Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0081

 

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0081

Улаанбаатар хот


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: “Г-Э” ХХК 

              Хариуцагч: хэлтсийн улсын байцаагчийн Д.А, А.Ө,

              Нэхэмжлэлийн шаардлага: “ хэлтсийн улсын байцаагчийн Д.А, А.Ө нарын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №НА35210000*** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Ч.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

              1. Нэхэмжлэгч “Г-Э” ХХК нь хэлтсийн улсын байцаагчийн Д.А, А.Ө нарын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №НА35210000*** тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 2. хэлтсийн улсын байцаагч Д.А, А.Ө нар нь “Г-Э” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 72,739,202 төгрөгийн нөхөн татвар, 22,804,493 төгрөгийн торгууль, 13,735,288 төгрөгийн алданги, нийт 109,278,983 төгрөгийн №НА-35210000***дугаар нөхөн ногдуулалтын акт тогтоосон байна. 

3. Нэхэмжлэгч "Г-Э” ХХК нь уг №НА-35210000*** дугаар нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч “Г-Э” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “ ... хэлтсийн улсын байцаагч Д.А, А.Ө нар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №НА35210000*** тоот нөхөн ногдуулалтын актаар 109,278,983 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

4.1. Актын тэмдэглэх хэсгийн 1-д тус компани нь 38,162,991 төгрөгийн албан татвар ногдуулах орлого 143,889,091 төгрөгийн мод борлуулсны орлогыг иргэн Н.Т-ын Хаан банкны 500391****, 593507**** тоот дансаар хүлээн авсан орлогоос Хаан банкны 593507**** тоот данснаас гарсан, мод борлуулахтай холбогдон гарсан 105,726,100 төгрөгийн өртөг зардлыг хассан /2020 онд Хятадын төмөр замын 20 дугаар товчоо группийн дагалдах төсөл хэрэгжүүлэгч “Ч Р Т б г к м” ХХК-тай байгуулсан 2019-** тоот гэрээг Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн тохижилт ногоон байгууламжийн ажил гүйцэтгэсний орлого 55,094,836.36 төгрөгийн, “М у т” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн-37-АГ-**/* тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” гэрээт ажлын төлбөрт бартераар авсан 24,844,527.27 төгрөгийн бараа материалын орлого, нийт 118,102,354.63 төгрөгийн үйл ажиллагааны орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.1. “үйл ажиллагааны орлого” заалтыг тэмдэглэжээ.

Тэгвэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7. “энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар”, Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2. “дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварын 50 хувиар хөнгөлнө”,  23.2.5. “мод суулгац” гэж заасан. Манай байгууллагын 2020 оны орлого нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамрагдах үндэслэлтэй гэж үзэж байна. Уг хуулийн 2 дугаар зүйлд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй” гэж заасан.

Иймд актын тэмдэглэх хэсгийн нэгд заасан нөхөн төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү.

