэд хоорондын зээлийн харилцаанаас үүссэн харилцааг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзсэн нь буруу байна хэмээн дүгнэж, нийт хохирлоос нь 50.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

            Хохирогч удаа дараагийн мэдүүлэгтээ “2012-2015 онуудад БНХАУ-аас цементийн наймаа хийдэг байсан. “Ч” ББСБ-ын менежер Э гэдэг залуутай харьцдаг байсан учраас итгэсэн” гэж мэдүүлсээр байхад Шүүгдэгч Д.Э энэ харилцаа буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хүү, хугацаа тохирч зээлийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр их хэмжээний мөнгө авчихаад өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байхад иргэний эрх зүйн харилцаа хэмээн буруу дүгнэсэнд гомдолтой байна.

 

            Иймд шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтаар тогтоогдсон 110.000.000 төгрөгийн хохирлыг Э-аас гаргуулахдаа хохирогч Э.Н-д 30.000.000 төгрөгийг, хохирогч Б-ы хохирол дээр 80.000.000 төгрөгийг нэмж гаргуулахаар шийтгэх тогтоолын хохирогч Э.Н, Н.Б нарын хохиролтой холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

            Хохирогч Э.Н-ийн өмгөөлөгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч Э.Н бол шийтгэх тогтоолоор өөрт нь олгогдохоор шийдвэрлэсэн 60000000 төгрөгийн хохирол олгогдохоор шийдвэрлэсэн. Хохирлын талаар буруу гаргасан буюу үндсэндээ 110000000 төгрөгийн хохирол учирсан гэж үздэг. Шүүхийн хэлэлцүүлэгт мөн тайлбарлаж байсан. 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 50000000 төгрөгийг, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 60000000 төгрөг нийт 110000000 төгрөгийг Д.Э руу шилжүүлсэн байдаг. Тухайн үед Д.Э хүү бодно гэж байсан боловч хүү бодсон тийм зүйл байхгүй бичгээр байгуулагдаагүй байдаг. Урьд нь үйлчлүүлж байсан харьцаж байсан харьцаан дээрээ үндэслээд эдгээр мөнгийг шилжүүлсэн юм гэж тайлбарладаг. Сая шүүгч тайлбарлалаа 500000000 юанийн гэрээ хийх гэж байгаа гэх зэргээр итгэл үнэмшил төрүүлсэн. 110000000 төгрөгийн 30000000 төгрөг нь хохирогч миний мөнгө юмаа үүний 80000000 төгрөг нь Н.-аас миний зээлж авсан мөнгө юм. Тийм учраас тооцооллыг өөрчилж өгөөч ээ. Э.Н би Н.Б-аас 60000000 төгрөг, 20000000 төгрөг нийт 80000000 төгрөг аваад Д.Э руу шилжүүлсэн учраас хэдийгээр хохирол барагдуулахаар гарсан ч гэсэн үүний жинхэнэ эзэн бол хохирогч Н.Б юм. Тийм учраас 110000000 төгрөгөөс 80000000 төгрөгийг Н.Б-ы тооцоо руу шилжүүлж миний үндсэн хохирол болох 30000000 төгрөгийг гаргаж өгөөч ээ гэсэн гомдол байгаа юм. Үүнд Н.Б тийм, үгүй гэж маргадаггүй Н.Б-аас Э.Н-ийн данс руу орж ирээд тэндээс Д.-ын данс руу шилжин орсон гэдэг нь хаан банкны дансны хуулгаар мөн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 009 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 096 дугаарын дүгнэлт, дансны хуулга, мөн мөрдөгчийн магадлагаа байдаг. Энэ нь хохирогч Э.Н-ээс Д.Э-ын данс руу шилжиж орсон гэдгийг тогтоосон. 80000000 төгрөгт л өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөөч ээ гэж гомдол гаргасан байгаа. Нийт хохирол 110000000 төгрөгийн 80000000 төгрөгийг Н.Б руу шилжүүлж өөрчлөлт оруулж өгөөч ээ гэж гомдол гаргасан байгаа” гэв.