4.2. Актын тэмдэглэх хэсгийн 2-т байцаагчид нь “Г-Э” ХХК нь мод худалдан борлуулдаг байгууллага, хувь хүмүүстэй хийсэн гэрээний дагуу тохижилтын ажил хийсэн нь татварын улсын байцаагчийн нотлох баримтаар ирүүлсэн мод, импортоор оруулсан гаалийн мэдээ, дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээнүүд, харилцах дансны хуулгаар нотлогдож байна. 2019 оны 101 дүгээр тогтоолоор батлагдсан жагсаалтаар ойн аж ахуй, газар хамгаалах үйлчилгээний жагсаалтад “Г-Э” ХХК-ийн үйл ажиллагаа хамаарахгүй учир нь Засгийн газрын 101 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт энэ ангид ургамал модыг худалдах зорилгоор ургуулах, үйлдвэрлэл явуулах үйл ажиллагаа хамаарахгүй, мөн тохижилтын ажил хийсэн тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж үзжээ. Тэгвэл “Г-Э” ХХК нь мод худалдан авч борлуулдаг компани биш мод үржүүлж, бойжуулан ургуулдаг. Гэрээ нь зохигчдын аль аль талынх нь ашиг сонирхлыг тусгасан, харилцан тохиролцсон дагаж мөрдөх хууль зүйн болон эдийн засгийн ач холбогдолтой баримт юм. Энэхүү гэрээний үр дүнд ногоон байгууламжуудыг байгуулж, түүнийг амьдруулах, ургуулах бүтээн байгуулалт бий болдог бөгөөд нэлээд олон тооны цэцэрлэг, ногоон байгууламж амилан ургаж, байгаль дэлхий болон нийслэлд өнгө үзэмж нэмж байна. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №00007**** дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, ойжуулах, мод үржүүлэх, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №2016/0-005 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын А/36 дугаар тушаалаар “Ойн нөхөн сэргээх, ойжуулах, мод үржүүлэх” эрх олгогдсон ойг мэргэжлийн байгууллагын гэрчилгээтэй мэргэшсэн мэргэжлийн компани юм. Үйл ажиллагааны хувьд Төв аймгийн ******* сумын нутаг ***** голд 5 га газарт мод үржүүлгийн аж ахуй эрхэлдэг. Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлах мод үржүүлгийн талбайд мод үржүүлгийн аж ахуй эрхэлж, үржүүлж, ургуулсан мод, бутаа хотын хаа нэгтээ ногоон хэрэм байгуулчихсан хийсэн бүтээлтэй хэлэх юмтай, төр засгийн эрх бүхий байгууллагаар үнэлэгдсэн компани. Мөн Барилгачдын талбайд жил бүрийн хавар, намарт зохиогддог мод, бут, сөөгийн үзэсгэлэн яармагт тогтмол оролцож, байгууллага, иргэдэд мод тарих мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлагаар хангаж, үржүүлсэн модоо дээр нь тарьж өгч, туслалцаа үзүүлсээр ирсэн. Тэгвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хууль болон түүний хүрээнд Засгийн газраас гаргасан жагсаалтад хамаарахгүй байгаа, татварын байцаагчийн үйл ажиллагаанд гомдол гаргах үндсэн шалтгаан нь энэ. Мөн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн 1 дүгээр зүйлд “ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээ... тус нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй. 2 дугаар зүйлд “ойжуулалт, ойн аж ахуйн жагсаалтыг” Засгийн газар батална, 3 дугаар зүйлд Энэ хуулийг 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө гэжээ. Тэгвэл ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн жагсаалтын 1-т “Сор шилмэл мод, тарьц суулгах, ургуулах модлог ургамлын цэцэрлэг байгуулах” гэсэн нь манай компани үндсэн чиглэлтэй мөн нийцэж байна. Жагсаалтын 2-т “Цэцэрлэгжүүлэлтийн арга хэмжээ төв суурин газар цэцэрлэгт хүрээлэн байгуулах мод сөөг тарих тэдгээрийг арчлах таналт хийх, цэцгийн мандал байгуулах, талбайн зүлэгжүүлэлт хийх, ногоон массыг бий болгох” зэрэг бүх ажил хамаарна” гэжээ. Дээрх жагсаалтын 1, 2 дахь хэсгийн заалтууд манай компани үндсэн чиглэлд бүрэн нийцэж үйл ажиллагаа нь бодитой хэрэгжиж ирсэн. Энэхүү жагсаалтыг ашиг олох зорилготой үйлдлийг хориглосон заалт байхгүй байхаас гадна зохих хэмжээгээр ашиг олж аж ахуйгаа санхүүжүүлэхгүй бол хэнээс, хаанаас, яаж санхүүгийн эх үүсвэрээ олох вэ. Иймд 2017 онд 43,616,590.91 төгрөгийн үйл ажиллагааны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Мөн 2018 онд 29,936,506 төгрөг, 2019 онд 213,639,709 төгрөг, 2020 онд 82,150,036 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь хэтэрхий нэг талыг барьсан сонирхлын зөрчилтэй үйлдэл шиг санагддаг. Учир 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн 1-т Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлсүгэй”, 2-т 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэжээ. Энэ хуульд заасан нөхцөл нь “Г-Э” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлд бүрэн нийцэж байгаа тул хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байтал татварын байцаагчид тус хуулийн үйлчлэлд хамруулаагүй учир дутагдалтай. Миний бие 26 настай байхдаа нөхрөө алдаж 3 хүүхэдтэй, бага хүү 1 настай үлдэж, өрх толгойлсон эх, ээж хүн юм. Ингэж явахдаа Н.Т-тай сүүлийн 3 жил амьдарч, салж тусдаа амьдрах болсон юм. Тэр хүн тусдаа эхнэр, гэр бүлтэй байсан нь тогтоогдсон. Н.Т нь надад өс санаж татварт гомдол гаргаж шалгуулснаар энэ ажил эхэлсэн. Н.Т нь их зальтай, гүйлгээ ухаантай, мөнгө төгрөгтэй хүн. Ялангуяа байцаагч А.Ө, Н.Т-ын нөлөөнд автаж зохих хэмжээгээр буруу хазгай шийдвэр гаргасан гэж хувьдаа үздэг. Хуулийн үйлчлэлд хамаарах боломжтой компанийг хуулийн гадна орхигдуулсан, мөн бусад дүүрэг, орон нутагт манай компанитай адил төстэй үйл ажиллагаатай компаниуд энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан байгаагаас үзвэл тэгж үзэх, үнэлэхэд хүргэж байна. Хууль адил тэгш, ялгаваргүй үйлчлэх зарчимтай.

Манай компани нь ойн мэргэжлийн байгууллага учир Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гадаадаас мод оруулж ирэх зөвшөөрөл олгогдсон цөөхөн компанийн нэг юм. Бид гадаадаас оруулж ирсэн байцаагч А.Ө дүгнэсэнчлэн “шууд худалдан борлуулдаг” бус мод үржүүлгийн газарт Монголын хөрсөнд нутагшуулан, тарималжуулж, нутагшин амьдрах чадвартайг нь тохижилтод гаргах хүртэл бүтэн 2 жилийн хөдөлмөрийг, хөлс хүч, өртөг мөнгийг зарцуулан ажилладаг. Үүнийг А.Ө нь маш тодорхой мэдэж байсан төдийгүй, өөрийн биеэр удирдсан татварын хэлтсийн групп шалгалтын актаас харж болно. Монголын ойн модны нэр төрлийг нэмэгдүүлэх, шилмэл шинэ соорт бий болгох, нутагшуулан, үржүүлэх гэсэн төрийн бодлоготой холбоотой юм. Гэтэл татварын байцаагч нь гадаадаас мод оруулж ирж бизнес хийсэн гэж ойлгож хуулийн үйлчлэлд хамааруулаагүй нь тухайн хуулийн үндсэн зорилготой авцалдахгүй байна. Манай компани ойн мэргэжлийн байгууллага боловч эдийн засгийн хувьд чадан ядан тогтож байдаг, төр засгаас санхүүгийн дэмжлэг туслалцаа, хөрөнгө оруулалт авч үзээгүй, гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж компанийн ажиллагаагаа санхүүжүүлдэг юм. Иймд шударга шүүх дээрх асуудалд хөндлөнгийн байр сууринаас мөн хүндэтгэлтэй хандаж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн үйлчлэлд хамааруулах нөхцөлөөр хангаж татварын байцаагчийн дээрх актыг хүчингүй болгож өгнө үү.