 

            Хохирогч Э.Н-ийн өмгөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бол хуулийн хүчин төгөлдөр гэж бодитоор хэргийг үнэлэн дүгнэж чадсангүй гэж бодож байгаа. Нэмээд хэлэхэд шинжээч нар бол бодит дүгнэлт гаргаж чадаагүй хаясан. Мөрдөн байцаагч бол бодит дүгнэлт гаргасан. Гэр бүлийн хамаарал бүхий иргэн Я.А, Я.А, Я.А, А.Э гэх хүмүүс мөн гадаадын 3 иргэний данс руу орсон мөнгөнүүд буцаж орж ирсэн юм уу яасан юм ченж хийж байсан мөнгөн нь хаачсан юм. Энэ хүн ганцаараа энэ их мөнгийг хаашаа хийсэн байх уу гэх ойлгомжгүй зүйл их байгаа. Тухайлбал Я.А гэх хүний данс руу 5043977** төгрөг орсон. Хэзээ Д.Э руу буцаж орсон эсэх нь тодорхойгүй. Я.А-ын данс руу 1999000 төгрөг, Я.А-ийн данс руу 638130000 төгрөг, А.Э-ын данс руу 36380000 төгрөг гэх жишээтэй мөн гадаадын иргэдийн данс руу мөнгө орсон. Тухайлбал БНХАУ иргэн /ChiHong/ С гэх хүний дансанд 64610895** төгрөг орсон. Энэ нь буцаж орж ирсэн юм уу мэдэхгүй. Ө.М гэх хүний дансаар дамжаад /ChiHong/ С гэх хүний данс руу орсон. /ChiHong/ С нь одоо би нэг ч төгрөгийн өр авлага байхгүй гээд байдаг. Мөн Guo Guang, Luanging гэх хүмүүсийн данс руу 70000000 төгрөг, 122500000 төгрөг орсон. Энэ хэргийг шалгаад тогтоож болохгүй юм уу. Анхан шатны шүүх шийдээд хохирогч нарын хохирлыг улам багасгаад шийдээд байгааг гайхаж байна. Уг нь бол хохирогчийн ар гэрийг хамгаалах ёстой, хэргийн үнэн бодит байдлыг тогтоох ёстой гэтэл жалга довын үзэл гардаг юм уу яадгийн ингэж шийдээд байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах ёстой учраас үүнийг хэлж байна. Гомдолтой байна” гэв.

 

Хохирогч Н.Б-ы өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасана тайблартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд Э.Н хэлсэн миний хохирол бол 110000000 төгрөг гэж гэхдээ үүний 80000000 төгрөг нь Н.Б-ых гэж. Анхан шатны шүүхээс Э.Н-д 30000000 төгрөгийг Н.Б-д 80000000 төгрөгийг гэж шийдэх боломж байхгүй. Э.Н, Н.Б 2 дараа нь өөр шат дарааллаар тэд нарын асуудал яригдах ёстой. ... Ийм олон хүн хохироочихоод ийм их мөнгийг ганц хүн дээр тохчихоод шүүхээс хамгийн доод хэмжээгээр ял өгсөн болоод одоо удахгүй ардын хувьсгалын 100 жилийн ойгоор өршөөлийн хуулиар гараад ирнэ. Иймэрхүү зүйлийг анхан шатны хуулийн байгууллага хийсэн гэж би хардаж байгаа. Арай ч дээ Монголын хуулийн байгууллага ийм зүйлийн учрыг олж чадахгүй гэдэгт би итгэдэггүй. Чаддаг чадахыг хүсээгүй гэж үзэж байгаа. Сая Д.Д өмгөөлөгч хэллээ хэдэн төгрөг хаашаа, хаашаа гараад явсан талаар. Мөрдөн байцаалтын шатанд зөндөө хүсэлт гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хянана биз. Энэ мөнгө угаасан зохион байгуулалттай яваад байдаг юм. Тэр ББСБ үйл ажиллагаа хийгээд яваад байдаг. ББСБ-ын актив хөрөнгийг хэзээ хэдий хугацаагаар хэдийг олов гэдгийг бүгдийг мэдэж байгаа үүнийг шалгах ёстой юмаа. ББСБ нь Замын-Үүд суманд төв цэг дээр ямар байшин баригдаж байгаа нь харагдаж байдаг. Үүнийг уг нь шалгах боломж байсан шалгахыг хүсээгүй байдаг” гэв.

 

Хохирогч М.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Олон удаагийн шүүх хурал хийлээ үүнийг санаатай хийгээд хохирогчдыг хохироогоод хуйвалдсан, зохион байгуулалттайгаар хэргийг дарж байна. Цагдаагийн байгууллага Д.Э-ын асуудлыг шийдэж чадахгүй байна гээд байгаа юм. Я.А, Я.А нарын данс руу энэ мөнгө орсон байхад тэрийг яагаад илрүүлж чадаагүй өнөөдрийг хүртэл явж байна. Миний охин 30 нас хүрээгүй хүүхэд хохироод янз бүрийн гэр бүлийн асуудал үүсээд байхад араатнаас долоон дор хүн гэж хэлэхэд хэцүү Д.Э мөн ах дүү нар нь энэ хохирлыг 4 жилийн дотор барагдуулбал болохоор байсан. Хүн чанараа гаргаад нэгэнт хүний мөнгө авсан юм чинь үүнээс чадан ядан тэдийг гээд бага багаар болтугай өгнө гэсэн сэтгэл байхгүй. Эд нар баахан мөнгө идээд ганц хүнээ асуудал руу чихэж худлаа үнэн өмгөөлж хамгаалаад хуулийн байгууллагыг хахуулдсан ийм л хэрэг байгаа гэж бодож байгаа. Яагаад бусад хүмүүсийн жижиг хэрэг өнөөдөр дор нь шийдээд төлүүлдгийн төлүүлээд хохирол барагдуулдаг бол энэ хүний яагаад шийдэгддэггүй юм. Хохирогч нарын ар гэр амьдрал олон хүнийг яагаад бодож үздэггүй юм. Д.Э нь валют арилжааны ченж гэж явж байсан хэрэгт холбогдоод ирэхээр хувиараа бизнес эрхэлж байсан хүн болчихдог. Энэ бүгдийг шалгаад үзвэл амархан гараад ирэх асуудал шиг байгаа юм. Яагаад Монголын хууль ард түмнээ хамгаалдаггүй юм хохироож байна. 4 жил хуулийн байгууллагаар явлаа. Энэ хүнийг хөрөнгө мөнгөгүй байна гэдэг хөрөнгө мөнгөгүй байх үндэслэл байхгүй ээ хүний тэр их мөнгийг эргэлдүүлсэн хүнд ах, дүү нар нь ашиглаж ашиглачихаад яг хуулийн байгууллагад  ирэхэд ямар ч хөрөнгө мөнгөгүй гудамжны хүн болоод хувирдаг. Энэ бол санаатай үйл хэрэг явагдаад байна. Хохирол барагдуулж өгөхгүй бол би бол ямар ч байсан эцсийг нь харна. Би маш олон хурал дээр хэлж байгаа. Иймээс гомдлыг дэмжиж байна” гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдсан гомдолтой танилцсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Э.Н-ийн өөрийнх нь ярьсан мэдүүлгээр 60000000 төгрөгийг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс буцаан төлөлт хийж, хүү төлж байсан мөн харилцах дансны гүйлгээ байдаг. Анхан шатны шүүх энийг үндэслээд 60000000 төгрөгийн асуудалд иргэд хоорондын зээлийн гэрээний холбоотой асуудал байна гэж үзээд хассан байгаа юм. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар харагдаж байгаа. Н.Б-ы хувьд бол хасагдсан 60000000 төгрөгийг өөр журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч оролцож байгаа. Ш.С өмгөөлөгчийн хэлдгээр 60000000 төгрөгийг анхан шатны шүүх хасаж тооцсон нь үндэслэлтэй. Хэрэг гарсан цаг хугацаа буюу 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 13-ны хооронд хамааралгүй өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан цаг хугацаа хамаарахгүй зээлийн гэрээний харилцаа учраас хохирол биш юм гэж тооцсон нь үндэслэлтэй. Мөн хохирогч Э.Н өөрөө энэ тухайгаа маш дэлгэрэнгүй тайлбарлаж ярьсан. Өөрийнхөн мэдүүлэг бусад баримтыг үндэслэн тогтоосон. Иймд гомдлыг эс зөвшөөрч оролцож байгаа” гэв.