4.3. Актын тэмдэглэх хэсгийн 3-т 2020 онд 16,123,350 төгрөгийг /19,110,000 төгрөгийн орлогоос эрүүл мэнд, нийгмийн даатгалын дүн хассан/ гэрээт ажилчдад олгосон цалин түүнтэй адилтгах орлогоос албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь шинэчлэн найруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 6.3.1. “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”, 7 дугаар зүйлийн 7.1. “Албан татвар төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлогыг хамруулна”, 7.1.6. “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого”, 14 дүгээр зүйлийн 14.1. “Энэ хуулийн 7.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасна”, 27 дугаар зүйлийн 27.1. “Суутган төлөгч энэ хуулийн 14 дүгээр зүйл...” -д заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ” гэсэн заалтыг гэж тэмдэглэжээ.

Энэ нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл “Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлсүгэй” гэж заасныг зөрчиж ногдуулахаар шийдвэрлэсэн байна. Актад дурдагдсан цалингийн зардал нь 2020 оны 2, 3-р улиралд гарсан цалингийн зардлууд тул дээрх хуулийн үйлчлэлд хамрагдах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд №НА-3521000**** тоот нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...иргэн Н.Т нэр бүхий 2 дансаар тухайн орлогын нуун дарагдуулж ашиглаж байсан гэсэн гомдлыг гаргасан. Тухайн үед Н.Т-ын дансыг тодорхой шалтгааны улмаас ашиглаж байсан нь үнэн. Иргэн Н.Т-тай гэр бүлийн харилцаатай байсан учир өрхийн тэргүүн гэдэг утгаар дансаар нь тодорхой мөнгийг оруулж, гаргаж байсан. Татварын байцаагчийн тавьсан дүнтэй бид маргахгүй. Гэхдээ тухайн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ холбогдох Монгол улсын хууль тогтоомжийг хэрэглээгүй орхигдуулсан байна гэж үзэж байна.  Татварын хуульд зааснаар гомдол гаргасан Н.Т-ыг хамаарал бүхий этгээд гэж үзэн дансыг нь давхар шалгах хэрэгтэй байсан. Гэтэл Н.Т-ыг орхигдуулан шалгасан байдаг. Тухайн үед хамтран хариуцагчаар татаад хамаарал бүхий этгээд гэж шалгасан бол асуудал арай өөр болох байсан байх. Н.Т-ын дансаар мөнгө орж, гарсан тухай Т.Н мэдэж байсан. Гэхдээ яг ямар хэмжээний мөнгө орж, гарсан талаар тодорхой мэдээгүй. “Г-Э” ХХК нь Худалдаа, хөгжлийн банканд дугаар данстай. Н.Т-ын дансанд хэдэн төгрөг байсан талаар Т.Н-д мэдэх боломж байгаагүй. Тухайн үед Т.Н тооцоотой байх хэрэгтэй талаар хэлсэн боловч ямар нэг хариу өгөлгүй өдийг хүрсэн байдаг. Н.Т “Г-Э” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд орсон орлогыг шилжүүлж байсан бол “Г-Э” ХХК тайлагнах ёстой байсан. Хүний дансанд байсан мөнгийг тайлагнах боломжгүй байсан. Акт тавьсны дараа ийм их хэмжээний мөнгө Н.Т-ын дансаар орж гарч байсан байна гэж мэдсэн. Өнөөдрийг хүртэл Н.Т-ын дансанд байгаа тухайн мөнгө “Г-Э” ХХК-ийн дансанд орж ирээгүй байгаа. Гэтэл ямар ч хөрөнгө орж ирээгүй байхад акт тавигдсан байна. Н.Т ямар нэг татвар төлөхгүй татвараас зайлсхийж байна. Энэ нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн үед Н.Т-ын дансаар орж, гарсан мөнгөн дүнг мэдэж байсан бол би тайландаа тусгаад явах байсан. 4 жилийн хугацаанд бүхий л орлого, зарлагаа бид тайлагнаад явж байсан. Дансанд орж ирээгүй мөнгийг тайлагнах боломжгүй байсан. Тухайн үед миний бие А.Ө байцаагчид Н.Т Иргэний хэргийн шүүх дээр “миний мөнгө, Т.Н-д зээл өгсөн юм” гэж зээлийн гэрээний үүрэг шаардан иргэний хэрэг үүссэн байгаа тул энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү гэж хэлсэн. Н.Т-ын дансаар орж гарсан тухайн мөнгө нь “Г-Э” ХХК-ийн мөнгө тул шалгаж өгнө үү хэмээн татварын байгууллагад хандсан. Гэтэл Н.