 

Прокурор Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хурал болсон хохирогчид бүгд нотлох баримт гаргаж өгсөн. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх бол тухайн үед хохирогч нар хичнээн төгрөг байршуулсан талаар бүгдийг тогтоосон. Ш.С, Э.М өмгөөлөгч нар зөв ярьж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Э.Н-ийн тэр тооцоо гарсан байгаа. Хэрэг гарахаас өмнөх асуудал болохоор иргэний шинжтэй байсан. Өөрөөр хэлэх юм бол Э.Н, Д.Э 2 хоорондоо мөнгө өгч авалцсан, хүү авсан ийм асуудал үүссэн. Тиймээс анхан шатны шүүх Э.Н-ийн энэ асуудлыг иргэний харилцаа гэж үзсэн. Иргэний харилцаагаар нэхэмжлэх асуудал нь тусдаа юм. Иймд давж заалдсан гомдол үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхээс гарсан шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны 2021/ШЦТ/17 тоот шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Учир нь: Хохирогч Э.Н-ийн өмгөөлөгч Н.Б, Д.Д нараас гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудад хязгаарлалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь Замын-Үүд суманд хувиараа валют арилжааны ченжээр ажиллаж байхдаа урьдны харилцааны явцад бий болсон бусдын итгэлийг урвуулан ашиглаж “хятадуудтай юаны ханшны том гэрээ хийх гэж байна, мөнгө байвал над руу өгөөд байгаарай, ашигтай гэрээ хийхээр чамд ч ашигтай, надад ч ашигтай” гэсэн байдлаар:

 

            1.Иргэн М.Ц-ээс 2017 оны 04 дүгээр сарын 10-22-ны хооронд “... ах нь хятадуудтай том гэрээ хийх гээд байна, чи ахдаа 3, 4 хоног хэрэглүүлчих, чамд 6 сая төгрөг унана” гэж нийт 350.940.000 төгрөгийг,

 

2. Иргэн Н.Б-аас 2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 11 дүгээр сарын 10-ны хооронд “... би хямд үнээр урдаас юань худалдаж авах гэж байна, одоо нэг юань авчихвал энэ ханшаар бүтэн сар авдаг юмаа” гэж  нийт 180.000.000 төгрөгийг,

 

3. Иргэн Б.Ц-аас 2017 оны 04 дүгээр сарын 18-наас 23-ны хооронд “ ...би БНХАУ-ын ченжийн дансанд 300.000.000 төгрөг байршуулж, хямдхан юаний гэрээн дээр гарын үсэг зурах гээд байгаа юм, мөнгө л байвал миний данс руу хийгээд байгаа ч, энэ гэрээгээ алдмааргүй байна, надад маш их ашигтай гэрээ байгаа юм” гэж нийт 91.600.000 төгрөгийг,

 

4. Иргэн П.Ө-оос 2017 оны 04 дүгээр сарын 20-23-ны хооронд “ ...надад 300.000.000 төгрөг хэрэг болчихлоо, хямдхан юань аваад мөнгөө өсгөх боломж байна” гэж нийт 39.000.000 төгрөгийг,

 

5. Иргэн  П.М-ээс 2017 оны 04 дүгээр сарын 05-23-ны хооронд “ ...би 300.000.000-500.000.000 төгрөгний үнийн дүнтэй тэнцэх хямдхан юаний гэрээ хийх гээд байна” гэж нийт 26.500.00 төгрөг,

 