Т энэ мөнгө миний мөнгө юм Т.Н болон түүний хүүхдүүдэд би мөнгө зээлж байсан гэж зөвхөн зарлагын мэдээллээ шалгуулсан байсан. 5 сард иргэний хэрэг үүссэн. 9 сард татварын байгууллагад тайлбар өгөхдөө дээрх тайлбарыг хэлж байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж буй татварын байцаагч нарын тавьсан актын үнийн дүнтэй маргах зүйл байхгүй гэдэгтэй санал нийлж байна. Бидний маргаж байгаа зүйл нь хүн амын орлогын албан татварын 118,564,064 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын өрийг манай дээр тавьсан байдаг. Манай байгууллагыг татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд оруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл А.Ө байцаагч болон Д.А байцаагч нар надад хууль уншиж ир гэсэн шаардлага тавьсан. Үүний дагуу би 3 хоногийн хугацаанд хууль уншиж ирээд хуулийн холбогдох заалтуудыг хэлсэн. Гэтэл нэгэнт тавигдсан акт буцаж хянах боломжгүй гэсэн. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж бичсэн байдаг. Одоог хүртэл би зөвшөөрөхгүй байна гэсэн үг дээрээ гарын үсэг зурсан байдаг. Компанийн тамгаа тухайн акт дээр дараагүй байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20.2.2, 20.7. 20.1-т заасныг үл харгалзан 18.2, 18.3, 18.4, 18.5-т заасан жилийн орлого нь 300 сая төгрөг хүртэлх орлого олсон бол энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн албан татварыг 1 хувиар тооцох ангилалд хамааруулж өгнө үү гэсэн саналыг тавьж байсан. Энэ хуулийн зохицуулалтад хамаарч байна гэж хэлсэн. Мөн хуулийн 23.2-т дор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон тариалсан гэж байгаа. Би бол тариалагч юм. А.Ө байцаагч ярилцлага хийж байхдаа танайх худалдан борлуулсан л гэж байсан. Гэхдээ би өөрөө тариалснаа худалдан борлуулдаг. Татварын ерөнхий газарт хичээл зааж байхад, та нар тариалаад, үрслүүлээд, суулгаад, арчилж байгаагаа чөлөөлөгдөх орлого гэж тайлагнаад явахад татварын улсын байцаагч нар үүнийг чөлөөлөгдөх орлого гэж үзээд тэглэнэ гэж хэлсэн. Чөлөөлөгдөх орлого гэдэг байдлаар тэг болгодог гэж ойлгож авсан. Гэтэл үүнд намайг хамруулаагүй. Бид хятадаас худалдаж авдаггүй. Бид Монгол улсад байхгүй Сибирь сортын гацуур гэж шинэ сортыг оруулж ирэн 2-3 жил амьдруулаад монголын нөхцөлд дасан зохицсоныг тохижилтод гарган арчлаад хотын өнгө үзэмж нэмдэг. Дасан зохицоогүйг нь алдагдлаа хүлээгээд хаядаг. Энэ нөхцөл байдалтай Д.А, А.Ө байцаагч нар газар дээр нь очин танилцсан. 332 ширхэг гацуур байгааг тухайн үед тоолсон. Бидний борлуулдаг гэдэг нь тарьсан модоо тохижилтод гаргахыг хэлдэг. Дасаж чадахгүй байгааг нь бордож болох бүх арга хэмжээг авдаг хөдөлмөр явж байгаа. Н.Т-ын гомдолдоо “Г-Э” ХХК нь нэгээс аваад нөгөөд зардаг гэсэн тайлбарт үндэслэн надад ийм байдлаар хандаж аж ахуйн нэгжийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан.  Бидний хөдөлмөрийг тэр хүний хэлсэн үгээр мушгиж байсан ч энэ болгонд нь тайлбар хэлж байсан. Мөн хуулийн 23 дугаар зүйлд дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн болон тариалсан гэж байгаа. Бусад бүх модоо би тариалсан буюу үйлдвэрлэсэн. Хятадаас оруулж ирсэн модоо 2 жил нутагшуулахыг үйлдвэрлэсэн гэж манай салбарт үздэг. Тиймээс энэ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд ногдох албан татварыг 50 хувиар, үүнийг 22.2.5-д мод суулгац гэж оруулж ирсэн байна. Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 1 хувь гэдэгт оруулаагүй ч 50 хувь гэдэгт яагаад оруулаагүй вэ гэдгийг асууж байсан. Тэр хүний хэлсэн үгийг удирдлага болгоод намайг загнаж байсанд гомдолтой байдаг.