6. Иргэн Д.Б-аас 2017 оны 4 дүгээр сарын 18-нд “ ...500 сая төгрөгийн юаний гэрээ хийх хэрэгтэй байна” гэж  нийт 20.000.000 төгрөг,

 

7. Иргэн Э.Н-ээс  2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “ ...их хэмжээний юань авах гээд байна, мөнгө байна уу, хүүтэй зээлж авъя” гэж нийт 60.000.000 төгрөг,

 

8. Иргэн Б.С-ээс 2017 оны 03 дугаар сарын 03-наас 04 дүгээр сарын 17-ны хооронд  “ ...их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна” гэж нийт 98.025.000 төгрөгийг,

 

9. Иргэн Ж.Ч-ээс 2017 оны 02 дугаар сарын 21-нээс 3 дугаар сарын 27-ны хооронд “...их хэмжээний юаний гэрээ хийх гээд байна” гэж  нийт 167.470.000 төгрөгийг тус тус залилан мэхэлж авч, бусдад  их хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба тэдний зүгээс хэргийн талаар нэмж шалгуулах талаар санал, хүсэлт гаргаагүй байна.

 

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр бусдад учирсан нийт хохирлыг 1.167.889.000 төгрөг /нэг тэрбум нэг зуун жаран долоон сая найман зуун наян ес/ төгрөг гэснийг анхан шатны шүүх бусдад учирсан нийт хохирлыг 1.033.535.000 төгрөг /нэг тэрбум гучин гурван сая таван зуун гучин таван мянга/ ,  хохирогч нарт Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар төлөгдөх хохирлыг 983.995.000 /есөн зуун наян гурван сая есөн зуун ерэн тав/ гэж тогтоосон нь  үндэслэлтэй болсон гэж үзлээ.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бусдыг хууран мэхэлсэн  үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон  шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Тодруулбал: Хохирогч Б.Ц-ын хохирлоос 27.269.000 төгрөгийг буюу урьдын юань солилцооны үлдэгдэл байсныг, хохирогч Б.С-ний хохирлоос 3000.000 төгрөг илүү тооцогдсоныг, хохирогч Э.Н-ийн хохирлоос хүүтэй зээлүүлж хүү тооцож авч байсан 50.000.000 төгрөгийг,  хохирогч Д.Б-ны 2016 оны буюу урьдны тооцоо болох 40.000.000 төгрөгийг,  хохирогч Д.Б-ийн хувьд 2016 оны 02 дугаар сарын тооцоо болох 14.085.000 төгрөг,  нийт 134.354.000 төгрөгийн асуудал нь залилах гэмт хэргийн шинжгүй иргэд хоорондын гэрээнээс үүдэлтэй төлбөр тооцоо гэж үзэж хэрэгсэхгүй болгосон, Д.М-ийн хохирлоос урьдын авлагын үлдэгдэл 1040.000 төгрөг, хохирогч Н.Б-ны хохирлоос шүүгдэгчээс төлсөн 48.500.000 төгрөг зэргийг мөн нийт гэмт хэргийн хохирлоос хасч, хохирогч нарт төлөгдөх хохирлыг 983.995.000 төгрөгөөр тогтоосон нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч нарын хохирогчоор өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон ба хохирогч нарын зүгээс эдгээр нөхцөл байдлуудад маргаагүй, хэрэгсэхгүй болгосон эдгээр хохирлуудаа иргэний журмаар жичдээ шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн зэрэг нь тус тус  үндэслэлтэй болсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Э-ын бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт 2017 оны 04 дүгээр сарын 01-23-ны хооронд  болсон гэж анхан шатны шүүх үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

 