Гуравдугаарт, 2022 оны орлого 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай” хуулийн үндэслэлд хамаарна гэж үздэг. Уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.3, 18.4, 18.5-т заасан орлогын үнийн дүн нь өмнөх татварын жилд 1,5 тэрбум төгрөгөөс бага байсан төрийн болон орон нутгийн өмчийн, төрийн оролцоотой хуулийн этгээд,  Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан хуулийн этгээд татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод 20.1, 20.2.1, 20.7 заасны дагуу ногдуулсан, тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогыг чөлөөлнө гэж заасан байдаг. Энэ нь манай актад бүрэн үндэслэлтэй. Манай байгууллага 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд үйл ажиллагаагаа бүрэн зогсоодог. Бид бүх модоо цаснаас хамгаалаад амралтын байдалд шилжээд 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажилладаггүй. Өөрөөр хэлбэл бид 2 болон 3 дугаар улиралд л ажилладаг. Энэ хуульд манайх хамрагдана гэж үзэж байна. Актын 2 дахь хэсэгт худалдан авч борлуулдаг байгууллага гэж хэлсэн байгаа. Тохижилтын ажил хийдэг гэсэн байдаг. Тохижилтын ажил чөлөөлөгдөх орлогод хамаарахгүй гэдэг зүйл хэлсэн. Тэгэхээр нь тохижилтын ажил гэдэг тодорхойлолтоо өгнө үү гээд яам дээр очиход зам, явган зам, гэрэлтүүлэг, сандал, сүүдрэвч, хогийн сав гэсэн зүйлс орно гэсэн байгаа. Гэхдээ манай гэрээнүүдэд дээрх зүйл нэг ширхэг ч байхгүй.  Үүн дээр зөрүү гарч ирдэг. Барилгын компаниуд ногоон байгууламж, тохижилтын ажил гэдэг нэрээр гэрээгээ хийдэг. Хууль дээрээ тохижилтын ажил гэдгийг дээрх байдлаар томьёолсон байна, тиймээс зөрүү гарч байна гэж хэлсэн. Нэг ширхэг ч тохижилтын ажил явдаггүй. Хот суурин газар мод тарих, тэдгээрийг арчлах, таналт хийх, цэцгийн мандал байгуулах, талбайн зүлэгжүүлэлт хийх, ургамал тарьж, арчлах, хамгаалахтай холбоотой ажил үйлчилгээг ойлгоно гэсэн ойлголтоор манай ажил үйлчилгээ явдаг. Ойлголтын зөрүүгээр манайд татвар ногдуулсан гэж үзэж байгаа. Манайд 2 гэдэг заалтаар татвар ногдуулсан.  Тохижилт хийдэг гэж Н.Т хэлсэн гэсэн. Захиргааны хэргийн шүүх дээр очиж та хамаг юмаа ухуулна шүү гэсэн байдлаар хандсан. Энэ хүнтэй 2017 оноос хойш нэг гэрт амьдарсан. Одоо энэ хүн хэдэн төгрөгөө надад өгөхгүй гэж намайг 11 газар шалгуулсан. Ийм байхад энэ хүний үгээр намайг ийм байдалд оруулж байна. Хүн амын орлогын татварын хувьд манай байгууллага мөн чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байгаа. Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээ эрхэлж байгаа бол тухайн татвараас чөлөөлөгдөнө гэж 2010 оны 230 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад байна. Түүнийг батлах тухай Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 тоот тогтоолын хавсралтаар хэрэгжиж байсан. Би татвараас чөлөөлөгдөнө гэж ойлгож байсан. Гэтэл намайг чөлөөлөөгүй. Танайх нэгдүгээрт тохижилт хийдэг, хоёрдугаарт худалдан авч борлуулдаг гэсэн байдлаар татвар ногдуулсан.

Дөрөвдүгээрт, манай байгууллагын 2020 оны цалин хөлсний асуудал яригдаж байна. Тухайн хуулийг 2019 онд батлаад 2020 оноос эхлэн дагаж мөрдөнө гэсэн байсан. 2, 3 дугаар улиралд олсон орлого, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан татварыг 2020 онд чөлөөлнө гэсэн зүйл заалт бий. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, А.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... “Г-Э”ХХК нь 2020 онд Хятадын төмөр замын 20 дугаар товчоо группийн дагалдах төсөл хэрэгжүүлэгч “Ч Р т б г к м” XXК-тай байгуулсан 2019-01 тоот гэрээт Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн тохижилт ногоон байгууламжийн ажил гүйцэтгэсний орлого 55,094,836.36 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн 2 дугаар зүйлд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй” гэж заасан бөгөөд дээрх зөрчил нь “Г-Э” ХХК тайлагнаагүй орлого тул чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэн хариуцлага оногдуулсан.

7.1. “Г-Э” ХХК 2017-2020 онд БНХАУ-аас мод импортолж, дотоодын зах зээлээс мод худалдан авч, дотоодын зах зээлд борлуулах, албан байгууллага, иргэний оффисийн тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2017 онд 43,616,590.91 төгрөгийн, 2018 онд 24,931,506.87 төгрөгийн, 2019 онд 218,639,709.91 төгрөгийн, 2020 онд 82,150,036.36 төгрөгийн, нийт 369,337,844.00 төгрөгийн үйл ажиллагааны орлого, иргэн Н.Тын ХААН банкны 500391**** 593507**** тоот дансаар 2017 онд хүлээн авсан 143,889,090.90 төгрөгийн үйл ажиллагааны орлого, 2020 онд Хятадын замын 20 дугаар товчоо группийн дагалдах төсөл хэрэгжүүлэгч “Ч Р т б к м” ХХК-тай байгуулсан 2019-01 тоот гэрээт ажил гүйцэтгэсний 55,094,836.36 төгрөгийн үйл ажиллагааны орлого, “М у т” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Н-37-АГ-**/* тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” гэрээт ажлын төлбөрт бартераар авсан 24,844,527.27 төгрөгийн бараа материалын орлого, нийт 593,166,298.53 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээ албан татвар ногдуулна”, 7.1.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа ажил, үйлчилгээ” гэсэн заалтыг зөрчсөн.

           7.2. 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /0SВ/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус чөлөөлсүгэй” гэж заасан бөгөөд компани нь дээрх хугацаанд байгууллага, хувь хүнтэй хийсэн гэрээний үндсэн дээр байгууллага, хувь хүний ногоон байгууламж, тохижилт үйлчилгээний ажил гүйцэтгэсэн тул дээрх хуулийн заалтад нийцэх үндэслэлгүй юм.

           7.3. 2020 онд 16,123,350 төгрөгийн /19,110,000.00 төгрөгийн орлогоос эрүүл мэнд, нийгмийн даатгалын дүн хассан/ гэрээт ажилчдад олгосон цалин, түүнтэй адилтгах орлогоос албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь шинэчлэн найруулсан Хувь хүний орлогын татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.З. “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 6.3.1. “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”, 7 дугаар зүйлийн 7.1. “Албан татвар төлөгчийн цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод дараах орлогыг хамруулна” 7.1.6. “үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого”, 14 дүгээр зүйлийн 14.1. “Энэ хуулийн 7.1-д заасан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо уг орлогоос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг хасна” 27 дугаар зүйлийн 27.1. “Суутган төлөгч энэ хуулийн 14 дүгээр зүйл,...-д заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд “Г-Э” ХХК-ийн ирүүлсэн баримтыг үндэслэн хяналт шалгалтыг хийсэн, хяналт шалгалтын явцад бусдад олгосон орлогын дэлгэрэнгүй баримт ирүүлэхийг нягтлан бодогч н.Б удаа дараа мэдэгдэхэд үүнээс өөр баримт байхгүй гэсэн тайлбар өгч байсан... ” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: хэлтсийн улсын байцаагч Д.А, А.Ө нар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 3521000**** дугаартай нөхөн ногдуулалтын актыг тухайн дүүрэгт бүртгэлтэй 568**** улсын бүртгэлийн регистрийн дугаартай “Г-Э” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд татварын ногдуулалт, хяналтын байдалд татварын хяналт шалгалтыг хийсэн. Тухайн хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуульд заасан хяналт шалгалтыг хийж, тухайн газарт нь очин үзлэг хийн, модны үлдэгдлийг тооцож бодит нөхцөл байдлыг тогтоосон. Энэ хүрээнд иргэн Н.Т-ын гомдлоор хяналт шалгалтын томилолт үүссэний дагуу эрсдэлд үндэслэн хяналт шалгалт хийгдсэн. Н.Т-ын дансанд орж ирсэн 143,889,091 төгрөгийн мод борлуулсны орлого байсан. Үүнээс хасагдах зардал 105,726,100 төгрөгийг хасаад 2017 онд Н.Т-ын дансаар орсон 38,162,991 төгрөгийн борлуулалтын орлогоо тайлагнаагүй байна гэсэн. Мөн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвд хийсэн тохижилт, ногоон байгуулалтын ажлын 55 сая төгрөг, бусад ажил гүйцэтгэх гэрээний орлого 24 сая, нийт 118,102,354 төгрөгийг татварын тайландаа тусгаагүй. Үүнд нь нөхөн ногдуулалт ногдуулсан. Хоёрдугаарт, 2017 оны 43 сая, 2018 оны 24 сая,  2019 оны 218 сая, 2020 оны 82 сая, нийт 369,337,844 төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тайлагнаагүй, мөн нэмэгдсэн өртгийн албан татварт тусгаагүй гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэсэн. Гуравдугаарт, хувь хүний орлогын татвар суутгаагүй. 2020 оны 16,123,350 төгрөгийн зөрчлийг хуулийн хугацаанд татварт тайлагнаагүй. Нийт 727,392,200 төгрөгийн зөрчилд 72,739,220 төгрөгийн төгрөгийн татвар, 22,000,483 төгрөгийн торгууль, 13,735,288 төгрөгийн алданги нийт 109,278,983 төгрөгийн татварыг нөхөн ногдуулсан. Татвар төлөгч нэг хувиар төлөх байсан гэсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т татвар төлөгч орлогоо үнэн зөв тайлагнаж, хуулийн хугацаанд тайлагнасан байх ёстой. Үүнийг дагуу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоо тайлагнаад, тайлагнасан орлогоосоо 1 хувийн татвар төлнө гэсэн зохицуулалт байдаг. Гэтэл татвар төлөгч нь саяны заалтаар татвараа тайлагнаагүй байж нэг хувийн зохицуулалтад хамрагдана гэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зохицуулалтыг дурдаж байна. Энэ мөн адил зохицуулалттай байна. Энэ талаар татвар төлөгчөөс гомдол гаргаад Нийслэлийн Татварын маргаан таслах зөвлөл 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар тогтоолын 8 дугаарт зүйлд дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй байна гэсэн байгаа.