Шүүгдэгч Д.Э-ын үйлдлийн улмаас хохирсон эдгээр 10 хохирогч нар БНХАУ-МУ-ын хооронд импортын бараа бүтээгдэхүүнүүд болох цемент, цагаан будаа, бэлэн хувцас зэргийг оруулж ирдэг хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ба тэдгээр нь валютын ченж хийдэг Д.Э-аар монгол төгрөгийг юаниар солиулдаг, олон жилийн харилцааны үндсэн дээр тэдний итгэлийг олсон байдлаа шүүгдэгч нь ашиглан хохирогч нарт  “хятадуудтай том гэрээ хийх гээд байна, 3, 4 хоногийн хугацаатай мөнгө хэрэглүүлчих, чамд 6 сая төгрөг унана” , “би хямд үнээр урдаас юань худалдаж авах гэж байна, одоо нэг юань авчихвал бүтэн сар энэ ханшаар авдаг юм”,  “би хятад ченжийн дансанд 300.000.000 төгрөг байршуулж хямдхан юанийн гэрээн дээр гарын үсэг зурах гээд байна, мөнгө л байвал миний данс руу хийгээд байгаа ч, энэ гэрээг алдмааргүй байна, надад маш их ашигтай гэрээ”,  “500 сая төгрөгийн юанийн гэрээ хийх хэрэгтэй байна” гэх зэргээр мөнгө авсан ба шүүгдэгчийн хохирогч нарт хэлсэн “ашигтай гэрээ” гэдэг зүйл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй худлаа байсан,

 

 бусдад учруулсан 983.995.000 /есөн зуун наян гурван сая есөн зуун ерэн тав/ төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг гэж ойлгоно”,  мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасан “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна”  гэсэнд тус тус нийцэж их хэмжээний хохирол болж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2.2-д тус тус заасан “хуурч, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ...бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэсэн “Залилах” гэмт хэргийн гэм буруутайд тооцох хууль бус үйлдлүүдийн шинжүүдэд нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу “Шударга ёсны зарчим”-д нийцсэн.

 

Харин хохирогч Э.Н-ийн өмгөөлөгч Н.Б, Д.Д нараас гаргасан “... 110.000.000 төгрөгийн хохирлын 30.000.000 төгрөгийн хохирол нь  хохирогч Э.Н-д өөрт нь, үлдэх 80.000.000 төгрөгийг хохирогч Н.Б-аас авч Д.Э-д өгсөн тул үүнийг Н.Б-ны хохиролд нэмж гаргуулахаар тооцож өгнө үү”  гэсэн давж заалдах гомдлын тухайд үзвэл хэрэгт Н.Б-ны зүгээс Э.Н-д зээлдүүлсэн 80.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахыг хүссэн тухай иргэний нэхэмжлэл гаргаагүй, мөн уг 80.000.000 төгрөгийн тухайд шүүгдэгч Д.Э болон хохирогч Н.Б нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй ба хохирогч Э.Н нь мөрдөн байцаалтад “... 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг М над руу яриад “би 60.000.000 төгрөгийн зээл авчихсан, 05 дугаар сарын 01-нд хятад руу явж тоног төхөөрөмж авна” гэсэн, би түүнд “1 сарын хугацаанд наад мөнгийг чинь 10 хувийн хүүтэй таньдаг ченжид өгчихье” гэж хэлэхэд тэр зөвшөөрөөд 04 дүгээр сарын 01-ний өдөр М нь хамтран ажилладаг Б-ы ХААН банкин дахь ... данс руу шилжүүлснийг Б тэр өдөр нь миний данс руу шилжүүлсэн, би Э руу шилжүүлсэн” гэж /1-р хх-ийн 99-р хуудасны ар тал/ мэдүүлж байсан байна.

 

Иймд  анхан шатны шүүх Э.Н нь шүүгдэгчид өөрийн дансаараа өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаанд өөрөө гаргаж өгсөн ХААН банкны харилцахын хуулга /1-р хх-ийн 102-124/-р нотлогдсон тул хохирогч Н.Б-ны хохиролд тооцох үндэслэлгүй гэж  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болсон.

 

Иймд хохирогч Э.Н-ийн өмгөөлөгч Н.Б, Д.Д нараас гаргасан давж заалдах гомдол нь эдгээр нөхцөл байдлуудаар үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Н-ийн өмгөөлөгч Н.Б, Д.Д нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Э-ын цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

 

                                  ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                                      А.САЙНТӨГС