Засгийн газрын тогтоолуудыг дурдаж байна. 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 233 дугаар тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчилж байсан тул хамаарахгүй гэж үзэж байна. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт энэ ангид ой, мод арчилгаанаас бусад мод арчилгаа зэрэг хамаарахгүй гэсэн байгаа. Засгийн газрын тогтоолоор хамаарахгүй гэсэн байхад хамаарна гэж байгаа нь үндэслэлгүй байна. Татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

9. Хариуцагч Д.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Манайх тохижилт үйлчилгээ хийдэггүй, худалдан борлуулдаггүй гэж үгүйсгэж байна. Хяналт шалгалт эхлэхэд тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцдаг. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 19**** дугаартай ярилцлагаар тухайн компанийн үндсэн үйл ажиллагаа нь мод үржүүлэг, тохижилт үйлчилгээ, ногоон байгууламжийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн байсан. Ярилцлагаар Т.Н захирлаас танай компани тухайн онуудад ямар тохижилт үйлчилгээний ажил хийсэн бэ гэхэд Х б х д төв, Н б, О м зэрэг байгууллагатай хамтран гэрээ хийгээд тохижилт үйлчилгээний ажил хийдэг гэсэн хариултыг өгсөн. Тохижилт үйлчилгээний ажилд ажиллах хүчээ хэрхэн шийдвэрлэдэг вэ гэсэн асуултад 7-10 хүний ажиллах хүчинд өдрийн цалингаар тохирч ажиллуулдаг. Гэрээт ажилчдаас суутган татварт төлөх үүргээ хэрэгжүүлээгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчээс “...эрх бүхий татварын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №НА3521000**** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах...” шаардлагаа дэмжсэнийг шүүх, нэхэмжлэлийн шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийг хариуцагч нараас эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл тодорхой хугацаагаар түдгэлзүүлж  шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Г-Э” ХХК нь гадаад худалдаа, цэцэрлэгжүүлэлт, газар тариалан, барилгын засвар хийх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын нутаг дэвсгэрт ойжуулах, мод үржүүлэх, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх сери УБ, 2016/0-*** дугаар тусгай зөвшөөрөлтэй, хэлтэстэй харилцдаг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татвар, суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татвар, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэглэлийн, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийн төрлөөр татвар төлөхөөр бүртгүүлсэн байна.

3. Хариуцагч татварын улсын байцаагчид татварын удирдлагын нэгдсэн системд тус компанитай холбоотой татвар төлөгчийн бүртгэлийн мэдээлэл, улсын бүртгэлийн хуулийн этгээдийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 22,450,500.0 төгрөгийн үнийн дүнтэй 9 ширхэг төрийн сангийн мэдээлэл, 27,304,684.30 төгрөгийн үнийн дүнтэй 8 ширхэг гаалийн мэдээллийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, татварын тооцоолол, холбогдох бусад баримт материалтай тулган шалгаад,

3.1. Аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогыг 2017 онд 38,162,991.00 төгрөгөөр, 2020 онд ногоон байгууламжийн ажил гүйцэтгэсний орлогыг 55,094,836.36 төгрөгөөр тайлагнаагүй, түүнчлэн гэрээт ажлын төлбөрт бартераар авсан 24,844,527.27 төгрөгийн бараа материалын орлогыг нийт 118,102,354.63 төгрөгийн үйл ажиллагааны орлогын албан татварыг тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй;

3.2.  2017 онд 43,616,590.61 төгрөгийн, 2018 онд 24,931,506.87 төгрөгийн, 2019 онд 218,639,709.91 төгрөгийн, 2020 онд 82,150,036.36 төгрөгийн нийт 369,337,844.00 төгрөгийн үйл ажиллагааны орлого, иргэн Н.Т-ын ХААН банкны дугаар бүхий дансаар 2017 онд хүлээн авсан 143,889,090.90 төгрөгийн үйл ажиллагааны орлого, 2020 онд 2019-01 дүгээр гэрээт ажил гүйцэтгэсний 55,094,836.36 төгрөгийн үйл ажиллагааны орлого, гэрээт ажлын төлбөрт бартераар авсан 24,844,527.27 төгрөгийн бараа материалын орлого, нийт 593,166,298.53 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй;

3.3. 2020 онд 16,123,350.00 төгрөгийн гэрээт ажилчдад олгосон цалин, түүнтэй адилтгах орлогоос албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй.

4. Гэх татварын зөрчлүүдийг нэхэмжлэгч хуулийн этгээд гаргасныг, татварын хяналт шалгалтаар нийт 727,392,003.16 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.11, 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2 дахь заалтыг үндэслэн 72,739,202 төгрөгийн нөхөн татвар, 22,804,493 төгрөгийн торгууль, 13,735,288 төгрөгийн алданги, нийт 109,278,983 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

5. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсэгт, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн аль заалтыг удирдлага болгосон нь тодорхойгүй, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 73 дугаар зүйлийн 73.1.1. “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монголбанкаас зарласан арилжааны банкнуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар”, 82 дугаар зүйлийн 82.1.1. “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар”, 83 дугаар зүйлийн 83.1. “Суутгавал зохих татвараа суутгаагүй, эсхүл суутган авсан боловч төлж, тайлагнаагүй суутган төлөгч нь уг татварыг нөхөн төлөх үүрэгтэй”, 84 дүгээр зүйлийн 84.1.2. “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэж заасныг, түүнчлэн 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. “...татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.3-д “...татварын тайланд тусгахгүй орхигдуулах”, 74.1.11. “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд ...борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэж заасныг үндэслэхдээ 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3521100**** дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтоор ажиллаж, НА-3521000**** дугаартай нөхөн ногдуулалтын актын нөхөн татвар, торгууль, алдангийн хэмжээг хэрхэн тооцсон нь тодорхой биш, татварын шалгалтыг эхэлсэн хугацаан дахь илрүүлсэн татварын зөрчилд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн аль заалтын дагуу хэдэн оны хуулийг үндэслэсэн тодорхой бус, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буцаан хэрэглэсэн үндэслэл аль нь болох нь тодорхой бус байна.

6. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. “татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, 28.3. “татвар төлөгч анхан шатны баримт бүрдүүлээгүй болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системд холбогдоогүйгээс орлого, зарлагыг нь тодорхойлох боломжгүй, ...тодорхойлж холбогдох татварыг ногдуулна” гэж зааснаар татвар төлөгчийн татвараа өөрөө тодорхойлоогүй үйл ажиллагааны орлого буюу иргэн Н.Т-ын Хаан банкны 500391****, 593507**** тоот дансаар хүлээн авсан орлогоос Хаан банкны 593507**** данснаас гарсан мод борлуулахтай холбогдон гарсан 105,726,100.00 төгрөгийн өртөг зардлыг хасах байдлаар хариуцагч татварын улсын байцаагч нар тогтоосон нь ойлгомжгүй, энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 8424 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Н.Т-аас хариуцагч Т.Н /нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд/-д холбогдуулан 240,281,641.00 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байгааг энэхүү захиргааны хэрэгт хэрхэн авч үзэх, нэр бүхий иргэний данс дахь мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхэлж буй үйл ажиллагаанаас олсон орлого гэдгийг эрх бүхий татварын улсын байцаагч нар нь хэрхэн яаж тогтоосон нь ойлгомжгүй байна.

7. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. “татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана...”, 29.5. “хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах татвар төлөгч татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг татварын тайлан нь түүнийг тухайн төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно” гэж зааснаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн эрхэлж буй үндсэн үйл ажиллагаатай холбоотой татварын хөнгөлөлт, чөлөөлөлт байсан эсэх, хууль болон Засгийн газрын тогтоолын хүрээнд үйл ажиллагаа эрхлэхдээ татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг бодитойгоор эдлэх боломж байсан эсэх нь тодорхойгүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал нь зөвхөн тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулагдах татварын хяналт шалгалтын хугацаан дахь хууль тогтоогчоос баталсан хуулиудыг хэрхэн авч үзсэн нь тодорхойгүй, шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд, шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/9731 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч “Г-Э” ХХК /РД:57*****/ нь ойн үйл ажиллагаа явуулдаг эсэхтэй холбоотой баримт, лавлагааг нотлох баримтаар шаардахад, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 07/6716 дугаар албан бичгээр “...“Г-Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Ойн мэргэжлийн байгууллагын эрх сунгах, хүчингүй болгох тухай” А/*** дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх ойн мэргэжлийн байгууллагын тусгай эрхээ сунгуулсан” гэх хариуг ирүүлсэн байгаагаас үзвэл зөвхөн худалдан борлуулахын тулд мод тариалсан гэж үзэх боломжгүй юм.

8. Иймд шүүх, нэхэмжлэгч талаас аж ахуйн нэгжийн дансанд орж ирээгүй мөнгийг тайлагнах боломжгүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлээгүй, ...ойлголтын зөрүүгээр татвар ногдуулсан нь үндэслэлгүй, анхаарч хянаагүй гэж, хариуцагч тал орлогоо дутуу тайлагнасан татвараа төлөх ёстой гэж байгаа маргаан бүхий энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. “татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2019 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. “...татвар төлөгчийн тухайн жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон ...албан татвар ногдоно”, 7.4. “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 7.4.1. “үйл ажиллагааны орлого”, 20 дугаар зүйлийн 20.2.7. “энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар”  гэж заасныг түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. “Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.1. “Тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлнө” гэж заасныг хууль ёсны болон шударга ёсны зарчмын үүднээс татварын зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг шүүх тогтоох боломжгүй байна гэж дүгнэж, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь энэ байдлыг буюу хариуцагчийн үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийг татварын зөрчил гаргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, эрх бүхий татварын улсын байцаагч нь татварын зөрчлийг шалгаж, шинж байдал, хууль зөрчсөн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж шүүх дүгнэв.

9. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1. “зайлшгүй байх”, 5.1.2. “тодорхой байх”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмууд болон хуулийн хүрээнд, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хариуцагч захиргааны байгууллага дахин судалж, татварын хууль тогтоомжид заасан холбогдох судалгаа, шалгалтыг явуулж шинэ захиргааны акт гаргах шаардлагатай байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 28 дугаар зүйлийн 28.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 20 дугаар зүйлийн 20.2.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г-Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч татварын улсын байцаагчдаас дахин шинэ акт гаргах хүртэл, хэлтсийн татварын улсын байцаагч Ө.Ө, Д.А нарын “2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №НА3521000***** тоот нөхөн ногдуулалтын актыг шинэ захиргааны акт гаргах хүртэл 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага нь дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий дээрх актыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48  дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН